"IHC Apes"-ийн дийлдэшгүй цуврал үргэлжилж, Завхан анхны ялалтаа авав

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

The League

"IHC Apes"-ийн дийлдэшгүй цуврал үргэлжилж, Завхан анхны ялалтаа авав

"IHC Apes"-ийн дийлдэшгүй цуврал үргэлжилж, Завхан анхны ялалтаа авав

Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2022.12.23/ “UG” аренад боллоо.


ОТИС ШИЛҮҮСНҮҮД 62 – 67 М ГАРЬД

Үе тус бүрээр тэргүүллээ солилцсон эмэгтэйчүүдийн лигийн гал гарсан нэгэн тоглолтын эцэст М Гарьд ялалт байгууллаа. Хоёр багийн бөмбөгний шилжилт, алсын зайн шидэлтүүд тун сайн байж, ялагч дөрөвдүгээр үед тодорсон. Гуравдугаар үеийг зургааны онооны давамгайтай эхлүүлсэн Шилүүснүүд тэргүүллээ хадгалж чадсангүй.

Эсрэгээрээ М Гарьдын алсын зайн шидэлтүүд эгзэгтэй мөчид оновчтой болж, ялах гол шалтгаан байв. Тоглолтын дөрөвдүгээр үед Ө.Индрагийн зоримог алсын зайн шидэлт болон У.Энэрэлийн алдаатай довтолгоонууд багаа сэргээсэн. Улмаар тэргүүллийг нэгэнт авсан М Гарьд эрчээ алдалгүй тоглолтыг хааж чадсан юм.

Энэ өдөр ОТИ Шилүүснүүд багаас Б.Болор-Эрдэнэ будагтай талбайд сайн тоглолтыг үзүүлж 17 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол багийнх нь тоглогч М.Анужин 21 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлжээ. Харин М Гарьдаас дөрвөн тоглогч 10 болон түүнээс дээш оноо авчээ.

Хоёр багийн ерөнхий үзүүлэлтүүд адилхан боловч М Гарьд хурдан довтолгоо болон гурван онооны шидэлтүүдээр авсан оноогоороо өрсөлдөгчөө илт давамгайлав.

ЗАВХАН “BROTHERS” 105 – 94 НАЛАЙХ БИЗОН

Улирлыг тааруу эхлүүлж, фэнүүдээ гонсойлгоод байсан “Brothers” баг анхны ялалтаа авлаа. Тус тоглолтод Д.Мөнхтүвшин 25 оноо, 13 ашигтай дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр шалгарчээ.

Завханы шинэ легионер Даймон Стоун энэхүү тоглолтод оролцоогүй.

Эхний үед багууд тэнцүү тоглолтыг үзүүлсэн ч хоёр болон гуравдугаар үед “Brothers” илүү гарав. Ялангуяа багийн ахлагч Ц.Отгонжаргалын будагтай талбайн эзэрхэг тоглолтууд болон түүнийг хүрээлж буй багийнх нь нөхдийн алсын зайн шидэлтүүд байндаа туссан. Тэд багаараа 48.3 хувьтай гурван онооны шидэлтийг гүйцэтгэж, нийт 42 оноог аркны араас цуглуулжээ.

Харин эсрэгээрээ залуу бүрэлдэхүүнтэй Налайх Бизон энэхүү тоглолтод ердөө тавхан удаа алсын зайн шидэлтийг амжилттай болгосон нь ялагдал хүлээх томоохон шалтгаан нь боллоо. Гэхдээ тэд дөрөвдүгээр үеийн төгсгөлд онооны зөрүүг ойртуулах гэж чармайсан. Оюутны лигт өөрийгөө аль хэдийнэ харуулж, дээд лигт эхний улирлаа өнгөрүүлж буй Э.Тулга болон Х.Эрдэнэ-Очир нарын тоглолт багаа сэргээсэн ч Жорж А. Уиллиамс тоглолтыг төгсгөж чадсангүй.

IHC APES 92 – 88 ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ

Улирлын анхны нэмэлт цаг гарсан тоглолтод дийлдэшгүй байгаа “Apes” ялалт байгууллаа. Эхний үед хамгаалалтынхаа учрыг олоогүй Металл хоёрдугаар үеэс хэмнэлээ олсон. Харин гуравдугаар үед “Apes” хариуг нь барьж, онооны зөрүү үүсгэсэн. Тус багаас Даррелл Саммерс үндсэн ажлаа гүйцэтгэж, 32 оноо авч багаа манлайлав.

Оноо тасарч, хожигдож эхлээд байсан Металлаас дөрөвдүгээр үед Кристофер Блэйк болон багийн ахлагч Д.Дэлгэрням нар идэвхитэй тоглолтыг үзүүлж, багаа тоглолтод эргүүлэн авчирсан.

Тооны харьцаа 82-82 байхад Металл сүүлийн довтолгоо хийсэн ч Д.Дэлгэрням алсын зайн шидэлт цагирагт орсонгүй, нэмэлт цаг гарсан. Хожлын шидэлтээр хожигдох дөхсөн “Apes”-ээс нэмэлт цагт Саммерс, М.Өлзий-Орших нар бусдыгаа манлайлж, ээлж дараалан гоцлон тоглолтоороо багийнхаа оноог явуулж, улмаар ялалт байгуулав.

Ингэснээр “Apes” нэг ч хожигдолгүй зургаан хожилтой лигийг тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Металл дөрвөн хожил, хоёр хожигдолтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж