Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 20-нд Гэмтэл согог судлалын төвийн Гавал, тархины мэс заслын тасгийнхан анх удаа алсын дуудлагаар дурангийн хагалгаа хийжээ. Тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, чих хамар хоолойн мэс заслын эмч Ж.Төгөлдөр, мэс заслын сувилагч Эрдэнэтуяа, жолооч Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зөөврийн дурангаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчид тархины хатуу хальсан доорх цус хуралтыг авах, тархи дарагдал чөлөөлөх мэс заслыг амжилттай хийж амь насыг аварсан байна.
Дашрамд дурдахад, 2022 онд ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар багаараа хөдөө орон нутагт алсын дуудлагаар гавал тархи болон эрүү нүүр, чих хамар хоолойн яаралтай тусламж шаардлагатай нийт 40 гаруй үйлчлүүлэгчдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж амь насыг аварчээ.