ТОЙМ 2022: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна | News.MN

ТОЙМ 2022: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

Бээжин 2022 - Үндэсний их баяр наадам 2022 - Катар-2022

ТОЙМ 2022: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

ТОЙМ 2022: Спортын салбарын онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

NEWS агентлаг улиран одож буй 2022 оны спортын салбарын онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.


БЭЭЖИН-2022 ӨВЛИЙН ОЛИМП

Хятад улс түүхэн дэх анхны өвлийн олимпоо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Цар тахлын дараах олимпод 91 орны 2871 тамирчин цас, мөсний долоон спортын 15 төрлөөр өрсөлдөв. 3.9 тэрбум ам.доллараар бүтсэн “Хамтдаа хүртээмжтэй ирээдүйн төлөө” гэх уриатай наадам нийслэл Бээжин, Янчин, Жанчхүү зэрэг хотууд болсон.

2008 оны зуны олимпийн наадамд зориулж барьсан барилга, байгууламж, цэнгэлдэх хүрээлэнгүүд байгаа учир дэд бүтэц, байгууламж тал дээр Хятадууд санаа зовсонгүй. Харин хүний эрхийн төлөөх тэмцэгчид өвлийн олимпийг эсэргүүцэж, Хятадын эрх баригчдын санааг чилээсэн. Олон улсын хүний эрхийн байгууллагууд нэгдэж, Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөр Монгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Тус улсад олимпийн наадмыг зохион байгуулах нь олимпийн үнэ цэнийг алдагдуулж буй хэрэг гэж үзсэн.

Гэвч олимп товлосон цагтаа, төлөвлөсөн газраа эхэлсэн. “Бээжин-2022” өвлийн олимпийг дижитал платформ болон телевизороор 2.1 тэрбум хүн үзэж рекорд тогтоожээ.

Өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдсөн. А.Энхтуул эмэгтэйчүүдийн спринт төрөлд 79 дүгээр байр, Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд 77 дугаар байр тус тус эзэлсэн. Харин үндсэн төрөлдөө А.Энхтуул 85 дугаар байрт орсон бол Б.Ачбадрах өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т 65 дугаар байрт оржээ.

"Бээжин-2022” паралимпод Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрөлд оролцсон.

Бээжингийн олимпийн гол дүр нь Камила Валиева байлаа. Оросын алтан медалийн найдвар тэрбээр олимпийн үеэр допингтой нэр холбогдож, олон хүнийг цочирдуулсан. Багийн тэмцээнд алтан медаль хүртсэн түүнийг ганцаарчилсан төрөлд дахин алтан медаль хүртэнэ гэж Оросын ард түмэн хүлээж байв. Гэвч олимпийн өмнө өгсөн допингийн шинжилгээний хариу нь ил болж, 15 настай охины сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн.

Мөн Финланд Оросыг ялж, олимпийн аваргаар тодорсон. Түүх яривал өстөн дайснууд гэж болохоор Финланд, Оросын хоккейн багууд олимпийн финалд учраа таарсан. Аваргаа хамгаалах зорилготой Оросуудаас Михаил Григоренко тоглолтын эхний гоолыг оруулсан ч Финландаас Вилле Покка, Ханнес Бьорнинен нар хариу гоолдож, Финланд анх удаагаа хоккейн төрөлд олимпийн аварга болов.

ТҮҮХТ 100 ЖИЛИЙН НААДАМ БА АВАРГУУД

Цар тахал, иргэдийн бухимдалтай нүүр тулж, нэг жил хойшилсон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам 2022 онд тохиосон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаагаа баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна” гэсэн юм.

Дархан аварга О.Баянмөнх зодог тайлж буйгаа зарлаж, сүүлийн удаагаа зүлэг ногоон дэвжээнээ, наадамчин олныхоо өмнө дэвэн дэвсээр гарч ирсэн юм.

  Долоон аварга цолтонгоор манлайлуулсан хүчит 1024 бөхийн барилдаанаас нэг аварга, нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрсөн. Тухайлбал,

Начин цолтон:

  1. Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энх-Амгалан
  2. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат Э.Нямаа
  3. Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл
  4. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Б.Мижидсүрэн
  5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа О.Цэцэнцэнгэл
  6. Увс аймгийн Тэс сумын харьяат Н.Хүрэлсүх
  7. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат Б.Түвшинтөгс
  8. Увс аймгийн Тэс сумын харьяат О.Түмэн
  9. Увс аймгийн Тэс сумын харьяат Х.Оргилболд
  10. Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяабат
  11. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Б.Лхагвадорж
  12. Ховд аймгийн Буянт сумын харьяат Б.Сосорбарам
  13. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул
  14. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай

Харцага цолтон:

  1. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Лха-Очир
  2. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат О.Мөнх-Эрдэнэ
  3. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Г.Бадрах
  4. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон

Заан цолтон:

  1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Б.Серик
  2. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзий
  3. Завхан аймгийн Яруу сумын харьяат М.Лхагвагэрэл

Арслан цолтон:

  1. Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат, Б.Орхонбаяр

Аварга цолтон:

  1. Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай

Үзүүр, түрүү булаалдахаар Б.Орхонбаяр, О.Хангай нар тунаж, эцэст нь О.Хангай давж, олон жил бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн түрүүг хүртсэн билээ. Есийн даваанд Увс аймгийн хоёр аварга болох даян аварга Н.Батсуурь, залуу аварга П.Бүрэнтөгс нар үлдсэн.

ДЭЛХИЙН ШИЛДЭГҮҮДИЙГ ӨВДӨГ ШОРООДУУЛСАН Ц.ЦОГТБААТАР 

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ аравдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон. Монгол Улсаа төлөөлөн 18 жүдоч өрсөлдсөнөөс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн юм. Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Дилшодбек Баратовыг ялж, финалд хүрсэн. Гэвч Японы Наохиса Такатог дийлээгүй.

Эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн дэлхийн медальтан болсон. Тэрбээр хэсэгтээ Канадын алдарт Криста Дэгүчи ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилийн Тимна Нелсон Левиг дийлээгүй. Улмаар дагах барилдаандаа Украины Дарья Билодидыг, хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын Мими Хахыг ялсан юм.

Эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар С хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарч, Италийн Мануэль Ломбардо, Японы Соичи Хашимото зэрэг дэлхийн шилдгүүдийг ялснаар аваргын алтан медалийн эзнээр тодорсон юм. Түүнээс өмнө Монголоос Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар тус амжилтыг үзүүлж байлаа.

МОНГОЛЧУУДАА БАЯРЛУУЛЖ, БАХАРХУУЛСАН САГСАН БӨМБӨГИЙНХЭН

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болсон. “Хөх чононууд” гэгддэг Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнам, Малайз, Таити зэрэг улсуудтай өрсөлдөж, хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарав. Ирэх хоёрдугаар сард болох тус тэмцээнд Монголын шигшээ Тайланд, Гуам, Сингапур, Хонк Конг, Малайз гэх улсуудтай нэг хэсэгт орсон.

Дээрх тэмцээнд Т.Санчир 21 оноо дунджилсан бол Б.Билгүүн 16.8 оноо дунджилж шигшээ багаа тэргүүлжээ. Харин О.Сэргэлэн эхний тоглолтын төгсгөлд багтаа хожил авчирсан чухал бөмбөгийг таслах үеэрээ хуруугаа гэмтээн цааш тоглох боломжгүй болсон юм. Талбай дээрх үр ашигтай байдлаараа тэд гурвуулаа багаа тэргүүлжээ. Мөн М.Өлзий-Орших, Б.Болдбаатар, А.Ананд, О.Энхбаатар, А.Энхбаясгалан гэх 1995 оноос хойш төрсөн таван тамирчин ард түмнээ баярлуулсан тоглолт толилуулж, шигшээ багт дуудагдсан хэргээ гаргав. Тэд ээлжлэн тоглолт бүрт гайхалтай байсан.

Эвлэлдэж, нэг болсон холбоо эхний том ажлынхаа ард гарсан. Үнэндээ жилийн өмнө шигшээ багаа FIBA-ийн тэмцээнд оролцоно гэж бодож байсан хүн цөөхөн байсан биз. Гэхдээ л чадлаа. Тэмцээн болсон “UG Arena”, “тэмцээний зохион байгуулалт”, “шоу үзүүлбэрүүд”, "шууд дамжуулалт" гээд өөлөх зүйл үнэндээ бараг л байсангүй.“UG Arena”-д цугларсан 3 мянга гаруй хүн нэгэн зэрэг уухайлж, “хамгаалъя” гэж орилоход эсрэг багийн тамирчдад дарамттай байсан биз. Т.Санчир фанатуудаа “Талбай дээрх зургаа дахь тоглогч” гэж тодорхойлсон. Үнэхээр л монголчууд сагсан бөмбөгт хайртай гэдгээ харуулсан билээ.

Угтаа шигшээ багт Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр тэргүүтэй гадаадын лигт тоглож буй залуучууд нэмэгдэх боломжтой ч лигийн тоглолтууд нь давхцсан учир ирж чадаагүй. Дашрамд дуулгахад, Ш.Энхийн-Од NCAA-ийн нэгдүгээр дивизоны их сургуулиас тэтгэлэг авсан анхны Монгол тамирчин болсон бол Д.Баясгалан Тайванийн дээд лигт мөс хагалсан.

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдэв.

МЕССИГИЙН АРГЕНТИН

22 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга Ойрхи Дорнодод анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Гайхалтай тоглолтууд, санаанд оромгүй үр дүн, шилдэг гоолууд, рекорд эвдсэн үйл явдлууд, тод одод гээд ямартай ч бүтэн сарын хугацаанд цэнхэр гаригийг хөлбөмбөгөөр амьсгалуулж, таван тэрбум хүний анхаарлыг Катар руу татаж чадав. Хэдий авлигал, хээл хахуулийн ачаар Катарт хөлбөмбөгийн ДАШТ болсон гэж шуугиан дэгдсэн ч түүхэн дэх хамгийн шилдэг тэмцээн энэ байлаа гэж олон хүн шагшин магтсан.

Финалд Аргентин-Франц учраа таарч, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай шигшээ тоглолтуудын нэгийг дэлхий нийт үзэж сонирхсон. Мөн Лионель Месси замналынхаа ганц дутуу шагналыг хүртэж, Марадона, Пелетэй нэг категорид орж ирэв.

Катарын Лусаил цэнгэлдэхэд гал гарч, галав юүлсэн тоглолтыг цэнхэр гаригийн дор хаяж таван тэрбум хүн үзлээ, харлаа. Аргентин хоёр удаа тэргүүллийг авсан ч Франц тэр дундаа Мбаппе хариуг нь барьж, тоглолтод амьд үлдэж байв. Эцэст нь Францаас Мбаппе багийнхаа эхний цохилтыг амжилттай гүйцэтгэсэн ч Коман, Тчуамени нар дараалан алдаж, эсрэгээрээ Аргентины дөрвөн тамирчин цохилтоо амжилттай гүйцэтгэснээр тэд дэлхийн аваргын гурав дахь алтан дагинаа Мессигийн эрин үед хүртсэн.

Катарын дэлхийн аварга бүхэлдээ гайхалтай байсан. Аргентин нээлтийн тоглолтдоо хожигдсон ч түрүүлж, Герман, Бельги тэргүүтэй шилдгүүд хэсгийн шатыг давж чадалгүй бүдэрч, Роналдо нүдэндээ нулимстай талбайг орхисон. Ази, Африк тивийн төлөөллүүд хөлбөмбөг даяаршиж байгаа гэдгийг харуулж, Латин Америк, Европын акулуудтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Ирэх 2026 оны ДАШТ ч улам сонирхолтой болох нь гарцаагүй.

Лионель Месси энэ тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, алтан бөмбөг хүртсэн. Харин Мбаппе мэргэн буучаар тодорсон бол Эмилиано Мартинез алтан бээлий, Энцо Фернандез шинэ залуу тоглогч тус тус болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж