Цуврал-3: “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ Төлөөлөн удирдах зөвлөлгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

Цуврал-3: “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ Төлөөлөн удирдах зөвлөлгүй

Цуврал-3: “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ Төлөөлөн удирдах зөвлөлгүй

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээлснээр, улсын хэмжээнд төрийн өмчийн үйлдвэрийн газар 21, төрийн өмчит хувьцаат компани 51, төрийн өмчит ХХК 21, төрийн өмчийн оролцоотой компани 12 бий. Бид төрийн өмчийн компаниудын “Төлөөлөн удирдах зөвлөлд хэн багтдаг вэ” сэдвээр гурав дахь цувралаа хүргэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 580 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5000 орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгож байв. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан. Улмаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн 49 хувийг “Монгол зэс” корпорациас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.

Тэдний оронд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байв. Тухайн үеийн ТУЗ-д

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,

Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд,

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нар багтаж байв.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2017 онд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01 тоот тогтоол, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосон байдаг.

Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээж өгчээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолоор тус үйлдвэрийн ТУЗ-ийг долоон хүний бүрэлдэхүүнтэй тогтоосон байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 51 хувь буюу Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл нарыг томилсон. Харин 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн”ХХК-ийн талаас “Эрдэнэс-оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар нэр сонгогдов.

Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгосноор У.Бямбасүрэн даргатай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг тараажээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталсан. Тус үйлдвэр улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан.

Өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой”, “Монголросцветмет” үйлдвэрийн нэгэн адил Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болсон бөгөөд компаниудыг зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэсэн хоёр бүлэгт хувааж, хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болжээ. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгох, мөн зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болсон билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж