SPEAK OUT: "ЭТТ"-н хулгайг эцэслэе гэвэл хувьцааг нь нээлттэй зар

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: "ЭТТ"-н хулгайг эцэслэе гэвэл хувьцааг нь нээлттэй зар

SPEAK OUT: "ЭТТ"-н хулгайг эцэслэе гэвэл хувьцааг нь нээлттэй зар

Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч болох нүүрсний салбарт нүүрлэсэн хулгай, луйврын асуудлыг Засгийн газар хэрхэн цэгцлэх нь өнөөдрийн жагсаалын үр дүн юм.

“Нүүрсний хулгай хэрэгт   хууль, шүүхээс 3000 орчим хүнээс мэдүүлэг авч, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. 50 хүнийг яллагдагчаар татаж, 17 хүнийг цагдан хорьсон” талаар АТГ-ын дарга З.Дашдаваа мэдээлсэн.  Хэргийг мөрдөн шалгаж, холбогдох хариуцлага, ял шийтгэл оноох нь хуулийнхны хийх ёстой ажил.  Харин төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай цэгцлэхийн томоохон бодлого, реформ хэрэгтэй. Төр өмчтэй байхын хэрээр хулгай нүүрлэнэ. Өнөөдөр монголчууд их наядын хулгай ярьж байгаа бол маргааш “маш дэлгэмэл” луйврын тухай ярьж болзошгүй. Иймээс л нүүрсний хулгайг хэрхэн цэгцлэх, “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрлэсэн хулгай луйварт хэн яаж хяналт тавих тухай ярих ёстой. Түүнээс нэг улстөрчийн цүнх баригчийг нөгөө улстөрчийн цүнх баригчаар солиод л асуудал шийдэгдэхгүй. Нүүрсний хулгайн хэргийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсны гол үр дүнд нийлбэр дүнд өөрчлөлт гарах ёстой юм. Ингээд нүүрсний хулгайг цэгцлэх гарц гаргалгааны талаар эдийн засагчдын байр суурийг хүргэе.

ТӨРИЙН КОМПАНИУДАД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ ОРЖ ИРЖ БАЙЖ ХУЛГАЙ ЦЭГЦЭРНЭ

 Эдийн засагч Ц.Нацагдорж:

-ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хэрэг гээд хулгай, луйврын хэмжээ их наядаар яригддаг боллоо. Үүнийг яаж цэгцлэх ёстой юм бэ. Эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна?

-Төрийн өмч бол ард түмний өмч нэрийн дор эрх барьж байгаа намын, эрх мэдэлтэй бүлэглэлүүдийн, дарга нарын өмч болоод байна. Тиймээс төрийн өмчид нүүрлэсэн хулгай, луйвартай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн хяналт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр дангаараа мэддэг өмчтэй байсан цагт хулгай, луйвар дуусахгүй. Өнөөдрийн хулгай маргааш иргэдийн огт мэдэхгүй том тоогоор үргэлжилж болзошгүй байна, иргэд их наяд гэдэг тоог одоо хулгайнаас болоод мэддэг болж авлаа.  Тэгэхээр төр өмчөө  хувьчлах, эсвэл олон нийтийн хяналт оруулах замаар хулгай, луйврыг цэгцлэх шаардлага тулгарч байгаа нь өнөөдрийн нүүрсний хулгайнаас тодорхой харагдаж байна.

Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани яагаад их наядын хулгай, луйврын үүр уурхай болов гэхээр өнгөрсөн 12 жил тус компанид олон нийтийн хяналт оруулаагүйд байгаа юм. Монгол Улсын иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн атлаа олон нийтийн хяналтгүй, засаглалын хамгийн муу хувилбарыг сонгосон. Иргэдийн 1072 ширхэг хувьцаа нь үхмэл, ямар ч хөдөлгөөнгүй, захиран зарцуулах эрхгүй зүгээр л тоо байж ирлээ. IPO нэрийн доорх энэ нь сунжирсан процессоос болж хэсэг этгээд хулгай, луйвраа ичиж айхгүй хийж байсан гэдгийг олон нийт мэдэж авлаа. Тэгэхээр нүүрсний хулгайг цэгцлэх хамгийн тэргүүн ээлжийн ажил бол “Эрдэнэс Тавантолгой”-н компанийн хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргаж, хувьцааг саналын эрхтэй болгож амь оруулах хэрэгтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид дараа дараагийн хөрөнгө оруулалт орох итгэлийг бий болгох нь өнөөдхийн бидний гэрийн даалгавар.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г гаднын биржид арилжаална гэж олон сая доллараар гадаадын мэргэжлийн баг ажиллуулсан. Харамсалтай нь, IPO-г одоо ч гаргаж чадаагүй байна.  Ер нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гадаадад гаргах боломжтой юу?

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр сайнгүй байна, дайн, байлдаан, тээвэр ложистик, худалдаа үйлдвэрлэл гээд бүхий л салбарт асуудалтай байна. Энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргавал тохиромжгүй.  Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” хулгайн үүр овоохой болсныг дэлхий даяараа мэдчихлээ. Хулгай нүүрлэсэн компанид хэн ч мөнгөө оруулахгүй. Тиймээс гадаадад IPO гаргана гэж өндөр зардал төлж байхаар эхлээд дотоодын хөрөнгийн зах зээл дээрээ хувьцааг нь гаргах ганц гарц л харагдаж байна. Дотоодын зах зээлд хувьцаагаа гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалт ч орж ирэх боломжтой шүү дэ.  IPO гэдэг нь хөрөнгө татаж үйл ажиллагаагаа тэлэх зорилготой байдаг. Одоо бол хөрөнгө татах гэхээс илүү байгаагаа хэвийн болгож авах ажил хийгдэх хэрэгтэй байна.

-Төр өмчтэй байх нь цөөн хэдэн хүнийг баяжуулдаг болохыг улсаараа харлаа. Эрх баригчид төрийн өмчийг цөөлнө, хувьчилна гэж ярих боллоо_ энэ тал дээр таны бодол ?

-Төрийн өмчийн хувьчлалын хоёр дахь давлагаа явж байна гэж харж байна. Ерээд оныхоос ялгаатай нь  хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар төрийн өмчийг хувьчлах бодлого барьж байна. Гэхдээ нээлттэй нэрээр ахиад л хаалттай хувьчлал явуулчих вий. Тэгэхээр иргэдэд хувьчлалын, хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг Засгийн газар маш сайн ойлгуулж, энэ талаарх сурталчилгаа сайн хийх хэрэгтэй.

ЮМ ЯАЖ Ч МУУДСАН САЙЖРАХ ТАЛ РУУГАА Л ЯВДАГ

Эдийн засагч Б.Энхбат:

-Нүүрсний хулгайчдыг зарлалаа. Гэхдээ ингээд энэ хэрэг дуусахгүй байх. Хулгайчийн асуудал тусдаа, тэд хэрэг хийсэн бол шийтгэлээ амсах байх. Харин хулгай хийхэд хүрсэн шалтгааныг нь олж харж, өөрчлөхгүй шүү дээ. Үүнээс гарах гарц нь юу вэ. Хулгайтай зэрэгцээд гарц гаргалгаагаа ярих ёстой байх?

-“Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгохоос өөр гарц гаргалгаа алга.  Засаглалын хэлбэрийг сайжруулж, олон нийтийн хяналт оруулж байж л дараа дараагийн луйвраас хамгаалж явна.  Дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах нь өнөөдрийн хувьд хамгийн зөв шийдэл, хулгайтай тэмцэх гол реформ болно.  Өндөр зардал төлөөд гадаадад IPO гаргах цаг биш. Эдийн засгийн хувьд өнөөдөр Монгол Улсад тийм боломж ч алга. Тиймээс дотоодын зах зээлд гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дуудах хэрэгтэй.

Нөгөө талаасаа бид гадаадын хөрөнгө оруулагчдад төрийн өмчит компаниудынхаа засаглалыг сайжруулж байна гэдэг мессежийг хаях ёстой юм. Монгол Улсад хөрөнгийн зах зээл сайн хөгжиж байгаа. Эрх зүйн орчин ч сайн бүрдсэн.  Дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргаж чадвал дараа нь гадаадын хөрөнгийн зах зээлд давхар гаргах бүрэн боломжтой.  Би өмч хувьчлалын хоёр дахь давлагаа хөрөнгийн зах зээлд тулгуурлаж олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хийгдэх ёстой гэж бодож байна.

Ямар ч юм яаж муудсан ч сайжрах тал руугаа муудаж явдаг гэдэг. Нүүрсний хулгай, луйвар Монголд төрийн өмчийг хувьчлах, олон нийтийн хяналт оруулах ёстой гэсэн “шүгэл” боллоо.   Хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалт гарсан. Гэхдээ нэр төдий хувьчлах биш төрийн өмчийн 30 доошгүй хувийг хувьчилж, олон нийтийн хяналт оруулж байж дараа дараагийн хулгай, луйврын асуудлыг зогсооно.  Хувьцааны үндсэн чанар бол хөрвөх чадвартай, захиран зарцуулах эрхтэй, саналаа илэрхийлэх эрхтэй байж хувьцаа болдог. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа гэдэг нь өнөөдрийн байдлаар хувьцаа биш хоосон тоо төдий.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нээлттэй хувьчлахаар хэсэг этгээдүүдэд хамаад авчихна гэсэн яриа байнга гардаг шүү дээ?

-Үе, үеийн эрх мэдэлтнүүд иргэдээ ийм айдсаар “тэжээж” ард нь хулгай луйвраа хийдэг байсныг өнөөдөр улсаараа хэлэлцээд, жагсаад сууж байна. Хэчнээн их наядын хулгай яригдаж байгаагаа хэлж чадахгүйд хүрсэн байна.  Хэн ч бай тэр хувьцааг нээлттэй биржээс авах эрхтэй, гагцхүү тэр боломж бүгдэд ижил байх ёстой юм. 1072 ширхэг хувьцаагаа зарах үедээ зардаг, эргээд авах үедээ авдаг байх нь иргэдийн өөрсдийн эрхийн асуудал.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж