Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Харшийн сүлд модны наадам” өчигдөр /2022.12.24/ боллоо. Тус наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Харин өнөөдрийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос 40 гаруй жил зохион байгуулж буй уг наадмыг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон, сүүлийн арван жил дэмжин ажиллаж байгаа. Өглөө 09:00 цагаас эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань цэнгээнт бүжиг сурч, хөгжөөнт тоглоом тоглон, урлагийн тоглолт үзэж байна. Зөвхөн урлагийн тоглолт үзэх бус, бусад хүүхдүүдтэйгээ ч мөн танилцан нөхөрлөж байгаа юм. “Харшийн сүлд модны наадам”-д ирсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгч байгаа бөгөөд урлаг спорт, сурлагын амжилт гаргасан 20 хүүхдэд орон орны бяцхан өвлийн өвгөд гарын бэлэг гардуулсан” хэмээв.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр цагаас хойш “Харшийн сүлд модны наадам"-ыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар тус цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат “Манай “Харшийн сүлд модны наадам” арванхоёрдугаар сарын 21-27-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн. Мөн Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтоо толилуулж байна. Тоглолтод сонгогдсон уран бүтээлчид маань долоо хоногийн өмнөөс байрлан, тоглолтуудаа шинээр зохиомжилсон. Үзэгч хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлах, нэгнээ гомдоохгүй, гадуурхахгүй байх, сайн хүн болохын тухай сургамжилсан зохиомж бэлтгэсэн. Уран бүтээлч хүүхдүүдээс гадна Найрамдал зуслангийн 100 гаруй багш ажилтан буюу нийт 300 орчим хүн зохион байгуулалтад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тоглолт буюу асрамж, халамжийн төвийн хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэлээ” гэв.
“Харшийн сүлд модны наадам”-д тив тивээс ирсэн бяцхан өвлийн өвгөд болон уран бүтээлчид хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Европ тивийн өвлийн өвгөн:
-Хүсэл мөрөөдлийн бэлгэ тэмдэг
Харшийн цэнгүүндээ морилон саатсан
Энхрий бяцхан хүүхдүүд
Эрхэм анд найз нар минь сайн байцгаана уу?
Цас шиг цагаахан сэтгэлтэй
Цайлган хөөрхөн хүүхдүүд та нар минь
Үйлс бүхэн нь үргэлж биелж
Үлгэр адил жаргах болтугай
Хөгшин Европ тивийнхээ халуун мэндийг хүргэе, өвөө нь.
Америк тивийн өвлийн өвгөн:
–Америкаас Монголд ирэхэд хол байлаа. Америкт дандаа зун болдог болохоор халуун бүгчим байдаг. Монголд харин хүйтэн байна.
Монгол өвлийн өвгөн:
-Би хүүхдүүд баярлуулах дуртай. Учир нь хүүхдүүдийг баярлуулах нь хүмүүсийн үүрэг бөгөөд хүүхдийн эрхийг хүндэлж байгаа нэг хэлбэр гэж боддог.
Австрали тивийн өвлийн өвгөн:
-Эргэх эх дэлхийн
Энэхэн нэгэн төлөөлөл
Эрхэмлэн дээдлэх байгаль дэлхийн
Эгнэшгүй суут бүтээл
Мөнхийн ногоон Австрали тивээсээ
Мөн ч их яаран ирлээ би
Байгаль эхээ хайрлан хамгаалж
Баялаг түүхийнхээ эзэд нь болоорой, хүүхдүүд ээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн Уянга Борхойн Дэг хүүхдийн бүжгийн чуулгын уран бүтээлчид:
-Бид арванхоёрдугаар сарын 12-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт ирж, бэлтгэлээ хийсэн. Ийнхүү өдөр тутмын тоглолтуудаа амжилттай толилуулж байна. Дүү нар болон үеийн найзууддаа тоглолтоороо бэлэг барьж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Тэд маань ч халуун дотноор хүлээн авч байгаад нь баярладаг. Бид монгол модерн бүжиг, олон үндэстний бүжиг зэргийг найзууддаа болон дүү нартаа хүргэсэн. Энэхүү тоглолтод шалгараад оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна.
Ийнхүү асрамж, халамжийн төвийн хүүхэд багачууд цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом тоглон, хөтөлбөрт бүжгийн цэнгүүнд оролцож, харшийн тоглолт үзэн, баярын зоог барьсан юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Холбоотой мэдээ