"Хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

"Хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй"

"Хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй"

УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга нар өнөөдөр/2022.12.26/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж Үндсэн хуулинд заасан. Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Хил орчмын бүс нутгийн чадавхыг сайжруулах зорилгоор баталсан тогтоолыг мушгин гуйвуулж байна. Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хилийн бүст зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Зөвхөн УИХ-аар шийднэ. Өмнө нь аймаг, орон нутгийн удирдлагууд шийддэг байсан. Улсын хилийг улсын тусгай хэрэгцээнд авч, аж ахуй нэгжийн зориулалтаар өмчлүүлэх эрхзүйн үндсийг таслан зогсоож байна. Үүнээс өөрөөр, хилийн халдашгүй байдлыг алдагдуулах ямарваа нэгэн үйлдэл гараагүй болохыг мэдэгдье.

АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан:

-Үүгээр хамаагүй улстөржиж болохгүй. Мэддэг, мэддэггүй сэдвээрээ жиргэж болохгүй. Хилийн бүст үйл ажиллагаа явуулж буй хилийн цэргийн үйл ажиллагаа нууцад хамаарагддаг. УИХ-ын чуулганаар Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх тогтоолын төслийг эцэслэн баталсан. Хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна гэж заасан. Тиймээс хил залгаа улсынхаа хилийн зурвас, боомтын газраас нааш газраа төрийн өмчид бүртгэж авч байна гэсэн үг. Мөн улсын хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламжийг байгуулах зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй байхаар хуулинд тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглосон байдаг. Холбогдох байгууллагууд 2018 оноос хойш Монгол Улсын хилийн зурвас газар дээр ажлын хэсэг гаргаж ажилласан. Үүнд байрших байршлын суурьшлын бүс, айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, дархан цаазат, тусгай хамгаалалттай газруудын нарийвчлан судалсан. Орон нутгийн удирдлагууд хилийн зурваст иргэн, аж ахуй нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулснаар улмаар суурьшлын бүс үүсч, хилийн шугам тийш хүрээгээ тэлэх хандлага байсан учир үүнийг таслан зогсоож, УИХ-ын тогтоол гаргах шаардлага гарсан. УИХ-ын хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг баталснаар хилийн халдашгүй байдал хангагдах эрх зүйн үндсийг бататгаж байгаа юм. Тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Цаашдаа хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой. Тогтоолын хүрээнд улсын хилийн зурваст хилийн хамгаалалтын зориулалттай бусад барилга байгууламж байгуулах, үйл ажиллагаа явуулах, газар эзэмших асуудлыг бүрэн шийдвэрлэж, зөвхөн ашиглалтын гэрчилгээ олгож, гэрээ байгуулна. Хилийн зурваст эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлөх асуудлыг таслан зогсоож, эрх зүйн үндэс бүрдэж, улсын хамгаалалтын орон зай болох хилийн зурвасыг төрийн мэдэлд бүрэн авсан. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил дархан амгалан байгааг мэдэгдэж байна.

Албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Яагаад Монгол Улс хилээ дотогш нь татлаа гэх мэдээлэл гарах болсон юм бэ? Хилийн зурвас шинэчилнэ гэх мэдээлэл бий. 20-30 жилд нэг шинэчилдэг гэсэн.

АБГББХын дарга Б.ЭнхАмгалан:

-Би томилолттой явж байгаад өчигдөр ирлээ. УИХ-ын дарга намайг дуудаж уулзаад ийм мэдээлэл гарсан байна гэсэн. Хаанаас ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна. Хилийн бүсийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоол нь нууцын зэрэглэлтэй орж ирсэн. Ийм тогтоолыг хилээ нээсэн, татсан гэж гэх мэдээлэл гарсан. Ийм зүйл байхгүй. Монгол Улс Хятад, Оростой хилийн маргаан байхгүй. Бид урд хилээ НҮБ-аар баталгаажуулсан. Хилийн координат, багана, тор хөдлөх ямар ч асуудал байхгүй. Үүнийг хариуцлагатайгаа мэдэгдье. Янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүсийн мэдээлэл явж байхыг үгүйсгэхгүй. Орон нутгийн эрх бүхий дарга нар хилийн бүс рүү тэлж, газар олгосон суурьшлын бус бүс бий болгосон асуудал бий. Тиймээс улсын тусгай хэрэгцээнд авахгүй бол болохгүй. Орос ч өөрийнхөө нутгийн 15 км-ыг тусгай хэрэгцээнд авсан. Хятад 25 км-ыг тусгай хэрэгцээнд авсан. Манайх ч хуультай тэрийгээ УИХ-ын тогтоолоор баталгаажуулж байна. Тэрнээс биш нааш цааш нь хөдөлгөөд ашигт малтмалын линенз олгох гээд байгаа юм биш.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн:

-Би тэр мэдээллийг харсан. Хилийн зааг, хилийн шугам хоёрыг хүмүүс андуураад байна. 1950, 1960 онд Оростой хилийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө манай хилийг зурвас, барагцаалсан хил гэж үздэг байсан. Гэрээ байгуулахаас өмнө шугаман хил гэж тогтоосон. Хилийн тухай хууль дээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар, хөрш зэргэлдээх улсын нутаг дэвсгэрийн зах хязгаараар зааглан тогтоосон шугамыг улсын хил гэнэ. Энэ шугамаас эгц дээшээ агаарын зайд агаарын хил, газрын гүнийг газрын хэвлийн хил гэнэ. Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж байдаг. Халдашгүй дархан байна гэдэг нь нэгдүгээрт, улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөхгүй байх. Хоёрдугаарт, Монгол Улсын болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байх. 1962-1964 онд Хятадтай хилээ тогтоогоод 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн. НҮБ-д бүртгүүлнэ гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Бүх солбилцлоо Монгол, Франц, Англи хэл дээр баталгаажуулсан. Баримт нь гадаад харилцааны яамны архивд бий. НҮБ-д бүртгүүлсэн хилийг өөрчлөх боломжгүй. Хоёр улстай хилийн дэглэмийн гэрээ байгуулдаг. Улсын хилийн шугамаас 50 м-д ямар нэгэн шугам ухахгүй, 1 км-д буун дуу гаргахгүй, 2 км-д тэсэлгээ хийхгүй, 10 хүртэлх км-д цацрагт идэвхит бодисыг тараахгүй гэх мэт журам бий. Тусгай дэглэм тогтоосон газар нутгийг хилийн зурвас гэнэ. Тусгай дэглэм тогтоох гэдэг нь иргэд энэ газар нутаг дээр оршин суух, зорчих, ажил эрхлэхдээ хил хамгаалах байгууллагад мэдэгдэнэ л гэж бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж