Монголчууд өөрийн эрхээ бусдын эрхээр хязгаарлах дургүй хүмүүс. Тиймдээ ч жагсаал цуглаан хийж тэмцсэн ч өөрийн эрх ашгийг урдаа тавьдаг. Үүний жишээ нь төв талбайд 18 хоног үргэлжилсэн жагсаал. Малгай тавибал манайх гэдэг шиг төв талбайгаа эзэгнэж бүр ч болоогүй гэр барих зөвшөөрөл авч, тог цахилгаанаар хангуулж, сүүлийн өдрүүдэд ямба нь ихэдсэн аятай л туйлсан гэдгийг зарим хүн цахим хуудастаа бичиж буй. Үүнийг хууль хяналтын байгууллага ч үгүйсгээгүй. Гэхдээ Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэний эрхэнд хуулийнхан халдаагүй билээ.
Харин өчигдөр орой /2022.12.21/ жагсаалыг тараах болсон шалтгааныг жагсагчдын төлөөлөл олон янзаар тайлбарлав. Тухайлбал, 5-13 хонож, суулт зарласан жагсагчдыг эмнэлэгт хүргэх нэрийдлээр албадан саатуулах процесс болсон. Энэ үйл явдлыг бид сурвалжиллаа.
Жагсаал зохион байгуулах тухай хуулийн дагуу албан бичгээр санал хүргүүлсэн хэн ч зөвшөөрлийн дагуу цуглаан хийж болно. Гэхдээ зөвхөн хуульд заасны дагуу тайван замаар, жагсагч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд. Харин Сүхбаатарын талбайд олон хоног өрнөсөн суулт эцэстээ эрх ашигтай байж болзошгүй байдал үүссэн билээ.
ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХҮЙТЭН ПЛИТА ДЭЭР ЧИРЭГДЭВ
Хууль хяналтын байгууллага, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч тогтмол хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлсэн. Гэтэл өчигдөр зарим жагсагч нээлттэй сонсголд орох шаардлага тавьж -25 градусын хүйтэнд үстэй дээл, дотортой өмдөө тайлж нүцгэлж, зайлшгүй шаардлагаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай болсон билээ.
Тодруулбал, 10-30 минутын хугацаанд нүцгэн суусан иргэдэд осголт үүсэх эрсдэлтэй. Тиймээс нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах чиглэлийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгчээ.
Үүний дагуу алба хаагчид жагсагчдыг эмнэлэг рүү явах хүсэлт тавьсан ч зарим хүн эмнэлгийн ажилтнуудын биед халдаж, санаатайгаар үймээн дэгдээхийг оролдож байлаа. Жагсагчид хамгаалалтын бүс рүү нэвтэрч, алба хаагчдын биед халдсан учир шаардлагыг биелүүлэхгүй тул цагдаа нар хүч хэрэглэн иргэдийг түргэн тусламжийн машинд хүчээр суулгасан юм.
Гэхдээ цагдаа болон тусгай албаныхан цагаан хоолойгоор иргэдэд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлээс хамгаалж, жагсаалд оролцогчдыг талбайг чөлөөлж өгөхийг шаардаж байлаа.
Ганцхан жишээ татахад жагсагчдыг Түлэнхийн төв рүү авч явахыг эсэргүүцсэн эмэгтэй бухимдаж, цагдаагийн алба хаагчид болон эмнэлгийн ажилчдын биед халдсан. Үүнийг нь удаа дараа болохгүй гэж сануулсан ч тухайн иргэн болихгүй, төв талбай дээр хэвтэж, эсэргүүцэл илэрхийлж чанга хашхирсаар байсан юм. Тиймээс алба хаагчид арга буюу тухайн иргэнийг плита дээр 30 гаруй метр чирж, түргэний машинд албадан суулгасан.
АЛБАНЫХАН ЗӨВХӨН ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ Л АЖИЛЛАЖ БАЙГАА
СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга П.БАТ-ИРЭЭДҮЙ:
-Жагсаал цуглаан зохион байгуулсан өдрөөс эмнэлгийн байгууллага хоёр цаг тутамд үзлэг хийж ажилласан. Харамсалтай нь хуулийн байгууллага эмнэлгийн ажилчид муу ажилласан гэх ташаа мэдээлэл өгч, хариуцлага тооцох талаар ярьж байна. Энэ бол утгагүй. Эмнэлгийн ажилчдын тухайд нийслэлээс гаргаж өгсөн нөөц бололцоо бүхий автобусанд эмнэлгийн тусламж үзүүлсэн.
Гэвч бидэнд өчигдөр 3-аас дээш хоносон жагсагчдыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулах чиглэл өгсөн. Бид зөвхөн дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажил хийж байгаа. Гэтэл жагсагчид үүнийг зөвшөөрөөгүй.
Эмнэлгийн байгууллага руу авч явсан иргэдийг түр саатуулах байранд авч очсон гэдэг ташаа мэдээлэл. Ямартай ч жагсагчдын төлөөллийг Түлэнхийн төвд бүтэн биеийн үзлэгт хамруулсан. Одоогоор хариу гараагүй.
Талбай дээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад хоёр дүүргийн эмнэлгийн ажилчид ажилласан. Бид хэнийг ч албадан эмнэлэгт авч очоогүй.
ЖАГСАГЧИД: ХЭҮК БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ГОМДОЛ ГАРГАНА
Албаныхан ажил үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбар өгч байгаа бол жагсагчид иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдаж, санаатайгаар жагсаалыг албадан тараасан гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм. Тиймээс хуульч, өмгөөлөгчдөөс мэргэжлийн тусламж үйлчилгээ авч Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэдгээ хэллээ. Мөн жагсаалыг тараахаас гадна гэрүүдийг албадан буулгаж, ачиж явж, Соёлын төв өргөөг ч битүүмжилжээ.
Иймд шударга бус хандаж жагсагчдын эрхэнд ноцтой халдсан үйлдэлдээ хуулийн байгууллагыг тайлбар өгөх хүртэл жагсаалыг дахин үргэлжлүүлнэ гэдгээ ч зарим нь хэлж байв.
Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн дунд тэмцэгчийн дүрд тоглож, үймээн дэгдээхийг оролдож байгаа нэгэн байгааг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Мөн удахгүй төв талбайд болохоор төлөвлөсөн олон улсын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор жагсагчдыг тарахыг албан бичгээр мэдэгдсэн гэв.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам сахиулах албаны дарга, хошууч Б.ЛХАГВАЖАВ:
-Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ эрхийг жагсаал, цуглаан зохион байгуулах журмаар зохицуулдаг. Үүнийг жагсагчдад удаа дараа зөвлөмж, анхааруулга хэлбэрээр хүргэсэн. Мөн жагсагчдад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Тухайлбал, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн хэв журам хамгаалах хуулийн байгууллага жагсагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Энэ зүйл заалт хууль бус жагсаалд үйлчлэхгүй.
Сүүлийн өдрүүдэд өрнөж буй жагсаал нь хууль бус буюу хүний нэр төрд халдах, жагсаалд оролцогчид өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үйлдлүүдийг гаргах болсон. Цаашид энэ байдал даамжирвал хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй.
Тиймээс төв талбайд үргэлжилж буй жагсаалыг иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна гэх үндэслэлгүй бөгөөд хүний эрхээр халхавчлан, хууль бус, нийгмийг талцуулсан үйл ажиллагаа хийж байна гэж үзэж байна. Иймд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс өмнө олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Ингэхдээ хэн нэгний эрүүл мэндэд хохирол учруулах болон албадан саатуулах арга хэмжээ огт аваагүй гэдгийг онцолсон юм.
Ямартай ч жагсаалыг тараасан ч жагсагч иргэд эрхийнхээ төлөө тэмцэж, нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох хүртэл суултаа үргэлжүүлнэ гэдгээ илэрхийлсээр байна. Гэхдээ энэ жагсаалын хойно үнэхээр эрх ашиг нөлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй. Хүн бүхэнд хардах эрх бий ч шүүх хариуцлагыг хуулийн байгууллага ч тогтооно. Тиймээс иргэд эрхээ эдэлж байгаа бол үүргээ ухамсарлаж тайван жагсах нь зүйтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ