Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд генерал Фам Ван Сиангийн урилгаар 2022 оны арванхоёрдугаар дугаар сарын 05-09-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхаж, Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай уулзах үеэр тэрбээр түүний урилгыг хүлээн авч Вьетнам оронд албан ёсны айлчлал хийж буйд талархлаа илэрхийлж, цаашид талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцох, харилцан айлчлал зохион байгуулах, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.

Айлчлалын үеэр БНСВУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Уг үзэсгэлэн нь Вьетнамын батлан хамгаалах салбарын гадаад харилцааг тэлэх, дотооддоо үйлдвэрлэсэн технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсад танилцуулах зорилготой зохион байгуулагдлаа. Мөн дэлхийн 30 гаруй орны, 170 гаруй батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид оролцож, 500 гаруй зочин төлөөлөгч үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнг БНСВУ-ын Ерөнхий сайд Фан Минь Чинь нээж хэлсэн үгэндээ, “Аюулгүй байдлын орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед Вьетнам Улс бусдаас хараат бус байж, зэвсэглэл техникээ сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц чанартайгаар үйлдвэрлэж эхэллээ. Вьетнам Улс даавуу үйлдвэрлэлээс орчин үеийн өндөр технологи бүхий зэвсэглэл, техник үйлдвэрлэгч орон болон хөгжиж, өөрчлөгдөж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал айлчлал боллоо.
Холбоотой мэдээ