Хүүхэлдэй урлаач "ахайтан"

Хуучирсан мэдээ: 2022.12.22-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэй урлаач "ахайтан"

Хүүхэлдэй урлаач "ахайтан"

Тэр уран бүтээлээрээ эмэгтэй хүний нандин бүхнийг илэрхийлэх дуртай. Нэг тийм гэнэн томоогүй, дэггүй, хайр татам. Тэрбээр "Амьдрал дээр ийм гэгээлэг, сайхан бүсгүйчүүд маш олон бий. Бүх эмэгтэйчүүд миний бүтээлээс тэр алдагдсан нандин зүйлээ сэргээж хараасай гэж хүсдэг. Эмэгтэйчүүдийн уян зөөлөн чанар, тэр их сэтгэлийн тэнхээг үнэхээр хайрлаж хүндэлмээр" гэв.

Энэ ахайтан бол Монголын хүүхэлдэйн урлагийг чадварлаг авч яваа уран бүтээлч Г. Бямбацэрэн. Түүний уран бүтээл уран зөгнөлт, үлгэр домгийн сонирхолтой өгүүлэмжтэй.

Жижиг хэмжээний хүүхэлдэйн баримлууд нь эмэгтэй хүний дэгжин байдал, гоёмсог донж хөдөлгөөн, хайр татам энхрий ялдам төрхтэй. Түүний бүтээл бүрээс өөр өөр түүхтэй бяцхан зохиолыг харж уншиж болно.

Тэрбээр "Монгол хүн ийм сонин содон хүүхэлдэй хийж байгаа нь хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх. Мэдээж монгол үндэсний хүүхэлдэй хийж чадах боловч зөвхөн Монгол гэсэн сэдэвт баригдах дургүй" гэдгийг хэлж байлаа. Ерөнхийдөө булцгар, мариалаг эмэгтэйчүүдийг урлах дуртай. Судалгаа гэхээс илүү донж гаргахыг чухалчилдаг тэрбээр хүүхэлдэйн зориулалтын материалаар шууд агаарт хатдаг шавар ашиглаж хийдэг.

Туслах материалын хувьд даавуу, шигтгээ, чимэглэлийн материалаар тухайн хүүхэлдэйн өнгө төрхөөс хамаарч сонгон хийдэг аж.

Хүүхэлдэйнүүдийнхээ бүх деталь, оёдол, хатгамал бүрийг өөрөө хийдэг. Хувцсаа хийхдээ эхлээд биеийг нь хийсний дараа биен дээр нь үлгэр гаргаж материал дээрээ хийдэг. Хамгийн сүүлд нь хүүхэлдэйнүүдийнхээ нүдийг зурах дуртай гэв.

"Зүүд" 2022 он. Материал холимог техник, даавуу. Хэмжээ – 38x25x 60

Түүний "Зүүд" уран бүтээл өөрийн зүүднээснь улбаатай. Хагас жил бодож, хоёр ч удаа зүүдэлсэн бүтээл гэдгийг хэлсэн юм.

Мөн нөхөртөө зориулсан бүтээл ч бий. Тэрбээр "Манай хүн матрын орд. Матрын хажууд дэрэн дунд сууж буй тайван, амгалан эмэгтэйг дүрсэлсэн. Ер нь туслах эд зүйлсээр санаагаа илэрхийлэх дуртай. Дэртэй хослуулан илэрхийлсэн нь энэ хүний хажууд тайван амгалан тав тухыг мэдэрсэн мэдрэмжээ энэхүү бүтээлээрээ илэрхийлсэн" гэлээ. Уран бүтээлч бүсгүй маань удахгүй 12 ордыг бүтээл болгох гэж байгаагаа хуваалцлаа.

Тэрбээр удам дамжсан уран бүтээлч. Түүний аавыг Чой.Ганбаатар буюу олонд "Погжий Ганбаа" нэрээрээ танигдсан зураач.

Г.Бямбацэрэнгийн хувьд 2009-2011 онд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хүүхэлдэй урлалын анги, 2012-2016 онд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг төгссөн. Чимэглэх зураач мэргэжилтэй бүсгүй юм.

Тэрбээр одоо "Heavenzone" хамтарсан үзэсгэлэнгээ "MonArt" галерейд дэлгээд буй нь энэ. Үзэсгэлэнд дэлгэсэн уран бүтээлүүдээрээ эмэгтэй хүний энхрий ялдам, хайр татам төрх, гоёмсог байдлыг харуулахаар зорьсон тухайгаа ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж