Ибрахимович: Би шилдэг дасгалжуулагч болно гэсэн баталгаа байхгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

Ибрахимович: Би шилдэг дасгалжуулагч болно гэсэн баталгаа байхгүй

Ибрахимович: Би шилдэг дасгалжуулагч болно гэсэн баталгаа байхгүй

22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдан өндөрлөж, клубын хөлбөмбөг үргэлжлэх гэж байна. Дэлхийн аварга өвөл болсон нь багуудад урт хугацааны амралт болж, улирлын хоёрдугаар хагаст сайтар бэлдэх боломж олгож буй. Тэгвэл Италийн АС Милан клуб амралтаараа Саудын Арабын Дубай хот руу аялж, Дубай "Супер цом 2022"-д оролцсон юм.

Энэ үеэр багийн супер од, ахмад тоглогч Златан Ибрахимович хэзээ талбайдаа эргэн ирэх, энэ улирлын хувийн болон багийн зорилго, яагаад зодог тайлаагүй үргэлжлүүлж тоглож байгаа, зодог тайлсны дараа юу хийх гэх мэт олон сонирхолтой сэдвээр сэтгүүлчидтэй ярилцжээ.

-Та хэзээ талбайд эргэн гарна гэж таамаглаж байна?

-Би зүгээр ээ. Би өдөр өдрөөр сайжирч байна. Би өөрөө өөртөө гаргасан дүрмийг дагаж байна. Милан Ибраг санаж байна. Эсрэгээрээ Ибра ч гэсэн Миланыг санаж байна. Гэхдээ би хөлбөмбөгөөсөө хол байгаа юм биш ээ. Би багийнхантайгаа ойрхон байгаа бөгөөд тэднийг урам зоригжуулж, тэдний төлөө үүрэг хариуцлага үүрсэн хэвээр байна. Би тоглолтуудаас адерналин мэдэрсэн хэвээр байна. Би талбай дээр хэвээр байх болно.

-Та Италийн Супер цом эсвэл Аваргуудын лигт Тоттенхэм багийн эсрэг эргэн ирэх үү?

-Яг тогтсон хуваарь байхгүй. Он сар хэлэх хэцүү байна. Хэрэв энэ талбайд гарах хүслээс хамаардаг байсан бол би энэ улирлын эхнээс л талбайд гарах байсан. Одоо энэ талаар бодохоо больсон. Би хэзээ бэлэн болно тэр үедээ талбайд гарна.

-Ибра сэлгээнд суух нь зүгээр гэж үү?

-Зүгээр ээ. Би арван жилийн өмнөх шиг эготой байхаа больсон. Одоо бол би өөр хүн. Илүү нас биед хүрсэн, илүү үүрэг хариуцлага хүлээсэн. Би дасгалжуулагч болон залуу тоглогчдод туслах тал дээр илүү анхаарч байна. Одоо бол би бүх зүйлийг хийж чадна гэж бодохоо больсон. Дасгалжуулагч намайг тоглуулах эсэх нь түүний мэдлийн хэрэг. Би түүний бүхий л шийдвэрийг хүндэлж байна.

-Яагаад аварга болсныхоо дараа зодог тайлаагүй юм бэ?

-Би одоо ч талбайн үнэр, адреналиныг, олон нийтээс намайг гэх сэтгэл хөдлөлийг мэдэрсээр байна. Мөн сэтгэл минь ханаагүй. Би үргэлж илүү ихийг хийхийг хүсдэг. Улмаар би амьд байгаагаа мэдэрдэг. Би өнгөрсөн улирлыг дуусгаад мэс засалд дан ганц цааш үргэлжүүлэн тоглохын тулд бус өөрийгөө эрүүл байгаагаар мэдрэхийн тулд орсон. Сүүлийн зургаан сар чимээгүйгээр их зовсон. Багийнхандаа сөрөг байдлыг мэдрүүлэхийг хүсээгүй.

-Өөрийн шинэ зорилгынхоо талаар?

-Бүгдийг нь л хожмоор байна. Би энд итгэж байгаа болохоор энд байна. Италийн Сери А, Италийн цом, Супер цом, Аваргуудын лиг бүгдэд нь түрүүлмээр байна. Нэг зорилгод нь бууж өгөх юм бол бүгдэд нь бууж өгнө гэсэн үг. Багийн сэтгэл зүй маань өөр болсон.

-Та үнэхээр Aваргуудын лигийн цомыг онилж байна гэж үү? 

-Надад мөрөөдөл байхгүй. Надад зорилгууд бий. Мөрөөдлийг бусад хүмүүст л орхие. Харин бид зорилгынхоо төлөө явдаг. Бүх зүйл боломжтой. Хөлбөмбөг ч үүнийг заадаг. Юу ч таамаглаагүй байхад гайхалтай зүйлс болж өнгөрдөг. Жишээлбэл, энэ жилийн ДАШТ-ийг хар л даа. Марокког хар. Златан хүртэл тэднийг сайн тоглоно гэж хэлээгүй. Тэдний Амрабат үнэхээр сайн байсан.

-Энэ жил дахин лигийн аварга болох боломжтой юу?

-Мэдээж. Яг одоо бид лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт явж байна. Наполи хүчтэй баг. Тэднээс Кварацхелия намайг хамгийн их гайхшруулсан тоглогч. Гэхдээ Ювентус, Интер багууд эргэн өөрсдийн сайн тоглолтоо гаргаж байна. Гэхдээ бид байсаар байгаа шүү. Улирлын хоёрдугаар хагас үргэлж шийдвэрлэх чухал ач холбогдолтой байдаг.

-Одоогийн Милан болон хоёр жилийн өмнөх Милан хоёрын хооронд ялгаа байна уу?

-Миний анх ирж байсан 2020 оны нэгдүгээр сарын үеийн багийн нөхцөл байдал бүхэлдээ өөр байсан. Тэд лигийн аварга болохыг хүссэн баг шиг биш байсан. Тоглогчид өөр өөрсдийн гэсэн хүсэлт тэмүүлэл, зорилготой байсан. Одоо бол тэд хүсэлт тэмүүлэлтэй, золиос гаргах чадвартай, хожлын төлөө гэх нэгдмэл нэг зорилготой баг болсон. Дасгалжуулагч Пиоли тоглогчдыг татаж чадсан. Түүний хэрэгжүүлэхийг зорьсон санаа нь биеллээ олсон.

-Та Италийн Супер цомын финал дээр эргэн ирэх үү? Лукакуд хандаж хэлэх зүйл байна уу? Аваргуудын лиг дээр гоол оруулж тэмцээний хүрээнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болмоор байна уу?

-Би Миланы дербид тоглоно гэж найдаж байна. Лукакугийн талаар хэлэх зүйл байхгүй. Би түүнийг сайн байж тухайн тоглолтод байгаасай гэж хүсч байна. Өөртөө ч гэсэн тийм зүйлийг хүсч байна. Бусдаар бол бусдыг биш өөрийнхөө талаар л бодож байна. Бусад хүмүүс надаас айх ёстой. Надад Аваргуудын лигийн рекорд сонирхолтой биш байна.

-Багийн хамтрагч Жиру энэ жилийн ДАШТ-ээр амжилттай сайн тоглосон?

-Түүнд хэлээгүй л болохоос би түүний шүтээн шүү дээ. Тэр шилдэг тоглогч. Тэр бидний хувьд гол цөм тоглогч. Намайг өнгөрсөн жил талбайд байхгүй үеэр багт чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил ч гэсэн үүнийгээ давтаж байна. Францын шигшээ багтаа хүртэл амжилттай сайн тоглосон. Хувь хүнийхээ хувьд ч гэсэн гайхалтай залуу. Ажилдаа анхаарал хандуулдаг, чамин тансаг хэв маягтай. Өөрийгөө чухал нэгэн гэдгээ мэддэг.

-Өнгөрсөн жилийн лигийн шилдэг тоглогч Леао багтайгаа гэрээ сунгах хэлэлцээр яригдаж байна. Та түүнд ямар нэг зөвлөгөө өгсөн үү?

-Мэдээж хэрэг Милан бол түүнд тохирсон орчинтой газар. Түүнийг хэр сайжирсныг хар л даа. Анх энэ багт ирэхдээ одоогийн шилдэг тоглолтоосоо өөр тоглогч байсан. Тэр бидний хувьд их чухал тоглогч. Миланд тэр өөртөө итгэх итгэлтэй, тоглох боломж дүүрэн, чөлөөтэй тоглолтоо үзүүлэх боломжтой байна. Ийм зүйлийг өөр багт баталгаатай гаргаж өгөхгүй шүү дээ. Тэр энд жаргалтай байна. Гоол оруулахынхаа өмнө хүртэл инээмсэглэж байна.

-Тэр таны түвшинд хүрч чадах болов уу?

-Тэр бол өсч хөгждөг нас дээрээ явж буй залуу хүн. Тео их сайжирсан. Де Кетелаере бол хүчтэй тоглогч бөгөөд өөрийн цагаа хүлээх хэрэгтэй. Гэхдээ Леао бол өөр түвшний тоглогч. Дундаж тоглогчдоос дээд түвшний тоглогч. Тэр өөрийн авьяас ур чадвартаа бүрэн итгэсний дараа л өөрийн дутагдаж буй нэг хэсгээ нөхөх болно. Тэр өөрийн хэр сайн тоглогч болохоо мэдэхгүй байна. Ур чадвар нь бүрдэх үед хамгаалагчдыг айлгах болно. Үнэлгээ нь ч гэсэн өсөх болно.

-Та түүнийг урам зоригжуулдаг уу?

-Тэр өөрийн хийж буй зүйлдээ сэтгэл ханаж болохгүй ээ. Сайн тоглож байх үед магтах нь хэтэрхий амар байдаг, муу тоглож байхад муулах ч гэсэн хялбар байдаг. Харин би түүнтэй эсрэгээр нь ханддаг. Гэхдээ би багийн бүх тоглогчидтой ярилцдаг. Надад бэлдсэн төлөвлөгөө гэж байхгүй. Дасгалжуулагч Пиоли үүнийг мэддэг бөгөөд надад багийнхантайгаа тусгайлан ярих цаг гаргаж өгдөг.

-Ирээдүйд дасгалжуулагч болох уу?

-Үнэндээ би энэ талаар бодоогүй юм байна. Дасгалжуулагч болно гэдэг их үүрэг хариуцлагатай ажил. Над шиг төрлийн тоглогч дасгалжуулагч болох хэцүү. Шилдэг тоглогч байсан хүн дараа нь шилдэг дасгалжуулагч болно гэсэн баталгаа байхгүй. Зидан эсвэл Пеп Гуардиола шиг шууд шилдэг дасгалжуулагч болно гэсэн үг биш. Ибра ч гэсэн шилдэг дасгалжуулагч болно гэсэн баталгаа байхгүй. Үүнд ямар нэг давуу тал гэж байхгүй. Чи сурч, судалж алхам алхамаар ажиллах хэрэгтэй болдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж