Монголын хөрөнгийн бирж өнөөдрөөс олон нийтийн компани болж байгаа. Үүнтэй холбоотойгоор 34 хувийн IPO-г нийтэд нээлттэй арилжиж эхэллээ. Цахим хуудаст иргэд болон зарим эдийн засагчид хувьчлалыг хэн нэгний эрх ашигт нийцүүлж, стратегийн хөрөнгө оруулагчид гэж тодотгож байгааг онцолсон. Тэгвэл үнэхээр эрх ашиг бүхий хүмүүст хувьчилж байгаа эсэхийг холбогдох хүмүүсээс тодрууллаа.
СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТААЗ ТОГТООЖ, ӨНДӨР ХУВЬ ТОГТООСОН НЬ ЗОХИСТОЙ
Монголын хөрөнгийн биржийн үндсэн андеррайтер, “Инвескор капитал ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.УЯНГАХИШИГ:
-Сүүлийн долоо хоног сөрөг мэдээлэл их гарлаа. Хөрөнгө оруулагчид болоод Монголын хөрөнгийн биржийн арилжааг сонирхогчдод хандаж хэлэхэд энэ удаагийн арилжаа хэнд ч давуу байдал үүсгээгүй. Стратегийн хөрөнгө оруулагчдын тухайд өмнөх бүх IPO дээр байсаар ирсэн. 80:20, 70:30 гэхчлэн хувийг өндөр тогтоодог. IPO амжилттай болохын тулд стратегийн хөрөнгө оруулагчид хамгийн эхний эрсдэлийг дааж ордог. Тиймээс хувь хэмжээг өндөр тогтоох зөвшөөрлийг авдаг.
Өнөөдрийн арилжааг олон нийтэд 50 хувь гэж бодвол таван тэрбум жижиглэнгийн хөрөнгө оруулагчид бүрдэж чадах эсэх нь асуудал. Тиймээс стратегийн хөрөнгө оруулагчдын хувийн өндөр тогтоосон нь зохистой.
Олон нийтийн зүгээс хөрөнгийн биржийг ихээр сонирхож, арилжаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн учир бид анх тогтоосон 90 хувийн стратегийн хөрөнгө оруулагчдаа 70 хувь хүртэл бууруулсан. Анхдагч арилжаа амжилттай болбол энэ хэмжээ дахин өсөх боломжтой. 70 хувь 83 хуулийн этгээд гэдэг бол энгийн математик.
Стратегийн хөрөнгө оруулагчдад тааз тогтоосноор тэдний авч болох хамгийн бага хэмжээ бол 100 сая төгрөг. Хэрэв 100 саяас доош бол арилжаанд оролцох боломжгүй. Тиймээс 83 гэдэг тоо гарч ирээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл нийт босгох 11.9 тэрбум төгрөгийн 70 хувь 8.3 тэрбум төгрөг. Өмнөх компаниудын жишээн дээр олон тооны хүн орж байсан тохиолдол байхгүй. Дараагийн нэг зүйл бол хоёр дахь зах зээл ханш унах эсэх чухал. Зарим этгээд хоёр дахь арилжаа дээр ханшийг өсгөх, унах тоглолт хийх нь ч бий. Тэгэхлээр анхдагч арилжаанд оролцоод долоо хоноод ашиг хийгээд гарах боломжгүй. Үүнээс болж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирдог. Эдгээрийг харгалзаж бид стратегийн хөрөнгө оруулагчдын хувьцааг зургаан сар арилжаанд оруулахгүй байхаар тогтсон.
Арилжаанд хэн нэгний эрх ашгийг нэгдүгээрт тавиагүй бөгөөд бүх талын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангасан байгаа.
ТӨРИЙН БАНКНЫ ХУВЬЦААГ Ч ЭНЭ ЖИШГЭЭР АРИЛЖСАН
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Стратегийн хөрөнгө оруулагчдын тухайд хуулиар зохицуулалт хийсэн хоёр заалт байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар хөрөнгийн бирж дээр арилжиж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын арилжаанд нэг этгээд болон түүнтэй хамаарал бүхий этгээд таваас дээш хувь авч болохгүй гэж заасан байдаг. Дээрээс нь улс төрд нөлөө бүхий этгээд арилжаанд шууд оролцох ямар ч боломжгүй.
Хоёрхон сарын өмнө мөн энэ процессоор Төрийн банк хувьцаагаа гаргасан. Тухайн үед бид мөн эдгээр шаардлагуудыг тавьж 2-3 нөлөө бүхий этгээд байна гэдэг үндэслэлээр зарим этгээдийг хасч байсан.
Гэх мэтчилэн төрд болон хуулийн байгууллагад байгаа мэдээллийг харгалзаж арилжаанд оролцогчдын хянаж байгаа. Тэгэхлээр энд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэсэн үг. Компанийн тухай хуулиар 34 хувь гэдэг хяналтын багцыг дангаар гүйцэтгэх босго хувьцаа. 34 хувийг эзэмшиж байгаа олон нийт биржийн засаглал, ТУЗ-д хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй.
Мөн ирэх онд төрийн өмчийн оролцоотой бусад компаниудын засаглалыг сайжруулах эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор жагсаалтууд гарсан байгаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БУСАД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ТҮҮЧЭЭЛНЭ
Монголын хөрөнгийн биржийн захирал Х.АЛТАЙ:
-Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөнөөс хойш 30 гаруй жилийн хугацаанд өнөөдөр түүхэн өдөр болж байна. Хөрөнгийн зах зээлийн ууган байгууллага албан ёсоор олон нийтийнх болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд УИХ-аас чухал, чухал шийдвэрүүд олон гарсан. Тэр дундаа төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлэх алхам хэрэгжиж байгаа нь сайшаалтай.
Монголын хөрөнгийн зах зээл дээр компаниуд сүүлийн үед IPO идэвхтэй хийх болсон. Энэхүү IPO түгээмэл практикт стратегийн хөрөнгө оруулагчдыг зааж өгсөн байдаг.
Стратегийн хөрөнгө оруулагчдыг хувийг тогтоож өгч байгаа нь олон нийтийн оролцоог хааж, хязгаарлаж байгаа зүйл байхгүй. Бид арилжаа нээхтэй зэрэгцээд IPO захиалагчдаа авч эхэлсэн. Энэ нь цаг хугацааны дарааллаар стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг хүлээж авна гэсэн үг.
Түүнээс зөвхөн аж ахуй нэгж гэсэн хязгаарлалт байхгүй. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг бол олон нийттэй ялгаагүй.
Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ. Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжиж байна.
Холбоотой мэдээ