Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардсан залуусын тэмцэл 22 дахь хоногтоо буюу өнөөдөр ч/2022.12.25/ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Залуус эв санаа нэгтэй байна гэдгээ онцоллоо. Хэдийгээр гадаа хүйтэн ч шантрахгүй, эхлүүлсэн тэмцлийнхээ үр дүнг үзэж байж, төв талбайгаас явна гэж мэдэгдэв.
Иргэдээс тавьсан шаардлагын дагуу УИХ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан. Энэхүү хуулиар албан тушаалтан авлига хээл хахуулийн хэрэгт холбогдох эс бөгөөс албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал үүсгэх зэргээр нөлөөлсөн байвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж, хуулийг чангаруулсан.
Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч, нүүрсний гэх тодотголтой хэргүүд дээр ажиллаж буй.
Өнгөрч буй долоо хоногийн Пүрэв гаригт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголд оролцсон Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Нүүрсний гэх хэрэгт холбогдсон хүмүүст зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ. Арав гаруй жилийг хамарсан өргөн хүрээтэй шалгалт хийж байгаа учир цаг хугацаа нэлээн шаардаж байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ