Нүүрсний хулгайг эсэргүүцсэн долоон иргэнийг өнгөрсөн шөнө /2022.12.21/ баривчилж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд буй. Тэгвэл энэ нь өнгөрсөн шөнө үзэл бодлоо илэрхийлэн жагсч буй иргэдийг хорьсон асуудал биш болохыг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад, “Энэ сарын 5-ны өдөр жагсагчдын зүгээс Төрийн ордон руу дайрах, талбай дээрх гацуурыг шатаах, цагдаагийн алба хаагчид руу эсэргүүцэл үзүүлэх зэрэг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гарсан байдаг. Уг хэргийг үйлдсэн долоо иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Үүний дагуу прокурорын зөвшөөрлөөр өчигдөр /2022.12.21/-нд цагдан хориод байгаа. Тэдний цагдан хориог үргэлжлүүлэх, эсвэл суллах асуудлыг хоригдсоноос хойш 48 цагийн хугацаанд багтаан, шүүх шийдвэр гарна. Харин өнгөрсөн шөнө үзэл бодлоо илэрхийлэн жагсч буй иргэдийг хорьсон гэдэг нь худлаа” гэлээ.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ