Төр өмчүүдээ хувьчлахгүй бол хулгай, шахаа тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Төр өмчүүдээ хувьчлахгүй бол хулгай, шахаа тасрахгүй

Төр өмчүүдээ хувьчлахгүй бол хулгай, шахаа тасрахгүй

Төр өмчүүдээ хувьчлахгүй бол хулгай, луйвар, авлига, шахаа тасрахгүйг монголчууд Тавантолгойн ордоо сорчлон цөлмүүлсний дараа л мэдэрч буй нь гунигтай. Уг нь төрийн өмчит Тавантолгой ордыг хэдхэн хулгайч нарт ашиглуулахгүй байх боломж бүрэн байв.

Учир нь, Засгийн эрхийг авсан улс төрийн нам бүхэн “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Монголросцветмэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МИАТ зэрэг үнэ цэнэтэй компаниудад цүнх баригчдаа “шахах”, ашиглалтын шаардлага хангахгүй сэлбэг хэрэсэл, бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр нийлүүлэх зэргээр “сааж” ирсэн.

Нөгөө талдаа, төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болох нь УИХ, Засгийн газрын гишүүнээсээ ч өндөр эрх ямба эдлэх боломж олгодог. Сарын цалин нь төрийн өндөр дээд албан тушаал хашигчдаас хэд дахин өндөр байхын зэрэгцээ давхар урамшуулал авна. Гадаад улсад суралцдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгана. Тэр бүү хэл, зарим төрийн өмчит компани ашиггүй ажиллаж, өр үйлдвэрлээд байхад л захирал, газар, хэлтсийн дарга нар нь урамшуулал авсан жишээнүүд ч бий.

Дээр нь албаны том жип хөлөглөн, хувийн ажилдаа холхиулж, эхнэр, хүүхдээ дагуулан гадаадаар зугаалж, тэрбумын үнэтэй тансаг хаус худалдан авч, лусын хаан шиг аашилж ирсэн жишээ ч бишгүй. Хэрвээ төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудад “Эрдэнэс Тавантолгой” компанид хийж буй шиг өргөн хүрээтэй шалгалт оруулж, 10 жилийн ажил гүйцэтгэлийн гэрээг нь хянавал хүрээний бузрыг ухвал барагдахгүй гэдэг шиг л юм болох вий.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга П.Цэнгэлийн мэдээллээр 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит компаниуд 10.6 их наяд төгрөгийн орлого олсон бол зардал нь 9.1 их наяд давж, өр нь 18.1 их наяд төгрөгт хүрчээ.

Харин цэвэр ашиг 1.8 их наяд төгрөг юм байна. Нэг үгээр хэлбэл, өр нь цэвэр ашгаа 10 дахин нугалсан хэмжээтэй байгаа нь татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ачаа мөддөө хөнгөрөхгүйг илтгэж буй.

Төрийн өмчит компаниудыг дотор нь ангилж үзвэл, төрийн өмчит үйлдвэрийн газар 21, төрийн өмчит хувьцаат компани 51, төрийн өмчит ХХК 21, төрийн өмчийн оролцоотой компани 12 байгаа юм. Үндсэндээ 100 гаруй төрийн өмчит компани болон төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна.

Иймээс төр ирэх жилүүдэд эдгээр компаниудыг хувьчлахыг нь хувьчилж, олон нийтийн оролцоотой болгохгүй бол хулгайн үүр овоохой болсных нь дараа хөрөнгийнхөө хойноос хөөцөлддөг, хэдэн их наяд төгрөг “цавчсан” хулгайч нар нь хууль хяналтын байгууллагынхнаа ч худалдаад авчих хэмжээний эрх мэдэлтэй болчихвол Монгол Улсын хөгжил хэдэн жилээр хойшилно. Нэг үгээр хэлбэл, авлигачид нь эрх мэдэлд хүрдэг, хөрөнгө, мөнгийг өөрийн болгодог ард түмэн нь хэчнээн хөдөлмөрлөөд ч амьдрал нь өөдөлдөггүй адгийн орон болж хувирна гэсэн үг.

Төр өмчүүдээ хувьчлая гэхээр хэн эрх мэдэл, мэдээлэлд ойр байна, тэд нь хулгайлсан хөрөнгөөрөө хувьчлал руу орж, хуу хамдаг буруу жишиг бий. Ингэхдээ төрийн өмчийг хэргээр үнэгүйдүүлж, бага үнээр худалдан авах нь ч бий.

Эл алдааг давтахгүйн тулд хувьчлах төрийн өмчит компаниуддаа олон улсын аудитын байгууллага оруулж, үнэлгээг нь тогтоох зэргээр хувьчлалыг улстөрчдийн савраас хол хийж чадвал төрийн өмчин дээр цулайж, эрх мэдэлд хүрдэг өнөөгийн ялзарсан тогтолцоог өөрчлөх нэг боломж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж