Чуулган: Нефтийн үйлдвэрийг түшиглэн дотоодын цэргийн анги байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Нефтийн үйлдвэрийг түшиглэн дотоодын цэргийн анги байгуулна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.12.22/ хуралдаан эхэллээ.


 

18 : 06
2022-12-22

"Эрдэнэт" үйлдвэр үүсмэл ордын 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших санал гаргасан"

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ явуулав. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Үйлдвэржилтийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакыр танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Энэ тогтоол өмнө нь чуулган дээр дэмжигдээд байнгын хороонд унасан юм уу. Сүүлийн байнгын хороонд дэмжигдээгүй юм шиг байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-2022  оны дөрөвдүгээр сарын 14-нд Н.Алтанхуяг гишүүнээс "Эрдэнэт" үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Хууль зүйн дүгнэлт гаргуулсан. Хууль зөрчсөн учраас дүгнэлтийг УИХ-ын Тамгын газар гаргасан. Н.Алтанхуягт тогтоолын төслийн саналыг хууль тогтоогчдод буцаах нь зүйтэй гэж тогтоолын төсөл гаргасан. Тэгээд анхны хэлэлцүүлэгт шилжсэн. Бид байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг гаргах дүгнэлт гаргаж, 12 хүний бүрэлдэхүүнтэй хүнийг томилсон. Ажлын хэсэг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд танилцуулгыг бэлдэж, байнгын хороонд ирүүлсэн. Мөн ялгаагүй Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн байна гээд хууль санаачлагчид буцаасан. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ овоолго үйлдвэр бий болсон цагаас үүссэн байх. Яагаад ашиглаагүй юм бэ. Үр ашиггүй юм уу?

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Х.Бадамсүрэн:

-"Эрдэнэт" үйлдвэр Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэр байх үед ийм үр ашиггүй асуудалд хөрөнгө оруулах боломжгүй гэсэн. Дараа нь "Зэс эрдэнэ"-ийн хувийн асуудал ярьсан. "Ачит ихт" компани хамтарсан үйлдвэрийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хувь доль эзэмших нь үр ашиггүй, "Эрдэнэт үйлдвэр нөөц ашигласны төлбөрийг авах нь зүйтэй гэдэг гэрээгээр явж байсан. Цаашид салбар яам, ТӨБЗГ-тай хамтран хэл ам дагуулсан өөр өөр зарчмаар бус үнэт зүйлээ үүсмэл ордоо төр өөрсдөө эрсдэл гаргаж, хөрөнгө  Засгийн газраар эцэслэн шийдэх үү, УИХ-д танилцуулах уу. Ийм бодлогыг гаргасан. 

"Эрдэнэт" үйлдвэр өөрөө үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ хийж дууссан. Тэр үйлдвэрээ байгуулахаар үр ашигтай ажиллахаар, байгальд ээлтэй, 10 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн. 

УИХ-ын гишүүн Т.Аубакыр:

-Ажлын хэсэг хуралдаагүй биш хуралдсан. Асуудлуудыг бид тодорхой хэмжээнд ярилцсан. Үүсмэл ордыг ашиглахын тулд хаяхгүйгээр хувийн хэвшил технологио олж ирээд, хөрөнгө мөнгөө гаргаж, улсад татвар төлж, тодорхой ашиг олж байгаа. Энэ асуудлыг буруу ойлгуулах хэрэггүй байх. Бид өөрсдөө хууль зөрчиж болохгүй. МАН-ын залуус гэж хандаж болохгүй.

Тогтоолын төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол баталлаа. Хууль санаачлагчид буцаав.

17 : 08
2022-12-22

"Нийт 1700 зөвшөөрлийг багасгаж, 362 болгосон"

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариул өгөв.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-1700 зөвшөөрлийг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулж буй хууль. Бизнесийг Эдийн засгийн яамнаас коджуулах ёстой. Цахим хөгжил, харилцааны яамтай хамтран зөвшөөрлийг цахимжуулах ажлыг хийж байгаа. Энэ хугацаанд олон хуульд мэдээллийн сан, цахим технологитой холбоотой заалтууд орсон. Эрсдлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудитын журмаа хурдан гаргаж өгөөч. Технологи нь ямар байгаа вэ. 2019 оны Харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодорхой заалтын агуулгыг оруулсан. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.3 зүйлд ямар нэгэн зөвшөөрлийн шинж чанартай зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглосон. Хуульд зөвшөөрлийн шинж чанаргүй бүртгэл хийх нь чөлөөтэй эрхэлж болж байгаа. Кибер аюулгүй байдлын хуульд бүртгэлийн шинжтэйгээр асуудлыг зохицуулсан учраас бүртгэлээр нь үлдээсэн. Н.Учрал сайдын ажлыг ойлгож байна. Бид 362 зөвшөөрлийг авч үлдэхдээ нийт 10 гаруй судалгаа хийж, эрдлийн үнэлгээг хийсэн. Бид ярьж байгаа хоёр зөвшөөрөл дээр ямар нэгэн судалгаа хийгээгүй. Зөвлөл байгуулж, нээлттэй сонсгол явуулж, зөвшөөрөл нэмэх эсэхийг УИХ-аар оруулж нэмдэг болох хууль батлагдсан. Нэг цагийн өмнө гурван зөвшөөрөл олгох хууль баталчихлаа. Ийм байдлаар яваад байвал хуулийн утга алдагдаж байна. Өөрөө бичсэн хуулиа өөрөө зөрчиж болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Энэ ерөөсөө зөвшөөрөл биш. Засгийн газраас гаргасан бүх шийдвэр нийтийн мэдээллийн системд уялдаж байна уу, дүгнэлт гарга гээд манай яаманд өгөөд байна. Гэтэл энэ олон компаниудын аль нь мэдээллийн аудит хийх эрхтэй юм бэ. Аль нь эрсдлийн үнэлгээ хийх эрхтэй юм бэ. Бүү мэд. Жишээ нь уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалахын өмнө систем дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хий гэнэ. Бидэнд эрх нь байхгүй. Зөвшөөрөл авах бус төрийн ажил зөв явахад туслах гээд байна. Хэн нэгэнд зөвшөөрөл өгөхгүй, туслалцаа үзүүлэх гэж байна. Тэгвэл гуравдугаар зүйлээ ав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бүртгэл гэдэг нь Зөвшөөрлийн тухай хуульд хориглосон нь зөвшөөрлийн шинж чанартай. Яагаад энийг оруулах болсон бэ гэхээр Засгийн газар, яам, орон нутагт лиценз гэдэг нэртэй зөвшөөрлийг өгч, бүртгэлийг зөвшөөрөл болгосон асуудал гарч байна. Тийм учраас зөвшөөрлийн шинж чанартай бүртгэлийг хориглож байгаа. Зөвшөөрлийн шинж чанаргүйд ломбардуудыг бүртгэж байгаа шүү дээ. 

ЗГХЭГ-ын ахлах референт Д.Саруул:

-Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.5 дээр хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөл лиценз бүртгэл явуулахыг хориглоно гэсэн. Тэрнээс биш хуульд зааснаас бусад тохиолдолд бүртгэл явуулахыг хориглоно гэж тусгаагүй. Танай Кибер аюулгүй байдлын тухай хуульд бүртгэл явуулна гэж заасны дагуу бүртгэлээ явуулж болно. Гэхдээ энэ хуулийн 1.3 зүйлд зөвшөөрлөөс гадуурх үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж болох боловч хуульд нийцүүлж эрхэлнэ гэсэн. Хууль дээрээ аудитын үйл ажиллагаа хийх этгээдүүдэд ямар шаардлага тавихыг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эмнэлгийн мэргэжилтэн буюу эмч сувилагч нар Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 зүйлд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ стандарт, технологийг мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Ямар нэгэн хохирол учруулсан тохиолдолд стандартаа барьсангүй гэж ял шийтгэл ногдуулдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.8.7-д тусламж үйлчилгээ худалдаж авах удирдамжаа олон улсын стандарттай болгож, байнга шинэчлэгдэж байгаа.

Бид баталсан стандартыг гаргаж, зарим нь 10 жил хоцорсон байгаа. Хүн эмчилж байгаа алдаа гарвал Стандарт хэмжил зүйн стандартыг баримтлана гэдэг. Тухайн хүний өвчний онцлогт тохируулж, эмч хүн өөрөө эмчилгээгээ сонгох ёстой ч зарим стандартууд хэт нарийн заасан, хоцрогдсон байдаг. Энэ их чухал асуудал.

ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн ахлах референт Д.Саруул:

-Эмчилгээний стандарт хоцрогдох асуудал байдаг. Салбар яамтай ярилцаж, эрх мэдэл өгсөн. Салбар яам нь өөрөө зохицуулах эрхтэй болсон. Бусад зүйлийг стандарчлах асуудал хэвээрээ. Одоо эмчилгээний арга зүйн стандартуудыг хүчингүй болгож байна. Эрүүл мэндийн яам олон улсын заавар зөвлөмжийн дагуу батална. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Засгийн газрын өргөн барьж байгаа хуулийг хэлэлцэж байхад сайдын суудалд шунасан хүмүүс нь алга. Ганц Н.Учрал сайл байна. Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсэгт байсан, 2019 онд орж ирсэн. Хоёр жил болж байна. Зөвшөөрснөөс бусад бүх зүйлийг хориглохгүй гэдэг зарчим дээр байж ирсэн. Мөн зөвшөөрлийн материал өгч, 21 хоногийн дараа хариу өгөхгүй бол шууд ажлаа эхлэх боломжтой. Төрийн ажилтны удсанаас үл шалтгаалан ажлаа үргэлжүүлэх санал гаргаж, оруулсан. Х.Ганхуяаг тэргүүтэй ажлын хэсгийнхэн 1700 зөвшөөрлийг 362 болгосон. 

Зарчмын зөрүүтэй 96 санал хураалтыг явуулж байна. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

17 : 06
2022-12-22

Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хаалттай хэлэлцэв

“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/ хэлэлцэв.

16 : 51
2022-12-22

"Архи худалдах зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон"

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн ажлын хэсэг сүүлийн хоёр жил УИХ дээр ажиллаж байгаа. Зөвшөөрлийн тоог нэмэх талаар судалгаа аваагүй. Одоо 362 зөвшөөрөл байсан бол өдөрт гурван зөвшөөрөл нэмж байна. Нэг өдөрт гурван зөвшөөрөл нэмэхээр хууль батлах гэж байна. Үндсэн зорилго, агуулга нь үндэсний аюулгүй байдал, эрүүл мэнд гэх мэтийг л зөвшөөрлөөр шийдэж, бусдыг нь бүртгэлээр зохицуулж болно шүү дээ. Энэ зөвшөөрөл болгон бүгд авлигатай. Бид нийтийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцалснаар олон авлигыг арилгасан. Гэтэл архи худалдах зөвшөөрөл 20 сая төгрөгийн ханштай болсон. Өмнө 3-4 сая төгрөг байсан. Хүнсний найман нэрийн дэлгүүр нээхэд 8-25 зөвшөөрлийг авдаг байсан. Тэр бүх авлига байхгүй болохоор архи нь 20 сая төгрөг. Хууль зүйн байнгын хорооноос ийм асуудал орж ирж байгаа нь харамсалтай. Зөвшөөрөд өөрөө авлигыг бий болгодог.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Таны батлуулсан хуулийн 9.6 зүйлд энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн, хуулийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд байгаа зөвшөөрөлтэй холбоотой хуулийн төсөлд энэ хуулийн 9.1 зүйлийн 5.3 заалт, нийтийн сонсголын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 заалт хамаарахгүй. Та шүүх шинжилгээний байгууллагын эрүүл мэндтэй холбоотой нарийн шинжилгээнүүдийг шүүх шинжээч дүгнэлт гаргахын тулд зөвшөөрөл өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Ямар юмных нь авлига вэ. Хөдөө шүүх шинжээчид очихгүй болохоор нэгдсэн эмнэлгийн их эмч нарт шүүх эмнэлгийн шинжээчийн тусгай зөвшөөрлийг олгоё гэсэн. 

Байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах үе шаттайгаар нэгтгэн явуулахыг дэмжих санал хураалт явуулж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

16 : 35
2022-12-22

"Шинжээч нарт цахимаар хэрэг хуваарилана"

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийв. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Би шүүхийн шинжээчийн ажлын дэд хэсэгт эмгэг судлалын багш н.Баярмааг оруулсан. Ажлын хэсэг шинжээчээр ажиллаж байгаа хүний нууцлалын асуудлыг хамгаалахгүй байна. Тэр маргааныг шийдвэрлэх зөвлөх зэргийн эмчийг ЭМЯ, ХЗДХЯ батална. Нэг томилсон хүнийг хэрэг шалгаж байгаа цагдаа хавтас хэрэг дотроо хийж, энэ хүн зөвлөгөө өгөх ёстой гэж нууцлалыг хангахгүй байх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлнө. Энэ асуудлыг яаж тусгасан бэ. Анагаахын эмч 10 жил сурч, хүүхэд төрүүлж танай байгууллагад ажилд орлоо гэхэд 30 насандаа орж 47 насандаа тэтгэвэртээ гардаг. Боловсон хүчний дутагдалд орох эрсдэлтэй гэдэг. Тусгай хүнд нөхцөл гэдгийг тусгаж болохгүй юу?

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

-Бид төсөл санаачилж, анх гэмт хэрэгтэй холбоотой хэргүүдийг цахимаар шилжүүлэхээр оруулж ирсэн. Өмнө нь байгууллагын дарга хэргийг хуваарилдаг байсан бол  цахимаар буюу тохиолдлоор шинжээч нарт хэргүүд хуваарилагдана гэсэн үг. 

Ж.Буянбат:

-Шүүх анагаахын чиглэлээр шинжилгээ хийдэг мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудал. Эмэгтэй хүн 47, эрэгтэй ажилтан 55 насандаа тэтгэвэрт гардаг. Хуулийн шинэчилсэн найруулгад 75.2 хэсэгт энэ байгууллагад таваас дээш жил ажилласан бол өмнө нь ажиллаж байсан жилүүд нь төрийн тусгай албанд ажиллаж байснаар тооцогдож байгаа. Дахиад насны хязгаар нь 47 наснаас таван жил, эрэгтэй 55 наснаас таван жил сунгагдах боломжтой болно.

Байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ эцэслэн батлах санал хураалтыг явуулж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

15 : 08
2022-12-22

"Дотоодын цэргийн албан хаагч гишүүний халдашгүй байдалтай адил байна"

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг Ц.Мөнхцэцэг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-87.3 болон 89.2 дугаар зүйлд дотоодын цэргийн албан хаагч цагдаагийн албан хаагчийн нэгэн адил хангагдана гэжээ. Цагдаагийн албан хаагчдын эдийн засгийн баталгаатай холбоотой юм уу. Энэ хууль батлагдсанаар Төрийн хяналт, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу. Ирэх оны төсөвт нэмэлтээр оруулах төсөв мөнгө бий юу?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хуулийн 87.3 зүйлд цагдаагийн албан хаагч шилжин ажиллах болсноор эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй бол энэ хугацаан дахь ЭМД, нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно. Цагдаагийн байгууллагын хуулиар эдэлж байгаа зохицуулалт гэж ойлгож болно. 89.2 хэсэгт аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жилд олгодог. Тиймээс дотоодын цэргийн байгууллагын бэхжүүлэх тал дээр улсын онц чухал объектуудыг дотоодын цэрэгт шилжүүлж байгаа. Жишээлбэл, Тавантолгойн бүлэг орд дээр Засгийн газраас тогтоол гаргаж, харуул хамгаалалтыг дотоодын цэрэг гүйцэтгэхээр 810 гэдэг дотоодын цэргийн шинэ ангийг байгуулсан. Том аж ахуйн нэгжийн гэрээт харуул хамгаалалтад дутагдалтай асуудал их байна. Зарим улсын компаниудыг хамгаалж байсан харуул хамгаалалтын ажилчдын 50 орчим хувь нь өмнө нь ял шийтгэл авч байсан ажилтан байсан. Ийм асуудал гарсан учраас хамгаалуулагч байгууллагын зардлаар дотоодын цэргийн урсгал зардлыг гаргасан. Мөн нийтийг хамарсан эмх замбараагүй явдлын үеэр шилжиж ажиллах үүрэгтэй. 

Мэдээж хэрэг тоног төхөөрөмжийн хувьд цагдаа, дотоодын цэрэг гэж ангилах боломжгүй. Нэг командлагчтай. Цагдаа нар үүргээ гүйцэтгэхээс гадна Эрүүгийн хэрэгт заасны дагуу цагдаа мөрдөн шалгадаг бол дотоодын цэрэг цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, улсын онц чухал объектыг хамгаалах.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Дотоодын цэргийн албан хаагчдад бусад албан хаагчдын нэгэн адил нийгмийн хамгаалал, цалин хөлс, гэр бүл гэх мэтээр дэмжиж байгаа. Байнгын хороонд маш сайн ярьсан. Ганц нэг асуудал байна. Нэгдүгээрт, дотоодын цэргийн бүтэц төрийн бүх объектыг хамгаална гэхээр хувийн хэвшлийнхэн том ачаа үүрч, ажлын байр бий болгож байгаа. Гэтэл төр ажлын байргүй болгох нь ээ. Маш олон сүлжээ дэлгүүрүүд ажиллаж байна. Гарцаагүй шаардлагатай газраа дотоодын цэрэг нь хамгаалж, үлдсэнийг нь хувийн хэвшил хамгаалж байхаар зохицуулах хэрэгтэй. Маш олон залуусын ажлын байрын асуудал. 

Дотоодын цэргийн албан хаагчийг УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай адилхан байна. Ингэж болохгүй. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа ч халдашгүй байдал нь зөвхөн ард түмний элч төлөөлөгч учраас хамгаалж байгаа шүү дээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид энд бас нэг дэлгэрэнгүй зураглал ярихгүй. Бид бүсчилсэн байдлаар дотоодын цэргийн 1-2 анги байгуулахаар төлөвлөж буй. Өнөөдөр төсөв дээр мөнгө байхгүй. Төрийн өмчит том компаниудын өөрсдийн хүсэлтийг үндэслэж өөрсдийн ангийг байгуулж байгаа юм. Цаашид Сайншанд дахь нефтийн боловсруулах үйлдвэрийг түшиглэсэн дотоодын цэргийн нэг ангийг байгуулна. Бусдаар аж ахуйн нэгж байгууллагуудын харуул хамгаалалтыг дотоодын цэрэг хамгаалахгүй. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед дотоодын цэрэг нэн шаардлагатай хүнсний цэг салбаруудыг халдлагаас хамгаална.

Бусдаар хувийн хэвшилтэй ажлын байр булаацалдахгүй. Говь-Алтай аймгаас татаж буй УЦС-ын хамгаалалт, Ховд, Баян-Өлгий, Увс, Архангайд ундны усны хамгаалалт гаргахаар төлөвлөсөн.

Зүүн бүст Дорнод, Хэнтий, Дорноговьд төлөвлөсөн. "Эрдэнэс Тавантолгой" компанийг хамгаалах гэрээний үндсэн дээр санхүүжилтийн тодорхой хэсгийг тоног төхөөрөмж байдлаар гаргуулахаар эрх зүйн үндэслэлээ гаргаж байгаа.

Улсын онц чухал объектыг хамгаалж байхад дотоодын цэргийн албан хаагчийг баривчлах нөхцөл байдал үүссэн үед дотоодын цэргийн командлагчид мэдэгдэж, орны хүнийг уг объектод томилж үлдээгээд цаашид хэргийн процесс үргэлжилж болно гэсэн агуулгатай юм. Гэтэл бичилтийн явцад халдашгүй байдалд хүрсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Дотоодын цэргийн үүрэг функц нь яг юу вэ. Цагдаагаасаа юугаараа ялгарах юм. Төсөв мөнгө нь салах юм уу. Хувийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах юм бэ?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-"Эрдэнэс Тавантолгой" компани дээр их л арын хаалгатай нэг компани байсан юм. Болохгүй байна. Хулгайн нүүрсний асуудал гарч өөрчилсөн юм. Бид их амархан мартаж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар Цагаанхаданд 12 сая тонн нүүрс овоолчихоод, шинэ нүүрсээ зарж чадахгүй байна гэсэн. Гэтэл шинээр байгуулсан дотоодын цэргийн анги тэнд халдвар хамгааллын дэглэмийг барьж чадсан. Тиймээс төрийн бодлоготой уялдаж, үр дүнтэй ажиллаж эхэлсэн.

ЦЕГ-ын цагдаагийн хурандаа К.Нямдаваа:

-Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4 дээр улсын онц чухал объектын жагсаалтыг Засгийн газар батална гэсэн. Командлагч, байгууллага дураараа хамгаалалтад авахгүй. Үндсэн чиг үүрэг нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, гамшиг, осол, хойшлуулашгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэх мэт дотоодын цэргийн алба хаагчид гүйцэтгэнэ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Дотоодын цэргийг Төрийн цэргийн байгууллага болгосон. Үүнтэй холбоотойгоор цагдаатай адил эрх, хангамжтай байхыг дэмжиж байна. Энхийг дэмжих, террорист үйлдлийн тусгай ажиллагаанд оролцох эрх үүрэг нэмэгдэж байна гэж ойлголоо. Нэмж тусгасан уу. Ц.Мөнх-Оргил гишүүнтэй санал нэг байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа командлагчийг баривчлах, саатуулахад тодорхой хязгаарлалт тавьж болох ч энийг заавал командлагчийн хэмжээнд шийдэх шаардлага байна уу. Нэгжийн удирдлага шийддэг байвал. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Төрийн цэргийн байгууллага төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгжүүдтэй болгоно. Ингэснээр цагдаа, дотоодын цэргийн байгууллага энхийн ажиллагаанд оролцоно. Цагдаагийн чиг үүргийг гүйцэтгэх бэлтгэх ажлаа хийж байна. Өмнө нь цөөн албан хаагч явдаг байсан бол одоо цагдаагийн чиг үүрэг нэмэгдэж байгаа. Дотоодын цэрэг хуулиараа хувийн хэвшлийн объектыг хамгаалах боломжгүй. Ажлын байрыг нь булаацалдахгүй. Хоёр бүс нутагт дотоодын цэргийн ангийг байгуулна. Нэгжийн удирдлагад танилцуулж, орны алба хаагчийг томилж, хэргийг шийдвэрлэж болно. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд дотоодын цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал ямар байдаг юм бэ. Хангамж нь бага байдаг юм байна гэж ойлголоо. Хэчнээн хүн хууль батлагдснаар хамрагдаж, хэр төсөв батлагдах юм бэ?

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис:

-Тантай санал нэг байна. 2014 онд Дотоодын цэргийн хуулийг хүчингүй болгож, 2017 онд шинээр байгуулсан. Бид төрийн цэргийн байгууллага гэж тооцогддог. Цагдаагийн алба хаагчийн адил хангамжтай. Зарим нийгмийн баталгаа нь хаягдсан байдаг. Нэмэгдлүүдийг нөхөх байдлаар хуулийн зохицуулалтыг хийж байгаа юм. Цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлдэг. Тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлнө. Дотоодын цэрэг цагдаагийн албанаас нөөцөө хангадаг. Цагдаагийн байгууллагаас дотоодын цэрэгт орох хүн цөөн байдаг. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна. Онц чухал объектын жагсаалтаа яаралтай батлах ёстой юм байна. Дорноговь аймагт дотоодын цэргийн ангийг хэзээ байгуулах вэ. Аймгийн төвийн усан хангамжийн сангууд хувийн хэвшлийн хамгаалалтад байдаг шүү дээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хэрэв Дорноговь аймгийн ЗДТГ, ИТХ-аас хамтарч ажиллаж, урсгал зардалд дэмжлэг үзүүлнэ гэвэл 2023 онд байгуулах боломжтой. Жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Тогтоолт нэмэлт оруулах асуулт л ярьдаг. Зарим яам агентлагийн хамгаалалтын дотоодын цэрэгт шилжүүлэх ёстой гэж ярьдаг. 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

14 : 05
2022-12-22

"Зөвлөлдөх санал асуулга явуулах тогтоол Үндсэн хуулийг өөрчлөх оршил"

Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт өгч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Зөвлөлдөх санал асуулга явуулахыг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад санал асуулга хийх нь зөв учраас УИХ-аас тогтмол зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Зохион байгуулалтын асуудлыг анхаарах хэрэгтэй. Өчигдрийн нээлттэй сонсгол шиг оролцох гэж байгаа хүмүүстээ маш сайн мэдээллийг өгөх нь чухал байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-ҮХНӨ оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нийгмийн гажууудлыг төр засах ёстой. Энийг өөр арга замаар шийдэх ёстой. Бид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд гурван жилийн дараа дахин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль гээд үндсэн баримт бичиг байдаг. Үндсэн хууль бол улсын зөвшлийн бичиг баримт. Улс төрийн намууд нийт ард иргэд оролцох ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Хэлэлцэж байгаа асуудлыг Ш.Адьшаа гишүүн буруу ойлгосон юм болов уу. Үндсэн хууль тогтолцоог өөрчлөх асуудлыг яриагүй. УИХ-ын тогтоолын нэгдүгээр зүйлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлыг эрэмбэ, олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог хангах, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвшилцөх үндэсний хэмжээний санал асуулга явуулсугай гэсэн. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт, инфляци, гадаад валют, ажилгүйдэл, эдийн засгийн асуудал, жагсаал цуглааныг олон нийт ярьж байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хууль, тогтолцоог өөрчлөх талаар ярихгүй. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Иргэдтэйгээ нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зүйл тодруулъя. Нээлттэй сонсгол зохион байгуулахад иргэд хулгайн асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэж, ямар хариуцлага хүлээлгэх вэ. Иргэдийн амьдрал эрс муудаж байна. Иргэдийн 1072 хувьцааг амь оруулах асуудлыг хэлж байна лээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Санал асуулгад зөвлөлдөх зөвлөлийг долоо хоногт байгуулна. Сэдвүүдээ боловсруулж, журмын дагуу санал авах ажлыг статистикийн байгууллага зохион байгуулдаг. Эхний шатанд 18 насанд хүрсэн иргэн оролцох бөгөөд статистикийн аргачлалаар санал асуулга авна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Гарц шийдлийг иргэд тогтолцооны өөрчлөлт хийх гэдгийг хэлж байна. Хяналтын хорооныхон нэгдээд байна. Хулгайг үндсээр нь өөрчилье гэвэл сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентаа бэхжүүлэх шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Өчигдрийн нээлттэй сонсголыг би бүтэн сонссон. Төрийн тогтолцооны асуудлыг иргэд ярьж байна лээ. Нийгмийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн тусламжтайгаар тодорхойлж ярилцъя. Иргэд, жагсагчид, эдийн засаг, эрдэмтэн судлаач, гишүүдээрээ хэлэлцэнэ. Зөвлөл байгуулж, ямар сэдвээр ярих вэ гэдгийг хуулиар зохицуулна. 

УИХ-ын гишүүн Н.Энхбаяр:

-Бид энэ ажлыг 2017 онд зохион байгуулахад бараг дөрвөн сар зарцуулсан. Анхных болохоор дутуу юм байсан байх. Одоо хоёрдугаар сарын 20-нд орчим хийхээр төлөвлөж буй. Бид төлөөллийн ардчиллын зарчмаас шууд ардчилал руу шилжиж буй элемент гэсэн үг. Ингэж зөвлөлдөх хуультай. Хэлэлцэх асуудалд тогтолцоо, нийгмийн бүх асуудал орох байх. Хүн амын дийлэнх санал гарвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Тогтолцооны хувьд бид өнөөдөр заавал Үндсэн хуульд хүрэлгүйгээр өөрчлөлтийг хийх боломж бий. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ард түмнээс санал асуулга авахдаа бүгдийг нь адилхан оруулж байгаад аль нь хамгийн санал авсан нь хэлэлцэх ёстой. 

Хуулийн дагуу шинжлэх ухааны дагуу аргачлалаар гаргавал хэрүүл маргаан харьцангуй бага, үр дүнтэй гэдгийг нотолно. 

УИХ-ын гишүүдээс санал хураалт явуулж, тогтоолын төслийг батлав. Эцсийн найруулга дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.

Тэрбээр "Энэ бол Үндсэн хуульд өөрчлөлт хийх оршил мөн. Үүний дагуу орон даяар санал асуулгыг явуулах, агуулгыг бүрэн мэддэг хүмүүсийг оролцуулах талаар ярьж байна. Өнгөрсөн 2017 нь санал асуулга явуулахад маш цөөн хүний хүрээнд болсон. Манай намын хоёр нөхрөөр самбар бариулаад суулгасан. Зургаан гишүүнд сайдын суудал амалж, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар бүлгийн хурал дээр орж ирж, гишүүдээс гарын үсэг авч байсныг санаж байна" гэв.

13 : 56
2022-12-22

Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэв

 Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/ хийлээ. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ хуультай холбоотойгоор 91 хуульд нэмэлт өөрчлөлт орж буй. Анхны хэлэлцүүлгээр орно. Шалтгаан нь зөвшөөрлийн бүх үйл явцыг хуульчилна гэж тусгасан. Энэ зөвшөөрлийг хэрхэн яаж олгох, шийдэх вэ гэдгийг тусгасан байх ёстой ч одоо тусгаагүй байна. Хоёр зөвшөөрөл нэмэх асуудлыг дэмжиж байгаа ч цаашдаа нэммээргүй байна. Энэ бол эрсдэлтэй асуудал. Санхүүгийн тогтвортой асуудал, эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой зөвшөөрлийг өгч байгаа. Журмаар зохицуулах боломжгүй болж байгаа шүү. Найруулгын чиглэл өгдөг юм уу.

Бүртгэлийн санал хураалт явуулав. УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

13 : 28
2022-12-22

"Чалкогийн гэрээ сунгаж, 2027 онд дуусна"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Биржээр хоёрхон төрлийн бүтээгдэхүүн зарах гэж байгаа. Нүүрс, төмрийн хүдрээс өөр юм байгаа юм уу. Хөрөнгийн биржид салбар байгуулж, зардал хэмнэх хэрэгтэй. Сүүлийн үед төрд байхаар хулгай нүүрлэж, олон нийтийнх болгохоор сайхан болдог гэж ярьдаг болж. Банкны IPO явж байгаа. Хөрөнгийн биржийн хувьчлал, "Эрдэнэс Тавантолгой" компанийн тодорхой хувийг олон нийтэд нээлттэй хувьчилна гэж буй. Энэ мөнгө нь байгаа юм уу. Гадаадын мөнгөтэй нэг хүн худалдаад авчихна шүү дээ. Монголын цөөн хүн их баян. Энийгээ сайн бодсон юм уу. Худалдааны хуулиа гаргахгүй юм уу.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 14 хувь нь ард түмэнд байгаа гэж ойлгож буй. Одоо 85 орчим нь төрд байгаа гэсэн өчигдөр нэг цаасан дээр 60 гаруй хувь болж. Үлдэж байгаа 20 хэдэн хувийг хэн авсан юм бэ?

"Тавантолгой" ХК нүүрс худалдах 633 гэрээ хийж. Урьдчилгаагаар 603 сая ам.доллар авсан. Үүнээс өнөөдөр 400 сая ам. долларын өртэй. 2022 оны аравдугаар сарын 12-ны байдлаар 67 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Үүнээс зургаан сая тонн нийлүүлж, 61 сая тонн нь дутуу. Гэтэл биржээр худалдах нүүрс байгаа юм уу. Бүгдийг нь урьдчилаад худалдчихсан байдаг.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат:

-Компанийн санхүүгийн тайланд хувьцаатай холбоотой 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан бий. Үүнд 81.51 нь "Эрдэнэс Монгол", иргэдэд 18.43 хувь, 486 аж ахуйн нэгжид 0.5 хувь байна гэсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани дээр дөрвөн гол том худалдан авагч байна. Бүгдээрээ "Чалко" тэргүүтэй БНХАУ-ын компани. Чалкогийн гэрээ 2011 оноос эхэлсэн бөгөөд дунд нь хоёр удаа сунгасан.

Гэрээ нь 2027 оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Эхний нөхцөл нь Цанхийн зүүн уурхайд хийж буй нүүрс олборлолтын 60 хувийг "Чалко" өөртөө авна гэсэн.

Нийт 25.4 сая тонн нүүрс авсан. Энэ оны байдлаар 644.7 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг авсан байна. Бусад гурван компани нь нийлээд 300 сая ам.доллар, "Чалко"-гоос 100 сая ам.доллар гээд нийт 400 сая ам.доллар авсан. Нийтдээ 603 сая ам.долларын мөнгө урьдчилан авч, нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Бид эхлээд бодлогоо гаргасны дараа Худалдааны тухай хуулийг батлах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-С.Ганбаатар гишүүний санаа зовж байгаа асуудлууд бүгд хасагдсан. Дараагийн чуулганаар ил тод байлгах, баялгийг тэгш хүртээх зорилгоор иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг биржийн эргэлтэд оруулах асуудлыг нь хэлсэн. Байнгын хороогоор бас энэ асуудал орж ирнэ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Байнгын хорооны хуралд техникийн саатал гарч, гар өргөөд явсан. Хоёр, гурван хувилбар явж байгаад хэлэлцэж тогтсон асуудал шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ийм хууль хэлэлцэж байгаа нь сайн. Ц.Цэрэнпунцаг гишүүн МАН-ынхны ярьдаггүй асуудлыг ярьж байна. Их сайн байна. Гэхдээ Ардчилсан намын үед байрыг хувьчилж, байр, малыг хувьчилсан. Хөрөнгийн биржийг байгуулсан. Тэр эцсээ хүртэл үр дүнгээ өгдөг. Та нарын гараар орохоор юу ч биш болдог шүү. Уул уурхайн биржийг байгуулж, нүүрсээ борлуулах юм байна. Дутуу ажил их байна. Ард түмний шахалтаар орж, дутуу, идэж уух гэсэн юм оруулж ирэх гэж байна. Бараг 50 хувиас доошгүй хувиа биржээр гаргах ёстой шүү дээ. Тэр Хятадын дөрвөн том компани нэгдэж, нэг үнэ хэлбэл та нар юу ч хийж чадахгүй шүү дээ. 1072 хувьцааны 18-хан хувийг нэмэл дээ. Өмнө нь байсан "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ ямар хяналт тавьсан юм бэ. Оюутолгой дээр хэзээ БЭТ томилох гэж байна. Нөгөө 34 хувь нь хэвээрээ юу?

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ томилогдож, эхнээсээ асуудлыг цэгцэлж байгаа. Засгийн газар бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ бүхнийг үгүйсгэх гэсэн хүмүүс байна гэдгийг хэлсэн. 

"Хөдөө аж ахуйн бирж 6.6 тэрбум төгрөгийг дээрэмдэж байна"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийг дэмжиж байна. Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан. Тэнд малчид ноолуураа бирж дээр тавьж, аж ахуйн нэгжүүд худалдан авч, экспортод гаргах байсан. Гэвч энэ асуудал гажуудсан. Бүх ноолуурын ченжүүд хөдөөгүүр явж, ноолуураа авч ирээд гаалийн бүрдүүлэлт хийхдээ биржийн зөвшөөрөл аваад ир гэдэг. Баахан хуурамч бичиг баримт бүрдүүлсний төлөө 1.25 хувийн шимтгэл төлдөг.

Юу ч хийдэггүй бирж. Энэ жил 10 мянган тонн ноолуур бэлтгэсний 2000 тонн эцсийн бүтээгдэхүүн, 8000 нь угаасан болон самнаснаар гарч буй. Тэр бүтээгдэхүүн болгоныг заавал 110 мянган болгож, юу ч хийгээгүй бирж нь 6.6 тэрбум төгрөгийг малчид, ченж, аж ахуйн нэгжүүдээс дээрэмдэж байна. Бирж өөрөө хүчтэй гадаад харилцаатай байж үр дүнтэй болно. Уул уурхайн биржийн 0.1 хувийн шимтгэл багадаж байна. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Уул уурхайн биржийн 0.1 хувийн шимтгэл дээшээ явсан учраас журамд тогтоосон юм. Хувь тойрсон асуудлаар маргаан үүсч, олон шимтгэлийн хувилбарыг ярьсан. 

Хуулийн төслийг эцэслэн батлуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв

12 : 03
2022-12-22

Зуучлагчид "Чингис хаан" банкийг худалдаж авах гэж байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Өнөөдөр Монголын нүүрсний үнийг хэн тогтоосныг сайн судалсан уу. Нүүрсний богинын тээвэр хийдэг хүмүүс үнэ тогтоож байна. Эрх баригчид оролцсон. Гадаадын хөрөнгө оруулалттай 10 мянган машин байгаагаас 90 хувь нь хятад машин. Үлдсэн дээр нь эрх баригчдын машин явдаг. "Эрдэнэс Тавантолгой" компани аман дээр нүүрсээ 109 ам.доллараар зарж байгаа. Энэ үнийг богинын тээврийнхэн тогтоож, "Эрдэнэс Тавантолгой" амны үнээ тогтоодог. Шалтгаан нь хэзээ хилээр гарах нь тодорхойгүй, хэн тэрийг тээвэрлэх нь тодорхойгүйгээр нүүрсээ зардаг. Тэрийг мафийн сүлжээ ажиллаж, өөрсдийн үнээр үнэтэй богинын тээврийг хийдэг. "Эрдэнэс Тавантолгой" компани жилдээ нэг тонн нүүрснээс 70 ам.долларыг олдог.

Зөвхөн богинын тээвэр үнэ тогтоож, хилээр гарах эрхтэй хүмүүс үнэ тогтоож байна. Нүүрсийг биржээр зарах гэж байгаа бол хилээр гарах эрхтэй нь цуг өгөх хэрэгтэй. Эргээд эрх баригчид гуйвуулдаг ажлаа хийж, дундаас нь ашгаа авч таарна. Энэ асуудалд маш сайн анхаар. Бирж дундаас нь татвар авдаг байгууллага болчих вий дээ. Хөдөө аж ахуйн бирж нэг бичиг өгдөг газар болж дампуурсан. Ганцхан "Чалко"-д ийм эрх байдаг. Тэр мафийн сүлжээг давж, 300 ам.доллар хүрэх боломжийг яаж олгох вэ. Энэ маш том асуудал. Нэг сая тонн нүүрсний гэрээг биржээс авлаа гэвэл өдөрт хэдэн машин гаргах боломжоор хангах вэ. Ингэснээр бодитоор хилийн цаадах нүүрсний үнэ тогтоно. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Уг энэ асуудлыг хэлэлцэх эсэх дээр ярилцсан бол. Яагаад 30 хувь гэж ярьсан гэхээр энэ асуудлаас болж байгаа юм. Бүгдийг нь зарахгүй багаас эхлэх гээд байна вэ гэхээр таны ярьж байгаа асуудалд байгаа. Тиймээс бид хоёрдугаар сарын 15-нд 15-20 хувиа зөвхөн чингэлэг тээврээр хил дээр аваачиж өгнө. Цагаанхадаар дайрахгүй. Бид боломж гарвал биржийн нүүрсийг тусдаа гарцтай болгохын төлөө Хятадын талтай хамтран ажиллана. 

Төлбөр хураамж авдаг бирж болгохгүйн тулд 0.1 хувийг шимтгэлээс өөр юу ч авахгүй байхаар хуульд тусгасан. Өнөөдөр үүнээс өөр гаргалгаа алга. Зөв үнээр нүүрсээ зарах нь чухал. Их үнэ хэлэх боломжгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нүүрсний хулгайг тээвэрчид хийгээгүй. Богинын тээврийнхэн хулгай хийгээгүй. Тухайн компанийн захирал, хятад компанитай хамтран ажиллаж байгаа гэрээнд хулгай нуугдаж байгаа. Тээвэрчид зардлаасаа нэг их гарч чадахгүй байгаа. Компанийн захирлууд хуйвалдаж гэрээ хийж байгааг засах гэж хууль гаргаж байна. Бирж бий болсон цагт тээвэр цэвэр болно. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-1072 хувьцааг амь оруулна гэхээр ард түмэн ашгаа авч, эзэмшигчид хяналт тавьдаг болох зарчмыг хэлнэ. Өнгөрсөн хугацаанд ард иргэдэд очоогүй ашгийг хэзээ нөхөн олгох вэ. Баахан хээл хахууль, өндөр зардлыг гаргасан. Хэзээ өгөх юм бэ. Зарим хүмүүс хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа ч мэдэхгүй байгаа шүү дээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Таны болгоомжилж байгаа нь зөв. Хөрөнгийн биржийн дор уул уурхайн биржийг байгуулахаар ажиллаж байна. Санал орсон байгаа. Дангаар нь байгуулах ч санал бий. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Иргэд баялгаас хүртэх боломжийг бүрдүүлэх юм. 1072 хувьцаа нийт хувьцааны 18 хувь. 2.5 сая иргэнд хуваарилагдана. 2012 оноос хойш төрсөн иргэдэд бас хувьцааг олгоосой. Мөн энэ бирж нь төрийн өмчит компани байна гэж орж ирсэн. Энийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна гэж оруулсан. Хувийн компаниуд орж ирж, хяналтаа тавих боломжийг нээнэ. Нөгөөтэйгүүр биржээр арилжаалахыг 5.8 зүйлд биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.14-т заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгэх тохиолдолд Засгийн газар шийдвэрлэнэ гэсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Ер нь янз бүрийн бирж байгуулдагаа болих хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээрээ л нэгтгэх хэрэгтэй. Энэ биржээ зах зээлийн онолын дагуу ажиллуулах хэрэгтэй. Даатгалын шинэчлэл хийхгүйгээр жижиг мэс ажилбар хийгээд үр дүнгүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ биржээ хурдан байгуулах хэрэгтэй. Тавантолгойн төлөвлөлтийг харахад 2023 онд 32 сая, 2024 онд 45 сая тонн нүүрс олборлоно гэж. Бид дэлхийд нүүрсний экспортоороо дөрөвт ордог юм байна. "Эрдэнэс Тавантолгой" Монголын нүүрсний экспортын 32 хувийг гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж, 108 компанитай гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалтаар нэг хүнийг нь шалгаруулдаг. Гэтэл 61 удаа шалгаруулж, давхар гэрээ хийчихдэг.

Энийг цэгцлэхгүй бол худалдан авалтад оролцдог хятад, монгол зуучлагчид 100 сая ам.долларын өртэй "Чингис хаан" банкийг худалдаж авах гээд Монголбанк дээр мөнгө байршуулаад явж байна гэх юм. 200 тэрбум төгрөг гэсэн үү. Үүнд хэн хариулт хэн өгөх вэ.

Тэр дунд Тавантолгойн мөнгө ч байгаа. ЭМД, Нийгмийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Энэ хулгай чинь хэтэрч, банк руу эдийн засгийн гол судас руу орж байна. Төрийн эзэмшлийн 81 хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам барьж байгаа. Үүний 70 хувийг салбарын яам, 30 хувийг ТӨБЗГ. Энэ 70 хувийг төлөөлж ямар ямар хүмүүс байна вэ. Энэ хүмүүсээ сольсон уу. Хэн нэгэн сайдын шахалтаар орсон хүмүүс үү. Явж явж хилийн үнээр тогтооход алдаа гарах вий. Дээд үнийг яагаад бирж хянах юм бэ. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-"Эрдэнэс Тавантолгой" компани одоогоор "Эрдэнэс Монгол"-ын дор байгаа. Уул уулхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалагддаггүй. Та сайн мэдэх байх. Энэ компани ЗГХЭГ-ын дор харьяатай. Салбарын яам бодлого гаргаж буй. Асуудлаас зугтаагүй. Манайхаас Төрийн нарийн бичгийн дарга ТУЗ-д суудаг. Тэр хүн ажлаа аваад удаагүй. Шинэ дарга. Өмнө хүн нь зургаан жил болоод шилжсэн.

Таны болгоомжлол зөв. Журмаараа "Эрдэнэс Тавантолгой" нүүрсний үнээ өөрөө зарлана. Ганц энэ компани саналаа өгөөгүй. "Энержи ресурс" бас үнийн саналаа өгнө. Хараад байхад энэ хуулийг явуулахгүй байя гэдэг хэсэг хүмүүс байна. 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:

-Одоогоор "Эрдэнэс Тавантолгой" хаалттай хувьцаат компани гэдэг эрх зүйн статустай байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь хадгалагддаг. Хөрөнгийн биржид бүртгэл байхгүй. 

10 : 54
2022-12-22

"1072 хувьцаа биржээр эргэлтэд орох боломжтой болно"

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ болж байна. 


Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Энэ хуулийг дэмжиж байна. Түр журам гаргаж байгаа. Ямар хугацаанд үйлчлэх вэ. Дахин булхай гараад ирэх вий дээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед нэг жил орчим энэ тухай хуулийг ярьж байсан. Тухайн үед нүүрсний асуудлыг цэгцлэхээр битүүмжлэгдсэн үнийг дугтуйнд хийж дуудлага худалдаагаар зардаг байсан. Хамгийн өндөр үнэ өгсөн компанид гэрээ хийх эрх өгдөг. "Эрдэнэс Тавантолгой" компанийн дансанд долоо хоногийн дотор мөнгөө байршуулдаг байсан. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Ж.Мөнхбат чухал санал хэллээ. Тэр ажиллаж байсан Засгийн газрын үед ажиллаж байсан уурхай дээр хийж байсан ажлуудыг хил нөхцөлөөр хийж байна. Түр журмаар зөвхөн нүүрсээ тестилж үзнэ. Хууль батлагдаад шууд хэрэгжих боломжгүй байгаа. Маш олон ажлыг хийх ёстой. 11 журмаас гадна бирж байгуулна. Нэг амьсгаагаар хийх боломж байхгүй. Хөрөнгө мөнгө шаардагдана. Хил нөхцөлөөр хийхээр хүндрэлтэй асуудал байна. Тиймээс  долдугаар сарын 1-н хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 хувийг ядаж зардаг болох ёстой. Эхний ээлжид хоёрдугаар сарын 15 хүртэл 20, 15 хувиа биржээр зарна. Хил нөхцөлөөр зарна гэсэн үг. 

Үнийн хувьд доод үнийг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрсдөө зарлана. Чалкогийн гэрээг сунгасан нь үнэн. Тийм учраас БЭТ томилсон. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Цаг үеэ олсон хууль байна. Энэ бол зөвхөн худалдааны загвар талдаа ажиллаж байгаа биз дээ. Нөгөө 1072 хувьцаа ямар түвшинд байгаа юм бэ. Ард түмэнд мэдээлэл өгье. Хувьцаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа болохоос амьгүй байна. Яаж амь оруулах вэ. Нүүрсээ бодит үнээр ил тод нээлттэй зарах тухай ярьж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа олон нийтийн хяналтад байхгүй байна вэ. Стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр олон нийтийн болгх хууль огт хэрэгжүүлэхгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна вэ?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-1072 хувьцаа үхмэл байгаа. Ард түмэн хувьцаа эзэмшсэн нэртэй. Нөгөө эзэн нь ашгийн авч, хөрөнгө оруулагч эзний хувиар хуралд оролцож чадахгүй. Үүнийг засч залруулъя. Хоёрдугаарт, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн өмчит компаниудад хулгайн асуудал гарлаа. Төр хянаж чадахгүй байна. Хувьцаа эзэмших эрхийг нь ард түмэнд нээж өгөх үүднээс энэ хуулийг гаргаж байна. Ажлын хэсэг санаачлага гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл гаргана. С.Ганбаатар та байнгын хороонд орж ирсэн мөртлөө дулимаг юм ярьж байна. Ард түмэнд хувьцааны эрхийг нээж өгье гэсэн. Энийг эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай:

-1072 хувьцааны бүртгэл Хөрөнгийн биржид хийгдээгүй. Тэр нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр байдаг. Ингэхдээ 2012 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө төрсөн бүх иргэдэд данс нээж, өгсөн. Гэхдээ Хөрөнгийн биржийн бүртгэл нээгдээгүй. Засгийн газрын шийдвэр гарч, 1072 хувьцааг эргэлтэд оруулж болно.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Г.Дамдинням гишүүн ээ ажлын хэсэг зунжингаа ажиллаж, төслийг бэлэн болгосон. Засгийн газар дээр журам боловсруулна гэсэн. Удахгүй УИХ-ын тогтоол орж ирнэ. 1072 хувьцаа биржээр эргэлтэд орох боломжтой болох юм. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-1072 хувьцаа бодит байдал дээр худлаа л байна. Хөрөнгийн бирж дээр байдаг хувьцаа шиг ард иргэд мэдээллээ авч, хяналтаа тавиад явах юм байна тийм үү. Хууль гарсны дараа дахин юм болсонгүй гэж ярихгүй биз дээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хоёр дахь зах зээлд гарвал 1072 хувьцааг мөнгөтэй хүмүүс цуглуулаад авчих учраас тэрийг нь хаах ёстой. Тийм учраас хоёр дахь зах зээлийн талаар ярихгүй. 

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-1072 хувьцаа дээр болгоомжлол гарч байгааг Засгийн газар ойлгож байна. Уг нь ард иргэд ногдол ашиг авах ёстой. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс гадаад руу явчих вий гэдгийг хүн бүр ойлгож буй. Бид зүгээр амь оруулж, үр өгөөжийг өгүүлэхээр ажиллаж байна. 1072 хувьцааг иргэд өнөөдөр зарчих вий гэдгийг ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Зэстэй холбоотой асуудлыг хуулийн 5.4 зүйлд биржээр арилжаалах нэр төрлийг Засгийн газраас батална гэсэн. Ер нь УУХҮЯ-ны оруулж ирсэн анхны үнээр төрөөс гаргаж байгаа зэс болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах бодлогыг барьж ажиллана. 

10 : 16
2022-12-22

"Сонсгол нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болж тарлаа"

Чуулганы хуралдааны эхэнд горимын санал гаргасан УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Өнөөдөр дахин нэг том хулгайг зогсоох хэрэг гарлаа. "Эрдэнэс Тавантолгой"-г хувьчлах гэж байна. Үүнийг зогсооё. Уул уурхайн биржийн тухай хуулийг дагалдаж орж буй Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэл болон арилжаа эхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх гэж заалт орж ирсэн. МАН-ынхан та нар ингэснээр бүхэн үхэлд хүрнэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнөөдрийн хэлэлцэх асуудалд ийм юм байхгүй. Ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Энэ бол ард түмний 1072 хувьцааг бүртгэлд хамруулах гэсэн агуулгыг холбогдох газар оруулсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө. Ес эхэлж байна. Хөдөө гадаа хүмүүсийн амьдрал хүнд байна. Бидний батлаад байгаа хуулиуд дутуу дулимаг байна. Уул уурхайн биржийн хуулиар 30 хувийг оруулна, өмчийг хувьчлахдаа 30 хувь гээд дандаа дутуу хагас юм хийж байна. ҮХНӨ-ийг бас яаруу хийгээд хэдэн хүн сайд болж салбараасаа баян сайд нар гарч ирсэн. Ингэж ажиллах юм. Ёс суртахуун гэж алга. Дарга нар өөрсдөө огцормоор байна. Нүүрсний хулгайг ярьсан залуус эрүүл мэндээ золиосолж, жагсч байна. Эрүүл мэндийг юугаар ч нөхөхгүй. Үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ ард түмэн харж байгаа. Энэ мэдрэмжийг мартахгүй байх.

10 жил төмөр замыг вагонтой, ачаатай нь хулгайлсан хүмүүс шийтгэлгүй үлдэж байна. Нээлттэй сонсголыг ямар муухай болгож байна аа.

Ард түмний мэдэх эрхэд яаж халдаж байна вэ. Нүүрсний хулгайчдыг өмгөөлөх хурал болж тарлаа. Ард нийтийн жагсаалыг саармагжууллаа.

Өнөөдөр Монголд нүүрсний хулгайчид жаргалтай байна. Хууль хяналтынхан ажиллахгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ерөнхий сайд хоёр ах дүү чадлаараа хичээж байх шиг байна. Бүгдээрээ түдгэлзээд, хариуцлагаа хүлээвэл яадаг юм бэ. Банкны захирлууд төрөөс авлагатай гэж ярьж байна. Хулгайч нарыг гааруулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би сая Ховд аймгийн тойрогтоо ажиллаад ирлээ. Дөрвөн сумаар орж, багийн иргэдтэй уулзахад баруун аймгуудаар цас зуд ихтэй, өвөлжилт хүндрэлтэй байна. Малчдын ихэнх нь ОХУ-аас малын тэжээлээ оруулж ирж байгаа. Тэрнээс нь гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх талаар арга хэмжээ аваач гэж захисан. 

Чандмань сумын Сүлжээ багийн Н.Цэнджав гэдэг хүн Хөшөөтийн уурхай биднийг хөлдөж үхүүлэх гэж байна гэсэн. Хөшөөтийн уурхай малчдад нүүрс өгдөггүй юм байна. Энэ жил 2.2 сая тонн нүүрс гаргасан ч аймгийн төсөвт багахан мөнгө оруулдаг. Гэтэл 12 сая тонн нүүрс гаргадаг "Эрдэнэс Тавантолгой" Монголыг болон хулгайчдыг тэжээж байна. Хөшөөтийн уурхай Хонгконгийн компанийн нэрээр замбараагүй үйл ажиллагаа явуулж, бараа бүтээгдэхүүнээ хэд дахин нугалдаг, тайлан гаргадаг шахдаг. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Нүүрсний хулгайн асуудал халуун сэдэв болж байна. Өчигдөр сонсгол болсон. Тэнд янз бүрийн юм болж байна. УИХ-ын гишүүн асуулт асуух боломж олдоогүй. Энэ ажлыг анхааралдаа авах шаардлагатай. Тавантолгойн орд 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 1.4 нь коксжих, 4.6 нь эрчим хүчний нүүрс гэж байгаа. Энийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ. Буруу ашиглавал 10 жил л тэжээнэ. Өнөөдөр мэргэжлийн бус хүмүүс буруу ашиглаж байна. Уг нь 10 тэрбумын нөөцтэй бөгөөд төрд очиж, хулгай нүүрлэсэн. Мэргэжлийн хүмүүс оновчтой бодлогогүй, олон хуваасан учраас ийм байдалд хүрсэн гэдэг. 

2010 оноос хойш 86 сая тонн нүүрс экспортолж, 12.8 их наяд төгрөг олсон. Үүнээс 7.5 их наядаар нь худалдан авалт хийсэн. 576 удаагийн худалдан авалт. Энийг авч үзвэл маш их хууль бус асуудлууд байна. Бидний хэсэг нөхөд ард түмний эзэмшиж байгаа 16.4 хувийг 34 хувь болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

10 : 14
2022-12-22

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын Намрын чуулганы энэ долоо /2022.12.22-23/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

 
Д/ДЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЦАГТАНХИМ
1·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

·      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00“Их хуралдай”
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж