Тойм 2022: Дэлхийн онцлох таван үйл явдал

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Тойм 2022: Дэлхийн онцлох таван үйл явдал

Тойм 2022: Дэлхийн онцлох таван үйл явдал

Ньюс агентлаг 2022 оны дэлхийн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.


ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН

ОХУ-ын арми 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины 10 орчим муж, хотуудад цохилт өгснөөр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш амар жимэр байсан Европ тивд хамгийн том дайн нүүрлэв. Киев, Днепр, Харьков хотууд ар араасаа Оросын цохилтод өртөж, Украины зүгээс Оросыг бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснийг зарласан юм.

Дайн эхлэхтэй зэрэгцээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, дэлхийн удирдагчид Москвад хориг арга хэмжээ авсан юм.  АНУ, Европын холбоо, Япон тэргүүтэй олон улс ОХУ-д хориг арга хэмжээ авсан. Тухайлбал, Европын холбооны зүгээс өнөөг хүртэл найман удаагийн багц хоригийг авсан юм.

Орос, Украин хоёр улс нь дэлхийн үр тарианы экспортын гол тоглогчид. Дайны улмаас дэлхий дахинд үр тарианы хомсдол нүүрлэж, Африкийн орнууд өлсгөлөнд нэрвэгдэв. Украины экспортын гол боомтуудыг ОХУ хаасан хэдий ч НҮБ болон Туркийн зуучлалын дагуу  өнгөрөгч долдугаар сараас үр тарианы хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Путин дайны эхний саруудад үр тариаг зэвсэг болгон ашиглаж байсан бол оны сүүлээр эрчим хүчний байгууламжуудыг онилох болжээ. Украины эрчим хүчний дэд бүтцүүд удаа дараалан цохилтод өртсөөр шинэ оныг харанхуй угтахад хүрэв.

Украин дахь дайн сунжирч, ОХУ-ын арми хүн хүч, зэвсэг техникийн хомсдолд орсон тул есдүгээр сарын 21-нд ерөнхийлөгч Путин зарлиг гаргаж, хэсэгчилсэн дайчилгаа зарлалаа. Нийт 300 мянган цэрэг дайчилна гэж мэдэгдсэнээр цэрэг татлагаас зайлсхийх гэсэн эрчүүд Орос, Гүрж, Казахстан, Монгол Улс руу дүрвэж, хил дээр эмх замбараагүй байдал үүсэв. Дайчилгааны зарлиг зарим талаараа учир дутагдалтай бөгөөд юу бичсэн нь тодорхойгүй нэг догол мөр байсан. Тиймээс 300 мянга биш сая хүртэлх цэргийг дайчилж болзошгүй гэж ажиглагчид үзжээ. Шинэ он гармагц ОХУ дахин 200 мянган цэрэг дайчилж магадгүй гэсэн таамаглал ч байна.

Есдүгээр сарын 30-нд ерөнхийлөгч Путин Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэхээ зарлаж, бүх нийтийн санал асуулга хүртэл зохион байгуулсан байдаг. Херсон, Запорожье, Донецк, Луганск мужууд нь Украины газар нутгийн 15 хувийг эзэлдэг бөгөөд одоо ч эдгээр нутагт ширүүн тулаан үргэлжилсээр байна.

М.НАРАНЖАРГАЛ

ДУУЛИАНТ ҮДЭЛТҮҮД

Дэлхий суут хүмүүсээ алдсаар байна. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан ширээнд хамгийн удаан заларсан хатан хаан II Элизабетийн үхэл, Японы засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлсэн ерөнхий сайд Шинзо Абэгийн аллага энэ оны дуулиант үйл явдлууд байв.

Японы Либерал Ардчилсан намын кампанит ажлын хүрээнд Нара хотын галт тэрэгний буудлын гадна үг хэлж байхад нь зэвсэгт этгээд гар аргаар хийсэн буугаар Абэгийн амийг хөнөөсөн эмгэнэлт хэрэг дэлхийг цочирдуулсан билээ. Абэд яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн боловч зүрх нь зогссон байжээ. Ийнхүү ерөнхий сайд асан,  төрийн нэр хүндтэй зүтгэлтэн Шинзо Абэ 67 насандаа долдугаар сарын 8-нд бусдын гарт амиа алдаж, япончуудыг уй гашуу, үл итгэх байдал нөмөрсөн юм.

Сэжигтэн 41 настай Тэцүяа Ямагами нь 2002-2005 оны хооронд Японы өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хаасан нэгэн байв. Тэрбээр ээжийнхээ санхүүгийн асуудалд Нэгдлийн сүмийг буруутгаж, Абэг өс хонзонгийн сэдлээр амийг нь хөнөөжээ. Гэвч тус сүмтэй Абэ ямар ч холбоогүй, сэжигтний ээж нь ч гишүүн биш гэдгийг Японы хэвлэл мэдээлсэн.

Шинзо Абэ 2006-2007 онд Японы Ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд 2013, 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Түүний оршуулах ёслолд Их Британийн хатан хаан тэргүүтэй олон улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож хүндэтгэл үзүүлсэн юм.

Үүнээс хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 8-нд Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгссөн. Тэрбээр зуныг өнгөрүүлсэн Шотландын Балморал цайздаа амар тайвнаар тэнгэртээ дэвшсэнийг албаныхан мэдээлсэн.

Тэрбээр 21 насандаа 1952 онд хаан ширээнд сууж, 70 жил засагласан бөгөөд энэ хугацаанд дэлхий маш олон өөрчлөлтийг даван туулсан. Түүний засаглал 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд 101 жилийн дараа төрсөн хатагтай Трасс зэрэг 15 ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Мөн тэрбээр дэлхийн II дайныг нүдээр үзсэн нэгэн. Эцэг нь тэднийг Канад руу нүүлгэн шилжүүлэхээс татгалзсаны дараа Их Британи нацист Германтай дайтсан гурван жилийн хугацааг  тэрбээр Виндзорын шилтгээнд өнгөрүүлжээ.

Хатан хаан Хааны тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан гурав дахь үеэл, Грекийн хунтайж Филипптэй хайр сэтгэлийн холбоотой болж, хосууд 1947 онд Вестминстерийн сүмд гэрлэсэн юм. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болж, 8 ач зээ, 12 зээнцэртэй болсон байв. Эдинбургийн гүн, хунтайж Филипп 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгссөн нь хатан хаанд маш хүнд цохилт болжээ.

Хатан хааны таалал төгссөн албан ёсны шалтгааныг “хөгшрөлт” гэж бүртгэсэн байдаг ч амьдралынхаа сүүлийн хэдэн сард хорт хавдартай тэмцэж байсан аж. Түүнийг миелома буюу ясны чөмөгний хорт хавдартай байсныг намтрыг нь бичсэн эрхэм мэдээлжээ.

Б.АНХТУЯА

ИРАНЧУУДЫН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

Дэлхий даяар ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцэл үргэлжилсээр байна. Үүний нэг жишээ нь Иран улсад өрнөж буй үйл явдал. Ираны нийслэл Тегеран хотноо 22 настай курд бүсгүйг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар “ёс журмын цагдаа” нар баривчилсны дараа учир битүүлгээр нас барсан. Ираны албаныхан бүсгүйг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн ч ар гэрийнхэн хэлэхдээ цагдаа нар түүнийг зэрлэгээр зодож хөнөөсөн гэж мэдэгдсэн.

Энэ хэргийн дараа Иран даяар охид, эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд богино хугацаанд орон даяар засгийн газрын эсрэг бослого тэмцэл болон өргөжсөн. Ираны дарангуйллын төрд тулгараад байгаа хамгийн ноцтой сорилт бол эмэгтэйчүүдийг ямар хувцас өмсөх, хэрхэн өмсөх, үсээ ил гаргах, нүүр будах эсэхээ өөрсдөө сонгох эрхийг хуулиар хязгаарласанд оршино.

Засгийн газраас ард түмний уур хилэнг намжаахаар ёс журмын цагдаагийн албыг тарааж, хижаб зүүх хуульд өөрчлөлт оруулахаа амласан. Иранд 1983 оноос хойш эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүх тухай хуулийг хэрэгжүүлж, үүнд хяналт тавих зорилгоор "ёс журмын" цагдаагийн албыг 2005 онд Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадын үед үүсгэн байгуулсан.

Гэвч гурван сарын турш үргэлжилж буй бослого тэмцэл намжих шинжгүй байна. Ираны засгийн газраас жагсаал эхэлснээс хойш хоёр оюутныг цаазаар авч, өөр 40 хүнд хүнд ял оноохоо мэдэгдсэн. Норвегид төвтэй хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр бослого тэмцлийн улмаас 469 хүн амь үрэгдсэний 63 нь хүүхэд байв. Түүнчлэн жагсаалд оролцсон гэх шалтгаанаар хамгийн багадаа 18 мянган хүн баривчлагджээ.

Исламын шашныг эрх мэдлээ тогтоох зорилгоор ашиглаж буй засгийн газрын эсрэг иранчуудын тэмцэл зөвхөн энэ удаагийнхаар хэмжигдэхгүй. Өмнө нь 2019 онд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн ард түмэн Засгийн газрынхаа эсрэг боссоноос “цуст арваннэгдүгээр сарын жагсаал” гэж нэрлэгдсэн аймшигт үйл явдал болсон.

Харин гадныхны хувьд Иран дахь эсэргүүцэл тэмцэл нь өнгөний хувьсгалын тод жишээ. АНУ тэргүүтэй барууны орнуудын анхаарал иран эмэгтэйчүүдийн эрх чөлөө гэхээс илүү цөмийн гүрэн болоход ойрхон байгаа засгийн газарт нь төвлөрч буй.

Б.АНХТУЯА

 ХЯТАДЫН ШИНЭ ХУАНДИ

Хятадын Коммунист намын ХХ их хурал аравдугаар сарын 16-23-ний хооронд болж өндөрлөсөн. Тус хурлаар Хятадын дарга Ши Жиньпин  удирдагчийн эрх мэдлээ бэхжүүлж, Коммунист намын түүхэн дэх байр сууриа дээшлүүлсэн. Тэрбээр намын Үндсэн хуульд “хоёр байгуулалт”, “хоёр хамгаалалт” гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийг оруулснаар намын гол цөм болов. Долоо хоног үргэлжилсэн эл хуралд Хятадын Коммунист намын олон зуун сая гишүүдийн төлөөлөл 2000 хүн Бээжин хотод хуран чуулжээ.

Хурлын төгсгөлд нам дотроо санал өгөх эрхтэй 200 орчим элитээс бүрдсэн Төв хорооний гишүүдийн нэрсийг зарлажээ. Дахин бүрдсэн намын Төв хороо нь 25 гишүүнтэй Улс төрийн хороог сонгох ба тэднээс долоон хүн нь хамгийн хүчирхэг институци болох Улс төрийн байнгын хороог бүрдүүлнэ.

Эрх мэдлийн оргил болсон тус багт түүнтэй удаан хугацаанд холбоотой явсан, мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпиний үзэл суртлыг сурталчилсан албан тушаалтнууд томилогдов. Удирдагчдын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах үеэрээ Ши "Зөвхөн зовлон зүдгүүр л агуу байдлыг авчирдаг. Зөвхөн шаргуу хөдөлмөр л илүү их алдар нэр авчирдаг" гэж хэлжээ. Байнгын хорооны долоон гишүүний гурав нь улиран сонгогдсон бол шинээр дөрвөн хүн орж иржээ. Улиран сонгогдсон гишүүдийг нэрлэвэл, намын дарга Ши Жиньпинээс гадна Жао Лэжи, Ван Хунин нар байна.

Хятад улсад цар тахлын шинэ давалгаа нүүрлэсний улмаас “covid-19-ийг тэглэх” бодлогын дагуу дахин хатуу хөл хорио тогтоож, эдийн засгийн томоохон уналтад орсон. Энэ цөвүүн цагт Ши Жиньпин удирдагч нөхцөл байдлыг буруу удирдсан гэх шуугиан дэгдэж, үүнийг дагалдаад түүнийг албан тушаалаасаа огцорч магадгүй гэсэн таамаглал гарч ирж байлаа. Цар тахлын буруу бодлогоос гадна Хятад улсыг олон улстай сөргөөцөлдсөн хүнд нөхцөл байдалд оруулсан, Коммунист намынхны дотоод хагарал гэсэн томоохон шалтгаануудыг гадаадын хэвлэлүүд тухайн үед онцолж байв. Гэвч намын их хурлаар 69 настай Ши Жиньпин Хятадын даргаар үлдэх нь тодорхой болсон ба үүнийг ирэх хавар болох Бүх Хятадын Ардын их хурлаар батламжлах юм. Тэрбээр намын дарга, Хятадын төрийн тэргүүн, цэргийн командлагч гэсэн гурван гол албан тушаалыг хашиж байна.

М.НАРАНЖАРГАЛ

ЦЭНХЭР БӨМБӨРЦӨГИЙН НАЙМАН ТЭРБУМ

НҮБ-аас арваннэгдүгээр сарын 15-наас дэлхийн хүн ам найман тэрбумд хүрснийг албан ёсоор зарласан. Дэлхийн хүн ам 11 жилийн өмнө долоон тэрбум хүрч байв. Анагаах ухаан, хөдөө аж ахуйн тасралтгүй хөгжил дэлхийн хүн амыг хурдацтай нэмэгдүүлэх боломжийг олгосон. Гэвч хүн ам зүйн өөрчлөлт, төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор өсөлтийн хурд хэсэг хугацаанд удааширч байна. ХХ зууны дунд үед ажиглагдсан хурдацтай өсөлт одоогоор удаашрах хандлагатай байна. НҮБ-ын тооцоолсноор есөн тэрбумд хүрэхийн тулд 15 жил шаардагдах аж.

2015 оны тооцооллоор дэлхийн хүн амын тал хувь нь зөвхөн зургаан оронд төвлөрсөн байв. Гэвч сүүлийн үед бусад орны хүн амын өсөлт зэрэглэл өөрчлөгдсөн.

Одоогоор хамгийн олон хүн амтай улсууд нь Хятад /1.426 тэрбум/, Энэтхэг /1.412 тэрбум/, АНУ /337 сая/, Индонез /275 сая/ юм.

Энэтхэг улсын хүн ам одоогийн өсөлтөөр тооцвол 2030 онд 1.515 тэрбум болж өсч, дэлхийн хамгийн олон хүнтэй болох тооцоолол бий. Харин Хятад улсын тухайд удаан хугацаанд хэрэгжсэн төрөлтийг хязгаарлах бодлого болон эдийн засгийн хүчин зүйлээс шалтгаалан хүн амын өсөлт буурсаар байгаа юм. Гэхдээ Энэтхэг, Хятадаас өөр ямар ч орон дараагийн 10 жилийн хугацаанд хүн амын тоо нь 360 саяыг давахгүй гэж таамаглаж байна.

АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад төрөлт буурч, эсрэгээрээ буурай орнуудад хүн амын өсөлт хурдацтай явагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болжээ. Долоон тэрбумаас найман тэрбум хүртэлх өсөлтийн 70 орчим хувь нь бага, дундаас доош орлоготой орнуудад байсан бөгөөд ихэнх нь Сахарын цөлөөс өмнөх Африкт байна гэж НҮБ мэдэгдэв. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин бага, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол муу, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн мэдлэг, хэрэглээ дутмаг, гэр бүл төлөвлөлтийн ойлголт байхгүйгээс буурай орнуудад төрөлт өндөр байгаа юм.

НҮБ-аас 2100 он гэхэд манай гариг дээр 10.9 тэрбум хүн амьдарч байна гэх тооцооллыг гаргасан ч хүн бүр үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Вашингтон их сургуулийн судлаачдын тооцооллоор 2100 он гэхэд дэлхийн хүн ам 6.3 тэрбумд буурах эсвэл 8.8 тэрбум болж өснө гэж үзжээ.

Б.АНХТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж