Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР
"Цөмөөхэй"-н БАЛЕРИНА

“NEWS” агентлаг залууст зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор  балетчин, 15 настай авъяастан охиныг онцолж байна. Түүнийг Бадрахын Анаргэрэл гэдэг. Залуу балерина балетаар есөн жил гаруй хичээллэж байгаа аж. Тэрбээр балетаар дамжуулан эмэгтэй хүний нандин чанар болоод эрхэмсэг байдлыг харуулахыг зорьдог гэнэ. Ингээд түүнийг танилцуулъя.

БАДРАХ АНАРГЭРЭЛ

2007.10.21

Суралцаж буй сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургууль

Биеийн өндөр

158 см

Хэлэх дуртай үг

Өнөөдрийн зовлон үүрдийнх биш

Өшөө хичээгээд давчихвал мөрөөдөлдөө хүрнэ

Хайртай амьтан

Муур

Сошиал хаяг

Anar Gerel /facebook/, anrgrl._.b /Instagram

БАЛЕТ ГЭХ СОНГОДОГ УРЛАГТ ДУРЛАХ БОЛСОН ШАЛТГААН?

-Анх нэгдүгээр ангийн сурагч байхдаа ээжтэйгээ хамт “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзсэн юм. Тухайн үед гавъяат жүжигчин Д.Алтанхуяг ах гол дүрийг бүтээж байлаа. Надад тэр бүжгэн жүжиг маш их таалагдсан. Өнөөдрийг хүртэл тэр үеийн мэдрэмж санаанаас гардаггүй. Жүжиг үзсэний дараа Д.Алтанхуяг жүжигчинтэй хамт зураг авхуулсан мэдрэмж үнэхээр үгээр зүйрлэмгүй гоё байсан.  "Хунт нуур" тэр цагаас хойш би балетад дурлах болсон юм. Ээж минь ч намайг дэмжсэн. Ингээд  өнөөдрийг хүртэл тасралтгүй есөн жил хичээллэж байна.

АНХ ЯМАР ЖҮЖИГТ ТОГЛОСОН БЭ?

-Хамгийн анх гэвэл 2014 онд “Цөмөөхэй” бүжгэн жүжиг УДБЭТ-ийн тайзнаа тавигдахад бяцхан модон хүүхэлдэйн дүрд тоглосон байдаг. Тухайн үед би долоо настай байсан болохоор хамгийн жижигхэн бүжигчний дүрд тоглож байлаа.

ЦӨМӨӨХЭЙН ГОЛ ДҮРД ХЭЗЭЭНЭЭС ТОГЛОХ БОЛОВ?

-2015 онд "Цөмөөхэй” бүжгэн жүжигт эсрэг дүрийн хулганы дүрд тоглож байсан. Түүний дараа 2016 онд “Цөмөөхэй” бүжгэн жүжигт үлгэрийн орны сахилгагүй хүүхэлдэй,  2017 онд гол дүр болох Клара охины дүрд хувирсан. Үүнээс хойш Клара охины дүрийг бүтээдэг болсон.

 

БАЛЕТЫН УРЛАГААРАА ХЭЧНЭЭН ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОЛЦОЖ ЯМАР ЯМАР АМЖИЛТ ГАРГАЖ БАЙСАН БЭ?

-"Полишинэль Номадик кидс" анхдугаар уралдаанд анх удаа ороллцож, тусгай байр эзэлж байсан. Түүний дараагаар Монголын үндэсний балетын улсын анхдугаар уралдаанд тусгай байр эзэлсэн байдаг. Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулиас зохиогддог “Авьяаслаг 23-2017″ урлагийн наадмын гоцлол бүжгийн нэгдүгээр байр эзэлсэн. Дараа нь 2018 онд "Номадик балет продакшн"-ы уралдаанд багийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Мөн Москва хотод болсон Олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож байсан. Монгол Улсын балтетын уралдаанд ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүрсэн бол багийн төрөлд төрөлд алтан медаль хүртэж байлаа. Монголын үндэсний балетын “Хөгжил сан”-гаас зохион байгуулсан уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Түүнчлэн Өмнөд Африкаас зохион байгуулсан Олон улсын балетын уралдаанд амжилттай оролцсон.

БАЛЕТААР ДАМЖУУЛАН ҮЗЭГЧДЭД ЮУГ ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬДОГ ВЭ?

-Балет биеийн хэлэмжээрээ "ярьдаг" урлаг юм. Тийм учраас би дүрийнхээ гол санааг нүүр царай, нүд, гар, хөл гээд бүх биеэрээ үзэгчдэд ойлгуулах, илэрхийлэхийг хичээдэг. Балет бол сонгодог урлаг. Энэ урлагаар дамжуулан эмэгтэй хүний нандин чанар болоод эрхэмсэг байдлыг харуулахыг зорьдог.

 

БАЛЕТААР ХИЧЭЭЛЛЭХЭД ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ?

-Балетын урлаг маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Бүх цаг хугацаанд тэвчээртэйгээр тухайн бүжгээ өөрийн болгохын тулд өөрөөсөө маш их эрч хүч, сэтгэл зүрхийг гаргах хэрэгтэй. Хамгийн энгийн хөдөлгөөнийг төгс хийхэд маш олон удаагийн бэлтгэл дасгалаар шаардагддаг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Ихэнх цаг хугацааг балетаар хичээллэж өнгөрүүлдэг. Гэхдээ урдаа амттан өрөөд кино үзээд суух дуртай.

ААВ, ЭЭЖИЙГЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Би дээрээ хоёр эгчтэй, тэд маань тусдаа гарцгаасан. Аав, ээжийнхээ хамт амьдардаг.

ИРЭЭДҮЙД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХЫГ ХҮСДЭГ ВЭ?

-Ирээдүйд балетын урлагаараа тууштай хичээллэн гоцлооч болоод оргилд нь хүрэхийг хүсдэг. Мөн энэ урлагаар явахын тулд сэтгэл зүй маш чухал учир ОХУ-д сэтгэлзүйч мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа.

ҮЕ ТЭНГИЙН НАЙЗУУДТАЙГАА ТОГЛОХ ЗАВ ГАРДАГ УУ?

-Хичээлээ тараад бэлтгэлдээ яваад өдөр хоногийг завгүй өнгөрүүлдэг. Тэр үед манай үеийнхэн өдрийг тоглож өнгөрүүлдэг нь өөрийгөө олох цаг хугацааг алдаж байгаа мэт санагддаг. Сурагч насандаа зав чөлөөтэй байгаа үедээ ирээдүйд ямар хүн болох зорилготой болох ёстой. Зорилгынхоо төлөө чадах бүхнийг хийх хэрэгтэй.  Хүн багаасаа мөрөөдөл, зорилгоо олж авах хэрэгтэй гэж боддог. Яг төгсөх болохоороо өөрийнхө хүсэл мөрөөдлөө таниагүйгээс буруу мэргэжил сонгоход хүрдэг байх.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж