"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

"Малайзын түүхэнд байхгүй нөхөн төлбөр ногдуулж байна гэсэн"

News agency долоо хоногийн онцлох ярилцлагуудаа танд хүргэж байна. Олны анхаарал татсан сэдвээр хэн хэрхэн ярив?!

"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ЗАМ ДЭЭР ТАВЬСАН ПҮҮГ ЭВДЧИХСЭН

“Эрдэнэс Монгол”-ын Нэгдсэн удирдлагын газрын дарга О.Хулантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол” компанийг эмэгтэй, мэргэжлийн хүн удирдахад хэцүү байсан болов уу. Өмнө нь дандаа эрэгтэй хүмүүс, тэр тусмаа улстөрчид удирддаг байсан шүү дээ?

-Би мэргэшсэн ажлаа л хийсэн. Засгийн газрын бодлого, чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаа сайжирч, “Эрдэнэс Монгол” өнгөрсөн есдүгээр сарын байдлаар улсад татвар хураамж хэлбэрээр 223.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нэгдлийн хэмжээнд энэ оны хагас жилд 2.5 их наяд төгрөгийн орлого оруулж, 1.7 их наядын зарлага гаргажээ. Хамгийн өндөр ашигтай ажилласан нь “Эрдэнэт”, араас нь “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс силвер”, “Эрдэнэс Оюутолгой” гээд жагсана. Харин бусад охин компаниуд маань бүгд алдагдалтай. Нийт алдагдал 9.8 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрдэнэс силвер ресурс”-ийн тэтгэврийн зээлийг тэглэсэн төлбөр “Эрдэнэс Монгол”-оор дамжсан тул ийм алдагдалтай гарсан.

“МАН ЖАГСААЛААР ДӨРӨӨЛӨН ДОТООД АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой нүүрсний хулгайн асуудлаар ярилцлаа.

-Олон нийт МАН өөрсдөдөө хариуцлага тооцох эсэхэд эргэлзэж байна. Ер нь нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хариуцлага тооцож чадах болов уу, та юу гэж харж байна?

-АН-аас хоёр, МАН-аас таван хүний нэр зарласан. Манай АН-ын хоёр хүн ямар ч асуудалгүй хүмүүс байгаа. МАН-ын таван хүн зарласан нь тактиктай байх. Жагсагчид дахиад өөр хүн зарла, нэр өг гэж шаардахад нь зарим хүмүүсийн нэрийг гаргаж ирэх байх гэж харж байна. Гал унтраах маягаар эхний ээлжид энэ тавыг шидээд үзье, болохгүй бол дахиад хүн зарлая гэдэг тактиктай явж байх шиг. Ийм байдлаар хулгай луйврын асуудлыг цэгцэлж чадахгүй. Ер нь хулгайч хүн хоёр сар айдаг. ЖДҮ-ийн асуудал босч ирэхэд хоёр сарын дараа концесс руу орсон. Концесс сөхөгдөөд мөн л хоёр сарын дараа хэсэг айснаа Хөгжлийн банкны хэрэг рүү орсон. Хөгжлийн банкны асуудал намжмагц нүүрсний хулгай руу оржээ. Гэхдээ Эрүүгийн хуулийг чангатгах Ерөнхий сайд, Засгийн газрын санаачилга зөв. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд заль хийсэн заалтыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр миний бие зассан.

“ТАНЫ ТӨГССӨН СУРГУУЛЬД НОМ Л ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА”

“Өглөөний уншлага” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Д.Оюунсүрэнтэй ярилцлаа.

-Сурагчдын амралт эхэллээ. Энэ үед хэрхэх вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд олон бий. Тухайлбал, арван жилийн сурагчид, сэтгүүлчид мөн зохиолч нарын дунд “сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим орчин дахь дарамт” гэх сэдвийн хүрээнд бичлэг, нийтлэл, зохиолын уралдаан зарлах гэж байна. Өглөөний уншлагын хүрээнд хичээлийн хөтөлбөрт багтаагүй хэрнээ заавал уншсан байх агуулгыг хүргэх зорилготой. Жишээ нь, “Балдоржийн шагналт” сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “Ахын минь ард гурван алуурчин алхаж явсан” гэх нийтлэлийг уншсан ахлах ангийн хүүхэд нийлж дарвиж хэн нэгнийг зодох, хэн нэгний эрүүл мэндийг гэмтээснээрээ бусдын амьдралд төсөөлж барамгүй гарз хохирол учруулах юм байна гэдгийг хэзээ ч мартахгүйгээр ойлгоно. Зөвхөн энэ нийтлэлийг ахлах ангийн хөвгүүдэд хүргэснээр ямар ч хичээлээр өгч чадахгүй мэдрэмжийг өгч болно. Сурагчдын амралтын хугацаанд энэ мэт уншлагад санал болгох контент, агуулгуудад түлхүү анхаарч байна.

"САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТЭЭВЭРЛЭХЭД 39.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛӨВЛӨСӨН"

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

-Хэдийгээр Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй байгаа ч утаа, агаарын бохирдол буурахгүй байгааг иргэд хэлж байна. Үүний шалтгааныг ангилж гаргадаг уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байна. Агаарын бохирдлын харьцуулсан үзүүлэлтийг суурин харуулын хэмжилтийн бүтэн жилийн болон халаалтын улирлын хэмжилтийн дунджаар харьцуулан гаргадаг.

"МАЛАЙЗЫН ТҮҮХЭНД БАЙХГҮЙ НӨХӨН ТӨЛБӨР НОГДУУЛЖ БАЙНА ГЭСЭН"

Малайзын Дээд шүүхийн шийдвэрээр талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд өнгөрсөн Баасан гаригт 3.8 тэрбум төгрөг нөхөн олгохоор болсон. Энэ хэргийн өмгөөлөгчөөр 16 жил ажилласан хуульч Б.Баяртай ярилцлаа.

-Таны хувьд талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүлд 16 жилийн турш хууль зүйн тусламж, зөвлөгөө өгч ажилласан. Гэсэн ч энэ хэрэг дээр ганцаараа ажиллаагүй. Жинхэнэ баатрууд Малайз улсад байгаа гэдгийг онцоллоо?

-Тийм ээ.Би ганцаараа энэ хэрэг дээр ажиллаагүй. Карпал Синх гэж настай хуульч анх энэ ажлыг авч, хэргийн явцад бурхан болсон. Одоо энэ хэргийг түүний хүү, дараагаар нь бага охин нь үргэлжлүүлж, хараат бус шийдвэрийг гаргаж чадлаа. Бага охин нь одоо 40 орчим настай бөгөөд энэ хэргийн өмгөөлөгчөөр ажилласнаар улсдаа нэр хүнд нь өсч буй. Тэд бол жинхэнэ баатрууд. Ёстой С.Шаарийбуу гуайн эрх ашгийн төлөө тэмцсэн хуульчид. Би бол Монгол талын хуулийн тусламжийг үзүүлж ирсэн. С.Шаарийбуу гуай анх надтай Гадаад харилцааны яамаар дамжуулан танилцсан. Миний зүгээс татгалзах зүйл байгаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж