"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинезыг онцолж байна. Өдгөө 30 настай тэрбээр шигшээ багаа дэлхийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэж, том тоглолтуудад гайхалтай хаалтуудыг хийсэн билээ. Түүний хувьд тивийнхээ болон дэлхийн аваргын алтан бээлий шагналын эзнээр тодорч, Мессигийн арыг бат дааж буй.
ААВЫН НУЛИМС
Эмилиано Мартинез нь 1992 оны есдүгээр сард Атлантын далайн эрэг дээр орших Мар дель Плата гэх хотод төржээ. Түүний эцэг Алберто Мартинез болон эх Сюзан Мартинез нар бор амьдралаар өсч, хүмүүжсэн ажилчин ангийн хүмүүс аж. Амьдралын бололцоо тааруу байсан учир Эмилиано хүүхэд насныхаа талаар гэгээлэг дурсамж гэх зүйл бараг санадаггүй гэнэ. Гэхдээ тэр хөлбөмбөг тоглох үедээ аз жаргалтай болж, нүүрэнд нь инээмсэглэл тодордог байв.
Тэрбээр багадаа шөнө дунд төлбөрөө төлж чадалгүй арга мухардсан аавыгаа уйлж байхыг харжээ. Тэр шөнийг бяцхан аргентин хүү өдийг хүртэл мартаагүй бөгөөд үүнээс урам зориг аван заавал амжилтад хүрч, эцэг эхийнхээ ачийг хариулах ёстой гэх бодлыг өөртөө тээсэн.
Тэдний гэр бүл спортод элэгтэй. Дүү Мартн нь Испанийн хоёрдугаар лигийн Рекреативо Хуэльва багт довтлогчоор тоглодог бол авга ах нь 1980 оны олимпийн тулгууртын харайлтын төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Харин аав нь Аргентины гудамжны луге гэх спортын аваргаар зургаан жил дараалан тодорсон.
ДИБУ
Бяцхан хүү бусад аргентин жаалуудын адил хөлбөмбөг бол амьдралыг нь өөрчлөх, гэр бүлийг нь аврах ганц боломж гэж үзэн нийслэл хотынхоо “Индепендьенте” клубын хүүхдийн академид элсэн оров. Түүний дөнгөж хөлбөмбөг тоглож эхэлж байхад Аргентин даяар “Дибу” гэх телевизийн цувралын дүр алдартай болж, Эмиалиног түүний нэрээр дуудах болжээ.
Эмилианогийн авьяас чадвар багаас нь л тодорч Испани, Итали, Английн багууд түүнийг элсүүлэхийг хүсч байв. Улмаар 2010 онд Английн Арсенал клуб түүнд санал тавьж, Лондонд хүрэлцэн ирж шалгаруулалтад орохыг хүсчээ. Тэр ч зөвшөөрч, Англид ирж Арсеналын скаутууд, дасгалжуулагчдыг алмайруулсан аж. Арсенал түүнээс 1.1 сая фунт харамлаагүй бөгөөд энэ мөнгийг Индепендьенте клубд төлж, аргентин хүүг залуучуудын багтаа элсүүлжээ.
ЗЭЭЛ
Англиар ганц ч үг мэдэхгүй Лондонд ирсэн өсвөр насны хүүд эхлээд бүх зүйл хэцүү, бэрхшээлтэй санагджээ. Тэрбээр 17 настайдаа Английг зорьсон талаараа ярихдаа “Дүү, ээж хоёрыг уйлж байсныг санаж байна. Тэд намайг битгий яваач гэж гуйж байлаа. Гэхдээ би аавыгаа төлбөрөө төлж чадалгүй уйлж байхыг харсан хүн шүү дээ. Тиймээс би зоригтой байх хэрэгтэй байсан” гэжээ.
Түүнд хөлбөмбөгчин болохоос гадна инженер болох боломж байлаа. Тодруулбал, тэрбээр Буэнос Айресын инноваци, технологийн сургуульд элсч болохоор байв.
Гэрээсээ хол, шинэ орчин, ширүүн өрсөлдөөн дунд Эмилиано шалгаран үлдэж чадсан. Тэрбээр паспортны асуудлын улмаас 18 нас хүртлээ мэргэжлийн хөлбөмбөгийн талбайд гарсангүй. Харин оронд нь нөхөрсөг тоглолтуудад талбайд гарч, ганц хоёр бөмбөг хааж явсан удаатай.
Анх Англид очсон талаараа тэрбээр дурсахдаа “Би сайн багштай байсан. Одоо тэр манай дасгалжуулагч Унай Эмеригийн Англи хэлний багш болсон. Би түүнийг олон жил хараагүй ч одоо бол өдөр бүр бэлтгэлийн бааз дээр харж байгаа. Надад Англи хэл заасан түүнд би талархдаг. Надад том тус хүргэсэн. Би хэл сурахдаа сайн юм шиг байна лээ. Эхний зургаан сар л хэцүү байсан. Хамгийн гол нь Арсеналынхан надад хамгаалалтад ашиглах үгнүүд заасан. “Гараарай, зүүн, баруун мөр” гэх тэргүүтэй үгс. Би бүгдийг нь нэг долоо хоногт сурсан. Мөн би Португалаар цэвэр ярьдаг. Бас Италиар ойлгодог” гэжээ.
Эцэст нь боломж гарав. Гэхдээ Арсеналд бус доод лигийн Оксфорд Юнайтедад. Залуу хүүд талбайд гарч л байвал хаана, ямар ч клуб байх нь хамаагүй байлаа. Райан Кларк, Уэйн Браун нар гэмтэж, Коннор Риплейгийн зээллэгийн хугацаа дууссанаар Оксфорд Юнайтед хаалгачгүй болж, Арсеналаас 20 настай Эмилианог зээлээр авчээ.
Харамсалтай нь Аргентин хаалгачийн анхны тоглолт санаснаар нь болсонгүй. Порт Валегийн эсрэг тоглолтод хаалгандаа гурван гоол алдаж, баг нь ялагдал хүлээв. Тэр Оксфордын эхний бөгөөд эцсийн удаа талбайд гарсан нь энэ байлаа. Удалгүй Арсенал руу эргээд очсон. Мөн л багийнх нь гол хаалгачид болох Войцех Щенсный, Лукаш Фабиански нар гэмтэж, түүнд үндсэн багт боломж олджээ.
2013 оны есдүгээр сард лигийн цомын тэмцээний хүрээнд Эмилиано Арсеналын өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцож баг нь өрсөлдөгчөө 6-1 гэсэн харьцаатай хожсон. Хоёр дахь тоглолтоо ч тус тэмцээний хүрээнд Рийдингийн эсрэг хийн баг ялалт байгуулав. Гэхдээ л түүний нэгдүгээр багт гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө бага байсан учир ганц сонголт зээллэг байлаа. Зээлээр бусад баг руу явж өөрийгөө харуулж байж л багтаа байр суурийг олох ганц л сонголт байсан юм.
Тэр 2020 он хүртэл есөн жилийн хугацаанд Оксфорд Юнайтед, Шеффилд Уэнсдэй, Ротерхам Юнайтед, Волверхемптон Вандерерс, Гетафе, Рийдинг зэрэг багуудаар хэрэн хэсч, Арсеналаас, Арсен Венгерээс дуудлага ирэхийг хүлээжээ.
ТЭВЧЭЭР БҮХНИЙ АРД ШАГНАЛ БИЙ
2020 оны зургадугаар сарын 20-ны өдөр Арсенал-Брайтон багуудын тоглолтын нэгдүгээр үед Арсеналын Герман хаалгач Бернд Лено гэмтэл аван талбайг чөлөөлөв. Сэлгээний сандалд мэдээж боломжоо хүлээгээд есөн жил гадаад, дотоодоор “тэнэчихсэн”, тэвчээр нь тасрах дөхсөн Эмилиано Мартинез сууж байх нь тэр. Тэр тоглолтод аргентин хаалгач гялалзаж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, хэвлэл мэдээллээр магтуулж байлаа.
Удалгүй ФА капын финалд Челсигийн эсрэг гараанд гарч гайхамшигтай хаалтуудыг толилуулж, баг нь 14 дэх ФА капын түрүүгээ хүртсэн. Сэтгэл нь хөдөлсөн Эмилиано талбай дээр нулимс дуслуулж байлаа. Үүнээс хэдхэн өдрийн дараа холбооны цомын финалд Ливерпүүлийн эсрэг гараанд нэрлэгдэж баг нь торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан.
Гэтэл Бернд Лено бэртлээсээ эргэн ирж, Эмилианод хоёр сонголт үлдэв. Нэг бол клубдээ үлдэж, гарааны эрхийн төлөө өрсөлдөх эсвэл клубээсээ явах. Тухайн үед түүнийг авахаар Астон Вилла, Брайтон гэх багууд өрсөлдөж байсан гэх.
АМЖИЛТ ДАГУУЛСАН АСТОН ВИЛЛА
Удаан бодсоны эцэст Эмилиано Мартинез шийдвэрээ гаргаж, Астон Виллаг зорив. Түүний төлөө Бирмингхэмийн клуб 20 сая фунт төлсөн. Эхний тоглолтдоо л торгуулийн цохилт хааж, цаашлаад Премьер лигт эхний улиралдаа 15 удаа хаалгаа хуурай манаж, шинэ клубынхээ дээд амжилттай зэрэгцжээ. Хөгжөөн дэмжигчид нь ч түүнийг клубынхээ оны шилдэг гэж тодорхойлсон.
Арсеналыг орхихдоо тэрбээр “Энэ клубын дэмжигчдийн намайг гэх дэмжлэгийг бодсон ч урд хаалгаар гараад явахдаа баяртай байж чадахгүй. Хүнд хэцүү, шантармаар байсан ч Арсеналд гайхалтай 11 жилийг өнгөрүүллээ. Би багтаа эргэн ирж, боломжоо ашиглаж, хайрлахыг хичээсэн. Би бухимдлаа дийлж, 10 жил дарсан авьяасаа Арсеналын фэнүүдэд харуулсандаа баяртай байна. Би ийм зүйл чадна гэдгээ үргэлж мэддэг байсан. Явахад хэцүү байгаа ч хонгилын үзүүрт гэрэл асч байгааг би мэдэж байна” гэжээ.
ТЭР БОЛ ГОЦ ҮЗЭГДЭЛ
Агуу Лионель Месси түүнийг дээрх нэршлээр тодорхойлсон билээ. Ер нь Эмилианогийн замнал тэр чигтээ хүлээлт, тэвчээр. Аргентины шигшээ багийн гараанд гарах гэж тэр багагүй хугацаанд боломжоо хүлээсэн. Түүний өмнө Серхио Ромеро, Уилли Кабальеро, Херонимо Рулли зэрэг хаалгачид байв.
Дөнгөж 2021 оны зургадугаар сарын 3-ны өдөр шигшээ баг, эх орныхоо төлөө анхны тоглолтоо хийсэн Эмилиано Мартинез сарын дараа буюу долдугаар сар гэхэд Копа Америкагийн аварга, шилдэг хаалгачийн алтан бээлий шагналын эзэн болчихсон зогсч байлаа. Ялангуяа тэрбээр Колумбын эсрэг гурван удаа торгуулийн цохилт хааж, баатар болсон.
Тус тоглолтын дараа Месси “Торгуулийн цохилт бол ерөнхийдөө аз. Гэхдээ би Эмилианог дор хаяж хоёрыг хаана гэж мэдэж байсан. Нөхцөл байдал хүнд байсан ч бидэнд Эмилиано Мартинез гэх гоц үзэгдэл байлаа. Бид түүнд итгэсэн. Бид одоо финалд шалгарлаа” гэж байв.
Үүгээр ч зогсохгүй Аргентин финалд Бразилыг 1-0 гэсэн харьцаатай хожиж, тивийнхээ аварга болсон түүхтэй. Ийнхүү Эмилиано шигшээ багийнхаа номер нэг сонголт болж, Катарт гараанд гарах эрхээ баталгаажуулсан.
МЕССИГИЙН ТӨЛӨӨ ҮХЭЖ ЧАДАХ НЭГЭН
Копа Америкад түрүүлснийхээ дараа Эмилиано Мартинез Мессигийн талаар сэтгүүлчид хандан “Та Мессиг хөлбөмбөгчдийг догдлуулдаг гэсэн үү? Би ч бас догдолдог. Хаалгач байж шүү дээ. Би түүнтэй хамт лигийн бүх тоглолтод тоглох юмсан гэж хүсдэг. Тэгвэл би улам сайн хаалгач болох байх. Би түүний төлөө амьдралаа ч зориулж чадна. Бүр түүний төлөө үхнэ. Надаас илүү тэр Копа Америкад түрүүлэх нь чухал. Энэ бол үнэн. Би Астон Виллад сайн байгаа ч шигшээ багтаа ирэхээд 10-15 хувь сайжирчихсан юм шиг. Драгон Балл үзэж байсан биз дээ. Би яг л Вижита. Месситэй хамт тоглохоороо би супер сайан болдог” гэжээ.
ДЭЛХИЙН АВАРГА
Мэдээж Аргентины Катарт өнгөрүүлсэн аяллыг хүн бүхэн мэдэх байх. Хэсгийн эхний тоглолтдоо хожигдож, тааруу эхлэлийг тавьсан ч тэд эцэст нь дэлхийн аварга болсон. Хаалгач нь ч хийх ёстойгоо хийсэн. Тэр шөвгийн наймд Нидерландын эсрэг хоёр торгуулийн цохилт хаасан бол финалд Коло Муанигийн тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн цохьсон эгзэгтэй бөмбөгийг хааж, ард түмэн, эх орныхоо баатар дахин нэг удаа болсон. Харин торгуулийн цохилтоор аваргыг тодруулахад Кингсли Команы цохилтыг хааж дөнгөсөн. Энэ ч амжилтаараа дэлхийн аваргын алтан бээлий шагналын эзэн болсон билээ.
Дэлхийн аварга болсон Эмилиано Мартинез “Бид их зовсон. Бид бүгдийг хяналтдаа авсан гэж бодсон ч францчууд эргэн ирж чадлаа. Үнэхээр адармаатай тоглолт боллоо. Бидний хувь заяа ийм л байж. Тэдэнд түрүүлэх ганц боломж гарч ирсэн ч азаар миний хөл хаалаа. Энэ мөчийг би амьдралынхаа туршид мөрөөдөж ирсэн. Үүнийг илэрхийлэх үг алга. Би багадаа л Английг зорьсон. Энэ ялалтаа гэр бүлдээ зориулмаар байна” гэж ярьжээ.
Түүний гэргий Аманда гэх Португал бүсгүй байдаг бөгөөд хосууд Санти болон Ава гэх хүү, охин хоёртой.
Алтан бээлий шагнал хүртсэнийхээ дараа тэрбээр зохисгүй үйлдэл хийсэн. Тэгвэл энэ талаараа тайлбарлахдаа “Францчууд над руу орилоод байсан юм. Бахархал гэдэг зүйл надад хамаагүй” гэжээ.
Холбоотой мэдээ