Нүүрсний дуулиан Монголын улс төр, эдийн засагт “бөмбөг тэслэж” байна. Үндсэндээ, хэн, хэдийг нүүрснээс хулгайлсныг улсаараа шүүж буй энэ хэргийн эхлэл, өрнөл, үргэлжлэлийг харахад эгээтэй л энтертаймент шоу үзэж буй мэт харагдана. Нэг хэсэг нь улсын төсвөө үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнтэй хулгайгаа тооцож ядан, нөгөө хэсэг нь тал талхныхаа мөнгийг тоолж хүрэхгүй амьдарч байгаад бухимдсан иргэд эрх баригчдаас шударга ёс нэхэж буй. Нүүрсний хулгай ганц өнөөдөр бий болчихоогүй. Олон жилийн ужигтай, одоо эдийн засаг, нийгэм, улс төрийн “хорт хавдар” болсон. Энэхүү хорт хавдар зад тавихад бэлэн болжээ.
Нүүрсний хулгайн асуудал юунаас эхтэй, цаашдын гарц гаргалгааны талаар хүн болгон хэлж ярьж байна. Асар том мөнгөн дүнтэй, цөөнгүй эрх мэдэлтэн, улстөрч нэр холбогдсон уг хэргийн талаар өнөөдөр Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон. Гэвчиг өглөөний 10:00 цагаас эхлэх ёстой нээлттэй хэлэлцүүлэх жагсагчдын тодорхой шаардлагын улмаас түр хойшлов. Монгол Улс анх удаа олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгаа юм биш.
Өмнө нь, 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа, төр нь таван иргэнээ буудаж алсан асуудлаар 2009 онд УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, хууль, шүүхийнхэн, хэвлэл мэдээллийнхэн оролцсон нийтийн сонсгол зохион байгуулж байсан билээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа “Долдугаар сарын 1 ба Хүний эрх “гэсэн нээлттэй сонсголыг зохион байгуулж байсан юм. Энэ талаар Х.Тэмүүжин “Энэ сонголыг зохион байгуулахад хялбар байгаагүй. Хяналт шалгалтын хүрээнд иргэдээс ирсэн гомдол, саналаараа дөрвөн асуудлаар сонсгол явуулья гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин, Х.Жекей, Б.Бат-Эрдэнэ нар маш их эсэргүүцэж байсан. Шүүн таслах ажиллагаа явагдаж байгаа, шүүхэд маргаан нь шийдэгдэж байгаа асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийж болохгүй гэсэн. Энэ сонсголоос тухайн үед юу болсон талаар олон нийт нэлээд мэдээлэл авсан” тухай ярилцлага өгч байсан удаатай.
Тэгвэл Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд Нийтийн сонсголын тухай хуулийг санаачилан боловруулж, УИХ-аар батлуулсан бий. Энэхүү хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Уг хуульд
- 9.1.Улсын Их Хурал улсын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна:
- 9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан;
- 9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд сонсгол явуулна гэж заажээ
Б.ХУРЦЫН ТОМИЛГООНЫ ТАЛААРХ НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭМЖИГДЭЭГҮЙ
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилуулах Засгийн газрын хуралдааны шийдвэрийг эсэргүүцэж, нийтийн сонсголыг зохион байгуулах саналыг Ж.Батзандан гаргаж байсан. Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хүсэлт гаргасан тохиолдолд томилгооны сонсгол явуулдаг.
Гэвч “Элчин сайдыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д зөвшилцөхөөр оруулж ирдэг. Монгол Улсыг төлөөлдөг Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог, эгүүлэн татдаг. Элчин сайд УИХ-аас томилогддог албан тушаалтан биш учраас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсгол явуулах боломжгүй” гэх үндэслэлээр нийтийн сонсгол болоогүй байдаг.
ЖАРАН ТЭРБУМЫН АСУУДЛААР НИЙТИЙН СОНГОЛ ЯВУУЛАХЫГ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШААРДАЖ БАЙВ
Ардын намыг хоёр хуваах шахсан 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулах саналыг Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхдаа тавьж байдаа. Түүний саналыг 19 гишүүн дэмжсэн. Харин прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн шалгаж байгаа тул нийтийн сонсгол явуулах шаардлагагүй гэсэн тайлбар хийсэн бий.
Д.МОНГОЛХҮҮ, Э.ОДБАЯР НАР ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ОРОЛЦООГҮЙ
"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн. Тэдний хүсэлтийг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулсан. Гэвч, Д.Монголхүү, Э.Одбаяр нарын зүгээс баяр наадамтай зэрэгцүүлж зохион байгуулж буйг буруутган, нийтийн сонсголыг “бойкотлож” байлаа.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААРХ НИЙТИЙН СОНСГОЛД 120 ХҮН ОРОЛЦСОН
Л.Оюун-Эрдэнийн засаг Хөгжлийн банкийг тонож идсэн гэх 1.6 их наядын чанаргүй зээлийн хэргийг илчилж, нийтийн сонсголыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд зохион байгуулсан уг сонсголд УИХ, Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагын албан тушаалтнууд, зээл авсан компаниуд, иргэд, хэвлэл мэдээллийнхэн гээд нийтдээ 120 хүн оролцсон. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд, улстөрчид оролцсон, нэлээд ширүүн уур амьсгал дунд сонсгол өрнөсөн билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ