Украин дахь дайн удаашралтай байгаа тул ОХУ-ын ерөнхийлөгч Путин Холбооны аюулгүй байлдын алба болон бусад холбогдох салбарынханд хандан урвагч, тагнуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх тушаал өглөө.
“Тагнуулын байгууллагууд, тэр дундаа цэргийнхэн дээд зэргийн бэлэн байдлыг харуулах хэрэгтэй. Терроризмаас хүн ам ихтэй газар, стратегийн байгууламжууд, эрчим хүчний дэд бүтэц, түүнчлэн тээврийн хэрэгслүүдийг хамгаалах хэрэгтэй. Гадаадын тусгай албадын үйл ажиллагааг эрс таслан зогсоож, урвагч, тагнуул, хорлон сүйтгэгчдийг цаг алдалгүй илрүүлэх шаардлагатай” гэж тэр бүх аюулгүй байдлын агентлагуудад хандаж уриалав.
Цаашлаад Холбооны аюулгүй байдлын хилийн харуулуудад хандан Оросын хилийг, тэр дундаа Украинаас булаан авахыг оролдсон бүс нутгуудыг хамгаалахыг уриалжээ. Урвагч, тагнуулч, хорлон сүйтгэгчид гадаадаас орж ирэх аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ийм тушаал өгсөн. Дайн эхэлснээс хойш Орос ба барууны орнуудын хооронд геополитикийн сөргөлдөөн үүсч, Кремль бүслэгдсэн цайз болсон гэхэд болно. Украинтай хиллэдэг ОХУ-ын баруун хэсгийн мужууд хил дамнасан халдлагад өртсөн тухайгаа, тэр дундаа чухал дэд бүтцүүд халдлагад өртсөн тухай байнга мэдээлэх болсон.
Донецк, Луганск, Херсон, Запорожье гэсэн дөрвөн мужуудыг ОХУ өөртөө нэгтгэхийг оролдоод буй. Тус бүс нутгуудад нөхцөл байдал туйлын ээдрээтэй байна гэж Путин хэлэв. “Тэнд амьдардаг хүмүүс, ялангуяа орос иргэд та бүхний хамгаалалтад найдаж байна” гэж Путин хэллээ.
ОХУ-ын цэргүүд сүүлийн саруудад тус дөрвөн мужид олигтой урагшилж чадаагүй. Үүгээр ч зогсохгүй арваннэгдүгээр сард Оросын цэргүүд Херсон хотоос ухарч, Днепр мөрнийг гатлахад хүрсэн юм.
Дээрх дөрвөн бүс нутагт Оросын иргэдийг хамгаалах нь тэдний үүрэг гэж Путин цэргүүдэд хандан хэлжээ. Мөн цэргийн ангиудыг орчин үеийн техник, зэвсэг, туршлагатай боловсон хүчнээр үргэлжлүүлэн хангана гэв.
Гэвч барууны батлан хамгаалахын албаныхан Оросын цэргүүдийн бэлтгэл сургуулилалт хангалтгүй байгааг олон сарын турш онцолсон. Донецкийн зүүн хэсэгт орших Бахмут тэргүүтэй хотуудад ширүүн тулаан үргэлжилсээр байгаа хэдий ч орос цэргүүд фронтын шугамд тогтворгүй байдалтай байна. Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр дайн эхэлснээс хойш Украины хүчин Оросын эзэлсэн газар нутгийн 54 хувийг эргүүлэн авчээ. Харин нөгөө талд Оросын арми Крымийг оролцуулаад Украины газар нутгийн ердөө 18 хувийг л эзэлсэн гэв.
Путины гол найдлага иргэний дэд бүтэц, цахилгааны сүлжээг онилох кампанит ажил болоод байна. Түүний Мягмар гаригт хийсэн мэдэгдлийг харахад Украин дахь дайныг нарийн төлөвлөхгүй байгаа гэж үзэж байна. “Өнөөдөр дэлхий дахинд нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, шинэ аюул заналхийлэл, сорилтууд гарч ирсээр байна. Энэ нь Оросын аюулгүй байдлын бүхэл бүтэн тогтолцоонд томоохон сорилт болж байна. Тиймээс та бүхэн гол чиглэлийн ажлаа эрс сайжруулж, техник, боловсон хүчний нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Кремль өмнө нь цөөнгүй сөрөг хүчний улстөрчдийг баривчилсан. Тухайлбал, аравдугаар сард Владимир Кара-Мурзаг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж, удаан хугацаагаар саатуулжээ. Түүнийг дөрөвдүгээр сараас хойш гурван ч удаа үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт буруутгасан юм. Кара-Мурза ОХУ-ын түрэмгийллийг олон нийтэд ил шүүмжилсэн тул зэвсэгт хүчний талаар худал мэдээ тараасан, энэ төрлийн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр буруутгажээ. Хэрвээ тэр эх орноосоо урвасан нь тогтоогдвол 20 жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. “Human Rights Watch” байгууллагын Европ, Төв Ази хариуцсан захирал Хью Уильямсон хэлэхдээ “Кара-Мурза бол ардчиллын үнэт зүйлсийг удаан хугацаанд дэмжсээр ирсэн хүн. Кремль түүнийг шууд аюул гэж үзэж байгаа нь илт байна. Түүнийг буруутгаж, удаан хугацаагаар саатуулсан нь шударга ёсыг гутаан доромжилсон хэрэг. Оросын эрх баригчид түүнийг нэн даруй ямар ч болзолгүйгээр суллаж, бүх ялыг хэрэгсэхгүй болгох ёстой” гэжээ.
Дайн эхлээд удаагүй байхад дайныг эсэргүүцсэн лоозон барьсан энгийн иргэд, Украины далбааны өнгөөр хувцасласан хүмүүсийг, блоггеруудыг ч баривчилсан. Дайны үеийн хатуу цензурын хуулийн дагуу шийтгүүлсэн эхний хүмүүсийн тоонд 63 настай тэтгэврийн хөгшин хүртэл багтсан.
Үндсэндээ Орос улс Зөвлөлт маягаар өөрийгөө цэвэршүүлэх хэлбэрт асар хурдтай шилжжээ. Дайныг эсэргүүцдэг хүмүүсийг буруутгахыг уриалсан цахим хуудсууд хүртэл бий болсон. Дайн эхлээд ердөө сарын дараа 15 мянган хүнийг баривчилсан гэсэн мэдээлэл байна. “Оросын эрх баригчид нийгэм, эдийн засаг сүйрч байгаа энэ үед өөрсдийнхөө оронд хариуцлага хүлээх хэн нэгнийг олох хэрэгтэй байгаа. Ирээдүйд бид маш олон ан, эрүүгийн мөрдөн байцаалтыг харах болно. Учир нь тэдэнд Орост болж буй үйл явдалд өгөх ямар нэгэн тайлбар хэрэгтэй. Цэвэрлэгээ дөнгөж эхэлж байна” гэж Новая газета сонины улс төрийн редактор Кирилл Мартынов хэлж байжээ.
Эх сурвалж: FOX NEWS, THE MOSCOW TIMES, HRW, WASHINGTON POST
Холбоотой мэдээ