Дүүргүүдэд техник хэрэгсэл дутмагаас ажилчид гараар давс цацдаг

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Дүүргүүдэд техник хэрэгсэл дутмагаас ажилчид гараар давс цацдаг

Дүүргүүдэд техник хэрэгсэл дутмагаас ажилчид гараар давс цацдаг

Цас орохтой зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд авто замын хальтиргаа гулгаа ихсэж, автомашинууд хооронд шүргэлцэх, мөргөлдөх осол цөөнгүй гардаг. Үүнээс үүдэлтэй автозамын түгжрэл үүсч тэг зогсдог. Иргэдийн зүгээс “Хаа сайгүй мөргөлдөж, шүргэлцсэн автомашинууд байна. Цас орсон өдрүүдэд замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодис цацахгүй байна” гэх бухимдалтай байна. Энэ талаар "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ -ын Авто баазын ерөнхий инженер Ө.Ганболдоос тодрууллаа.

-Өчигдөр орсон цасны улмаас гадуур хальтиргаа их байна. Өнөөдөр хальтиргаа үүсэхээс сэргийлж замуудад бодис, давс цацсан уу?

-Хот тохижилтын газрынхан замуудад хальтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацдаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2022.12.21/- ны өглөөний 05:30 цагаас эхлэн хуваарьт гудамж, зам, талбай, хальтиргаа гулгаа үүсч болох 20 гаруй замд давс, бодис цацан ажиллаж байна.

-Захын дүүргүүдээр бодис, давс цацахгүй байгаа талаар иргэд бухимдалтай байна. Цахим орчинд ажилчид гараараа давс цацаж байгаа бичлэг түгсэн. Энэ нь техник хэрэгслийн тоо хангалтгүй байгаа жишээ биш үү?

-Улаанбаатар хотыг тойрон хүрээлэх нийт 500 гаруй километр зам талбай бий. Үүнээс "Хот тохижилтын газар" 186 километр зам талбайг хариуцан ажиллах үүрэгтэй. Үлдсэн зам талбайг дүүргүүд хариуцан ажилладаг. Дүүргүүдэд энэ талын техник хэрэгсэл дутмагаас ТҮК-ийн ажилчид гараараа давс, бодис цацдаг.

Өнөөдрийн байдлаар "Хот тохижилтын газар"-ын хариуцсан Энх тайвны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Их Монгол улсын гудамж, Намъянжугийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамж,  Юнескогийн гудамж, Сөүлийн гудамж, Токиогийн гудамж, Нарны зам, Нарны гүүр, Сансарын тунель автомашины зорчих хэсэг, Зайсангийн тойруу, Шар хадны гудамж, Бага тойруугийн гудамж, Хасбаатарын гудамж, Наадамчид, Сонсголон, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хурд хороолол, Нарны хороолол зам дагуух нүхэн гарцуудад давс цацаж ажилласан.

-Бодис, давс цацахад хэчнээн хүн болоод техник хэрэгсэл ажилладаг вэ? Нийт бодис, давс цацахад зориулагдсан хэчнээн техник хэрэгсэл байдаг. Мөн техник хэрэгслийн тоо нэмэгдэх үү?

-Ажилчид үүрийн 05:00 цагаас эхэлж, хоёр ээлжээр ажилладаг. Нийт 300 гаруй ажилчин ажиллаж байна. Өнөөдөр долоон камаз, нэг портероор 51 тонн давс цацаж ажиллалаа. Бодис, давс цацахад зориулагдсан нийт том оврын 13 техник хэрэгслээр ажиллаж байна. Нийт хариуцсан зам талбайд одоо байгаа техникийн тоо хангалттай гэж үзэж байгаа.

-Бодис, давсны нөөц хэр байгаа. Одоогийн нөөц энэ өвөлдөө хангалттай юу?

-Бодисын үлдэгдэл 566,5 тонн байна. Харин давсны үлдэгдэл 21,5 тонн байгаа. Өнөөдөр нэмж татан авалтаар 100 тонн давс ирнэ. Нийт нөөц энэ ондоо хангалттай.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж