Хятад улс нэгдүгээр сарын 3-наас эхлэн гадаадаас ирэх жуулчдад тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцлах болсныг Хонгконгийн телевиз мэдээллээ. Тодруулбал, хорио цээрийн дэглэмээ "0+3" бодлого буюу илүү оновчтой болгож өөрчлөв. "0+3" бодлого нь гадаадаас ирж буй зорчигчид ердөө гурван өдөр гэртээ эсвэл зочид буудалд тусгаарлагдана гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй дүрэм нь "5+3" бодлого юм. Үүнийг тайлбарлавал, зорчигчид тав хоног цаанаас томилсон тусгаарлах байруудад, гурав хоног гэртээ хорио цээрийн дэглэмээ баримтлана гэсэн үг.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лхагва гаригт ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ гадаадын аялагчдын тав тухыг илүү их хангана гэж хэлжээ.
Дашрамд дурдахад, тус улсад цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсний дүнд засгийн газар зарим хатуу арга барилаасаа татгалзсаныг бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд "QR" кодын хяналтыг үгүй болгох, ахмад настнуудын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэрэг зарим хязгаарлалтыг сулруулсан 10 шинэ удирдамжийг Төрийн зөвлөлөөс танилцуулсан юм. Энэ нь үндэсний хэмжээнд Covid-19-ийн бодлогод гарсан анхны албан ёсны өөрчлөлт болжээ.
Эх сурвалж: THE STANDARD
Холбоотой мэдээ