Эрх чөлөөнд тэмүүлсэн тэмцлүүдийн ард

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөнд тэмүүлсэн тэмцлүүдийн ард

Эрх чөлөөнд тэмүүлсэн тэмцлүүдийн ард

COVID-19 тахал болон өвчний тархалтыг зогсоох хүчин чармайлт нь Унгар, Бразил зэрэг зарим оронд авторитар үндсэрхэг үзлийг бий болгосон бол Иран, Хятадын дарангуйлагч засгийн газруудын эсрэг ардчиллын төлөө эсэргүүцлийн жагсаал өрнөв. Иран, Хятад, Афганистан, тэр байтугай Украинд ардчиллын төлөөх тэмцэл нь хүн төрөлхтний эрх чөлөөний төлөөх хүсэл тэмүүлэлтэй холбоотой.

22 настай курд эмэгтэй Махса Амини өнгөрсөн есдүгээр сарын 16-нд Тегеранд ёс журмын цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаар Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Түүнийг хижабыг буруу зүүсэн гэх шалтгаанаар баривчлах үедээ зодсоноос болж амь үрэгдсэн гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн. Жагсагчид толгойн алчуураа шатааж, үсээ тайрч, шашны дээд удирдагч Али Хаменейг эсэргүүцэн “Дарангуйлагчид далд ор” гэх зэрэг засгийн газрын эсрэг уриа лоозон барьжээ. Засгийн газрын хүчнийхэн сүүлийн үеийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр зогсоохыг оролдсон бөгөөд одоогоор 500 орчим хүн амиа алдаж, олон мянган хүн баривчлагдаад байна. Ираны эрх баригчид жагсаалд оролцогчдод цаазаар авах ял оноож, дор хаяж хоёр хүнийг олны өмнө цаазалсан гэж мэдээлж байна. Гэвч эсэргүүцлийн жагсаал газар авчээ. Иранчуудын тэмцлийг дэмжиж, бусад улс үндэстнүүд жагсаал хийж, үсээ хүртэл тайрч эв санааны нэгдлээ илэрхийлсэн. Дарангуйлагч Исламын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал шинэ зүйл биш. 2019 онд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн “цуст арваннэгдүгээр сарын жагсаал” нь Ираны засгийн газарт заналхийлж, удаан хугацаанд ард түмний сэтгэлд бугшсан ардчиллын төлөөх үзлийг сэдрээсэн  юм. Ираны Исламын хувьсгалын гвардийн хүчин Тегеран хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Украины  агаарын тээврийн онгоцыг буудаж унагасны дараа засгийн газрын эсрэг уур хилэн улам ширүүсэв. Гудамжны жагсаалыг тахлын улмаас хэсэг хугацаанд дарсан боловч Аминигийн хэргийн дараа дахин үргэлжлүүлэв. Ираны дарангуйллын төрд тулгараад байгаа хамгийн ноцтой сорилт бол эмэгтэйчүүдийг ямар хувцас өмсөх, хэрхэн өмсөх, үсээ ил гаргах, нүүр будах эсэхээ өөрсдөө сонгох эрхийг хуулиар хязгаарласанд оршино. Иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тэмцэл олон улсын анхаарлыг ийнхүү татаж байна.

Хятад дахь эсэргүүцлийн жагсаал бол 2020 оны эхээр тахал эхэлсний дараахан хэрэгжүүлсэн "тэг-COVID" дарангуйлагч бодлогын хариу юм. Энэхүү хязгаарлалт нь энэ оны дөрөвдүгээр сард Шанхай зэрэг том хотуудад хөл хорьсонтой холбоотойгоор хурцадмал байдалд хүрч, удаан хугацаанд гэртээ болон бусад газарт хоригдож байсан хүмүүсийн бухимдал эсэргүүцлийн хөдөлгөөн болж тэсэрсэн юм. Хятад даяар өрнөсөн жагсаалд хөл хорионд ороогүй ч эдийн засгийн хямралыг даван туулж буй хүмүүс ч оролцсон. Ираны нэгэн адил хувийн эрх чөлөөг нь хассан нь засгийн газрыг унагаж, ардчиллыг бий болгохыг уриалж байв. Эсэргүүцэгчдийг хатуу шийтгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хувь хүний хөдөлгөөнийг сайтар хянаж байдаг Хятадын хувьд жагсаал гайхалтай зүйл болсон. Эсэргүүцэл нь засгийн газрыг COVID-ийн эсрэг дарангуйлагч бодлогоосоо бага зэрэг ухрахад хүргэв. Энэ нь Иран ёс суртахууны цагдаагаа татан буулгасантай адил бэлгэдлийн шинжтэй алхам уу, эсвэл илүү өргөн хүрээтэй концесс уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Украин үндэстнийг дарж,  газар нутгийг эзлэн авах, хот, дэд бүтцийг нь сүйтгэх гэсэн Оросын дарангуйлагчийн  эсрэг украинчуудын дайн бол эрх чөлөөний  төлөөх өөр хэлбэрийн тэмцэл юм. ОХУ-ын удирдагч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш түүний "тусгай цэргийн ажиллагаа" хэдэн долоо хоногийн дотор дуусна гэж таамаглаж байсан. Гэвч 10 сарын дараа Украины хэд хэдэн хотыг сүйдэлсэн ч Оросын зэвсэгт хүчин бага ч болов ахиц дэвшил гаргасангүй.

Иран, Хятад, Украинд дарангуйллыг эсэргүүцсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа америкчуудын талархлыг хүлээж, туслах арга замыг эрэлхийлж байна. Гэвч эрх чөлөөний төлөөх тэмцэл нь гадны хүчнийг оролцуулбал ихэвчлэн золиос дагуулдаг. Украинд үзүүлж буй гадаадын тусламж нь энгийн хэрнээ аюултай. АНУ-ын Засгийн газар Зеленскийг зэвсэг болон бусад тусламжаар дэмжсэн бөгөөд Лхагва гаригт Вашингтонд хийсэн айлчлал нь Украины ард түмэн зоригтой ч Оросын түрэмгийллийг дангаараа зогсоож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Гэвч АНУ-ын үзүүлэх тусламж нь дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй хоёр гүрнийг бие биенийхээ эсрэг тулгаж болзошгүй юм.

Хятад, Ираны хувьд АНУ-ын нөлөө илүү  хязгаарлагдмал. 2019 онд Бээжингийн дарангуйллын эсрэг Хонконгийн эсэргүүцэгчдийг шууд дэмжихэд АНУ-д хийж чадах зүйл бага байсан. Гэхдэн  цөмийн гүрэн Хятадтай шууд сөргөлдөх эрсдэл үүсгээгүй.  Хонгконг, Украиныг судалдаг шинжээчид Бээжингээс Тайванийг эзлэн түрэмгийлэх оролдлого ямар жишиг тогтож болох талаар хэлэлцэж байна.

Цөмийн гүрэн болоход ойрхон байгаа Иран дахь эсэргүүцэл тэмцэл нь АНУ-ын хувьд өнгөний хувьсгалын жишээ. Вашингтон иран эмэгтэйчүүдийн төлөө дуугарч чадна.  Гэхдээ дипломат бодлого нь цөмийн зэвсгийн асуудалд төвлөрч байна. Өнгөрсөн жил АНУ-ын цэрэг гарснаар Талибаны засгийн газар эрх мэдэлдээ эргэн ирсэн Афганистанд эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлэх байдал бүр ч ширүүн байгааг сануулъя. Үүнээс бид АНУ-ын цэргийнхний хийж чадах зүйлийн хязгаарыг харсан.

ЭХ СУРВАЛЖ: LOS ANGELES TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж