Дэлхий “сүйрээд” арван жил болжээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр л дөө. Одон орончид, ном шагайсан олиггүй юмнууд бүгдээрээ л үгүйсгэсэн ч дэлхий “сүйрчээ”. Газар хагарч, хагархайгаар нь дэлхийн цөм рүү орчихгүй бол дарагдаж үхэлгүй амьд үлдэх цор ганц гайхамшигт бүтээл бол хөдөө хөхөрч, гадаа гандсан нүүдэлчдийн нөр их хөдөлмөр, туршлагын үр дүнд бий болсон гэр болов. Энэхүү нээлтийг аль ч шашнаас илүү Монголд хүчирхэгжиж, монголчуудыг хуйлруулан, олноо “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл хэмээн алдаршсан хатагтай хийсэн агаад “Дэлхий сөнөнө. Сонгууль ч болохгүй. Тиймээс би гэр барьж хувийн бэлтгэлээ базаасан. Лаа, шүдэнзээ бэлдсэн. Ах дүү нараа Австралиас дуудсан” гэж омог бардам мэдэгдэв. Ийнхүү түүний нээлт монголчуудын дунд бөмбөг тэслэв. Уламжлалт сууцнаасаа хөндийрөөд байсан хотынхон юу юугүй “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс гэр авав. Хатагтайн нээлт гэрийн бизнес эрхлэгчид түүхэнд байгаагүй борлуулалт хийхэд хүргэв. Монголчууд хатагтайд, хатагтай харин өөр шигээ гаднын сурвалжууд, майячуудын зөгнөлд итгэсэн юм. Тэр нь “дэлхий сүйрнэ”.
Зөвхөн монголчуудад ч биш хүн төрөлхтөнд “Шинжлэх ухааны үндэслэлтэй” гэх гурван үг л хангалттай байв. Дэлхий дээр 200 мянган жил оршсон орчин үеийн хүн болох хомосапиенсийн хөгжлөөс олж харахыг хүсвэл ийм нээлтийг хийсэн хэдэн мянган ном, тохимол хаа сайгүй хөглөрдөг хойно…
…Таксины жолоочийн амнаас дэлхий сүйрэх гэж байхад оношлогоо, үзлэг, татвар гэж авдаг мөнгөө болих хэрэгтэйг сануулж, овжин нэг нь цахилгаан, байрныхаа мөнгийг хойш тавьж, дэлхий сүйрэх гэж байхад муу сайн наймаачид лаагаа үнэд оруулсан талаар гомдоллож байв. Ууртай авгай нар “Дэлхий сүйрэх гэж байхад баяжаад, үхээрэй чи” харааж, лизингээр машин авсан нэгэн ээлжит тушаалтын мөнгөөрөө хэдэн найзуудаа дуудаж навс уусан. Улстөрчид төрийн тухтай өрөөгөө тас түгжээд, гэрийнхнээ аван гадагш дүрвэж, учраа олоогүй сэтгүүлч нар ордонд дэмий сэлгүүцэн өргөрөөв. Зарим залуус хайртай охиндоо сэтгэлээ илчилж, хагацлын дуугаа өргөн шөнөжин унтуулаагүй. Хөөрхий чадалгүй хэсэг маань нэг мөсөн дэлгүүрээс зээл тавиад хэдэн хүүхдийнхээ зулайг үнэрлэнгээ “бор ходоодоо божийлгож аваад энэ ертөнцөөс салаг дээ” хэмээн эцсийн хүслээ гүйцэлдүүлээд гунигтайяа унтацгаасан сонсогдсон. Загнаж, зандарч байж зээл тавьдаг дэлгүүрийнхэн ч наанатай, цаанатай найр тавьжээ. Хамгийн зэвүүн нь биднийхээ сайн сайхны төлөө “зүтгэж” явсан улстөрчдийн зарим нь хөгжилтэй орны хоргодох байранд найдан гэр бүлээ аваад алга болчихсон юм. Итгэл эцэст нь мөхдөг юм болохоор ингэж л бөмбөрцөг сүйрэх сургаар бөөрөнд нь бид дор бүрнээ “хөеөгөө хураасан” юм.
Холливүүдийнхэн ч үүнээс хоцорсонгүй. Майячуудын зөгнөлөөр 2009 онд бүтээсэн “2012” кино АНУ-д 769.7 сая долларын орлого олсон юм. Киног үзсэн дэлхийн тал нь итгээгүй юм гэхэд эмээсэн билээ. Үүр битгий цайгаасай гэсээр суутал гайны 21-н болсон. Битүүхэндээ айсаар ахуйд замбуулингийн заяа нь гийж 2012 оны арванхоёрдугаар сарын 22 болов. Нар мандлаа. Муу ёрлож, монголчуудыг молиго үмхүүлсэн хатагтай таг чиг. Үлгэр дууссан хойно одон орончид од болон гялалзаж, лаагаа зарсан наймаачид ёолкоо нижгэр тэмдэглэж, лизингийн мөнгөөрөө найрласан залуу эхнэрийн эрүүний шөл оочлов. Үхнэ гэж бат итгэсэн зээлдэгч үрсээ харан баярлан зүтгэж, сүүлчийн удаа цонхон дээр нь “сар” болсон залуус нусаа гоожуулан эмийн сан руу алхалж, дэлгүүрийн эзэн өрөө нэхэн айлын хаалга балбаж, гадаад руу “оргон зайлсан” баячууд сэмхэн буцаж ирцгээв. Таван ханатай гэр авсан зарим нь лагерийнхаа хашаанд барин суурин, нүүдлийн соёл иргэншлийг хослуулан сурталчланхан суужээ. Ингэж л элэг, доог болцгоосон.
…Дэлхий эргэж, амьдрал үргэлжилсэн. Азаар бид ганцаараа биш. Бусад нь ч бидэн шиг базаахаа базаасан. Бантахдаа бантсан. Амьдрал дээр биш ч, хэд хэдэн кинонд галав юүлж, дэлхий сүйрлээ. Гэхдээ бөмбөрцгийнхөн онигоонд ороод ухаажсангүй.
Өнөөдөр дэлхийн дулаарал амьд амьдралыг амьсгал хураалгана гэх үзэл газар авчээ. Улс орны тэргүүнүүд үүнд хамгийн ихээр санаа зовниж байна. Золоор зөгнөлийн эсрэг зогсдог шинжлэх ухааныхан бидэнд дэлхий дулаараагүй, нэг мөстлөгөөс нөгөө мөстлөг хүртэлх эргэж явааг баримтаар нотлов. Гэвч хүн төрөлхтний айдсаар ашиг ологчид ухарсангүй. Дулаарлаа “уур амьсгалын өөрчлөлт” гэж зүсийг нь хувиргав.
Монголын улстөрчид ч юугаараа дутах билээ. Монголчууд цус ойртсон. Бүр хүн амын дундах цус ойртолтын түвшний 97.24 хувийг шууд цус ойртолт, 2.76 хувийг алсуур цус ойртолтын хэлбэр тус тус эзэлдэг байна гэж УИХ-ын чуулганы танхимд хээв нэг хэлээд сууж байдаг болсон. Тэд тэнгэрээс унаагүй, газраас ургаагүй. Монголчууд гэдэгт 76-лаа багтаж байгаа гэдгээ хэд нь ойлгож байгааг бүү мэд. Тэрхүү статистикаар нь өөрсдөө цус ойртсон гэдгээ мэдэхгүй л бурж суух. Дээр нь залуусынхаа талаас илүү нь тэрбүүтэй гэж зарлах нь холгүй явдаг эрүүл мэндийн салбартай бол, улаан тарианы хоёрдугаар аяныг эхлүүлэх тухай ярьж суудаг Эрүүл мэндийн сайдын солиотой төлөвлөгөөг ашгүй цар тахал таслан зогсоосон. Гэснээс энгэрийн зүүлт ковидоос хамгаална гээд түгдрэхгүй хэлдэг түшээг бид арван жилийн дараа ч сонгочихсон яваа нь 2012 оноос хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулаад байх шиг.
Хамгийн сүүлд л гэхэд цар тахлын айдсаар ашиг хонжоо олж, орлого нь тэрбумаар өссөн төрийн түшээ бишгүй л байна. Эмийн санд 500 төгрөгийн үнэтэй амны хаалтыг ширхэгийг нь 20 мянган төгрөгөөр худалдан авах төсөл ил гарч, гэрэлд цохиулан иргэдийн эсэргүүцэлтэй тулснаар болиулж байсан баримт ердөө хоёрхон жилийн өмнө…
Ер нь хүний эрүүл орчинд амьдрах гэсэн хүсэл, үр хүүхдээ гэсэн хайр, тэднийгээ эрсдэлд оруулах вий гэсэн айдсаар үе үеийн улстөрчид, удирдагчид, овжин залхай этгээдүүд ашиг олж ирснийг хүн төрөлхтний түүх гэрчлэх аж. Хүмүүсийн айдсаар хэн хэрхэн хөлждөг, тэрхүү зах зээлд хэдэн их наяд доллар эргэлддэг талаар Витещлав Кремликийн “Айдсаар хөлжигсөд” номын орчуулагч Г.Ганбаяртай хийх сонирхолтой ярилцлагыг https://www.facebook.com/news.mn.agency хуудсаар хүлээн авч үзээрэй.
Холбоотой мэдээ