Монголчууд энэ онд түгжрэл хариуцсан сайдтай болов. Энэ бол олон нийтийн өгсөн нэршил. Албан ёсоор бол Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга гэдэг албан тушаалыг Засгийн газар анх удаа бүрэлдэхүүндээ оруулсан. Хэт төвлөрөл, түгжрэлийг үндсээр нь шийдэх бодлого боловсруулж, асуудлыг томоор хар гэдэг өнцгөөр сайд томилсон гэж ойлгож болно. Түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдол өгсөн хэрэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс түгжрэлийг бууруулах санал бүрийг Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй шуурхай хэлэлцэнэ гэдэг догь амлалт авчихсан. Олон нийтийн дунд түгжрэлийн асуудлаар санал шүүмж бодитой өрнөж, сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөний танхайрал, даатгал, торгууль төлдөггүй жолооч нар хөдөлгөөнд оролцсоор байгааг зоригтой хөндөж, эхнээс нь цэгцлээд явж байна.
Хариуцсан сайдтай болсноос хойшхи 100 хоногт түгжрэл, төвлөрлийг бууруулах чиглэлээр чамгүй бодлого боловсруулж, эхнээсээ УИХ, Засгийн газрын албан ёсны шийдвэр болж баталгаажлаа. Олон жил гацаанд байсан нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь шийдэх хэмжээний төсвийг Ж.Сүхбаатар сайд хар толгойгоороо хариуцаж батлуулав. Улсын төсөв бол хэлбэрэлтгүй мөрдөгддөг хууль. Нийслэлийн төсөвт суулгасныг нэмж тооцвол 2023 онд 1000 гаруй шинэ автобус үйлчилгээнд гарна гэсэн үг. Машины тоо даацаасаа 3-4 дахин хэтэрсэн Улаанбаатарын хувьд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь нэн чухал. Шинэ автобусуудыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр УИХ-аас шийдүүлж чадав. Эхний 100 автобус 2023 оны 1-р сард ороод ирнэ. Нийтийн тээврийн шинэчлэлтэй зэрэгцээд зам, гүүрэн байгууламж, томоохон дэд бүтцийн ажил эрчимжиж байна.
Монгол Улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатарт бөөрөө нийлүүлэн амьдарч байна. Зах зээлээ бараадаж, амьдрал хөөн нүүж ирсэн хүмүүст буруу байхгүй. Нутагтаа сайхан амьдрахад бодлогоор дэмждэггүй байснаас их нүүдлийн эрч өнгөрсөн он жилүүдэд саараагүй юм. Хүчээр зогсоож ч үзсэн, амжилт олоогүй. Засгийн газар өнгөрсөн 11-р сард Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих тухай тогтоол баталсан нь хэт төвлөрлийг задлах сайн бодлого, эдийн засгийн бодит дэмжлэг болов. Хөдөөд ажиллах төрийн алба хаагчдын цалинг 20 хувиар нэмэх, хөдөөд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийн бизнесийн зээлийг 1 хувьд барих, орон нутагт анх очсон гэр бүлд 3 хувийн ипотекийн зээл олгох гээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ирэх жилээс зарим агентлагийг орон нутаг руу нүүлгэнэ. Энэ бодлогын үр дүнд нийслэлд төвлөрөл саарч, хөдөөд амьдрал цэцэглэх учиртай.
Орон нутагт дулаан, цахилгаан үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд орлого олж эхэлснээс хойш эхний 3 жил бүх төрлийн татвараас 90 хувь, дараагийн 3 жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Цахилгаан бол үйлдвэрлэл явуулах суурь нөхцөл. Үүн дээр татварын дэмжлэг үзүүлээд эхлэхээр үйлдвэрүүд Улаанбаатараас нүүж, орон нутагт хүн тогтох, ажлын байр нэмэгдэх таатай нөхцөл аяндаа бүрдэнэ. Нөгөө талдаа улсын нийслэлд багтаж ядан байгаа хүн, машин хоёрын хэт төвлөрөл буурна. Гацаанд байсан бодлогын шийдлүүд амилж, бодитоор хэрэгжиж эхэлж байгаа нь түгжрэлийн сайдтай болсны хэрэг эхнээсээ гарч байгаа нь тэр.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах үндэсний хороо богино, дунд хугацаанд зургаан чиглэлд 46 ажил хийхээр төлөвлөгөө гаргаж баталсан байна лээ. Үүн дотор Монгол Улс анх удаа Зам тээврийн нэгдсэн системтэй болох ажил тусгасныг онцлох учиртай. Замын хөдөлгөөнийг зохицуулдаг, удирддаг, хянадаг нэгжүүд бүгд салангид явсаар ирсэн. Үүнээс болоод бодлого, ажил хоорондоо уялдаж өгдөггүй сул талтай. Энэ бэрхшээл удахгүй арилах нь. Он гарангуут Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах 21 хуулийн төслийн хамтаар буюу багц хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
Эрх зүйн орчин бүрдсэнээр нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, тээврийн хэрэгслийн импортын тоог багасгах, баруун гар талдаа жолооны хүрдтэй суудлын авто машины импортод хориглолт бий болгох /2030 оноос/, түгжрэлийн бүсчлэл тогтоох, Улаанбаатар хот тээврийн хэрэгслийн бүртгэл оношлогоо хийдэг болох, хэт төвлөрлийг буруулах зорилгоор зарим татвар хураамж нэмэх заалт ч хуульд суужээ. Төвлөрөл ихтэй бүсэд замын хөдөлгөөний нягтралыг сийрэгжүүлэхээс гадна тээврийн хэрэгслээс ялгарах хорт хийг бууруулах, хэт хуучирсан авто машины хэрэглээг багасгах үүднээс түгжрэлийн төлбөрийн зохицуулалт ч хийгдэх бололтой. Импортын авто машин цэгцэрч, Улаанбаатарын зарим бүсийг автомашингүй болгох, зогсоол, төлбөр хураамж гээд хуримтлагдсан олон асуудал зохицуулагдах нээ. Өнгөрсөн 100 хоногт түгжрэл, төвлөрлийг бууруулах шийдлүүд төрийн бодлого болон батлагджээ. Ужгирсан олон асуудал шийдлээ олж, түгжрэлийг бууруулах нэгдсэн бодлого, чиглэлээ тодорхой болголоо. Хэт төвлөрлийг сааруулах бодлого хариуцсан эзэнтэй, нэгдсэн удирдлага, төлөвлөгөөтэй болов. Урагшилж л байна.
Б.ТҮВШИНТӨГС