Монголчууд баялаг бүтээгчдэд дургүй!

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Монголчууд баялаг бүтээгчдэд дургүй!

Монголчууд баялаг бүтээгчдэд дургүй!

МАН засгийн эрхийг авахдаа хувийн хэвшлийнхэнд ингэж амлаж байв.

  1. Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно.
  2. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна.
  3. Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ.
  4. Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ.
  5. Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих “Экспортын баталгааны сан” байгуулж ажиллуулна гэж.

Үүнээс хойш МАН-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил гаруй үлджээ. Өнгөрсөн гурван жил МАН хувийн хэвшлээ, үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж ажилласан уу гэвэл олонх нь үгүй гэж хариулах байх.  Үнэндээ, гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид “тогтох” аргагүй улс төр хийж байна, манай эрх баригчид.

Учир нь, “задарсныг засаглах” нэрээр хэн нэгний бизнесийг нь дээрэмдэх, бизнесменүүдээ гавлах нь хэвийн үзэгдэл болсон. Үндсэн хуулиа зөрчиж, хууль, шүүхийн дээр өнөөдөр МАН залрах болсон нь бүр үнэн.   Иймээс бизнес эрхлэж байснаас халамж авах нь, Монголд баян хүн байснаас ядуу гуйлгачин байвал айдасгүй, дарамтгүй амар хялбар амьдрал болсон байна.

Баян хүнийг баялаг бүтээгч гэхээсээ балаг гэж хардаг явцуухан сэтгэлгээнээсээ монголчууд өнөө хэр салаагүй байгаа. Үүн дээр нь МАН-ынхан дөрөөлж, баялаг бүтээгчдээ мафи, МАНАН нэрээр гавлаж, агнах болсон.

Хоёр сарын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тоносон гэх 57 хэргийн жагсаалтыг танилцуулахдаа дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийг дэлгэнэ гэсэн. Гэвчиг, өнөөдрийн байдлаар Х.Нямбаатар дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх нэг ч хэргийг дэлгээгүй байгаа.  Үнэндээ, дотоодын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэгчдийн хамгийн том нь төр өөрөө. Төр шүүхийн шийдвэргүйгээр камер, гав дагуулж очоод бизнес эрхлэгчдээ ил цагаан дээрэмдэх болсон. Эрх зүйт төрд ядаж л талууд хэлэлцээрийн ширээний ард сууна. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ. Харин Монголд эсрэгээрээ. Эхлээд дээрэмдэнэ, дээрэмдсэнийх нь дараа шүүх нь эрх баригчдын үгээр хөдөлнө. Өөрөөр хэлбэл, шүүх нь хүртэл үнэн зөв шүүж чадахаа больсон гэсэн үг. Уг нь шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Гэвч, Монголд шүүхэд итгэх иргэдийн итгэл улам суларсаар.  Х.Нямбаатар сул гишүүн байхдаа худалдагдсан шүүгч нарын тухай “шүгэл” үлээж байсан. Гэтэл өнөөдөр ч шүүх нь хэнд эрх мэдэл байна, түүнд үйлчилсээр. Гэхдээ итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэгчээр өмчөө төрд хууль бусаар булаалгасан, дээрэмдүүлсэн бизнес эрхлэгчид “худалдагдсан” шүүхдээ итгэсээр. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр бусдын өмчид халдахыг хориглосон байдаг. Тэгвэл МАН засгийн эрхийг барьсан зургаан жилд  “Эрдэнэт”-ийн 49 хувь, Салхитын мөнгөний орд, “Хөтөлийн цемент шохой”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авсан. Төрд авсан “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэр нь цементгүй, Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Мөнхбаяр нь авлига авсан асуудлаар шоронд хоригдчихлоо. Төрийн өмч үнэндээ хулгайн өмч болоод дуусдаг өч төчнөөн баримт байна. “Эрдэнэс силвер ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт”, Хөгжлийн банк гээд. Улсын өмч улайдаггүй, уйлдаггүйн тод жишээ.

Өнөөдөр төрд авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь маргааш нам дагасан бүлэглэл, цүнх баригчдын хулгайн өмч болоод дуусахыг бурхан ч, чөтгөрч таашгүй. Муусайн баячууд гэж монголчуудын ад үздэг баялаг бүтээгчидгүй бол Монгол хөгжихгүй.  Дэлхийн улс орнууд үндэсний үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж, тэдэн дээрээ дөрөөлж хөгждөг.  Зуун жилийн өмнө феодлуудад дургүй “ардууд” өнөөдөр баялаг бүтээгчдээ алдаж байна. Ч.Лодойдамба гуайн зохиолд гардаг "Тунгалаг Тамир" киноны Итгэл баян бол тэр үеийнхээ баялаг бүтээгч. Ёстой л Туулын мөсийг долоох шахам хөдөлмөрлөж байж баяжсан хүн. Гэтэл монголчууд Итгэл баянд дургүй. Одоогийнхоор бол "сахал" Д.Эрдэнэбилэг гэсэн үг. Харин Эрдэнэ бол өнөөдрийн манай популист улстөрчдийн нийтлэг дүр, Х.Нямбаатар юм дагуу даа. 

Харамсалтай нь, монголчуудын хувьд "Тунгалаг Тамир"-ын Эрдэнэ "баатар" болж хоногшсон.  Одоо ч энэ ойлголт, үзэл суртал монголчуудаас нэвт үнэртдэг.  Ийм байж Монгол Улс ядуу байхаас яахав.  Ялангуяа Ардын нам  алдах юмгүй пролетариудыг сайн ашиглаж, баялаг бүтээгчдээ "барьж аваад зоддог" болсон нь худлаа биш юм. 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж