Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нутгийн зүүн хэсэгт орших Бахмут хотод айлчилжээ. Айлчлалынхаа үеэр тэр цэргүүдтэй уулзаж ярилцаж, заримд нь шагнал гардуулав.
Бахмут нь Донецк, Донбассыг бүхэлд нь эзлэн авах Оросын зорилгод саад болж буй хот юм. Энэ сарын эхээр Бахмутыг эзлэх Оросын оролдлого бүтэлгүйтсэн. Үндсэндээ сүүлийн дөрөв, таван сарын турш ОХУ-ын арми Бахмутыг эзлэхээр эрчимтэй оролдож буй. Бахмут дайнаас өмнө 70-80 мянган хүн амтай байсан бол өдгөө 10 мянга болж цөөрчээ. Тус хотыг эзлэн авбал Украины хангамжийн шугам тасалдаж, Оросын цэргүүдийг Краматорск, Славянск руу чиглүүлэх юм. Краматорск, Славянск нь бүс нутаг дахь Украины гол түшиц газар юм.
Зеленскийн айлчлал нь Бахмутыг чөлөөлөх тулаанд нэн чухал нэмэртэй бөгөөд тэнд байрлаж буй цэргүүдэд урам зориг өгөх айлчлал болж байна.
Тэгвэл Зеленский өнөөдөр /2022.12.21/ Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөж буйг эх сурвалжууд мэдээллээ. Энэ дашрамд тэрбээр Конгрессын нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм байна. Ингэснээр дайн эхэлснээс хойших Зеленскийн анхны гадаад айлчлал Вашингтон болж байна. Түүнчлэн өнөө орой түүнийг Капитол хилл дээр очиж үг хэлэхээр төлөвлөж байна гэлээ. Гэхдээ албаны хүмүүс аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй тул айлчлал эцэслэн шийдэгдээгүй байна.
Эх сурвалж: CNN, AL JAZEERA
Холбоотой мэдээ