Монголын Хөрөнгийн биржийн 34 хувийн IPO арилжаа ирэх Даваа /2022.12.16/ эхэлнэ. Гэхдээ арилжаа эхлээгүй ч стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга тав хоногийн өмнө дүүрчээ. Энэ нь Хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд бус хэн нэгэн этгээдэд илүү ашигтай байх боломж бүрдүүлсэн гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь нийт нээлттэй болгосон хувиас 90 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилах аж. Тиймээс Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, эдийн засагчдаас байр суурийг тодрууллаа.
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХУВЬЦААГ НЭГ КОМПАНИ ДАНГААРАА ЭЗЭМШИНЭ ГЭХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.АЛТАЙ:
-Ирэх долоо хоногийн даваа гаригт IPO гаргахад бэлэн болгож, Монголын хөрөнгийн бирж олон нийтийнх болж байна. Төрийн өмчийн компаниудын засаглалын ил тод бус байдлыг цэгцлэх зам нь олон нийтийн болгох. Тиймээс Монголын хөрөнгийн бирж бусад төрийн өмчит компаниудыг түүчээлнэ.
Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүд төрийн өмчит компани олон нийтийн болж байхад түүний таваас дээш хувийг эзэмших боломжгүй.
Түүнчлэн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний харилцаа хамаарлын хүмүүс хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн бирж улс төрийн ямар нэгэн нөлөөнөөс ангид, аль нэгэн компани хувьцааг нь дангаараа эзэмшинэ гэх эрсдэл байхгүйгээр жинхэнэ утгаараа олон нийтэд шилжинэ.
34 ХУВИЙГ ЖИЖИГЛЭЖ ТЭНЦҮҮЛСЭН БОЛ 30-40 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭН НЭГЭН ЭЗЭМШЧИХНЭ
Монголын хөрөнгийн биржийн үндсэн андеррайтер, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.БИЛГҮҮН:
-Олон нийтэд жижиглэн болон стратегийн нийлбэрээр 34 хувийг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Энэ нь хяналтын багц, санал гаргах бүрэн эрхтэй ТУЗ-ийн гишүүн томилох, чөлөөлөх боломжтой. Ингэснээр компаний менежментийг бизнесийн зарчмаараа хөгжүүлэх дээр маш сайн анхаарах боломжтой болно. Арилжаанд хэн ч оролцох боломжтой, нийтлэг зарчим нь түрүүлж захиалгаа өгсөн нь оролцдог. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд зааснаар нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглодог. Энэ нь эцсийн хувьцаа эзэмшигч нь тав хүртэлх хувийг эзэмших тааз болно. Ингэхээр хэн нэгэн ганцаар хувьчлан авах боломжгүй. Төрийн өмчийн оролцоотой компани дээр нэг хуулийн этгээд 5-аас доош хувийг эзэмших эрхтэй. Тэгэхээр 34 хувь дээр хамгийн багадаа 6-7 хүн оролцож болно гэсэн үг. Тэдгээр хүмүүс нь хоорондоо холбоотой хүмүүс байж болохгүй. Мөн улс төрийн нөлөө бүхий болон өмнө нь тус албан тушаалд ажилладаг байсан, түүнтэй холбоотой хүн байх боломжгүй хуулийн зохицуулалттай. Олон нийтэд нээлттэй байх жижиглэн хувьцаа эзэмшигчдэд 10 хувийг оруулж ирсэн нь зөв гэж харж байгаа. Учир нь дараагийн буюу хоёр дахь зах зээлд хэн дуртай нь буюу мөнгөтэй нь авдаг. Тэгэхээр мөнгө ихтэй ганцхан хүн хувьцааг бүрэн эзэмшинэ гэхээр шударга бус.
34 хувийг 100 хувь жижиглэж тэнцүүлж оруулсан бол 30-40 тэрбум төгрөгөөр хэн нэгэн мөнгөтэй этгээд ганцаараа эзэмших болчихно. Тэр хязгаарлалтын хүрээнд л стратегийн хөрөнгө оруулагчдыг 90 хувь болгож, хяналт тавьж ажиллаж байна.
Хяналт тавьж байгаа шалтгаан нь улстөрийн нөлөө бүхий хэн нэгнийг арилжаанд оруулахгүй байх, 5-аас дээш хувь эзэмшүүлэхгүй байх. Мэдээж хөрөнгийн биржийн 34 хувь дээр янз бүрийн саналууд ирж байгаа. Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үнэгүй авах хэрэгтэй ч гэсэн байр суурь хэлж байна. Энэ нь боломжгүй. Бүгдэд эрх тэгш байх үүднээс хэн нэгэнд үнэгүй хувьчилж, давуу байдал үүсгэх ойлголт байхгүй.
Бид хэн нэгэн этгээдэд илүү боломж олголгүй, үнэ төлбөргүй эзэмшүүлэлгүй, буруу зүйлд ашиглуулахгүйн тулд хүртээмжтэй, зөв менежменттэй, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хөрөнгө оруулагчдад санал болгох үүднээс аливаа эрсдлийг хааж боломжуудыг гаргасан.
Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд санал болгож байгаа нь төрийн өмчийг хувьчлан хөгжлийн шинэ шат руу гаргах эхлэл. Эхний ажил амжилттай болбол дараагийн удаа 51-100 хувь хүртэлх олон нийтийн оролцоотой болгох боломж нээгдэнэ. Хөрөнгийн зах зээл дээр стратегийн хөрөнгө оруулагч нь үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд давуу тал бий болгох зорилгоор зургаан сарын хугацаанд худалдан борлуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл тусгаарлуулалт хийгдэж тодорхой босго хөрөнгө оруулалтын дүн заасан.
Жижиглэн хувьцааны хувь 10 гэж байгаа нь иргэд богино хугацаанд ашиг хийнэ гэсэн ойлголттойгоор орж ирэхээс сэргийлж байгаа.
Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн 34 хувийн 10 буюу 3.4 хувийг жижиглэн хувьцаа эзэмшигчдэд санал болгож байгаа нь бол жижиглэн хувьцааны захиалга дунд их хэмжээний мөнгөтэй хэн нэгэн өндөр дүнгээр захиалга өгвөл хувь тэнцүүлэн дийлэнх дүнгийн хувьцааг авах боломж бүрдэхээс сэргийлж байгаа.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЧУХАЛ ИНСТИТУЦИ АРИЛЖААНЫ БАНКНААС 33 ДАХИН БАГА ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА
Эдийн засагч Д.АНГАР:
-Монголын хөрөнгийн биржийн байшинг 4.9, газрыг нь 10.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Байшин, газар нь чухал биш. Хөрөнгийн зах зээл ирээдүйд томрох нь тодорхой. Бизнес нь зүгээр л дангаараа алж өгнө. Голомт банк нэг их наядаар үнэлэгдэж бхад Монголын хөрөнгийн бирж 10 их наядаар асуудалгүй үнэлэгдэнэ. Нэг арилжааны банкнаас 33 дахин бага үнэлгээтэй хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал институци гэж байж болох уу?
Тиймээс энэ IPO-нд хүн бүр өөрийн боломжит мөнгөөрөө орох нь зөв. Нэг саятай нь нэг саяараа, 100 саятай нь 100 саяараа, нэг тэрбумтай нь нэг тэрбумаараа орох нь зөв. Алдах зүйлгүй.
Угтаа УИХ-аас Хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд хувьчлах тухай тогтоосон. Үүний дагуу Засгийн газар заасан хувийг Хөрөнгийн биржид нийтэд хувьчлахыг үүрэг болгож, Сангийн яам УИХ, Засгийн газраас тогтоосны дагуу Хөрөнгийн Биржийг хувьчлах болсон. Гэтэл Хөрөнгийн бирж бид сайн мэдэхгүй. Андеррайтер л мэдэж байгаа гэх хариулт өгч байна. Харин андеррайтер болохоор хувьчлалын 90 хувийг "Стратегийн хөрөнгө оруулагч" нарт өгнө. Ер нь өгөөд дуусчихсан. Нэмэлт захиалга авахгүй гэж байна. Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг чинь олон нийт гэдэгтээ орно. Хууль зөрчөөгүй гэлээ. IPO нь эрлээгүй байхад захиалга нь олон хоногийн өмнө дүүрчихсэн. Иргэдэд нээлттэй гэчихээд мэдээлэл ч хангалттай өгөөгүй байж захиалга нь дүүрнэ гэдэг утгагүй.
ХУВЬЦААГ АРИЛЖААЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ 14-НД ОЛГОСОН
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан энэ сарын 14-нд болж Монголын хөрөнгийн биржийн хувьцааг арилжаалах зөвшөөрлийг олгосн байна. Тус хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.
Төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргаж биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан. Улмаар Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК багтсан.
Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг.
Энэ жишгийн дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь нийт гаргасан хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд санал болгож байна. Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ компанийн үйл ажиллагааны ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах, хөрөнгө оруулалтын дотогш урсгалыг өсгөх, цаашилбал мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих боломж нэмэгдэх чухал бодлогын шийдвэр болсон гэлээ.
Холбоотой мэдээ