Он солигдох мөч дөхөж, шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй оржээ. Олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн ч өргөн дэлгэр болж байна. Гэвч нийслэлийн захын дүүрэгт амьдардаг болоод зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр бүрчлэн баярын тоглолт үзэн, бэлэг авч баярлах нь ховор байдаг.
Тэгвэл Нийслэлийн захын зургаан дүүргийн 1000 хүүхдийг баярлуулсан “Hero & Cool” нэртэй шинэ жилийн баярын арга хэмжээ өчигдөр /2022.12.25/-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд боллоо.
Энэ жилийн баярын арга хэмжээ чөлөөт бүжгийн хамтлагаар эхлэн, Зэвсэгт хүчний бүрээтэй залуус Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлсэн юм. Түүний дараагаар өвлийн өвгөн цас мөсний орноос цасан охидоо дагуулан ирээд, дуулан бүжиж, Нийслэлийн онцлох 10 хүүхдийг тодруулан, шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгууллаа. Түүнчлэн алдарт Улаан туг хамтлаг бүжиглэж, Танхай ерөөлч Б. Пүрэвсүх ерөөлөө өргөн дуулсан юм. Агаарын цагирган үзүүлбэр үзүүлэн, нугарах охид гэх мэт олон олон урлагийн тоглолтууд мөн боллоо.
Чуулгын танхимыг бүхэлд нь дүүргэж, өвөр дээрээ давхаралдан суух багачууд тоглолт үзээд, инээд хөөр тасрахгүй их л баяртай харагдана. Дуучин Б.Анхбаяр тайзнаа гарч ирэх төдийд хүүхдүүд түүнийг зурагтаар харж байснаа хоорондоо ярилцан хөөрөлдөх аж. “Шинэ жилийн үдэш сайхан болж байна уу, хүүхдүүд ээ” гэж хэлээд дээшээ үсрэхэд хүүхдүүд ч нэгэн зэрэг босч “Тиймээ” хэмээн хөөр хөгжөөнтэйхөн орилж, хамтдаа үсрэн бүжиж байлаа. Хүүхдүүдээ баярлахыг харсан эцэг эхчүүд ч мөн адил “Хүүхэд насандаа очсон мэт байна” хэмээн ярилцах. Би ч бас хүүхдүүдээс дутахааргүй хөөрч баярлан, дараагийн үзүүлбэрийг хүлээсээр догдлол дүүрэн суулаа. Ийн бодлогоширч байх зуур үзүүлбэрүүд дуусч, чуулгын танхимд цугласан сурагчид эгнээ эгнээгээрээ тайзнаа гаран бэлгээ авснаар шинэ жилийн арга хэмжээ өндөрлөсөн юм.
Энэхүү шинэ жилийн баярын арга хэмжээ нь 2013 оноос зохион байгуулагдсан боловч Covid-19 цар тахалтай холбоотойгоор гурван жил өнжжээ. Уг баярыг дуучин А сool буюу Б.Анхбаяр, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч асан Ц.Баатархүү нар хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү арга хэмжээнд хотын төвийн болоод сургуулийнхаа баярт тэр бүр оролцож чаддаггүй зорилтот бүлгийн болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ихэвчлэн оролцдогоороо онцлог. Цаашид Монгол Улсын хэмжээнд хүүхдэд ээлтэй санаачилгууд болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг дэмжих, 21 аймгийн “Hero&Cool” шинэ жилийг зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.
Зохион байгуулагч Ц. Баатархүү:
-Хүүхэд бүр өнгөрсөн оны амжилтаа дүгнэн өвлийн өвөөгөөс бэлэг авах дуртай байдаг. Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн мөн зорилтот бүлгийн хүүхдүүд төдийлөн төвийн шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож, амжилтаа дүгнэх боломжгүй байдаг. Тиймээс 2013 оноос эхлэн “Hero & Cool” гэх шинэ жилийн үйл ажиллагааг хүүхдийн элч дуучин Б.Анхбаяртай хамт зохион байгуулаад, дундуур нь цар тахлын гурван жил зогсоод, одоо долоо дахь жилээ явж байна. Энэ жилийн үйл ажиллагааны маань онцлог нь “Hero&Cool” гэх шагнал гаргаж Нийслэлийн амжилтаараа манлайлал үзүүлж буй хүүхдүүдийг алдаршуулах юм. Мөн бид хүүхдэд ээлтэй төслүүдийг шалгаруулж эхлээд байгаа. Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй болгохын тулд хичээлээс гадуур маш олон төсөл хөтөлбөрийг дэмжин, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сүлжээ байгуулах зорилгоор “Hero&Cool” төсөл хэрэгжиж эхлээд буй. Энэ төслийн маань нээлтийн ажил өчигдөр болж, энэ оны ажлаа дүгнэсэн ба Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс хүүхдүүд оролцож байна. Энэ удаад Улаанбаатар хотын зургаан дүүргийн 1000 хүүхэд оролцоод байна. Эдгээр дүүргийн сургуулиудаас оны 10 онцлох хүүхдийг тодрууллаа. Бид хүүхдийн болоод сургуульд хийгдэж буй төслийн ажлуудыг онцолж байгаа. Бид хүүхдийн төлөөх үйл ажиллагааг дэмжээд тухайн ажилд хамтарвал хүүхдэд ээлтэй хот цаашлаад улс болох боломжтой гэж үзэж байна. Энэ утгаараа өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хамтлаг дуучид, ерөөлч, бүжигчид болоод үзүүлбэр үзүүлсэн хүмүүс ямар нэгэн үнэ төлбөргүйгээр тоглолтоо толиууллаа.
Холбоотой мэдээ