"Сайжруулсан түлш тээвэрлэхэд 39.2 тэрбум төгрөг төлөвлөсөн"

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

"Сайжруулсан түлш тээвэрлэхэд 39.2 тэрбум төгрөг төлөвлөсөн"

"Сайжруулсан түлш тээвэрлэхэд 39.2 тэрбум төгрөг төлөвлөсөн"

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.


-Агаарын чанар шахмал түлшний стандартын талаарх сүүлийн саруудын мэдээллийг танилцуулбал?

-Улаанбаатар хотын хэмжээнд нийт 18 суурин харуул агаарын чанарыг 24 цагаар тасралтгүй хэмжиж байна. Байршил нь агаарын бохирдлын эх үүсвэрээс хамааран харилцан адилгүй байгаа. Гэр хорооллын орчим, автозамын ойролцоо, орон сууцны хороолол, үйлдвэрийн бүс гэх мэтчилэн харилцан адилгүй гэсэн үг. Олон улсад агаарын чанарын үзүүлэлтийг тухайн жилийн 1-12 дугаар сарыг дуусталх хугацаанд хэмжсэн үзүүлэлтийн дунджаар харьцуулан гаргадаг.

Улаанбаатар хотын онцлогоос хамааран халаалтын улирлын дунджаар агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулан гаргаж байгаа.

Ингэхдээ хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.

Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад:

  • PM2.5 тоосонцор 2 мкг/м3 буюу 6 хувиар,
  • PM10 тоосонцор 12 мкг/м3 буюу 11 хувиар,
  • азотын давхар исэл 7 мкг/м3 буюу 17 хувиар тус тус бага байна.

Харин хүхэрлэг хий 6 мкг/м 3 -ээр буюу 15%-иар их байна.

Харин арваннэгдүгээр сард мөн оны өмнөх үетэй дахин харьцуулахад:

  • PM2.5 тоосонцор 10 мкг/м3 буюу 15 хувь,
  • PM10 тоосонцор 33 мкг/м3 буюу 25 хувь,
  • хүхэрлэг хий (SO2) нь 7 мкг/м3 буюу 8хувиар бага байна.

Харин азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м 3 -ээр буюу 4%-иар их байна.

Мөн агаарын чанарын үзүүлэлтийг долоо хоногоор нэгтгэн гаргадаг.

/2022 оны арванхоёрдугаар сарын 12-18-ны өдөр/

Одоогоор хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар, РМ10 хэмжээтэй тоосонцрын агууламж 49 хувиар, РМ2,5 хэмжээтэй тоосонцрын агууламж 50,9 хувиар тус тус бага байна.

Сайжруулсан түлшний чанартай холбоотойгоор хоёр төрлийн хяналт шинжилгээ хийгддэг бөгөөд нэгдүгээрт сайжруулсан түлшний техникийн шинжилгээг “Таван толгой түлш” ХХК  болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол дээж авч хяналт тавьж ажилладаг.

Тус шинжилгээгээр сайжруулсан түлшний илчлэг, чийглэг, дэгдэмхий, үнслэг бат бэх, нийт хүхэр зэрэг үзүүлэлтүүд гардаг. Мөн сайжруулсан түлшийг гэрийн зууханд шатааж хаягдал утааны хийн хэмжилтийг тус тус хийж холбогдох стандартуудтай харьцуулан гаргадаг.

-Энэ онд нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад ямар ажлуудыг төлөвлөсөн бэ. Дээрх ажлуудын явц болоод зарцуулах санхүүжилт хүрэлцээтэй байна уу?

-Манай байгууллагын хувьд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал, сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа болон сайжруулсан түлшний нөөцлөлтийг хариуцан ажиллаж байна. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллого, тэдгээрээс  орчны агаарт байгаа хаягдал утааны хийн хяналт шинжилгээ зэрэг үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа.

"ТУСГАГДСАН ТӨСВӨӨР САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, НӨӨЦЛӨЛТ ХИЙНЭ"

-Статистик мэдээгээр 2022 онд агаарын бохирдлыг бууруулахад 43 тэрбум төгрөг төлөвлөсөн. Ирэх жилд энэ тоо өсөх үү?

-Ирэх жил буюу 2023 онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан байгаа. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагдсан. Үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд байгаа гэсэн үг.

-Агаарын чанарын индекс тодорхойлж, иргэдэд тогтмол мэдээлэл өгдөг. Энэ ажил хэр үр дүнтэй вэ?

-Агаарын чанарыг индексээр олон нийтэд мэдээлэх нь олон улсад хэрэгждэг арга хэмжээ. Агаарын чанарын нэг суурин харуул дээр агаар бохирдуулагч 4-5 төрлийн бодисыг хэмжиж байгаа. Улмаар бохирдуулагч бодис тус бүрээр тайлбарлахад ойлгомжгүй байдаг тул тухайн суурин харуулын цэг дээр хэмжигдэж байгаа бодисын хамгийн өндөр үзүүлэлтийг индексээр тооцоолон иргэдэд өнгөөр ялган харуулах нь ойлгомжтой байдаг.

Одоогийн байдлаар агаарын чанарын индексийн мэдээллийг agaar.mn болон гар утасны “agaar” апликэйшнээр дамжуулан иргэд олон нийтэд мэдээллийг хүргүүлж байна. Агаарын чанарын индекс нь 30 минут тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд иргэд олон нийт тухайн индексээр дамжуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой.

-Хэдийгээр Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй байгаа ч утаа, агаарын бохирдол буурахгүй байгааг иргэд хэлж байна. Үүний шалтгааныг ангилж гаргадаг уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байна. Агаарын бохирдлын харьцуулсан үзүүлэлтийг суурин харуулын хэмжилтийн бүтэн жилийн болон халаалтын улирлын хэмжилтийн дунджаар харьцуулан гаргадаг.

Халаалтын улирлын зарим өдрүүдэд агаарын инверсийн нөлөөллөөс хамааран Улаанбаатар хотын дээр тогтсон хаягдал утаа замхрахгүй тогтох үзэгдлийн улмаас иргэд олон нийт утаа буурахгүй байна гэж дүгнэж байгааг үгүйсгэхгүй.

"АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НЬ ДАН ГАНЦ НИЙСЛЭЛИЙН АСУУДАЛ БИШ"

-Агаарын бохирдлыг бууруулахад олон нэгж хэлтэс ажилладаг. Тэд бүгд нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж, хийж ажлуудын явцын талаар дүгнэж хэлэлцүүдэг үү?

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар гэсэн байгууллагууд ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь 2022 оноос эхлэн Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын харъяанд орсон бөгөөд бүрэлдэхүүнд бүх яамдын сайд нар орсон байдаг.

Агаар, орчны бохирдлыг бууруулах ажил нь дан ганц нийслэлийн асуудал биш бөгөөд бүх салбарын яамдууд чухал үүрэг оролцоотой юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь 2017 онд батлагдсан бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тухайн ажил үүргийг тодорхой заасан бөгөөд хариуцах салбарын яамдуудыг тодорхой зааж өгсөн байдаг. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь тухай бүр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилладаг.

-Энэ жилийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол бага байгааг мэдээлсэн. Энэ харьцуулсан судалгааны мэдээллийг нийтэд нээлттэй хүргэх боломжтой юу?

-Агаарын бохирдлын судалгаа шинжилгээний талаарх мэдээллүүд Цаг уур, орчны шинжилгээний газрын “tsag-agaar.mn” болон “agaar.mn” сайтууд дээр нээлттэй байдаг бөгөөд бүх мэдээлэл ил тод байгаа.

-Цаашид агаарын бохирдлыг бууруулахад ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Мөн автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж