Зеленскийн айлчлалын ардах улс төр

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Зеленскийн айлчлалын ардах улс төр

Зеленскийн айлчлалын ардах улс төр

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт Вашингтонд хийсэн айлчлалаараа улс төрийн өндөр жүжиг үзүүлэв. Сүүлийн мөч хүртэл нууцлагдмал байсан энэхүү айлчлал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Зеленскийн анхны албан ёсны гадаад айлчлал байв. Дайны өнгө аяс өөрчлөгдөж эхлэх үед Зеленский АНУ-д айлчлав. Оросууд Украины дэд бүтцэд цохилт өгөхийн тулд нисгэгчгүй онгоцыг ашиглаж байгаа бөгөөд өвлийн хүйтэнд хүн амын ихэнх нь цахилгаан, дулаангүй болсон юм. Дайны талбараас 9000 киллометрийн цаана байгаа АНУ-д эрх барих Бүгд найрамдах намынхан голдуу зонхилсон Төлөөлөгчдийн танхимын гишүүд Украинд үзүүлж буй Нэгдсэн улсын санхүү, цэргийн тусламжийн түвшинд эргэлзсэн байр суурьтай байгаа. АНУ-ын засгийн газрын зардал одоогоор 1.7 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд үүнд Украинд шинээр олгохоор яригдаж буй 45 тэрбум ам.долларын тусламж багтжээ.

ХАМГИЙН ГОЛ НЬ БЭЛГЭДЭЛ

Vice President Harris and Speaker Nancy Pelosi (D-Calif.) hold a Ukrainian flag given by President Volodymyr Zelensky

Зеленский Вашингтонд хүрэлцэн ирсэн нь маш хүчирхэг нүүдэл болсон. Украины удирдагч болон түүний холбоотон Байдены засаг захиргаа айлчлалыг хамгийн сайн ашиглаж, үзүүлбэрээ "үзэгчдэд" тултал хүргэлээ. Байден Зеленскийг Цагаан ордны өмнөд зүлгэн дээр угтан авч, Сарнайн цэцэрлэгт хүрээлэнгийн захаар алхаж, Зууван танхим руу орон, түүнтэй зэрэгцэн хэвлэлийн бага хурал хийсэн. Конгресст үг хэлэхийнх өмнө Зеленскийд Сенатын олонхийн удирдагч Чарльз Шумер болон спикер Нэнси Пелоси нар Капитолын сүр жавхланг харуулсан байна.

Конгресст тавьсан Зеленскийн илтгэл хоёр намаас халуун алга ташилт хүртсэн бөгөөд Донбасс дахь фронтын шугамаас, цэргүүдийн гарын үсэгтэй Украины далбааг танхимд өргөснөөр сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулжээ. Зеленский цэргийн хэв маягийн хувцас өмссөн байв. Бэлгэдэл дангаараа хууль баталж, тусламж үзүүлэхгүй байж болно. Гэхдээ тухайн өдрийн зураглал нь АНУ-Украины эв санааны нэгдлийг шууд, сэтгэл хөдөлгөм байдлаар онцоллоо. 

БАЙДЕНЫ БАЙР СУУРЬ

<sub>President Joe Biden meets with Ukrainian President Volodymyr Zelenskyy in the Oval Office of the White House, Wednesday, Dec. 21, 2022, in Washington. (AP Photo/Patrick Semansky)</sub>

Бүгд найрамдах намын зарим гишүүдийн зүгээс АНУ-ын Украинд үзүүлэх тусламж нь "хоосон чек" байж болохгүй гэсэн байр суурийг илүү тод илэрхийлж байв. Харин Байдены байр суурь үүнээс эрс ялгаатай байлаа. Тэрбээр "Шаардлагатай л бол АНУ хийх болно" гэж мэдэгджээ. Лхагва гаригийн хэвлэлийн хурлын хаалтын мөчүүдэд Байден Украины дайнд АНУ-ын байр суурийг бататгасан бөгөөд Зеленскийд хандан "Та санаа зовох хэрэггүй. Украин оршсоор байгаа нөхцөлд бид украинчуудтай хамт байх болно" гэж хэлсэн байна.

Зарим хүмүүс АНУ-ын хувьд Украинд амин чухал ашиг сонирхол байхгүй гэж үзэж, Киев рүү урсаж буй мөнгийг илүү зардал, авлигын сүлжээ гэж хардаж, зарим нь дайныг Нэгдсэн улсын дотоод асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулах хэрэгсэл гэж харж байгаа аж. Харин Цагаан ордоны хувьд Украиныг зүгээр л алдчихаж болохгүй тэмцэл, Путиныг давж гарах ёстой айдас, Хятад, Иран зэрэг өрсөлдөгчдөдөө АНУ-ын сул талыг харуулах эмзэг цэг гэж харж байна. Гэхдээ Байдены байр суурьд эргэлзэх зүйл байхгүй. 

ЭРГЭЛЗЭЭГ ТАЙЛАХ ТОГЛОЛТ

Reps. Mary Gay Scanlon (D-Pa.) and Lisa Blunt Rochester (D-Del.) hold a Ukrainian flag

Айлчлал бүхэлдээ цаг үеэ олсон улс төрийн тоглолт байсан. Зеленскийн хэлсэн үг, үйлдэл бүр өгүүлэмжтэй байв. Зеленскийг ирэхийн өмнөх шөнө Цагаан ордны өндөр албан тушаалтнууд сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ, уг айлчлалыг маш чухал нөлөөтэй үйл явдал гэдгийг онцолсон. Энэ нөлөө нь богино хугацаанд ч болов аливаа шүүмжлэл, эсэргүүцлийг даван гарах хүч юм.

Төсвийн зардалд багтсан 45 тэрбум ам.долларын тусламжийг эсэргүүцэн маргаж буй хүмүүсийг энэ айлчлал хэлэх үггүй болгосон. Эх орноо хамгаалахын тулд дайн удирдаж, олон улсын бахдалыг татаж буй Зеленскийн халуун нүүрийг хараад тэд дуугүй болцгоов. Зеленский ч тэдний өмнө эрэмгий зоригт дайчны дүрийг үзүүлэн суусан. Ганцхан өдөр боловч тэрбээр АНУ-ын улс төрийн төв болж, тусламж эрэлхийлсэн. Магадгүй шүүмжлэгчид хэдэн сарын дараагаас Байден, Зеленскийд дахин эргэлзэж эхлэх л байх. Гэхдээ одоогоор бол тэдэнд хэлэх үг алга.

БҮГД НАЙРАМДАХЧУУДЫГ БУУЛГАЖ АВАВ

Ukrainian President Volodymyr Zelensky holds an American flag flown at the U.S. Capitol

 Зеленский  Цагаан ордны тэргүүнд талархлаа илэрхийлсэн боловч энэ дайнд дэмжлэг үзүүлэх нь зөвхөн Ардчилсан намын хүчин чармайлт мэт харагдуулахгүйн тулд Байденаас зайгаа барьж, нарийн шугамаар явжээ. Үнэхээр ч тийм. Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл, Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны хорооны тэргүүлэгч Бүгд найрамдах намын тэргүүн Майкл Маккаул зэрэг  Бүгд найрамдах намын олон улстөрч АНУ-аас үргэлжлүүлэн Украинд дэмжлэг үзүүлэхийн төлөө тууштай тэмцэгчид юм. Капитол дахь хууль тогтоогчдод хандан Зеленский Киевт айлчилсан хоёр намын хүмүүст талархал илэрхийлж, "хоёр намын" болон "хоёр танхимын" дэмжлэг хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Мэдээж Зеленский бүх хүний сэтгэлийг татаж чадаагүй. Тухайлбал, Зеленскийг үг хэлэхээр  танхимд орж ирээд гишүүд босч алга ташиж байхад Ардчилсан намын төлөөлөгч Лорен Боберт  суусан нь түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн биеийн хэлэмж байв. Түүнчлэн Ардчилсан намын зарим хууль тогтоогчид танхимд огт ирээгүй. Тухайлбал, төлөөлөгч Томас Масси  твиттерт Вашингтонд байгаа боловч уг  хуралд оролцохгүй гээд, Зеленскийг "Украины лоббич" гэж шоолон жиргэжээ. Гэсэн  ч Зеленский бусад Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг авах үүд хаалгыг маш нээлттэй байлгасан.

ЭНХИЙН ГЭРЭЭНИЙ ТОДОРХОЙГҮЙ ЗУРАГЛАЛ

Ukrainian President Volodymyr Zelensky

Дайн хэрхэн дуусах вэ гэдэг асуулт өөрөө асар том асуудал. Дайны нөхцөл байдлыг харвал Путин ухрахгүй байхаар шийдсэн нь харагдаж байна. Харин Украины ялах магадлал бага. Зеленскийн АНУ-ын улстөрчдөд хэлсэн илтгэлд энхийн гэрээний далд дохиог ажиглагчид олж харжээ. Тэрбээр хэлэхдээ, "Украин хэдийнэ саналаа тавьсан" гэсэн боловч юун тухай гэдгийг тайлбарлаагүй. Гэхдээ Зеленскийг саналуудыг Байдентай хэлэлцэж, ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан гэжээ. Мөн тэрбээр чуулга уулзалтыг ч хэлсэн үгэндээ дурдсан аж. Хэдийгээр энэ нь саналууд нь сонирхол татахуйц байсан ч энх тайванд хүрэхэд нэлээд хол байгаа нь ойлгомжтой байна гэж ажиглагчид дүгнэв. Энх тайвны талаарх асуултад Зеленский Оросын түрэмгийллийн улмаас гэр бүлийн гишүүдээ алдсан эх орон нэгтнүүдийнхээ хувьд энэ хэллэг ямар утгатай болохыг бодож эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж