Сүхбаатарын талбайд цагдаа болон хүчний байгууллагын цэргүүд хүч нэмэгдүүлэн цуглаж, жагсагчдын байрласан хэсэг болоод төв талбайг бүтнээр нь бүчив. Жагсагч иргэдийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулахаар авч явж байгааг цагдаа нар тайлбарласан юм.
Харин жагсч буй иргэдийн зүгээс “Биднийг өдөрт өглөө, орой гээд хоёр удаа эмчийн үзлэг хийж байгаа. Эмч нар ирээд өдөрт хэдэн хүн хонох бүртгэлийг хийгээд л явчихдаг. Өнөөдөр хууль хүчнийхэн тойрч зогсоод дунд нь түргэн тусламжийн олон машин байна. Биднийг шинжилгээ авах нэрийдлээр эмнэлэг рүү авч яваад ямар нэгэн өвчний хариу хэлээд гэж байгаа. Улмаар шинжилгээ нэрийдлээр албадангаар тараах арга ашиглаж байна. Талбай дээр 300 иргэн байхад 3000 цагдаа байна. Энэ бол гүйцэтгэх ажиллагаа явуулж албадан тараалт” гэв.
Цагдаагийн албан хаагчдын зүгээс “Бид албадангаар таараагаагүй. Олон хоног жагсч буй иргэд лабораторийн нарийн шинжилгээнд хамруулах гэж байгаа” гэж тайлбарлаж байв.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын энэ оны арванхоёрдугаар сарын 09-ны өдрийн "Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үед яаралтай тусламж үзүүлэх тушаалын дагуу Сүхбаатарын талбайд эмч нар ажилласан.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтны мэдээллээр жагсаал, суултанд оролцож буй иргэд олон хоног гадаа талбайд хонож, биеийн дулаан тогтмол бага байснаас улбаалан олон эрхтэний үйл ажиллагааны хямрал үүсэх нь их байна. Мөн цус болон биеийн шингэний зуурамтгай чанар өөрчлөгдөж бие эрхтэн, эрүүл мэндийн байдалд ноцтой сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ээлжээр үзлэг хяналт тавьж, эдгээр иргэдэд хожуу гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлж стандартын дагуу хяналт тавьж ажилласан гэв.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ