Эдийн засгийн нөхцөл байдлын тухай
Хэвлэлийн бага хурал 2022 оны дүгнэлтээр эхэлсэн ба «Төгс нөхцөл байдал гэж хэзээ ч байдаггүй. Харин Орос улс энэ жилийг өөртөө итгэлтэйгээр өнгөрүүллээ. Үүсээд буй нөхцөл байдал нь бидний ирээдүйн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд, тэр дундаа 2023 онд төлөвлөсөн ажлуудад саад болох болов уу гэж санаа зовохгүй байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэв.
«Зарим судлаачдын таамаглаж байсан шиг аливаа хямрал, сүйрэл зэрэг болсонгүй. Түүгээр үл барам Оросын үзүүлэлтүүд нь «Их 20»-ийн ихэнх улс орнуудынхаас хамаагүй дээр байна» гэж Путин онцлов. Жишээлбэл, ОХУ-ын ДНБ-ий бууралт нь таамаглаж байснаас бага буюу -2.9% биш харин -2.5% гарсан. Ажилгүйдлийн түвшин цар тахлын өмнөх үеийнхээс доогуур байгаа бөгөөд тэр үед 4.7% байсан бол одоо 3.8-3.9 хувьтай байна.
«Хөдөлмөрийн зах зээл тогтвортой, мөн манай улсын санхүү эдийн засаг ч тогтвортой байна. Аливаа нэг түгшүүртэй зүйл байхгүй ба энэ нь нийтлэг зорилгууддаа хүрэхэд хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй, эв нэгдэлтэй төр засгийн болон орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшил болон нийгмийн бүх давхаргуудын сэтгэл санааны нэгдлийн үр дүн юм. Харин одоогийн байдлаар бидний гол зорилт бол ард иргэдийн бодит цалингийн түвшинг дээшлүүлэхэд оршино» гэж Ерөнхийлөгч үзэж байна.
АНУ-ын оролцоо болон Орос ертөнцийг хуваан бутаргах тухай
Путин хэлэхдээ, Вашингтон ЗХУ-ын дараах орон зай дахь үйл явцуудад удаан хугацааны турш хутгалдаж байгаа ба тус улсын бүхэл бүтэн хүрээлэнгүүд Зөвлөлтийн үеэс Украиныг судалж, ажиглаж байжээ. «Аль Зөвлөлтийн үед хөрсийг нь бэлтгэж, тохиромжтой хүмүүсийг хайж, утга учрыг нь тодорхойлж байсан» гэж Ерөнхийлөгч ярьж байна.
Украины мөргөлдөөний талаарх АНУ-ын өнөөгийн бодлого хаанаас үүдэлтэй нь ойлгомжтой гээд «Орос ертөнцийн эв нэгдэл бол маш нарийн нухацтай асуудал. «Хувааж аваад ноёл» гэсэн зарчмыг эрт дээр үеэс улс төрд хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоо ч бодит байдал дээр идэвхтэй ашиглаж байна. Тиймээс манай өрсөлдөгчид энэ тухай үргэлж мөрөөдөж, энэ бодлогыг хэрэгжүүлж ирсэн: тэд биднийг бутарган хувааж, тэгээд хэсэг хэсгээр нь тус туст нь удирдахыг завдаж байна» гэж Оросын төрийн тэргүүн тайлбарлав. «Хэрэв АНУ нөхцөл байдлыг өдгөө Украинд өрнөж буй үйл явдлуудад тулгахаар ажиллаж байсан бол энэ утгаараа тэд амжилтад хүрлээ. Бидэнд энэ оны 2-р сарын сүүлээр тусгай ажиллагааг эхлүүлэхээс өөр арга байгаагүй ба цэргийн ажиллагаатай холбоотой бүх зүйлс нь зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм» гэж Путин онцлон тэмдэглэв. «Тийм ээ, үйл явдлын өрнөлийн логик ийм л байна. Гэхдээ бидний нэн тэргүүний зорилт бол өөрсдийгөө манай ард түмэн, манай соёлын нэг хэсэг гэж боддог хүмүүсийг хамгаалах явдал юм гэж дахин хэлье» гэлээ.
Киевтэй хэлэлцээ хийх боломжийн талаар
«Аливаа зэвсэгт мөргөлдөөн нь хүссэн хүсээгүй дипломат шугамаар яриа хэлэлцээ хийснээр дуусдаг» гэж Ерөнхийлөгч сануулаад «Бид яриа хэлэлцээнээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Украины удирдлага л өөрөө өөртөө яриа хэлэлцээ хийхийг хориглосон» гэлээ. Түүний хэлснээр «Энэ арга нь их сонин», тэр байтугай «хачин» санагдаж байгаа ба «Хэзээ нэгэн цагт мөргөлдөөнд оролцогч талууд яриа хэлэлцээний ширээний ард суугаад тохиролцдог. Бидэнтэй сөргөлдөж буй хүмүүст энэ ойлголт хэдий чинээ хурдан ирнэ, төдий чинээ сайн» гэж цохон тэмдэглэв.
Орос улс Украин дахь цэргийн мөргөлдөөнийг аль болох богино хугацаанд дуусгавар болгохыг зорьж байна. «Бидний зорилго бол цэргийн мөргөлдөөнийг дэвэргэх биш, харин эсрэгээрээ энэ дайныг дуусгах явдал юм. Бид үүний төлөө явж байна. Эрт байх тусмаа сайн» гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ. «Дайны үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь зөвтгөх боломжгүй хохиролд хүргэж байна» гэж Ерөнхийлөгч нэмж хэллээ.
Эх сурвалж: Российская газета
Холбоотой мэдээ