Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь өнгөрсөн хугацаанд төрийн мэдлийн эзэмшилд байгаа ашигладаггүй, зөвшөөрсөн хэмжээнээс илүү 360 автотээврийн хэрэгслийг татан төвлөрүүлж, шилжүүлэх, худалдах ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, эхний ээлжинд дуудлагын үйлчилгээнд ашиглуулахаар 52 автомашиныг Засгийн газрын Авто баазад шилжүүлсэн бол 110 автомашиныг цагдаа, онцгой, батлан хамгаалах, хүн эмнэлэг, мал эмнэлэг, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хил, гаалийн байгууллагад ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн аж.
Мөн дээрх арга хэмжээтэй холбогдуулж, аймаг, сумдаас автомашин шаардлагатай байгаа тухай санал олноор ирүүлэх болсон тул 60 гаруй автомашиныг шилжүүлэх санал гаргаж, Засгийн газрын автобаазад байршуулсан байна.
Түүнчлэн татан төвлөрүүлсэн автомашинаас 140-ийг нь дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэснээр энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар 321 сая 200 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд хамгийн багадаа 3.5 тэрбум төгрөгийн зардлыг хамгийн багадаа хэмнэх боломж бүрдсэн гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдээд байна.
Г.ХОРОЛ