"МАН-д бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Live"МАН-д бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байна"

"МАН-д бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байна"
15 : 22
2022-12-23

Дархан арьс ширний цогцолборын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан


Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсч байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажил гэж нэрлээд байгаа юм. Бодит байдал дээр яваад очихоор хувийн хэвшлийн хийгээд орхисон л дэд бүтэц  байна. Энэ бол малын түүхий эдийг боловсруулах ч юм уу, Дарханыг хөгжүүлэх тухай асуудал биш. Монгол Улсын төвлөрлийг сааруулах том ажлын нэг хэсэг шүү дээ. Дархан Монголын хоёр дахь том хот. Арьс шир боловсруулах цогцолбор анх байгуулахаар яригдаж байхдаа 600 мянган ажлын байр бий болгох тухай байсан. Энэ хүрээнд яригдаж буй төсөл. Яг одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хувийн хэвшилтэй хэрхэн ажиллахаар ярьж байгаа юм? Хувийн хэвшил нь том хөрөнгө оруулалт хийгээд дэд бүтэц барьчихсан байна. Тэр хүмүүсийн хийчихсэн байгаа бүтээн байгуулалтыг төр өөртөө авчихмаар байгаа юм. Инфляци үүсэхээс өмнө барьчихсан дэд бүтэц юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 

-Орон нутгийн өмчит ХХК байгуулагдсан. Дарханы засаг захиргаа 15 хувийг нь эзэмшихээр дэд бүтцийн ажил хийгдсэн. Гэхдээ ажлын зохион байгуулалт, санхүүжилтээс шалтгаалан ажил зогссон. Засгийн газраас жилийн өмнө хажууд нь ТӨК байгуулаад орон нутгийн өмчит ХХК-тай хамтарч ажиллах захирамж гарсан. Гэвч үнэ хөлсний асуудалд санал зөрөлдсөн. Хөгжлийн банкнаас зээл авч санхүүжүүлснээс болж ажил нь гацсан. Аль болохоор хувийн хэвшлийн дэд бүтцийг ашиглахаар Хөгжлийн банк, яам хамтран ажиллахаар ажлын хэсэг байгуулсан. Дарханы станцаас 4 км-т байгуулсан учраас нэмэлт уурын станц байгуулах шаардлагатай гэж гарсан. Арьс ширийг боловсруулахад ашигласан саарал усыг дахин ашиглах зураг төсөл нь тодорхойгүй. Харин төрийн авсан газар нь цахилгаан станцаас 1.5 км зайтай байгаа учраас уураа авчихна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Малын түүхий эдийг боловсруулаад зах зээлд гаргаж чадахгүй байна. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад УИХ-ын дарга нь ч орхиод гарчихдаг, 20хон гишүүн сууж байна. Олон жил ярьж байгаа ч бүтээн байгуулсан зүйл алга. Малын арьс, шир хонхорт хог болоод хаячихсан байна. Хөгжлийн банкнаас хэдий хэр зээл авсан юм?, Хэдий хэмжээний мөнгө зарцуулсан юм? Төрийн байгуулсан дэд бүтэц нь хэдэн төгрөг зарцуулсан юм? Хэзээ үйлдвэртэй болох юм?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 

-Төр заавал цогцолбороор нь үйлдвэр байгуулахад нь оролцох хэрэггүй гэж бодож байна. Цэвэрлэх байгууламжийг нь л бариад өгчихвөл хувийнхан үйлдвэрээ барьчих байх гэсэн бодлоготой байна. Төрөөс барихаар бол 300 тэрбум төгрөгөөр үйлдвэрээ бариад, 150 тэрбум төгрөгөөр дэд бүтцийг нь барих боломжтой. 150 сая евро бол эргэлтийн хөрөнгө нь ороод тэгэж өндөр гарсан байх. Аудит дүгнэлтийг дутуу хийсэн байна гэж үзсэн. Хувийнхан бол 33 тэрбум төгрөгт өгье гэж ярьж байгаа. Хөгжлийн банкнаас бол 15 тэрбум төгрөгийг авсан. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төрийн оролцоот ажил, бизнес хэрхэн дампуурдгийн нэг жишээ нь энэ байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүд нь хэдэн их наядаар хулгайлчихдаг нь илрээд одоо хэлэлцүүлэг үргэлжилж байна. МАН-ынхан сонгуульд 10 сая тонн арьс шир боловсруулна гэж лоббидоод мөрийн хөтөлбөрт буухдаа 4 сая тонн руу буурсан юм шиг байгаа юм. Бодит байдал дээр хувь, хувьсгалын нийлсэн бүтээн байгуулалт хийх нэрийдлээр нэг төслийг нь бүтэлгүйтүүлчихээд сууж байна. Эмээлтэд ахиад арьс ширний үйлдвэр байгуулах ёстой гээд хэдэн тэрбумын төсөл бариад явж байна. Яг хаана барих гээд байгаа юм? 70 сая малнаас жилд 20-оод саяыг нь нядалж байгаа. Үүнээс гарсан арьс шир нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм? Арьс шир боловсруулах үйлдвэр чинь ашиглалтад орох юм? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 

-Үйлдвэрийн аргаар боловсруулах богийн арьс 10-20 сая ширхэг, бодын арьснаас зөвхөн үхэр гэхэд 600 мянга гардаг. Үүнээс одоо ажиллаж байгаа үйлдвэрүүд 100 гаруй мянга, хонины арьс 5 саяыг боловсруулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ  баруунд гаргах хэмжээнд боловсруулж чадахгүй байна. 

Үйлдвэрлэлд ковид их нөлөөллөө. Тийм учраас зарим арьс ширийг экспортлох асуудлыг боловсруулж, ярьж байгаа. 100 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломжийг алдаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дарханы арьс ширний боловсруулах үйлдвэрийг барина аа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Алдагдаж буй орлогын хувьд 100 сая ам.доллараар тогтохгүй гэж үзэж байна. Төрийн бодлого буцаад 10 жилийн өмнөх рүүгээ очиж, түүхий эдээр нь экспортлох чиглэлд явж байгааг харлаа. Цэвэрлэх байгууламжийг нь барьж өгөөд хувийн хэвшилдээ бизнесийн эрх чөлөө, боломжийг нь олгох гэдэг нь зөв бодлого байх. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-100 сая ам.доллар бол зөвхөн Дарханы 4 сая арьс ширийг боловсруулж худалдахад алдаж буй боломж. Бусад байгууллагатай нийлүүлбэл 200 сая ам.доллар давна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Энэ бол зөвхөн 250 мянга гаруй малчин өрх биш Монгол Улсын хүн амын өрхийн орлоготой шууд холбоотой асуудлыг ярьж байгаа юм. 20 сая арьсныхаа 8, 9 саяыг нь боловсруулаад бусдыг нь хаяж байгаа нөхцөлд 2014-2015 онуудад арьс ширний экспортыг хориглосон хоригоо үйлдвэр барьтлаа зогсоовол яасан юм бэ? Сайдын ярианаас энэ асуудал удахгүй шийдэгдэх нь гэж харлаа. Дарханы арьс ширний боловсруулах үйлдвэрийг малчин бүр асууж байна. Үйлдвэр хэзээ яг ашиглалтад орох юм бэ? Хувийн хэвшлийг хохироогоод орхих юм уу? Аймаг сумдаас түүхий эдээ яаж татах вэ? Энэ асуудлыг хэлэлцэж байгаа юу? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 

-Манай улс солиалист засаглалаас ардчилалд шилжиж, төрийн үйлдвэрүүдээ хувьчилсан. Тийм болохоор дахиж үйлдвэр байгуулахгүй байх чиглэл барьж байгаа. Заавал 400 тэрбумаар үйлдвэрээ бүтэн барихгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана. Сумдаас арьс ширээ татах асуудлыг хувийн хэвшил шийднэ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Дарханаас сонгогдсон гишүүний хувьд арьс ширний цогцолборын асуудлыг байнга тавьдаг. Энд ажилласан 16 аж ахуй нэгж, 3600 гаруй хүн ажилласан. Хөлсөө авч чадахгүй байна. Төр хажууд нь цогцолбор байгуулах болсноос хувийн хэвшил эрсдэлээ бодоод ажлаа зогсоосон. Хувийн хэвшлийн хажууд төрийн мөнгөөр зэрэгцүүлж ажил хий гэсэн шийдвэр байна? 2019 оны 356-р тогтоолын хавсралтад Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд байгуулсан Дарханы арьс ширний цогцолборын дэд бүтцийн төсөлд 56.5 сая ам.доллар зарахаар шийдсэн байна. Энэ асуудал юу болсон бэ? Хөгжлийн банк 2022, 2023 оны төсөвт суусан хүүгийн татаасны хойноос хэр их хөөцөлдсөн бэ? Үйлдвэржилтийн байнгын хороо аравдугаар сарын 23-нд тогтоол гаргасан. Уг тогтоолоор төрийн өмчит компани байгуулахаа таслан зогсоо гэсэн. Төр, хувийн хэвшлийн техник үндэслэлийн тооцоог харьцуулж үзсэн үү? Хэн нь үнэтэй байна? Бүтээгдэхүүнүүдийн өртөг ямар байна? Судалгаа байна уу? Та нарын шинээр хийх гэж байгаа төсөлд зохиогчийн эрхийн асуудал байна уу? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Отгонцэцэг: 

-Дархан арьс ширний цогцолбор ХХК-ийн өөрийнх нь ТЭЗҮ 2018 оныхоор 589.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хийсэн байдаг. 2013 онд ХХААХҮЯ Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ТЭЗҮ боловсруулах тендер зарлаад хувийн хэвшлийн компани 780 тэрбум төгрөгөөр улсын төсвөөр хийхээр гаргасан. Одоогийн хувийн хэвшлийн гаргасан ТЭЗҮ бол улсын төсвөөр хийгдсэн. 25 га газар компанийг төрийн өмчит ХХК авсан тухайд анх 15 гаг авсан ч гадаадын байгууллага дэд бүтэц татахад хангалтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд байрьшлаа сольж, хувийн хэвшлийн үйлдвэрийн хажууд газар авсан. Шийдвэр гарвал хувийн хэвшлийн дэд бүтцийг төрийн өмчит компани үргэлжлүүлээд аваад явна. Шинэ сэргэлтийн бодлого дээр 4.4 сая арьс шир боловсруулахыг төрд үүрэг болгосон. Засгийн газрын тогтоолоор дэд бүтэц, арьс ширийг боловсруулах ТЭЗҮ боловсруулахаар багтсан. Европын сэргээн босголтын банкны санхүүжилтийн тухайд  олон улсын стандартад нийцсэн байх шаардлага тавьсан. Гэтэл хувийн хэвшлийн ажил нь эхэлчихсэн учраас зээлийн нөхцлийг өөрчлөх хүсэлт тавьсан. Хувийн хэвшлийн барьсан дэд бүтэц нь аудитын дүгнэлтээр 40.8 тэрбум гэж гаргаж ирсэн. Санхүүжилтийн эх үүсвэр нь Хөгжлийн банкны 15 тэрбумын бондыг жилийн 20 хувийн өгөөжтэйгөөр 5 жилийн хугацаатай өрийн бичгээр санхүүжсэн. 7 тэрбумыг Хөгжлийн банкны охин компаниас авсан. Хувийн хэвшил зээлээ авахдаа 100 гаруй га газраа, баригдах бүтээн байгуулалтаа барьцаанд тавьсан байсан. Тиймээс төр хувийн хэвшил хамтрахын тулд зайлшгүй Хөгжлийн банкнаас зөвшөөрөл авах шаардлага үүссэн. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Манай эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хараат байдлыг болихын тулд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих шаардлагатай. Ноолуур бол амжилттай явж байна. Хүйтэн нөхцлийн арьс шир бол чанартай материал. Монголын арьс ширээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөнгө олох боломжтой. Монголын арьс ширийг үнэд оруулахын эсрэг ашиг сонирхол гадныханд ч байна. Яам нь өөрөө тодорхой бодлогогүй байгаа учраас бүтэхгүй төсөл байна. Сүүлийн 30 жилд арьс ширний үйлдвэр барих нэг ч хувийн компани гарч ирээгүй. Засгийн газар нь дотроо учраа олоогүй. Гадна дотнын ашиг сонирхлоос болж хэрэгжихгүй байна. 

11 : 34
2022-12-23

Нийт 32 хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Долоо хоногийн Баасан гаригийн 10:00 цагт нэгдсэн хуралдааны хуулийн төсөл эцэслэн батлах санал хураалт явуулна гэж заасан байдаг. Байнгын хорооноос хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангаж, гишүүдэд танилцуулсан. Эцэслэн батлах санал хураалтыг явуулъя. 

 Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Орон нутагт томилолттой байсан үеэр Хуульзүйн байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэнд харамсч байна. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгож, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлснээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах юм байна гэж үзээд Засгийн газрын эрхийг нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд өнгөрсөн наймдугаар сард дахин Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд давхар дээлээ өмссөн. Тэгээд УИХ-д нэр, нөлөө бүхий гишүүдээ Засгийн газрын гишүүнээр томилж, тэр гишүүд нь бусаддаа нөлөөлөх байдлаар лоббиддог болсон. Гэтэл тэр нь багадаад Хууль тогтоомжийн тухай хуулиар парламентын засаглалын хууль батлах эрхийг хаасан хуулийн төслийг оруулж ирж байна. Засгийн газарт хангалттай эрх мэдлийг өгсөн. Энэ хүрээндээ үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Гэтэл УИХ-ын гишүүдийн татвар зөрчил, эрүүгийн болон бусад хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт хийх эрхийг хааж оруулж ирж байгаад харамсч байна. Энэ хуулийг төсөлд сайн зүйл олон бий. Гэхдээ хуулийг дагаж, УИХ-ын гишүүдийн эрхийг хаасан заалт оруулж ирж байгааг эсэргүүцэж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Б.Пүрэвдорж гишүүн өөрсдийнхөө баталсан хуулийг уншаагүй байна. УИХ-ын тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д УИХ-ын гишүүдийн хууль өргөн барих эрхүүдийн хүрээ хязгаарыг, 38.2-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг, 38.3-д Монгол Улсын Засгийн газрын хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтоосон. Та хөдөө, гадаа 13 тоглож явахынхаа оронд энэ хуулиудаа уншиж байх хэрэгтэй. Хууль тогтоомжийн хүрээ хязгаарыг зохицуулах зохицуулалтыг 38.4-өөрөө зааж өгсөн юм.

Төсөв, татвар, нийгмийн даатгалын бодлого бол Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлоготойгоо уялдах ёстой. Нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлж, мөнгөжүүлье гэхэд бид 10 гаруй их наяд төгрөгийг арвижуулах ёстой. Гэтэл таны санаачилсан хуулийн төсөл жил бүр Нийгмийн даатгалын сан дээр 60 тэрбум төгрөгийн дарамтийг шинээр оруулж ирэхээр байна. Ингэж таны барьж байгаа бодлого урт хугацааны бодлоготойгоо уялдахгүй байгаа учир мэргэжлийн Засгийн газар энэ төсөв санхүүгийнхээ бодлогыг гишүүдийнхээ хууль санаачлах эрхийг тодорхойлж явъя гэдэг агуулгыг тусгасан юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Хууль тогтоомжууд оруулж ирдэг дарааллууд байгаа. Засгийн газар дээр хуулиудаа эрэмблэх асуудал байна. Чухал хуулиудаа эхлээд оруулъя гэдэг эрэмбэ байдаг. Тухайлбал, 2014-2015 онд Эрдэс баялгийн ил тод байдлын санаачилгын хууль байсан ч 2016 оны сонгуулийн дараа таг гацсан. Үүнээс хойш гурван удаа буцаагдсан. Ийм чухал хуулиудаа батлахгүй болохоор энэ мэт хулгай гараад байна. Хоёрдугаарт, Төрөөс эрдэс баялгийн тухай баримтлах бодлого бас хэрэгжихгүй байна.

Мөн чанаргүй хуулиуд орж байна. УИХ дээр орж ирсэн хуулийг гишүүд рүү өгөхөөсөө өмнө мэргэжлийн хүмүүс суугаад зөвлөмж өгдөг үү? Эрээн болтол нь засч байна. Тэгэхээр хуулиудын агуулга, бусад хуультай уялдах уялдаа алдагдаж байна. УИХ дээр хуулиудыг оруулж ирээд яаран бараг 7 хоногт  батлах юм. 76 чин янз бүрийн мэргэжил, туршлагатай хүмүүс байна. Энэ хуулиуд чинь чанаргүй болоод байна. Угаасаа нэг учраас угаасаа батлагдана гээд итгэл төгс оруулж ирээд байгаа уяраас хуулиуд чинь чанаргүй болоод байна. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэхэд 13 удаа өөрчлөгдсөн байна. Хуулинд бид ингэж халдаж болохгүй. Хуулиудаа эрэмбэтэй, чанартай болгох асуудалд Засгийн газар, Хэрэг эрхлэх газар ямар арга хэмжээ авах вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-С.Одонтуяа гишүүн маш чухал асуудал хөндлөө. Гэхдээ хоёр тусдаа асуудлыг хөндөж байна. Нэг талдаа хууль бүтээх үйл явц, нөгөө талдаа хуулийн хэрэгжилт, дүн шинжилгээ өгөх асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Улсын хөгжлийн бодлого зэрэгт Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгаа хийх шаардлагагүйгээр өргөн барьж болно гэж заасан байгаа. Илүү нарийвчилж өгч байгаа юм. 

Бид ирэх 2023 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг оруулж ирье. Энэ хууль их олон дамжлага дамжиж байгаад ирсэн юм. Манай Хууль зүй дотоод хэргийн яам дээр сүүлийн үед орж исрэн ихэнх хуулийг боловсруулж оруулж ирсэн юм. Олон жил гацсан, чухал хуулиудыг боловсруулаад өргөн барьж байгаа. Хуулийн төсөл дээр олон засвар орж байгаа нь сайн юм. Олон ургалж үзэл хуульд тусгагдаж байгаа юм. Нөгөө талаараа их олон санал тусгагдсанаар хуулийн агуулга, уялдаа өөрчлөгддөг. Тухайлбал, бид Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл гэдгийг зүгээр зөвшөөрөл болгож өөрчлөхийн тулд 70 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэр томъёоны өөрчлөлтийг хийхэд нэгдсэн тохиргоо хийе гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль орж ирж байгаа юм. Үүнийг дэмжихээр бол нэлээд хэлэлцэх шаардлагатай. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад бид хууль санаачлагчдын хүрээ хязгаарыг тогтоосон. Гэхдээ Монгол Улс парламентын засаглалтай орон. Гэтэл бид Засгийн газраа дэмжих гээд парламентын засаглалын эрх мэдлээ маш их алдаж байна. Парламентаас Засгийн газарт шилжүүлж байгаа эрхийг хэрхэн хэрэгжүүлж байгааг ярих шаардлагатай. Бид сайд нарыг хүн нэг бүрээр нь томилдог байсныг Ерөнхий сайдад эрхийг нь олгосон. Төсөв батлах онцгой эрхээсээ зарим эрхийг Засгийн газарт шилжүүлсэн. Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болсноос хойш Засгийн газар чинь мэргэжлийн болж чадаж байгаа юм уу? Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, дадлага туршилтай хүмүүсээр сайд нарыг томилж чадаж байна уу? Засгийн газрын нэр хүнд сэргэж байна уу? Цаашдаа УИХ-д үлдэж байгаа эрх байна уу? Яахаараа нийгмийн даатгал, боловсрол, халамжийн тухай хуулийг зөвхөн Засгийн газар санаачилж, УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарлаж байгаа юм. УИХ-ын гишүүд чинь иргэдийн төлөөлөл. 

Засгийн газарт бид эрхийг нь хангалттай өгсөн. Байгуулагдаад 3 жил боллоо. Гэтэл нийгмийн халамж, даатгал, соёл, эрүүл мэндийн чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан хууль тогтоомжууд одоо болтол орж ирээгүй байгаа шүү дээ. Бүх эрхийг Засгийн газар аваад байгаа мөртлөө ажлаа хийхгүй байна шүү дээ. Засгийн газраас орж ирж байгаа хуулиуд шаардлага хангахгүй байна шүү дээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Би С.Чинзориг гишүүний дайрсан, уламжилсан үгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилъя аа. Эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр танай Засгийн газар УИХ-д дорвитой, реформын шинжтэй хууль тогтоомж оруулж ирэхгүй байна гэснийг тэр чигээр нь хэлнэ. Нийгмийн даатгалын тухай багц хуулийг унагаасан хүн нь та өөрөө. Тэгэхээр бодитой юм ярих хэрэгтэй. Та бидний хамтдаа баталсан УИХ-ын тухай хуульд Засгийн газар хууль санаачлах зохицуулалтыг хийсэн байгаа. Та хууль тогтоох эрх мэдэл, хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар гэж хоорондоо асар ялгаатай хоёр зүйлийг хольж яриад байна. Хууль тогтоох эрх мэдэл бол Үндсэн хуулиар УИХ-д байгаа. Хөгжлийн урт хугацааны бодлоготой уялддаг холбоотой зүйлсийг л УИХ-ын гишүүд хууль санаачлан гажуудуулахаас сэргийлж оруулж ирж байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Х.Нямбаатар сүүлийн үед үг хэлсэн гишүүд рүү дайрдаг болоод байгаа. Энэ давхар дээлнийх нь л ач байхдаа. Бяр ихтэй болсон. Би тэр Нийгмийн даатгалын багц хуулийг чинь эсэргүүцэхийн тулд эсэргүүцээгүй. Ямар ч тооцоо судалгаа байхгүй. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь хоорондоо ойлголцоогүй, энэ сангаа яаж мөнгөжүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй, бүрхэг орж ирсэн. Засгийн газраас орж ирж байгаа хуулиуд ер нь ийм байгаа. Сайд нар нь хууль санаачилсан нэр зүүгээд УИХ яах нь хамаагүй гээд хаячихдаг. Ямар үг хэлэхээ чамаар заалгах болоогүй. Чи тэр Б.Пүрэвдоржтойгоо л улстөржиж хэрэлддэг юм байгаа биз. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Засгийн газраас орж ирж байгаа бүх хууль, бодлогыг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийг бол дэмжихгүй байна. Зарчим барина. Х.Нямбаатар сайд хариулт дээр худлаа яриад байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагуулж гуя дагуулж хүзүү хусах гэсэн ийм л юм оруулж ирэх гэж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг нь хүртэл УИХ-аас  авахаар оруулж ирж байна. Гишүүд, УИХ нэмэлт өөрчлөлтийн тухай хууль санаачлах эрхгүй болж байна. УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулиар заасан бүрэн эрхэд халдаж байгаа юм. Нэг үе, намын нөхөр Х.Нямбаатараа шүүмжилмээр байна.

Чи насаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийх биш. Ц.Нямдорж л 3, 4 удаа сайдаар ажилласан. Ганц удаа сайд хийхдээ насаараа ажиллах юм шиг бүх юмыг нь Засгийн газарт өгөх гээд байж болохгүй. Төрийн байгууллагын засаглалын уялдаа, зарчим гэж байдаг юм. Одоо хэрэгжиж байгаа хуульд нь хангалттай хууль санаачлах эрхийг нь өгсөн байхад нэмээд 5, 6 хуулийг, нэмэлт өөрчлөлттэй нь УИХ-аас авах гэж байгаа нь арай л хэтэрч байна. Хэм хэмжээ, хязгаарыг давж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулж ирсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн, УИХ-ын хууль тогтоох эрхэд шууд халдсан байна. Энэ Засгийн газар өмнөхүүдээсээ асар их эрх мэдэлтэй байгаа. Засгийн газар УИХ руу ингэж дайрч болохгүй. Эрх мэдлийг нь татаж, муу юм болбол УИХ-д л тохох гэдгээ боль. Энэ хуулийг хэн санаачилсан бэ, аль яамнаас оруулж ирж байгаа юм? Засгийн газар жоохон хэмжээ хязгаартай баймаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь халдаж болохгүй.

Хууль тогтоох, хууль санаачлах бүрэн эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Гэтэл та бүхний оруулж ирж байгаа төслөөр нийгмийн суурь  чиглэлийн гол хуулиудийг санаачлах эрх, УИХ-ын тогтоол, үндсэн чиглэл санаачлах, батлах эрх нь Засгийн газарт байна. УИХ-д зөвхөн танилцуулна гэж тусгасан байна. Нэмэлт өөрчлөлт байна уу, шинэчилсэн найруулга хийх эрхийг нь байхгүй болгох гэж байна. УИХ тэгэхээр юу хийх юм? Засгийн газар нь УИХ болох гээд байгаа юм уу? Эсвэл УИХ энэ хуулийг нь баталж өгөөд цаашдаа Монгол Улсын Засгийн их газар гэж нэрлэдэг болох юм уу? Цаашдаа УИХ өөрөө өөрийнхөө бүрэн эрхийг хязгаарласан УИХ-ын тухай хуулийн 38.3-ийг өөрчлөх ёстой юм байна. УИХ бол Монголын ардчиллын баталгаа юм. Цаашдаа байр байрандаа байх асуудлыг ярихгүй бол болохгүй юм байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Энэ хуулийг төслийг буцаах нь зүйтэй. Ханиад хүрцэн, хоолой ийм байгаа ч аргагүйн эрхэнд үг хэлж байна. Хууль тогтоох онцгой эрх УИХ-д байгаа шүү дээ. Давжаа парламентад давхар дээл өмсүүлчихсэн. Энэ Засгийн газар, Монгол Ардын намын бүх хүслийг биелүүлж байгаа шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хууль бол маш сайн хууль. Энэ хуульд нийцүүлээд, тооцоог нь хийгээд өргөн барьдаг зүйл байхгүй болсон. Х.Нямбаатар сайд Мөрдөх албаны тухай хуулиа оруулж ирмээр байна. Үүнийгээ хийчихвэл түүхэн гавьяа болно шүү.

Засгийн газрын өмнөөс болох, болохгүй юманд оролцоод явмааргүй байна. Ганцхан сайдтай юм уу? Хаашаа юм? Тэгсэн мөртлөө 20 сайдтай Засгийн газар. Тэдний 10 хэд нь давхар дээлтэй, УИХ-д 3, 4 сонгогдсон, маш их баян хүмүүс. Салбараасаа илүү баян сайд нар. Одоо тэдэнд юу хэрэгтэй юм бэ? Биднийг дээрэлхээд байгаа юм уу? Ард түмэн чинь улных болчихсон. Ард түмэн улных болно гэдэг чинь УИХ улных болно л гэсэн үг. Засгийн газар нь ийм нэр томъёотой болчихсон. Иймэрхүү маягаар явж болохгүй. Болохгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг буцаа.

Хугацаанаас нь өмнө УИХ-ын сонгууль хийнэ гэж яриад байна. Тэгэж болохгүй. Хийх ажил олон байхад та нар ухандаад байна. Та нарын хэн нь ч ОХУ-аас төмөр замынхаа 50 хувийг салгаад ирчихэж чадахгүй л байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Хууль тогтоомжид тавих шаардлага, боловсруулалтын чанар, хэрэгжих бодит үндэслэл зэргийг сайжруулах шаардлагатай байна. Зарчмын зөрүүтэй саналууд орж ирж байгаа. Хууль тогтоомжийн хяналт шинжилгээ хийхийг хасахаар оруулж ирсэн байна. Хуулийг шинэчилж найруулах, шаардлага үндэслэлийг оруулж ирдэг. Гэтэл энийг сулруулсан байна. УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарласан гэсэнд хариулт өгнө үү. 

Бид хэлэлцээд зармын зөрүүтэй санал оруулж ирдэг. Протокол хөтөлдөг. Үүнийг эх сурвалж болгохгүй дэлгэрэнгүй тайлбараа эх сурвалж болгоно гэсэн байна. Энэ байж болох уу? Хуулийн албан ёсны орчуулгын сан байгуулна гэж оруулж ирсэн байна. Хуулийн орчуулгыг хийхийн тулд зөвхөн гадаад хэлтэй байгаад зогсохгүй эрхзүйн мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Тэгэхээр яамдуудад мэргэжлийн орчуулагчтай болно гэсэн үг үү? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-АНУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан ил тодын хэлэлцээр батлагдсан. Ил тодын хэлэлцээрээр хэрэгжүүлэх ёстой үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нэг нь хууль, тогтоомжийг орчуулж, нэгдсэнд санд байрлуулах ажил хэрэгжихгүй байгаа юм. Тиймээс өмнө нь баталсан хуулиудаа орчуулж байгаа. 

Хуулийн төслийг хэлэлцэх явцдаа дэлгэрэнгүй, товч танилцуулгыг хамт оруулж ирж байя гэсэн юм.  Дараа нь үг агуулгыг тайлбарлахдаа товч танилцуулгыг ашиглаж байя. 

Бид хүрээ хязгаар дээр гурван зүйлийг л оруулж ирсэн. УИХ-ын тухай хуульд заасан татвар, эрүү, зөрчил зэрэг хуулиудын анхдагч болон шинэчилсэн найруулгыг Засгийн газар боловсруулна гэж заасан. Хэрэгжүүлээд хоёр жил болж байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Хууль хэрэглэх явцад ойлгомжгүй байдал үүсвэл танилцуулгад дурдсан агуулгын тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болно гэж орж ирсэн байна. Байнгын хороогоор энэ зүйл заалт нь өөрчлөгдвөл яах вэ? 

Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон:

-Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг төслийг хэлэлцэх явцад эх сурвалж болгон ашиглаж болно. Гэхдээ шүүхэд албан ёсны баримт болохгүй гэж заасан. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гарахад уг дэлгэрэнгүй тайлбар, танилцуулгыг ашиглахаар оруулж ирсэн. Ач холбогдол нь анхнаасаа хуулийн төслийг боловсруулахдаа ямар зорилго, практик шаардлагад үндэслэн оруулахаар хуулийг чанаржуулна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбат:

-Энэ хуулийн төслийг олон талаас нь нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Хууль хоорондын зөрчил, УИХ, гишүүдийн бүрэн эрхэд халдсан асуудал байгааг шүүмжилж байна. УИХ-ын тухай хуульд дэгээ тогтоох эрх нь УИХ-д байгаа. Дэгээ хэрхэн тогтоохыг УИХ өөрөө тогтоодог. Гэтэл үүнийг Засгийн газар санаачлаад оруулж ирсэн байна. УИХ-ын тухай хуулийн 38-р зүйлийг бүхлээр нь хүчингүйд тооцож, өөрчлөхөөр ярьж байгаа. УИХ бол онцгой бүрэн эрхтэй байна. УИХ нь Монгол Улсын хөгжлийн үндсэн чиглэлийг өгч, түүнийхээ биелэлтийг хянадаг. Гэтэл үүнийг Засгийн газар өөрсдөө батлаад УИХ-д танилцуулдаг байх нь зохимжгүй. Суурь хуулиудыг Засгийн газар санаачилдаг зохицуулалт байгаа. Гэтэл УИХ-ын гишүүдийн нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг нь хаах боломжгүй. УИХ-аас нэмэлт өөрчлөлтийг тухайлбал хууль санаачлахад Зөрчлийн хуульд давхар нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Энэ тоолонд Засгийн газар хууль санаачилж оруулж ирэх үү? 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Нэмэлт өөрчлөлт гэдэг үгийг хэлэлцүүлгийн шатанд татаад авч болно. Бид ил тодын хэлэлцээрийг хэрэгжүүлээгүй гэсэн шахаанд орчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 500 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Эдгээрийг орчуулж, санд тавья, нэг хуулийн үг үсгийг хууль болгонд өөрөөр ашигладгийг цэгцэлье л гэсэн. УИХ-ын гишүүд бодлогын эсрэг янз бүрийн хууль санаачилдаг. Эдгээрийг янзалъя гэж байгаа юм. УИХ-ын тухай хуулийн 38.3-р зүйл хэвээрээ үлдээе. Харин боловсрол, гамшгийн тухай хуулиа татаад авчихъя. Бусад төслийг хэвээр үлдээж өгөөч ээ гэсэн харилцан ойлголцол хийе. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Улс төрийн амьдралд хамгийн эгзэгтэй мөч бол Засаг солигдох явц. УИХ, Засгийн газрын харилцааны асуудал хамгийн эмзэг цэг. УИХ бол анхдагч хууль тогтоомж гэдгийг байнга санаж байх ёстой. Тиймээс Засгийн газар ийм хууль өргөн барихдаа болгоомжтой хандах ёстой байсан. Угаасаа нөхцөл байдал хүнд байхад ийм хууль оруулж ирж болохгүй. Х.Нямбаатар хэлэхдээ УИХ-ын тухай хуулийн 38.4-д хүрээ хязгаараа заасан гэсэн боловч үүнийгээ өргөжүүлж, хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлтөө оруулсан байна. УИХ чинь төсөв дээр зардал нэмж чадахгүй болчихож байна. Өргөн барьсан хуулиар чинь УИХ дэгээсээ өөр хуулийг санаачилж болохгүй болчихно. Эрхзүйн тогтвортой байдал чухал байна. Засаг, сайд солигдох тоолонд хууль болохгүй болохоор ийм байна гээд үндсээр нь өөрчилж байна. Сая нүүрсний хулгайн хэрэгт хүртэл хууль, хяналтынхан хууль руу буруугаа чихэж байна шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн үндсэн зорилго нь эрхзүйн тогтвортой байдлыг хангах юм. Эрхзүйн тогтворгүй байдал үүсгэдэг гол асуудал нь төсөв дагалдуулж 30, 40 хууль оруулж ирээд УИХ-ын гишүүд төсөвтэйгөө ноцолдож байхад нь баталчихдаг. Тэр 30, 40 хуульд нь нийгмийн даатгал, татвар гээд бүгд орчихсон байдаг. Төсвөө баталсныхаа дараа эргээд хартал эрхзүйн орчин шал өөр болчихсон байдаг. Байгаа хуульдаа тохируулж, төсвөө боловсруулж, УИХ баталдаг баймаар байна. 

Гадныхны шаардлагаар хуулийн орчуулга хийх гээд байгаа мэтээр ярих нь буруу. Монгол Улсад эрхзүйн тогтвортой орчин байгааг гадаадын хөрөнгө оруулагчдад харуулахын тулд орчуулга зайлшгүй хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Ард түмний эрх мэдлийг УИХ хэрэгжүүлдэг. Сүүлийн үед УИХ-ыг мөлжөөд бүх юмыг нь хураагаад авчихлаа. Нэг хэсгийг Үндсэн хуулийн цэц, нөгөө хэсгийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч хэрэгжүүлж байх шиг.

Одоогийн Засгийн газар бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн том, эрх мэдэлтэй болсон. Бараг асуудал болгонд сайдтай. Ажил ярих гэхээр сайд нар эрх мэдлийг төвлөрүүлэх, өргөн барьж байгаа хууль нь төвлөрлийг бий болгоход чиглэж байна. Бидний байгуулах гэж зорьж буй нийгэм бол иргэний, ардчилсан, чөлөөт эдийн засагтай, нийгэм. Эрх мэдэл иргэнд, анхан шатанд байх ёстой. Салбарын хуулиуд ороод ирэнгүүт тогтолцооны шинэчлэлт болж, босоо удирдлагатай болдог, цүнх баригч нараар дүүрдэг.

Засгийн газар хангалттай эрх мэдэлтэй байхад нэмж авах гээд байна. Засгийн газрыг хэн бүрдүүлдэг юм? Нам. Тэгэхээр МАН-д бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байна. Ард түмний эрх мэдэл, иргэний оролцоо, нээлттэй эдийн засаг байхгүй болсон. Нүүрсний бүх хулгайч нар Засгийн газарт очоод шигдчихсэн байна шүү дээ. Дээлгүй хүмүүс рүүгээ дайраад өнгөрөх юм байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Институт хоорондын харилцаанд сэв суулгах, үл ойлголцол үүсгэх нөхцөл байдал бий болгох хуулийн төсөл орж ирж байна. 2016 оноос хойш ажиглахад энэ УИХ бол Засгийн газраа тултал дэмжиж байгаа. Нэн яаралтай гэхээр нь шөнө хүртэл хуралдаад дэмжээд явчихдаг. Нийгмийн багц хуулийг оруулж ирээд УИХ буцаасан гэж худлаа ярьж байна. Байнгын хороон дээр хоёр яам нь муудалцсаар байгаад буцаагаад татсан. Бид ажлын хэсэг гаргаад дэмжээд хоёр сайдын хооронд гүүр болсон.

Өөрсдөө юмаа хийж чадахгүй буцаангуутаа УИХ дэмжээгүй гэж буруу ярьж байна. Яамд нь нэгнээ дэмжихгүй байгаагаас хуулиуд чинь гацаад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сан хоосорцон. Төсөв орж ирэхэд нь бид Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн ажлыг нь Байнгын хороон дээр араас нь хөөж, бараг сайдын ажил хийж байж 275 тэрбум төгрөгийг Сангийн яам шилжүүлсэн. Хүчтэй парламент байж, хүчтэй Ерөнхий сайд, сайн Засгийн газар байна гэдгийг ойлгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-УИХ-д өргөн баригдаж, иргэдийн аж амьдралыг зохицуулж байгаа хуулиуд бичигдэхээсээ авхуулаад ойлгомжтой зөв байна уу, хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдлаас болж хууль хэрэгжүүлэгчид хоорондоо муудалцахаас сэргийлж анх Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан. Сүүлийн үед 7 хуудастай хуулинд 70 зарчмын санал гарах нь юу ч биш болсон. Үг үсэг, найруулгын алдаатай, тоо нь хоорондоо зөрдөг, бусад хуулиудтай уялддаггүй хуулиуд орж ирдэг болсон. Ажлын хэсэг сүүлийн үед үг үсгийн алдаа засдаг ажилтай хүмүүс л болоод байна. Яам нь ажиллаад, олон улс, дотоодын зөвлөхүүд ажиллаад эцэст нь ийм түүхий хууль өргөн бариад байна.

Өргөн барьсан хуулиудад эрхзүйн дүгнэлт гаргадаг байсныг 2019 онд болиулсан. Энэ буруудсан байна. УИХ-ын гишүүд олон хуулийг санаачлан өргөн барих эрхгүй болчихсон. Салбарын том реформын хуулийг зөвхөн салбарын яам л өргөн барих ёстой. Бид хүлээгээд л суудаг болсон. Гэтэл ард түмэн, салбар салбарын төлөөлөл УИХ-д ажиллаж байгаа шүү дээ. Салбарын яамнаас хууль өргөн барихаараа өөрийнхөө яамныхаа эрх ашиг, зөвшөөрлийг л нэмсэн, ард түмний эрх ашгийг зөрчсөн хуулийг боловсруулах магадлал өндөр байдаг. УИХ-аа зүгээр редакцын комисс болгож гэсэн агуулгатай хуулийн төсөл оруулж ирлээ. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

Үндсэн хуулийн Цэцийн 2022.12.14-ний өдрийн 02-р дүгнэлтийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Үндсэн хуулийн Цэц гэж төр бужигнуулдаг, төрийн эргэлт хийдэг, хууль зөрчсөн, нэр нүүрээ барсан, насны хязгаар нь өнгөрсөн хүмүүс тэнд очиж, улс төрийн захиалга гүйцэтгэдэг болсон. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг манаж, тэр зөрчлийг илрүүлдэг газар байх ёстой. Гэтэл Цэц өнөөдөр  УИХ-аас илүү эрх мэдэлтэй, хууль засдаг, нүүрсний хулгайчдыг давхар дээл өмсүүлж, хамгаалдаг газар болсон байна. Төрийн эсрэг төрийн бүтэц бий болсон.

2021 оны хавар ярьж байхад төрийн албаны насны дээд хязгаар нь гүйцчихсэн Чинбат гэх нөхрийг төрсөн өдрөөр нь оруулж ирнэ гэсэн. Одоо болтол оруулж ирээгүй байна. Олигарх, мафиудыг хамгаалсан, Үндсэн хуулийн эрх мэдлийг давуулан хэрэгжүүлж буй есөн хүн бий болсон. Энэ нөхцөл байдлуудыг задалж ярихгүй юм уу? Үндсэн хуулийг татан буулгаж, хүмүүсийг нь бүрэн шинэчлэх асуудлаа ярихгүй юм уу? Бусад нь байг гэхэд УИХ-аас томилсон гурван нөхрийг оруулж ирээд шүүхгүй юм уу?

10 : 22
2022-12-23

"Ирэх долоо хоногт Засгийн газар ҮХНӨ-ийн төслийг өргөн барина"

Чуулганы хуралдаанаар дөрвөн хуулийг хэлэлцэнэ. Нийт 32 хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар дүгнэлт, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дарханы арьс ширний цогцолборын талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

УИХ-ын гишүүд горимын санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Нүүрсний хулгайн асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна. Эдийн засгийн байнгын хорооноос нээлттэй сонсголыг зохион байгуулж, олон асуудлыг гаргаж тавьсан. Одоо энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх ёстой. Ерөнхий сайдын мэдээллийн цагаар энэ асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хэлэлцэхгүй, хардлагад өртөж байна. Яаралтай энэ асуудлаа хэлэлцэх шаардлагыг УИХ-д хүргүүлж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ш.Адъшаа гишүүн дэгээ уншиж, хуультайгаа танилцаж, чуулгандаа оролцохыг хүсье. Энэ долоо хоногт УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсдог. Ерөнхий сайдын мэдээллийн цаг байхгүй. Ажлын хэсэг нээлттэй сонсголын үр дүнг тав хоногийн дотор УИХ-д танилцуулдаг.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Т.Аубакыр, Ц.Анандбазар, Ё.Баатарбилэг, Н.Ганибал, Ш.Адъшаа Т.Энхтүвшин тэргүүтэй 21 гишүүн мал аж ахуйн салбартай холбоотой асуудлаар Хяналтын түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад хоёр сарын өмнө хүргүүлсэн. Одоо энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ. Өнгөрсөн гуравдугаар сард салбарын сайд нь малын арьс шир, түүхий эд, биокомбинат байгуулах асуудлаар хүсэлтээ хэлж байсан. Монгол Улс жилдээ 20 сая арьс гаргаж, есөн сая арьсыг 32 үйлдвэр боловсруулж, 10 гаруй сая арьсыг хаядаг гэдэг мэдээлэлтэй болсон. Энэ салбар нэг сая гаруй хүний эдийн засгийн байдалтай шууд холбогддог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын тогтоолын төслийг даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, оруулах саналыг хэлэлцсэн юм. Гэвч тэр үед гурван эм, нүүрс, Хөгжлийн банкны гээд Хянан шалгах түр хороо ажиллаж байна. Зардал төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй байна. Мөн Үндсэн хууль болон УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нийтийн эрх ашгийг хөндсөн кейс асуудлаар байгуулах шаардлагатай. Малын эрүүл мэнд, махны экспорт хэт ерөнхий асуудал учраас хойшлогдож байгаа юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Бид ээлжит бус чуулганыг хийж, давхар дээлтэй болсон. Гэхдээ агуулга нь өөр байсан. Энэ үеэр 2022 оны наймдугаар сарын 29-нд С.Одонтуяа гишүүнтэй хамтран санаачилж, ажлын хэсэгт орж баталсан УИХ-ын 53 болон 54 дүгээр тогтоол байна. Энэ тогтоолд Засгийн газар чиглэл тухай Үндсэн хуулийн цэцийн 01/02 тогтоолтой холбогдуулан УИХ-ын гишүүний тоог шинэчлэх тодорхойлох, ҮХНӨ оруулах тухай журмын тухай хуулийг боловсруулж 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газарт даалгасан. Ирэх долоо хоногт Засгийн газар энэ тогтоолын дагуу ҮХНӨ-ийн төслийг өргөн барихёстойг сануулъя.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ долоо хоногт нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийлээ. Би хоёр жилийн турш гэрээ, тээврийн хулгайг ярьсан. Б.Ганхуяг захирал цагдаад хоёр ч удаа өгсөн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин дахин яриад байхад хуулийнхан авч хэлэлцээгүй. Нүүрсний асуудлыг яриад байхад эрх баригчид бүгд мэдэж байсан. Өнөөдөр нэгнээ намнах хэрэгсэл болгож байна. Энэ дотроо АН-ын хоёр гишүүнийг оруулсан. А.Адъяасүрэн гишүүн нэг кг нүүрс жолооч нартай гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэж байгаа.

Эрх баригчдын нэг жишээ бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Та яах гэж боомтын сайд болно гэж гүйсэн юм бэ. Таныг одоо хил рүү явуулах боломжгүйгээр мулталж хаялаа. Ц.Сэргэлэн генерал сайн төрийн хүн. Нүүрсний ойртуулах нэг юм нь бор нүүр л байгаа. Өөр юу ч байхгүй. Ингэж нэгнээ намнаж, нр хүндэд халдаж, дараа дараагийн тойргоо сулладгаа болих хэрэгтэй. Парламент муухай гэж харагдуулдаг. Та нарт анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж