Нам гүмэн сумын төвийн сууринд цагаан хоолой хангинах нь “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн иргэдтэй уулзах уулзалтад хүрэлцэн ирнэ үү” зарлалын чимээ. “Иргэд Та бүхэн идэвхтэй оролцоно уу” хэмээн чангаар дуудах нь яг үнэндээ сайд гэдэгтээ биш. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухай иргэдийн санаа бодлыг тандан мэдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Засгийн газрын шийдвэрийг тайлбарлан таниулахад оршино. Төдийгөөс өдий хүртэл буюу өнгөрсөн цаг хугацаанд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэж, иргэд нь нэр бүхий хүмүүсийн биед халдаж, машин техникийг зогсоожээ” гэдэг хэвлэлийн мэдээтэй байсны хувьд энэ уулзалтыг зорин сурвалжлах шалтгаан олон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц урагшилж чадах уу, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ойлголтыг тэгшитгэж хүчрэх үү. Үгүй ядах нь ээ, нөгөө эсэргүүцээд байсан хүмүүс нь гэнэтийн огцом цочмог алхам хийвэл хэрхэх вэ гээд ер нь таавар, төсөөлөл их. Ийн хүлээлт үүссэн хувийн бодлынхоо үнэн зөвийг тандан мэдэх, иргэдийн дуу хоолойг ойлгон сонсож, төр засгийн тогтоол шийдвэр биелэх боломж бололцоог нүдээр харж, чихээр сонсох зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур хэмээх гурван суманд гурван өдөр ажиллалаа.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эдгээр гурван сумыг дамнан байгуулагдах бөгөөд ажлын томилолтоор гурван аймгийн гурван сумыг дайран өнгөрч, сурвалжлан танилцах боломжтой болсон нь сэтгүүлч хүний хувьд сониуч хийгээд содон. Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал ид үедээ өрнөж, УИХ-ыг тараах тухай уриа лоозон идэвхжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Онц байдал зарлах эсэх асуудлаар хуралдсан тухай шаагилдаж байсан тэр цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн иргэдтэй уулзах Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн уулзалт эхлэв. Иргэд асууж байна аа. “Улс орны нөхцөл байдал ер нь юу болоод байна аа. Энэ нүүрсчдийн хэрэг явдлыг үнэн зөв шийдэж чадах юмуу, танай Засгийн газар” гэж. Үүнд Б.Чойжилсүрэн сайд товч тодорхой нэг хариулт өгсөн нь “Бүгдээрээ Улаанбаатар хотод болж байгаа жагсаал цуглааны тухай бус энд тулгамдаад байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцынхаа тухай л ярилцъя.
Та бид өөрсдийн тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх нь дараа, дараагийн олон асуудлыг шийдвэрлэх үндэс мөн биз дээ” гэдэг хариулт. Үүнээс хойш Сүхбаатарын талбайн жагсаалыг Эрдэнэбүрэнгийн Соёлын төвд нэг ч сөхсөнгүй, асуусангүй. Хөдөө нутгийн ард түмний нэг сайхан нь энэ. За бол За. Үгүй бол үгүй гэдэг байр суурь. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухайд олон асуулт хөвөрсөн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гурван цаг үргэлжилсэн уулзалт Увс аймгийн Өмнөговь суманд таван цаг өрнөсөн. Харин Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тухайд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн тус сумын ард иргэдтэй хийсэн уулзалт 40 минут орчим ярилцаад дуусах жишээний. Эндээс харахад асуудалд шийдлээ олсон орон нутгийн иргэд асуулт цөөтэй байхад хариулт нь тодорхой бус, тодорхой хэлбэл ойлголцол бүрэн бус нутгийн иргэдийн асуулт дуусахгүй, хариултаа авсан ч нэмж асуух асуулт нь дундрахгүй байгаа нь харагдсан.
БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ 80-90 ХУВЬ БУУРНА
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухайд монголчууд андахгүй. Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үндсэн нэг тулгуур нь эрчим хүчний сэргэлт. Уг эрчим хүчний сэргэлтийн нэг гол зорилт нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Монгол Улсын нийт эрчим хүчний систем элэгдэл хорогдолд орж, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх замаар зардлаа хэмнэж, хангамжаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Засгийн газраас Эрчим хүчний яаманд салбарын хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн хөгжлийг дэмж гэдэг үүрэг өгсөн. Зөвхөн 2025 он гэхэд ажлын байрыг 285 мянгаар нэмэгдүүлж, Улаанбаатар хотыг зорьсон нүүдлийг багасгаж, аж үйлдвэрийн салбарын эрчимтэй хөгжүүлэх бодлого барьж байгаа. Үүний тулд монголчуудын маань саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн юун түрүүнд хийх ёстой, хэрэгжүүлэх учиртай, хөрөнгө оруулалт хийх замаар хөл дээр нь босгох ёстой салбар нь ЭРЧИМ ХҮЧ. Нэг ч техник, тоног төхөөрөмж, ер нь хүний амьдралын жирийн өдрүүд ч тог цахилгаангүй үргэлжлэх, урагшлах боломжгүй болсон нөхцөлд эрчим хүчний салбар та бид төдийгүй хүн төрөлхтөний хувьд саалиа хадгалах сав л гэсэн үг.
Манай улсын хувьд тэр сав нь учир дутагдалтай. Хэдийгээр дотоодын эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг дотоодоос хангаж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтээ дийлэхээ больсон тухай тоо баримт, мэдээ мэдээлэл олон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор гэрэлтүүлэх учиртай баруун бүсийн тухайд эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувь нь ОХУ-ын хараат. Тэд эрчим хүчний нөөц, үйлдвэрлэлийн дэд бүтэц, амьдрах өртөг, газар зүйн байрлалаасаа шалтгаалаад Монголдоо хамгийн үнэтэй шатахуун, хамгийн үнэтэй тог хэрэглэдэг. Үүний тайлбар нь “Алслагдмал баруун бүсийн аймаг болохоор, аргагүй аргагүй” гэдэг ганц өгүүлбэр. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор тус бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ 35 МВт-аас шууд 90 МВт хүчин чадал руу шилжиж, гурав дахин өснө. ОХУ-аас өдгөө баруун таван аймаг 1кВт эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор энэ үнэ 37 төгрөг болж, бараг 90-80 дахин буурна. Эрчим хүчний хомсдлын улмаас үйлдвэрлэл эрхлэх боломжгүй байсан бүс нутаг бүхэлдээ дутуудсан бус илүүдсэн эрчим хүчний эх үүсвэртэй болж, жилдээ цахилгаан эрчим хүчний импортод урсгадаг байсан 50 гаруй сая ам.доллар нь бүс нутагт нь үлдэж, жилдээ 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого татан төвлөрүүлнэ.
Засгийн газраас эдгээр ТЭЗҮ болон эдийн засгийн тооцоолол, зайлшгүй нөхцөл шаардлагыг үндэслэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэрээсээ ухрахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд харин нутгийн иргэдтэй ойлголцох, тэдний гомдол саналыг хүндэтгэн ярилцах ажлын хэсгийг идэвхтэй ажиллуулах шийдвэрийг энэ оны есдүгээр сард гаргасан. Энэ дагуу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Баян-Өлгий аймгийн холбогдох албаныхан болон төсөл хариуцсан нэгжийн зохицуулагч Ч.Гантулга, төслийн талбайд байгаль орчны үнэлгээ хийсэн “Ньюгидро проект” ХХК-ийн захирал Ц.Сосорбарам тэргүүтэй албаны хүмүүс дээр дурдсан гурван аймгийн гурван сумын иргэдтэй уулзалт хийж байгаа нь энэ.
ГУРВАН СУМЫН ИРГЭДИЙН ГУРВАН ЯЛГАА
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум: Энэ сумын уулзалт харьцангуй тогтуун өрнөсөн нь тус аймгийн Мянгад сумаас тав, Эрдэнэбүрэн сумаас гурван өрх нөлөөллийн бүсэд орж байгаагаас үүдэлтэй. Энэ нь бусад аймаг, сумын нөлөөллийн бүсийн айл өрхтэй харьцуулахад харьцангуй бага тоо ч олонх иргэдийн хувьд “Хадлангийн бүс усанд автахгүй гэдэг батлагаа та нарт байгаа юм уу. Баруун бүсийн эрчим хүчний төвийг Ховд руу шилжүүлж өгөөч. Нутгийн залуусыг энэ төсөлдөө идэвхтэй татан оролцуулж, ажлын байраар хангах хэрэгтэй байна. Ховд голын ус багасахгүй гэж худлаа ярихаа боль. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотойгоор хот, хөдөөгийн иргэд гэж ард түмнийг хуваасан мэдээлэл цацахаа болих хэрэгтэй байна. Малчид эсэргүүцээд байна гээд бичээд, мэдээллээд байх юм. Бид уг нь эсэргүүцээгүй эмзэглэлээ, нутаг орноо бодсон сэтгэлээ л хэлж байгаа юм шүү гэдэг асуулт, сэтгэгдлийг олонх нь давхардуулан асууж, ярьсан.
Увс аймгийн Өмнөговь сум: Өөрсдийнх нь гомдоллон өгүүлж байсанчлан тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улс даяар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцсэн эх орноосоо урвагчид шахуу бичигдэж, яригдаж ирсэн нь үнэн. Таван цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр энэ тухай гомдол олонтаа гарч байсан нь төр захиргааны байгууллага, тэдгээр байгууллагыг төлөөлж яваа албан хаагч, төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлага, ажилтнууд төдийгүй иргэд ч хаа хаанаа хувь хүнийхээ харилцаанд цаг тухайд нь дүгнэлт хийж, алдаагаа засаж залруулдах зайлшгүй шаардлага үүсэж хэмээн харагдсан. Учир нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна уу, өөр бусад томоохон төсөл хөтөлбөр, ер нь том жижиг гэхгүй бүхий л ажил хүний харилцаа, хамтын ажиллагаагүй урагшилна гэж байхгүй. Иймд Эрдэнэбүрэн усан цахилгаан станцыг Засгийн газар ямар ч тохиолдолд барьж, ашиглалтад оруулахаа зарласан одоогийн нөхцөлд үгээ онож, үйлдлээ барьж ажиллах ёстой болжээ гэдгийг Өмнөговь сумын иргэдийн уулзалтаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олж харсан байх. Таван асуулт, санал хүсэлтийн бараг гурав нь энэ тухай байсан болохоор тэр. Нөлөөллийн бүсийн айл өрхийн тухайд 37 айл нүүлгэн шилжүүлэлтийг зөвшөөрч, гэрээгээ байгуулсан бол ямар ч тохиолдолд нутгаа чөлөөлж өгөхгүй гэдэг хатуу байр суурьтай арав орчим айл бий. Тэдний тайлбар нь “Үеийн үед өсөж төрсөн нутгаа усанд автахыг харж чадахгүй. Б.Чойжилсүрэн сайд аа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа барих тань зөв. Гэхдээ нүүлгээд өгөөч. Өөр газар барьчих. Тэгвэл асуудалгүй дэмжинэ. Засгийн газраас нөлөөллийн бүсийн иргэн бүрт олгож байгаа 15 сая 200 мянган төгрөг чинь нэг удаагийн хадлангийн мөнгөнд ч хүрэхгүй бага мөнгө. Малын бургасан хашааг гэхэд 225 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь биднийг үл ойшоож, өв уламжлал, амь амьдралыг минь үнэгүйдүүлж байгаа хэрэг. Үнэлгээгээ шинэчил. Ямар ч тохиолдолд нутгаасаа нүүхгүй” гэдэг хатуу байр суурь байсан.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сум: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр удирдуулсан Баяннуур сумын иргэдтэй хийсэн уулзалтын тухайд уур амьсгал намжмал, нөлөөллийн бүсэд нэмж орох цөөн тооны асуудлыг шийдвэрлэх, үнэлгээг дахин бодож үзэх гэдэг хоёр асуудлыг л иргэдийн зүгээс сануулсан. Тус сумын иргэд, ер нь Баян-Өлгийчүүдийн суурьшмал амьдралын хэв маяг нөхөн олговрын тооцоог бодоход харьцангуй боломжийн үнэлэгдсэн учраас цөөн тооны айл өрхийн хувьд үнэлгээг нэмүүлэх асуудал ярина уу гэхээс төслийг эсэргүүцэх, усан цахилгаан станцын барих газрыг нүүлгэх зэрэг гомдол санал огт сонсогдоогүй. Одоогийн байдлаар 40 гаруй өрх нөлөөллийн бүсээс нүүх гэрээнд гарын үсэг зурсан.ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ НӨХӨН ОЛГОВРООС ТУСАД НЬ ТООЦОЖ ОЛГОНО
Нөлөөллийн бүсэд багтсан айл өрхийн иргэн нэг бүрт Засгийн газраас 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар нөлөөллийн бүсэд орсон 100 орчим айл уг шийдвэрийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухайд асуудалтай. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нөлөөллийн бүсэд орсон иргэд “Манай 102 саяар барьсан барилгыг 87 саяар үнэллээ. Энэ үнэлгээг эргэж харах хэрэгтэй байна” гэж хэлж байхад Увс аймгийн Өмнөговь сумын иргэдийн тухайд малын бургасан хашааг нь 200 орчим мянган төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд энэ нь нүүдлийн соёл иргэншил, малчдын ахуй амьдралыг хүндэтгэж үзэхгүй үл ойшоож байгаа хандлагын илэрхийлэл. Хоолой чичрүүлээд хэлж байгаа тэдний энэ үгийг төр засаг яалт ч үгүй бодож үзмээр. Нүүдлийн соёл иргэншлээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, дэлхийд сурталчлах замаар улсаа таниулахыг эрмэлздэг үе үеийн төр засгийн хувьд малчдын малын хашааг 200 мянгаар үнэлнэ гэдэг оновчтой байж чадах уу. Бас л хэцүү асуулт. Учир нь, тухайн бүс нутагт хангайн аймгуудтай адил шургаагаар өвөлжөө барих боломж байхгүй. Өвөлжөө битгий хэл малын хашаа ч барих нөхцөл байхгүй. Голын ширгэ даган ургасан бургаснаас өөр модны захгүй тэдний хувьд энэ бол амьдрах орчин нөхцөл болоод байгаль дэлхийн өгөгдсөн өгөгдөл. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ талаас нь бодож 200 мянгаар үнэлнэ гэдэг хэн хүний хувьд яах аргагүй чамлалттай байж мэднэ. Тиймээс ч Б.Чойжилсүрэн сайд “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон ам бүлийн бүртгэл нь алдаатай бодогдсон бүх хүнээс хүсэлтийг нь дахин авч, ярилцаж шийдвэрлье” гэдэг шийдвэрийг иргэдтэй уулзах үеэрээ гаргасан. Энэ үг нөлөөллийн бүсийн иргэдэд гол хүлээж байсан үг нь байв.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БҮХ ЗҮЙЛ ГОЁ САЙХАН БОЛНО ГЭЖ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ. ГЭХДЭЭ ХАМТАРЧ НЭГДЭЭД АЖЛАА ЭХЛҮҮЛЬЕ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Шижигтийн хавцал. Усан цахилгаан станц барих бэлтгэл ажлын хүрээнд Шижигтийн хавцал хүртэлх замыг засварлаж, түүхий эд хүлээн авах болон ажилчдын байр барих талбайг тэгшилж зассан талбайд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн барилга угсралтын гүйцэтгэгээр шалгарсан БНХАУ-ын “Пауэр Чайна” компанийн удирдлагуудтай уулзаж, ажлаа яаравчлах талаар хэлэлцсэн нь гурван өдрийн томилолтын сүүлийн уулзалт байв. Тус компанийн тухайд зөвхөн БНХАУ төдийгүй дэлхийн олон оронд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай дүйцэхүйц болон түүнээс дээш хүчин чадалтай станцуудыг барьж байгуулсан туршлагатайг Монгол дахь бүтээн байгуулалтыг удирдах Хань менежер өгүүлсэн. Нийтдээ 271.48 сая ам.доллараар 61 сарын хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлтэй үүрэг хүлээсэн тус компанийн хувьд харин нэг хүсэлт илэрхийлж байгаа. Тэр нь “Бүтээн байгуулалтын ажилд ямар ч саад учрахгүйгээр эхлүүлсэн бол гацах, зогсох нөхцөл үүсгэхгүйгээр урагшлуулах ёстой” гэж. Энэ нь, өнгөрсөн хугацаанд саатсан олон олон төслийн жишээ нөхцөлөөс үүдсэн болгоомжлол байх талтай бөгөөд БНХАУ-н Экзим банкнаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулан олгосон 288.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл ч Монгол Улсад дахин олдохгүй гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийн иргэдэд олонтаа учирласан. Тэрбээр энэ тухай “Өнөөдөр дэлхийн зах зээлээс мөнгө босгоё гэвэл багадаа 10 хувийн хүүтэй мөнгө л босгохоор байна. Энэ бол хөгжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд асар үнэтэй мөнгө. Дараа нь Монгол Улс төлж дийлэхгүй. Жинхэнэ утгаараа өрийн дарамтад орно. Мөн Орос-Украины дайны нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтээр эрчим хүчний хомсдол үүсч байна. Европт эрчим хүчний үнийн өсөлт эрчимчиж байна. Бүхий л улс орон эрчим хүчний тусгаар тогтнолыг бий болгох санхүүгийн болон бусад эх үүсвэрийг эрж, сурж, хайж эхэллээ. Иймд өнөөдөр та бид олдсон боломжоо ашиглаад БНХАУ-н хөнгөлөлттэй зээлийн зориулалт нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэж ирсэн дээр бариулаад авах хэрэгтэй.
Ийм мөнгө дахиж бидэнд олдохгүй. Илүү өндөр хүүтэй мөнгөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бариулна гэвэл худлаа. Тиймээс та бүхэнд миний хувьд бүх зүйл гоё сайхан болно гэж худлаа хэлэхгүй. Тодорхой хэмжээнд асуудал бэрхшээл үүсэх үү гэвэл үүснэ. Гол нь, бүтээн байгуулалтын ажлыг нэгэнт эхлүүлчихсэн байхад тухай бүрт нь засч сайжруулаад явья. Алийн болгон эрчим хүчний хараат байдалд зах зээлээ тэлэхгүй, үйлдвэрлэл байгуулахгүй, ажлын байр бий болгохгүй хавчигдмал нөхцөлд амьдрах юм. Ийм байж таарахгүй. Хамтарч нэгдээд засч сайжруулаад харилцан ойлголцоод барилгын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа ашиглалтад оруулья. Эсрэг санаа бодолтой хүн, айл байгаа бол би дахин ирж уулзая. Та нар олон ирлээ гэж цааргалахгүй бол миний хувьд татгалзах зүйл байхгүй. Ойлголцоё, ярилцая, хамтраад шийдье” гэнэ билээ…