Х.Баттулгыг АТГ-ын дарга өмөөрч, Төрийн ордны гадаа эрчүүд нүцгэлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

Х.Баттулгыг АТГ-ын дарга өмөөрч, Төрийн ордны гадаа эрчүүд нүцгэлэв

Х.Баттулгыг АТГ-ын дарга өмөөрч, Төрийн ордны гадаа эрчүүд нүцгэлэв

News агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т мэдүүлэг өгсөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаад руу явсан нь оргон зайлсан байж болзошгүй гэх хардлага дагуулж, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас эхлэн АТГ-ын дарга З.Дашдаваагаас хариуцлага нэхэв.

Харин АТГ-ын дарга З.Дашдаваа энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлыг хэлэлцсэн нээлттэй сонсголд оролцох үеэрээ “Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий. АТГ-ын хувьд Х.Баттулгыг оффтейк гэрээтэй холбогдуулан гурван асуудлаар байцаалт авсан. Гурвуулаа нууц тул хэргийг ярих боломжгүй. Хэрэгт прокурор хяналт тавьж ажилладаг” гэх хариулт өгч, ам таглав.

Дээрх тайлбараар АТГ-ын мөрдөгчийн шийдвэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга хил гарсан нь батлагдаж буй. Хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл бий. Харин экс Ерөнхийлөгч Х.Баттулга буцаж ирэхгүй бол түүнд хилээр гарах зөвшөөрөл олгосон АТГ-ын мөрдөгч л хариуцлага хүлээх болоод байна.

Нээлттэй сонсголд оролцож чадаагүй иргэд нүцгэлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж, энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд нээлттэй сонсгол зохион байгуулав. Энэхүү сонсголд оролцож чадаагүй иргэдийн төлөөлөл болсон 17 залуу Төрийн ордны баруун хаалганы гадаа нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Нэг цаг гаруй нүцгэн суусан тэдний биед осгох шинж тэмдэг илэрч эхэлсэн тул цагдаа нарын хүчээр албадан хувцсыг нь өмсүүлж, зарим иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн юм. Харин Төрийн ордны их танхимд болж буй хэлэлцүүлэгт оролцож байсан зарим залуус “Жагссан залуучуудыг маань цагдаа нар Дэнжийн мянгын саатуулах байр руу ачиж байна” гэх худал мэдээлэл тарааж, албаныхныг сандаргасан юм.

Эл сонсгол үдээс өмнөдөө эхэлсэн ч Төрийн ордны “А”, “Б” танхимд хоёр газар хлүүлсэн нь маргаан дагуулж, нэг танхимд хийх бэлтгэл хангах шаардлагатай болсноор үдээс хойш 14.00 цагаас үргэлжилсэн юм.

Нээлттэй сонсголд оролцсон иргэдийн төлөөлөл “Нүүрсний хулгайчид аа зарлах ёстой. Хэн гэдэг албан тушаалтан энэ хэрэгт шалгагдаж байгааг хуулийнхан нэрлэх ёстой” гэж шаардаж байв. Гэвч Прокурор болон АТГ-ын зүгээс “Нэр зарлах боломжгүй” гэх хариулт өгч, нүүрсний 17 хулгайчийн нэгээр зарлагдсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Би нүүрсний хэрэгт гэрчээр дуудагдсан” гэж мэдэгдэл хийв. Энэ янзаар бол АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай гэж зарласан 17 нэр бүхий албан тушаалтан бүгдээрээ гэрч болж өөрчлөгдөж мэдэшгүй л байна.

Мөн энэ өдөр 20.00 цаг өнгөрч байхад Төрийн ордны гадаа жагсч байсан иргэдийг цагдаагийн хүчээр албадан тараасан юм.

Уул уурхайн биржийн тухай хуулийг батлав

УИХ энэ сарын 23-нд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж буй. Мөн дуулиан тариад буй нүүрсний хулгайг цэгцлэх боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж байгаа.

Түүнчлэн уул уурхайн бирж нь төрийн өмчийн оролцоотой байхаар заасан бөгөөд хувийн хэвшлийн компаниуд, тэр дундаа технологи хөгжүүлэгч нартай хамтран ажиллах боломж нээлттэй байхаар зохицуулжээ. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжаанд гадаад, дотоодын ямар ч худалдан авагч оролцох боломжтой тус биржийн ашиглаж буй Millenium IT программ хангамж дэлхийн томоохон биржүүдэд хэрэглэгддэг бөгөөд арилжааны зохих шаардлагад нийцсэн ажээ.

Мөн энэхүү хуулийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн 34 хувийг олон нийтэд арилжаалж, нээлттэй хувьцаат компани болохоор бэлтгэлээ хангаад байгаа аж.  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байх ба Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус гишүүд байна.  Засгийн газрын хуралдаанаас Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан тул цахимаар арилжаалах нүүрсний үнийг эхэндээ олборлон борлуулагч тал санал болгохоор заажээ. Цаашдаа хуулийн дагуу Уул уурхайн бирж зарлах юм. Ингэхдээ хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлахаар хуульд тусгасан юм байна.

Оффтейк гэрээ байгуулж, давуу эрх эдэлсэн гэх Д.Баясгалан тайлбар хийв

“Бодь интернэшнл” групп нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслийг хэрэгжүүлэхдээ хэт өндөр өртгөөр гүйцэтгэж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой төмөр зам" компанийг алдагдалд оруулсан гэдэг асуудал хөндөгдөж буй. Энэ асуудалд "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан энэ сарын 19-нд  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэрээ 10 гаруй жил гацсан байсан төмөр замын төслийг Засгийн газар 2019 оны сүүлээр дуусгаж өгөх хүсэлт тавьснаар оролцсон гэдгээ онцлов.

Д.Баясгалан “2019 оны сүүлээр биднийг энэ төслийг дуусгаж өгөөч гэсэн. Бид долоон жилийн өмнөх буюу 2013 оны үнээр гэрээ байгуулсан. ТЭЗҮ-д бид ямар ч өөрчлөлт оруулаагүй, анхны ТЭЗҮ бол хил рүү очоогүй ТЭЗҮ. Манайд 213 сая ам.долларын ажил нэмж өгөөд ажлын нийт өртөг нь 1 тэрбум таван доллар болсон. Дангаараа төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг км төмөр зам нь 1 сая 460 мянган долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Үүгээр гэрээ байгуулсан. Зургаан багц ажил болох  төмөр зам, дохиолол холбоо, эрчим хүч, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмжийн нийт өртөг нь  896.1 сая ам.доллар. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” гэдэг компани.

Биднийг маш үнэтэй төмөр зам барьсан, 5 сая ам.долларын өртөгтэй гэж шуугиулсан. Гэвч төмөр замын бодит өртөг 1 км нь 1 сая 460 мянган ам.доллар. Бид нарын барьсан төмөр зам нэгдүгээр зэрэглэлийнх. Бусад төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёр дахь асуудал нь нүүрсний гэрээтэй холбоотой. Энэ төслийг санхүүжүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” компани, захиалагч нь “Тавантолгой төмөр зам” компани. Манайхыг 30 сарын дотор төмөр зам барьж өг, санхүүжилтийг 60 сарын дараа өгнө гэсэн, бид хүлээж авсан. Бид нөхцлийг хүлээж авахдаа “Та нар бидэнд урьдчилгаа 15 хувийг өг, үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаанд нүүрсээр өг” гэсэн.

2019 оны нөхцөл байдлыг та нар бодож үзээрэй, “Эрдэнэс Тавантолгой” компани гадаадаас санхүүжлит босгох гээд чадагүй. Ази, АНУ, Европ руу явсан ч бүтээгүй. Гашуун сухайтын төмөр зам  хамгийн чухал төсөл гэдгийг хүн бүр мэднэ. Нүүрсээ зардаг ч орлогыг нь төр авдаг, өчнөөн дарамттайДотоодоосоо мөнгө босгох гэж оролдсон. Хөрөнгийн бирж дээр 400 орчим тэрбум төгрөг босгосон, ихэнхийг нь Монголбанк худалдаж авсан. Хүү нь хамаагүй өндөр. Яагаад “Эрдэнэс Тавантолгой” компани гадаадаас мөнгө босоогүй вэ гэхлээр олон улсын аудитын санхүүгийн тайлан байхгүй. Хоёрт,  зээлжих зэрэглэлийг огт хийлгэж байгаагүй. IPO хийх гэж ородсон, бүтээгүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн цорын ганц боломж нь нүүрсээ л өгөх. Ийм л учраас нүүрсний гэрээ рүү орсон. Нззрсээ бид нарт яаж өгсөн бэ, маш хямдхан нүүрс авсан гэж байгаа.

Хэрвээ бичиг үсэг тайлагдсан хүнд 60 ам.долларын нүүрсний гэрээний үнэ индексээр гарсан. Бид ч үнэ гаргадаггүй, энэ томъёогоор гаргаж байгаа. Одоо ч гэсэн энэ томъёог л ашиглаж, нүүрсний үнэ гаргана. Энэ хугацаанд нүүрсний үнэ унаж ч байсан, өсөж ч байсан. Улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг, тэр үнээр л бид нар авдаг.

Манайхаас хямд нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон байгаа. Бид хамгийн хямд худалдан авагч нь биш” хэмээсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж