Төрийн ордны улс төр, талбайн жагсаалыг харахад нүүрсний хулгайн эсрэг тэмцэл илүү энтертаймент, шоу тал руугаа хэлбийж, эцэстээ “нүцгэн үнэн”, “шалдан гуя” болоод дуусах шинжтэй болжээ. Ийм л дүгнэлт өнгөрсөн 18 хоногийн үйл явдлаас уншигдав, харагдав.
Эрх мэдэл, мэдээлэлд илүү ойрхон хэд нь баяжиж, ихэнх олонх нь өр, зээлэндээ баригдан, нэг хэсэг нь өнгө, мөнгөнд умбаж, нөгөө хэсгийнх нь өнгө, мөнгө уруудаж, гундсан ийм хоёр кастын систем бүрэлдэж байгаад иргэд бухимдсан, уурласан. Гэтэл иргэдийн бухимдлыг ашиглаад эрх мэдэл, хөрөнгө мөнгөө булаацалдсан улстөрчид жагсагчдыг “могойд барьдаг мод” болгож дөнгөлөө. Одоо цааш, цаашдын органик жагсаалд очих, иргэний нийгмийнхэнд итгэх хүнгүй болох вий гэсэн эмзэглэл төрөв.
Нэг.
АТГ-аас өнгөрөгч долоо хоногт нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдэж буй 17 улстөрчийн нэрийг улс даяар зарлав. УИХ-ын долоон гишүүн нэр холбогдсон, түүнчлэн Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн хүртэл хулгайн хамсаатан байж болзошгүй нүүрсний хэргийг хэрхэн шийдвэрлэх нь монголчуудын төдийгүй гадаадынхны анхаарлын төвд байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс авлигатайгаа хэрхэн тэмцэхээс эдийн засаг, улс төрийн ирээдүй шийдэгдэнэ. Авлига Монголын ардчиллын хамгийн том дайсан, эдийн засгийн хамгийн том хорлон сүйтгэгч болсон. Тиймээс АТГ авлига, хулгайн хамгийн том дуулиан болсон нүүрсний хэргийг хэрхэн шийдвэрлэхээс Монголын ардчилал орших, оршихгүйн асуудал яригдах юм.
Гэтэл АТГ-ын дарга З.Дашдаваагийн Төрийн ордонд болсон нийтийн сонсголын үеэр илэрхийлсэн байр сууриас харвал АТГ авлигатай, авлигачидтай тэмцэх хүсэлтгүй мэт. Ийм шүүмжлэл гарах, ингэж хардах болсон шалтгаан нь түүний хэлсэн “Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дотор УИХ-ын гишүүн байхгүй” гэх үг.
Тэгвэл АТГ-аас нүүрсний хулгайтай шууд ба шууд бусаар холбоотой гэж УИХ-ын долоон гишүүнийг шууд нэрлэсэн нь ямар шалтгаантай байв аа?. Тэднийг албаар харлуулсан уу, аль эсвэл айж, амаа үдүүлсэн үү?! Иргэдийн төөрөгдүүлсэн энэ мэт мэдээлэлдээ АТГ газар тайлбар хийх ёстой. Хэрэвзээ, АТГ хэн нэгнийг хулгайч, авлигач гэж гүжирдэж гүтгэсэн бол бусдын нэр төрд халдсан асуудлаар шүүхэд дуудагдаж таарна. Харин авлигач, луйварчдыг хамгаалж буй бол АТГ өөрөө авлигач болж харагдана. Аль ч талаас нь харсан авлигатай тэмцэхэд АТГ өөрөө саад болж байна гэсэн үг.
Хоёр.
АТГ-ын дарга З.Дашдаваагийн хэлсэн өөр нэг үг мөн анхаарал татаж байна. Тэрбээр “Манай байгууллага Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гурван асуудлаар тайлбар авсан, шалгаж байгаа. Гэхдээ түүнийг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм. Хэрэв тэр хүнийг яллагдагчаар татсан тохиолдолд шүүх дээр очиход байгаагүй бол оргосон гэж үзэх хуультай” гэснээс харвал АТГ хэнээс нь хэдэн тэрбумын барьцаа нэхдэг, гэрчээр дуудаж авчраад сэжигтнээр хорьдгоо мөн хэнийг нь “оргон зайлахгүй” гэх баталгааг өгөөд гадагшаа гаргадгаа тайлбарлах шаардлага үүсч байна. Үгүй бол АТГ ахиад иргэдийн итгэл үнэмшил рүү ус цацсантай ялгаагүй харагдана.
Нүүрсний хулгайн асуудлаар 32 эрүүгийн хэрэг үүсгэсэн, ЦЕГ болон АТГ эдгээр хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. АТГ-ын хувьд авлигатай, албан тушаалтай холбоотой оффтейк гэрээнүүд дээр шинжээч томилон ажиллуулахаар болсон. Гэхдээ тэргүүн комиссор З.Дашдаваагийн ярьснаар оффтейк гэрээ мөн эсэхийг шинжээчийн багийн дүгнэлтийн дараа тодорхой болох гэнэ. Тэр нь ч зөв, ардчилсан улс мөн бол хэнийг ч хэлмэгдүүлэх, хэнийг ч ял завшуулах ёсгүй.
Гэвчиг АТГ-ын даргын болон мөрдөн байцаагчдынх нь тайлбар, мэдээллээс харахад АТГ нүүрсний хулгайн хэргийг шударгаар шийднэ гэсэн итгэл үнэмшил харамсалтай нь төрсөнгүй.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж байгаа шигээ АТГ мөрдөн шалгаж буй, гэрч, сэжигтнээр дуудсан хүмүүстэй ижил тэгш, тодруулбал, “Гэрч, хохирогч ямар үүрэгтэй, эрхтэй, ямар тохиолдолд яллагдагч, сэжигтэн, шүүгдэгч болох нь Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиар харилцаж явах ёстой, үүнийг нээлттэй сонсгол дээр ч ярьж болохгүй” гэдэг зарчмаа баримтлах ёстой. Түүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгад нэг өөр, иргэн Баттулгад бүр өөр хандаж болохгүй юм.
Гурав.
Авлигын эсрэг хуулийн дагуу 2007 оны нэгдүгээр сарын 11-нд АТГ-г байгуулсан. Харамсалтай нь, өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголд авлигын хэмжээ нэмэгдэж, авлигын индесээр ухарсан уу гэхээс урагшилсангүй. Жишээ нь, “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлтээр Монгол Улс 2017 онд 103-т, 2018 онд 93-т, 2019 онд 106-д, 2020 онд 111-т, 2021 онд 110 байрт орсон. Эндээс харвал сүүлийн таван жил АТГ ажлаа огт хийсэнгүй, хийхийг ч хүссэнгүй. Нүүрсний хулгайн хэрэгт барьж байгаа хандлагаас нь харахад АТГ лав акулуудтай тэмцэж чадахгүй юм байна. Авлигаас хурааж авсан байшингаа 4.3 тэрбумын байшингаа түрээслээд олсон мөнгөөр нь асрамжийн хүүхдүүдэд англи хэл заана гэж сууж байгаа авлигатай тэмцэгчдийг байсан нөхцөлд Монголд авлига буурахгүй. Авлигын байшингаар АТГ асрамжийн газрын хүүхдүүдийг "авлигадаж" болохгүй гэсэн үг. АТГ авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлүүлэх үүрэгтэй болохоос асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэл заах албагүй, үүрэггүй юм.
Энэ мэтээс харахад манай хуулийнхны өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг тогтолцоо нь өөрчлөгдөөгүй юм байна. Үндсэндээ, АТГ нь авлигатай тэмцэх биш авлигыг хамгаалдаг, өмгөөлдөг газар болж хувирчээ. Авлигатай тэнцэх газраас айхын учир энэ.
Холбоотой мэдээ