УИХ төрийн албыг төрлөөс хамгаалах хуулийг батлах уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

УИХ төрийн албыг төрлөөс хамгаалах хуулийг батлах уу?

УИХ төрийн албыг төрлөөс хамгаалах хуулийг батлах уу?

Ардын намынхан УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын алба хашиж байгаа этгээдийн эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах дүү нарыг төрийн захиргаа болон төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах албан тушаал эрхлэхгүй байх, мөн эдгээрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдийг төрийн худалдан авалтын тендерт оролцуулахгүй байх хуулийн төслийг тун эмзэг хүлээн авчээ.

Засгийн газраас санаачилсан энэхүү төсөл хараахан УИХ-д өргөн баригдаагүй байгаа ч гишүүдийн зүгээс “Хэрэв энэ төслийг УИХ баталбал Үндсэн хуулийн зөрчил үүсч, Цэцээр шүүлгэх болно шүү” гэж реакцилж.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл, тендер, концесс гээд төрөөс хэрэгжүүлж байгаа бүхий л зүйл рүү “гар дүрж” бизнесээ угжин, тэлээ хурга шиг тэлчилж ирсэн улстөрчдөд Засгийн газрын санаачилсан дээрх хуулийн төсөл хатуу сонсогдсон бололтой юм. Гэхдээ улс төрийн татуургагүй, жилийн 20-30 хувийн хүүтэй зээл авч, татвар төлж, хүмүүсийг ажлын байраар ханган, зээлээс зээлийн хооронд амьсгаа авах завгүй ажилладаг, шударга бизнес эрхлэгчдэд учирдаг бэрхшээлтэй харьцуулах юм бол дээрх хуулийн төсөл нь саад биш, харин ч цэвэр өрсөлдөөн юм.

Учир нь, УИХ-аас дээрх хуулийн төслийг баталсан нөхцөлд УИХ, Засгийн газрын гишүүн нь эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах дүү нараа төрийн өөдтэй, өнгөтэй, мөнгөтэй албан тушаалд томилуулах боломжгүй болно гэсэн үг.

Тэр хэрээр хэн мэдлэгтэй, чадвартай нь төрийн албанд, төрийн өмчит компани, газарт удирдах албан тушаал хаших боломж нээлттэй болох юм.

Өнгөрсөн хугацаанд төрийн албанд, төрийн өмчит компани, газарт хийсэн томилгоонуудыг эргэн сануулбал,

  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуут хүргэн Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут нөхөр Г.Өлзийбүрэн нь Ашигт малтмал газрын тосны газрын дарга,
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ нь “Монголросцветмэт” нэгдлийн ерөнхий захирал,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ж.Энхбаярыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад эхнэрийнх нь төрсөн дүү М.Мөнгөнчимэг /Одоо Сангийн дэд сайдын алба хашдаг/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд,
  • М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад хүү Э.Анар нь Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
  • Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад хүү Н.Анхбаяр нь Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул, Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байгаад Австрали улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлж байсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүлээн аваагүй тул МАН энэхүү томилгоогоо буцааж байв.
  • УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад хүү Х.Улам-Өрнөх Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга,
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхад хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авах гэрээлэлтийн газрын даргаар ажиллаж байсан зэрэг олон жишээг дурдаж болно.

Ардын хүүхдүүд төрийн албаны шалгалт өгч, өндөр оноо авсан атал томилогддоггүй дээрх албан тушаалуудад төрийн өндөр дээд алба хашигчдын хамаарал бүхий этгээдүүд шалгалт ч өгөлгүй очдог байв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт”, Монголросцветмэт” зэрэг үйлдвэрт төрийн өндөр дээд албаныхан өөрийн хүнээ томилуулахаас гадна бизнесээ дэмжиж, шахаа хийсэн тухай дуулиан ч тасрахгүй явж ирсний зэрэгцээ бага хүүтэй урт хугацаатай зээлийг улстөрчид л авдаг.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн хүү Э.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэдэг мэдэгдлийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хийж байв. Сайд асан Ц.Нямдорж ч “Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. Миний хүүхэд "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ "хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ. С.Эрдэнэ гишүүн намайг энэ “Эрдэнэт”-д шахаа хийх гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа” гэж хүлээн зөвшөөрч байв.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар ажиллаж байсан Ш.Лхамсүрэнгийн хамаарал бүхий Мондулаан трейд ХХК нь Хөгжлийн банкнаас 17.5 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Тэрбээр өмнө нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлаар дэд сайдынхаа албанаас чөлөөлөгдсөн.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас 33,15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний эгчийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн бүртгэлтэй байгаад хасуулсан.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп”-ээрээ 4,8 тэрбум төгрөгийн зээл авсан.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-тай хамаарал бүхий бөгөөд тус компани 4,5 тэрбум төгрөгийн зээл авсан.  Тус компани нь Ч.Ундрам гишүүний аав болох Ч.Чинбатын нэр дээр бүртгэлтэй.

Иймээс төрийн албыг төрлөөс хамгаалах, хуулийн этгээдийг нь төрийн худалдан авалтын тендерт оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт нь хэдийгээр хатуу ч эрх мэдэлтэй, мэдээлэлтэй нь бусдынхаа боломжийг хулгайлдаг тогтолцоог халахад чухал хувь нэмэр оруулах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж