Нийтийн сонсголоо олон нийтийн болгоё, УИХ-ын дарга аа!

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нийтийн сонсголоо олон нийтийн болгоё, УИХ-ын дарга аа!

Нийтийн сонсголоо олон нийтийн болгоё, УИХ-ын дарга аа!

Дээр, дооргүй маргалдаж, эрж, хайж байгаа нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар Хяналтын сонсгол хийх шийдвэр гаргаж, бүтэн өдөржин юм болов. Энэ удаад Хяналтын сонсгол эхнээсээ л хэрүүл, шуугиантайгаар эхэлж, өөр өөр танхимаас Төрийн ордны Их танхим буюу нэг танхим руу шилжсэнээр шөнө дөлтэй золгов. Сонсголд оролцогчид  нүүрсний хулгайчдыг зарлахыг хүссэн жагсагчдын төлөөлөл гэхээс илүү дийлэнх олонх нь аль нэг нам, улстөрчдийн төлөөлөл байв. Тэд хэзээний сурсан зангаар микрофон авч, төрийг, Засгийн газрыг, УИХ-ыг төлөөлж буй хүмүүсээс асуулт асууж хариулт авах, гарц, гаргалгаа ярихаас илүү чанга дуугаар загнасаар өндөрлөсөн юм. Өнөөдөр Нүүрсний хулгайтай холбоотой Хяналтын сонсголоос бидэнд юу үлдэв гээд дор бүрнээ асуугаад үзвэл, нэгнийгээ, төр төлөөлж байгаа хүмүүсээ загнасан, харааж, ерөөж элдвээр хэлснээс өөр зүйл үлдээгүй гэвэл санал нэгдэх хүн олон гарах биз ээ.

Эцэст нь Сүхбаатарын талбай дээр “гомдогсод” ажлаа үргэлжлүүлж, хуулийн байгууллага нь “Шалгаж байна, удахгүй шүүх рүү шилжүүлнэ” гэсэн улиг болсон тайлбараа өгсөөр л сууцгаана.

2015 онд батлагдсан Нийтийн сонсголын тухай хууль нь ардчилсан, ард түмнээсээ сонгогддог парламентын засаглалтай улсын хувьд олон нийтийн хяналтыг сайжруулах нэг чухал хууль юм. Угтаа бол төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой хууль. Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн байх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх үндсэн зарчмыг удирдлага болгоно гэсэн зарчимтай. Мэдээж үг хэлэх эрх чөлөөгөөр нь хангах, мэдээллээр хангах тэгш үүрэгтэй ч нүүрсний хулгайтай холбоотой Хяналтын сонсгол лав тийм болсонгүй.

Нийтийн сонсголын тухай хуулиар сонсгол нь томилгооны, ерөнхий хяналтын, танилцах, зөвшилцөх зэрэг олон янз бий. Нүүрсний хулгайтай холбоотой сонсгол нь Ерөнхий хяналтын сонсгол байсан.

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ: 6.2.Сонсгол нь дараах төрөлтэй байна:

  • 6.2.1.хууль тогтоох
  • 6.2.2.ерөнхий хяналтын
  • 6.2.3.төсвийн хяналтын
  • 6.2.4.томилгооны
  • 6.2.5.захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн
  • 6.2.6.орон нутгийн
  • 6.2.7.танилцах сонсгол
  • 6.2.8.зөвшилцөх сонсгол
  • 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг ч мөн тодорхой хуулиар зохицуулсан байдаг. Харин нүүрсний хулгайн ерөнхий сонсголд оролцогчид нь улс төрийн намуудын, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн, аль нэг эрх ашигт нийцсэн хүмүүс оролцсон гэж иргэд дүгнэж, хэлээд буй. Энэ нь ч худал биш. УИХ дахь Ардчилсан намын ажлын албаны хүн нь орж ирээд чанга дуугаар хашгирч, Ерөнхий сонсголыг “будилуулах” гэсэн санаархалтай байсныг монголчууд харсан.

Сүүлд нь Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүнтэй хамтарч ажилладаг гэж олон нийтийн сүлжээнд яригдаж байсныг санаж буй биз ээ. Харин УИХ-аас зохион байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой Хяналтын сонсголд оролцогчдыг бичгээр болон цахимаар авсан.

Угтаа бол ард түмний төлөөллийг төрийн үйл хэрэгт оролцуулах зохицуулалттай энэ хуульд аль болон мэргэжлийн, хөндлөгийн хяналт тавих боломжтой, мэргэшсэн хүмүүсийг оролцуулж, асуудалд нухацтай ханддаг, гарц шийдэл хайдаг болгох зохицуулалт хийхгүй бол нүүрсний хулгай шиг “галзуучууд” оруулж ирээд орилоод, загнаад байвал сонсгол хийсний үр дүн, сонсгол ач холбогдолгүй, үнэ цэнгүй болох нь ээ.

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ: 12 дугаар зүйл.Сонсголд оролцогч

  • 12.1.Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ.
  • 12.2.Нэг асуудлаар сонсгол хийх хүсэлтийг ижил ашиг сонирхолтой гурав ба түүнээс дээш, эсхүл хэд хэдэн этгээд хамтарч гаргасан бол тэдгээрийн саналаар гурав хүртэл этгээд төлөөлөн сонсголд оролцоно.
  • 12.3.Сонсголыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг ажиглагч гэнэ. Ажиглагч нь сонсголын үед нэр дэвшигчээс болон бусад оролцогчдоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.
  • 13.1.Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна.
  • 13.2.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг сонсголд оролцуулах асуудлыг энэ хуулийн 18.7-д заасан журмаар нарийвчлан зохицуулна.

Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр, давуу эрхтэй хүмүүс нь түрүүлж бүртгүүлснээрээ ордог бус, яг тухайн сонсголтой холбоотой мэргэжлийн экспертүүд, төрийн бус байгууллага, хөндлөнгийн шинжээчдийн багаас бүрдсэний дараа сонсголоо хийдэг байх зэрэг өөрчлөлт зайлшгүй хийж, Нийтийн сонсголын тухай хуулиа жинхэнэ утгаар нь амь оруулах хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ. Бид маш олон удаа нийтийн сонсгол хийж байсан ч түүнд нь жинхэнэ иргэд, мэргэжлийн хүмүүс орж чадахгүй байгаа нь энэ хуулийг "амьгүй" байгааг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж