Хөгжинө гэвэл данхар төрийг бус бүтээгч бизнесийг дэмжье

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

Хөгжинө гэвэл данхар төрийг бус бүтээгч бизнесийг дэмжье

Хөгжинө гэвэл данхар төрийг бус бүтээгч бизнесийг дэмжье

Сүр дуулиантай эхэлсэн нүүрсний хулгайг илрүүлж чадах уу гэдэг эргэлзээтэй болов. Гэтэл яагаад нүүрсний хулгай яагаад гарав. Хэн хулгай хийх боломжийг олгов гээд хайвал ерөөсөө төр, түүний албан хаагчид гэх ганц хариултыг л олох вий. Төрийн мэдэлд л байгаа болохоор тэндээс улстөрчид хулгай хийх боломжийг олгосон. Ямар нэгэн менежмент хийлээ гэхэд энэ тонуул цаашдаа багасч болох ч үгүй болохгүй л болов уу?

Төрийн дөрвөн ч сайдын хар толгойгоороо хариуцсан Дарханы замыг хар. Таван жил болсон ч талыг нь буюу нэг урсгалыг нь л өнгөрсөн намар сүр дуулиантай нээсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хэчнээн иргэн дугуйгаа хагалж, машинаа эвдсэнийг бүү мэд. Энхэл донхол замаар эд хөрөнгөөрөө зогсохгүй, эрүүл мэнд, амьс насаараа хохирсон… Төрийн өмнөөс хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Гэтэл түүнээс ч урт төмөр замыг, хоёр дахин богино хугацаанд хувийн хэвшил барьжээ. Хувийн хэвшил аль болох бага зардлаар, богино хугацаанд, өндөр өгөөжтэй ажиллахад бүх анхаарлаа төвлөрүүлдэг бол төрийн түшмэдийн өөрийнх нь халааснаас зардал нь гараагүй болохоор хэмнэх, богино хугацаанд үр бүтээлтэй ажиллах шаардлага байхгүй. Ялгаа нь ердөө энэ.

“Эрдэнэс Монгол”-ын Нэгдсэн удирдлагын газрын дарга О.Хулан үүнтэй санал нэгдсэн бөгөөд ““Энержи ресурс” компани Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 7 ам.доллараар тээвэрлэдэг. Цагаан хаднаас-Ганцмод хүртэл тээврийн зардалд 5 ам.долларыг төлдөг. Гэтэл “Эрдэнэс Монгол” компани Тавантолгойгоос-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 16-18 ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл 57 ам.доллараар тээвэрлэж байна” байгааг ярилцлагадаа дурджээ. Зөвхөн тээвэрлэлтийн энэ зөрүүг харахад  төрийн болон хувийн компаниудын ялгаа харагдаад байна.

Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Стратегийн салбарын томоохон улсын үйлдвэрүүдийг төр хариуцах нь тодорхойг дурдаад “Харин хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд жижиг дунд үйлдвэрийн түвшинд аваад явах боломжтой зарим бизнесийг төр авах бодлогыг таслан зогсоох нь зүйн хэрэг юм. Тодруулбал, төр эрхлэх шаардлагагүй хэд хэдэн бизнес бий. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүнс, хангамжийн бизнесийг төр эрхлэх шаардлагагүй. Хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага хийх боломтой” гэв. Өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засгийг тэлж, үндэстэн дамнасан аварга корпорациудыг хувийн хэвшлийнхэн л байгуулдаг бөгөөд тэд л хэдэн мянгаар нь тоологдох ажлын байрыг бий болгодог.  Гэтэл энэхүү зүй тогтлын эсрэг бодлого манайд үйлчлээд байгааг засгийн явуулж буй бодлого харуулаад байна. Төрийн түшээдийн амнаас “төрийн өмчид авна” гэх үг маш их дуулдах болсон бол өмч хувьчлалын тухай сонсогдохоо болив.

Нийслэлийн хүн амыг бага хүүтэй ипотекийн зээлээр хэдэн мянгаар нь орон сууцжуулах ажлын хүндийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийн ажлыг ч зааж, татаас нэмэхгүй хэр нь хүүг нь буулгахыг шаардаад буй Шадар сайд С.Амарсайхан "Ипотекийн зээлийн хүүг 8 хувь биш 6 хувь богох боломжтой гэдэг дүгнэлт гарсан” гэх ч тэрхүү хүүний зөрүүг хэн төлөх, төрөөс гаргах эсэх нь эргэлзээтэй байх жишээтэй.

Хувийн хэвшил л аливаа үйлчилгээг хөнгөвчилж, зардлыг бууруулж, боломжийн үнэ, бодит чанарыг бий болгодог бол төрийн оролцоо их байх тусам хүнд суртал, авлига, хээл хахууль, хулгай дээрмийг үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр авснаар үйл ажиллагааг нь тасалдуулахад хүргэж, их ажлын үеэр хомсдол бий болгож, үнийг өсгөж, эдийн засгаа хохироосон. Тиймээс ч хувийн хэвшлийн талд байна илүү ихээр зогсох нь бидний хөгжлийн гарц.

Тиймээс цаашдаа авлига, хулгай дээрмээ зогсоож, ашиг орлогоо нэмэгдүүлж, хүн шиг амьдарч, улс шиг улс больё гэвэл данхар төрөөс татгалзаж, төрийн оролцоог хумиж, аль болох улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийг хувьчлахыг дэмжмээр байна. Үүний төлөө дуугарч буй улстөрчдийг дэмжицгээе. Төрд өмч байгаа л бол түүнийг тонож, халаасаа зузаатгах хулгайч байсаар л байх болно. Үүний эсрэг байхыг л тэднээс шаардах хэрэгтэй болов уу?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж