С.Дэмбэрэл: Засгийн газрын өрийн байдал түгшүүртэй болж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл: Засгийн газрын өрийн байдал түгшүүртэй болж байна

С.Дэмбэрэл: Засгийн газрын өрийн байдал түгшүүртэй болж байна

Ирэх 2023 он санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй жил болох нь тодорхой. Энэ талаар эдийн засагч С.Дэмбэрэлийн илэрхийлсэн байр суурийг хүргэе.


2023 онд эдийн засгийн ерөнхий төлөв байдал

-Ер нь баргар байна. Өрийн асуудал бий. 2023 онд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг Сангийн яам 5 хувь, 2024 онд 5.1 хувь, Монголбанк 4.4 хувь, 6.1 хувьд хүрнэ гэж төсөөлсөн. Эдийн засгийн хоёр гол байгууллагын дараа жилийн төсөөлөл. Засгийн газрын нийт өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахаар, Сангийн яамныхаар өнөөгийн үнэ цэнээр 56.1 хувь, 2023 онд 60.1 хувь байна гэж тооцон, Их хурал баталсан. 2024 онд шилжүүлээд үзвэл 70, 75 хувь буюу Засгийн газрын өрийн байдал түгшүүртэй болж байна гэсэн үг. Яагаад вэ гэвэл, манай улс сайтар шинжилбэл зохистой улсын нэг, олон улсын үзүүлэлтээр ч төрийн тогтвортой байдал тааруу. Төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн өөрчлөлт хоёрын нийлбэрээр үзэхээр, нөөц урсгалын тогтолцоо нь дотоодын нийт бүтээгдэхүүний 18.3 хувь, 2023 онд бага зэрэг багасаад, 14.3 хувь хүрэх төсөөлөл байна. Төсвийн алдагдал гэх мэт олон үзүүлэлт бий бөгөөд ч эдийн засаг олигтой дээрдэхгүй нь.

Инфляцийн тухайд

-Хамгийн сүүлд инфляци 14.5 хувь болсон. Инфляцийн хувьд урагшаа харах гэж ярилаа, хойшоо бас хардаг байх хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн хувьд Монгол Улсын үндэсний аудитын түүхэн хөдөлгөөн илэрхийдээ дунджаар 8+-1 гэсэн байдлаар 10 жил явсан. Инфляцийг 6+-2 зорилтын хүрээнд аргамжих ёстой. Миний бодлоор инфляцийн энэхүү зорилт биелэх боломжтой.

Мөнгөний бодлого

-Монголд уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжиж байна. Репо санхүүжилт яаж явдаг билээ. Яагаад уул уурхайн бус экспортыг дэмжинэ гэв, яагаад репо санхүүжилтээр арилжааны банкуудаар дамжуулж зөөлөн хүүтэй зээл олгов? Энэ бол классик утгаараа Төв банкны хүү биш ч гэсэн Төв банкны хуулинд эдийн засгийн тэнцвэртэй өсөлтөд тус дөхөм үзүүлнэ гэж заасан. Тэр зорилтыг хангахын тулд. Жишээлбэл, яагаад Төв банк уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих болов гэхээр Монголын экспортын хувь 93:7 гэсэн гажиг харьцаатайгаар бараг 40 жил явсан. Үүнийг бага ч гэсэн засах гэж өөрийнхөө хэмжээнд репо санхүүжилтээр урамшуулж байна. Ийм уламжлал байгаагүй. Төв банк өөртөө байдаг арга хэрэгслүүдээр арилжааны банкуудад мотиваци буюу сэдэл өгөх замаар дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөнгөний тоймыг харахаар, 2023 онд -4.1 хувиар буурч, 2024 онд 0.2 хувьд хүрнэ гэж төсөөлсөн. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр хатуу мөнгөний бодлого, мөнгөний төлөв байдал өөрчлөгдөх нь.

Гадаад, дотоод цэвэр актив

-Гадаад, дотоод цэвэр актив 2022 оны төгсгөлөөр -88.5 хувь, 2023 онд 2.6 дахин буюу 260 хувиар буурах нь. 2024 онд бага зэрэг тогтворжино. Гэхдээ абсолют дүнгээр 11.856 их наяд төгрөг болно. УИХ-аар Монгол Улсын өрийн удирдлагын баримт бичиг гэж батлагдсан. Түүнд заасны дагуу өрийн удирдлага, өөрөөр хэлбэл ар хормойгоороо урд хормойгоороо нөхөх байдлаар явсан бодлогоо үргэлжлүүлж барихаас өөр аргагүй. Тэгэхгүй бол эдийн засаг, ялангуяа нийт макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг муутгах нь.

Төсвийн бодлого

-Сонгуулийн жил, сонгуулийн өмнөх жил хоёрт Монгол Улсын төсөв ёс юм шиг “сонгуулийн цикль” буюу алдагдалтай батлагдсаар ирсэн. Энэ жил ч ийм байдлаар орж ирсэн. Монголбанкны ерөнхийлөгч “Энэ жил төсөв ашигтай байхаар орж ирнэ гэдэгт итгэж байна” гэсэн. Тэр итгэл нь байхгүй болсон. Төсвийн давамгайлал (Fiscal dominance) гэж юуг хэлэх вэ гэхээр мөнгөний бодлогыг чөлөөтэй явуулах орон зай хумигдаад, төсвийн алдагдал болон Засгийн газрын гадаад өрийн нэмэгдлээс болоод төлбөрийн тэнцэл болон Монголбанкны гадаад валютын нөөц зэрэг гол гол үзүүлэлтүүд дарамт болох. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гадаад өр болон төсвийн алдагдал хэт өндөр болсон үед инфляцийг тогтвортой, нам дор түвшинд барих, ингэснээр ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломжгүй болж, Засгийн газрын өрийн удирдлага, төсвийн алдагдлыг зохистой хэмжээнд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд ордог эдийн засгийн нөхцөл үүсэх гэж ойлгож болно. Энэ тохиолдолд мөнгөний бодлого явуулах хэцүү.

Төв банкны хараат бус, бие даасан байдал

-Шадар сайд С.Амарсайхан саяхан Монголбанкны ерөнхийлөгчийг "Ипотекийн зээлийг бууруулахгүй бол нөхөр минь чамайг огцруулна шүү” гэж хэлсэн. Тийм тэнэг юм ярьдаг хүн байдаг юм уу. Юу гэсэн үг вэ? Хуулиараа бие даасан, хараат бус байх ёстой институцийн бэлгэ тэмдэг болсон ерөнхийлөгчийг ипотекийн зээлийг бууруулахгүй бол огцруулна гэж хэлж байгаа нь ертөнцөд байхгүй бүдүүлэг үйдэл. Энэ бол эдийн засагч хүний амнаас гарамгүй үг. Бие даасан, хараат бус байдал гэдэг нь Төв банк хэнээс ч асуулгүйгээр өөрийнхөө зорилтыг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр Төв банкны бие даасан, хараат бус байдалд халдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж