Үр дүн гаргалгүй нээлттэй сонсголыг өндөрлүүллээ гэж бухимдав
Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зарласан байсан нээлттэй сонсголыг өндөрлүүллээ.
Гэхдээ нээлттэй сонсголоос үр дүн гараагүй гэж жагсагчдын төлөөлөл үзэж, "Сонсголыг нээлттэй хэвээр үлдээн, маргааш үргэлжлүүлж, сонсголд оролцож чадалгүй Төрийн ордны гадаа нүцгэлсэн залуусаас эхлээд олон хүнийг оролцуулж нүүрсний хулгайг үргэлжлүүлэн ярих ёстой. Тэгэхгүй бол гадаа байгаа залуус өнөө шөнө юу ч хийж магадгүй, нэг дарга гарч ирээд нээлттэй сонсголыг шууд өндөрлүүлдэг байж таарахгүй. Асуудлаа нэгмөр цэгцлээгүйгээс ард түмэн, төр хоёрын дунд үл ойлголцол үүсч ирсэн. Тиймээс нээлттэй сонсголыг үргэлжлүүлэх шаардлага байна" гэж зохион байгуулагчдад хандан хэлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Нээлттэй сонсголоос үр дүн гарсан" гэж хариулсан бол нээлттэй сонсголыг удирдсан УИХ-ын гишүүн С.Чинзориг "Та бүхний тавьсан асуудлыг ажлын тав хоногт багтаан Эдийн засгийн байнгын хороонд тайлагнана. Шаардлагатай гэж үзвэл Эдийн засгийн байнгын хороо эсвэл УИХ-аас шийдвэрийн төсөл гаргана. Та бүхний гаргасан саналд үндэслэн шийдвэрийн төсөл боловсруулж гаргах боломжтой.
УИХ-аас байгуулагдсан нүүрсний хулгайг судлах хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хулгайн хэрэгтэй холбоотойгоор гэрч дуудах, нотлох баримт цуглуулах, шинжээч томилж нотлох баримтад үнэлгээ хийх ажил үргэлжлэх зэрэг шат дараатай ажил хийгдэнэ" гэлээ.
"АТГ-ыг шинэчлээд Улсын мөрдөн байцаах товчоог байгуулъя"
Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцэх сонсгол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.
Өвөрхангай аймаг Уянга сум Б.Даваасүрэн: Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Үндэсний хэмжээний зөвшилцлийг санаачил. Нэг намын Ерөнхий сайд үндэсний хэмжээний зөвшилцлийг ахлах нь зохимжтой биш юм байна. Монгол Улсад арванхоёрдугаар сард гарч байсан тэмцэл үргэлж үр дүнд хүрч байсан.
Хоёр дахь нь, шүүх, прокурорыг үндсээр нь шинэчилье. АНУ шиг АТГ-ыг шинэчлээд Улсын мөрдөн байцаах товчоог байгуулъя. Шүүх, прокурор хэргийг дараад байна, хэрэгсэхгүй болгоод байна гэж ярьдаг ч, мөрдөн байцаах шатанд хэргийг хэрэг биш болгодог асуудал их байдаг юм байна.
Төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан хариуцлагын тухай хуулийг батлах хэрэгтэй. Ерөнхийлөгч ахлаад Үндсэн хуулийн хороо байгуулаад шинэ Үндсэн хууль боловсруулах уу, одоогийн Үндсэн хуулиараа явах уу гэдгийг шийдэх. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж гэдэг маш том асуудал байна. Одоогоор 110 гаруй сум хүн амгүй болсон байна. Хоёрын хооронд УИХ-ын гишүүдийн тоо нэмэх шаардлагагүй.
Хаалтын гэрээг хүчингүй болгоё гэж байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгоё. Төрийн бүх байгууллагын мэдээллийг ил болгоё. Улс төрийн намын санхүүжилт тэр чигээрээ мафи болж. УИХ-д суудалтай намуудын санхүүд сүүлийн 10 жилээр аудит оруулбал яасан юм.
Баялгийн санд мөнгө хуримтлуулаад байна гэсэн, хэдэн төгрөг байна вэ? бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдээ хамгаалъя гэж байна.
Прокурор н.Баяржаргал: Хулгайчийн нэрийг зарла гэж иргэд маань удаа дараа шаардаж байгаа. Хуулийн байгууллага гэмт хэрэгтнийг илрүүлэх, хяналт тавих процессын хуулийн дагуу явна. Шүүхээр гэм бурууг эцэслэн шийдвэрлэдэг учраас хулгайчийг нэр заан зарлах боломжгүй. Харин гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явна вэ гэдгийг боломжит хэмжээнд мэдээллийг өгөөд явж байна.
Нэр бүхий иргэнд хэрэг үүсгэж, яллагдагчаар татаач гэлээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдэгддэг асуудал.
Би та бүхэнд 2871 хүнийг гэрчээр байцаасан гэж өглөө мэдээлэл өгсөн. Гэтэл сүүлийн 2 хоногт 1000 гаруй хүнээс нэмж гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Нүүрсний хэрэгт холбогдуулан 30 гаруй хэрэг нээсэн. 2013 оноос хойших хэрэг. Нотолгоо цуглуулж байж, яллагдагчаар татах саналаа хуулийн байгууллага прокурорт ирүүлдэг.
Нэр дурдагдаад байгаа хүмүүсийг яллагдагчаар татаагүй байна.
Хан-Уул дүүрэг Д.Үүрцайх: Х.Нямбаатар сайд АТГ Х.Баттулгыг яллагдагчаар татсан гэсэн, татсан юм уу, татаагүй юм уу. Татаагүй бол яагаад татдаггүй юм. Цөөн хэдэн нотлох баримт бүрдүүлээд яагаад яллагдагчаар татаж болдоггүй юм бэ. Хэрвээ энэ хүн гадаадаас ирэхгүй, мөрдөн шалгах ажиллагаа явах боломжгүй болбол хэн хариуцлага хүлээх вэ. АТГ-ын мөрдөгч дангаараа шийдвэр гаргаад гадаад руу гаргах эрх өгсөн гэдэг зүйл яригдаад байна. Энэ үнэн юм уу, түүнд тийм эрх бий юм уу?
ХҮН-ын мэргэжилтнүүд хэлэлцүүлгийг санаачлаад явж байна. гэрээнүүдийг ил болгосон гэж байгаа ч ил болоогүй байна. ЗТХЯ-наас гэрээ ил болгосон гэсэн ч дутуу байна. “Бодь интернэшнл” компанитай хийсэн санхүүжилтийн гэрээ ил болчихоод ажлын гүйцэтгэлийн гэрээ ил болоогүй. Туслан гүйцэтгэгчийн гэрээ ил болоогүй байна.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт буцаан хэрэглэгдэхгүй. Нүүрсний хэрэгт УИХ-ын таван гишүүн нэр холбогдсон. Энэ тоо нэмэгдэж магадгүй. Гэтэл халдашгүй байдлаараа шалгуулахгүй явсаар дахин УИХ-д ороод ирэх вий?
Прокурор н.Баяржаргал: Х.Баттулга гэж хүнийг яллагдагчаар татах саналыг АТГ ирүүлсэн, прокурор хянаад яллагдагчаар татсан. Цагдан хорих, хилийн хориг тавих, эрхийг нь түдгэлзүүлэх, барьцаа аван таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч өөрөө энэ хүн дээр бусдын нөлөөгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль бидэнд ирээгүй байгаа учраас нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээрээ далайлгаад шалгуулахгүй явсаар дахин сонгогдох вий гэдэг асуудалд хариулт өгөх боломжгүй байна.
Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Хоёр нууц гэрээг Монголын төмөр зам компани ЗХЖШ, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан байсан. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц, хоолойн ажлыг ЗХЖШ хийж гүйцэтгэхээр, нийт дүн нь 454.9 тэрбум. Нөгөө гэрээ нь Улаанбаатар төмөр замтай байгуулсан дээд бүтэц төмөр зам, шилэн кабель, эрчим хүч, барилга байгууламж, нийт төсөвт өртөг нь 557.9 тэрбумын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь 1.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Зээлийн гэрээгээр хийхээр тохиролцоод явж байгаа ажил. 454.9 тэрбум төгрөгийн ажлыг ЗХЖШ хийхээр 36.4 хувийг хийсэн. Найман анги нэгтгэл хийсэн. 289.5 тэрбумыг нь 81 гэрээгээр туслан гүйцэтгэгч компаниар хийлгэсэн.
Улаанбаатар төмөр замтай байгуулсан гэрээгээр 363.6 тэрбум буюу 38 гэрээгээр 65.2 гэрээгээр туслан гүйцэтгэгчээр хийлгэсэн.
Монголын төмөр зам компани хийсэн 84 гэрээ байна. 203 туслан гүйцэтгэгчийн гэрээ байна. Тендергүйгээр хийсэн гэрээ. Ажлын дэд хэсгийг ЗХЖШ-ын дарга ахлаад хийсэн. Гэрээг Монголын төмөр замын вэб сайтад10 хоногийн өмнө байршуулсан. 203 компанийн гэрээ орсон байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сонсголд цөөхөн гишүүд байлаа, өнөөдөр. Сонсгол хуулийн дагуу явж байгаа. Хяналтын сонсгол хийнэ гээд том хууль гаргаад явж байгаа.
Энэ сонсгол хуультай. Үр дүнгүй болох болов уу гээд байна. Үр дүнгүй болгохгүйн тулд та бүхэн санаачлага гаргах хэрэгтэй. Тогтолцоо болохгүй байна гэдгийг олон иргэн хэллээ. Хулгай хийхгүй байх нөхцлийг бий болгох ёстой. Тогтолцоондоо өөрчлөлт хийхийн тулд та бүгдийн санаачлага чухал. Түр хороо ч гэх юм уу, иргэдээ оролцуулаад юугаар өөрчлөлт хийх юм. Үндсэн хуулиас авахуулаад хэдэн жилийн дараа дахиад хулгай гарчихлаа гээд хэрэлдэхгүй байх тогтолцоог бий болгоё. Бүрэн эрхээсээ түдгэлзье.
Хулгай хийхгүй байх, ил тод байх ямар бололцоо байна, төлөөллүүд оролцоод хийвэл үр дүнтэй байх гэдэг санал гаргаж байна.
УИХ руу өнөөдөр та бүхэн их дайрлаа. УИХ-ыг алга болгож болохгүй, төгөлдөржүүлэх шаардлагатай. Өнөөдөр олон том дарга нар алга байна. Нүүрсний хулгайг Засгийн газрын тэргүүн өөрөө гаргаж ирсэн. Гүйцээгээд дуустал хийх хэрэгтэй. Хуулийнхан хэргийг маш яаралтай шийдэх ёстой гээд хийнэ хүн хэлмэгдүүлж болохгү
“Тайван жагсаал хийж байгаа иргэдийг цагдаа нар ачих гээд байна”
Нээлттэй сонсгол үргэлжилж байх үеэр нэр бүхий иргэн “Тайван жагсаал хийж байгаа иргэдийг цагдаа нар тараах гээд, авч явах гээд байна. Тийшээ анхаарлаа хандуул. Тэнд байгаа баатруудаа аччихаад энд суумааргүй байна. Хүн үхэх гээд байхад юун дэг яриад байгаа юм.
Нээлттэй сонсголыг удирдаж байгаа УИХ-ын гишүүн С.Чинзориг: Яах гээд хурал үймүүлээд байдаг юм. ЦЕГ-ын дэд дарга хаана байна, хариулт өг. Жагсагчдыг ачаад байгаа юм уу?
ЦЕГ-ын дэд дарга: Яг одоо талбайд байгаа иргэдийн эрүүл мэндийн байдлыг үзэх гээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч ирчихсэн байгаа юм байна. Битгий та нар худлаа зүйл ярьж дэг эвдээд байгаач. Цагдаагаас жагсаалыг тараах ямар ч арга хэмжээ аваагүй байна.
“Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын гишүүн П.Шинжээравдан: Шийдэл гаргая гэтэл хэрүүл болоод явчихлаа. Гадаа байгаа иргэд хулгайгаа илрүүл гэсэн. Гэтэл өөрсдийг нь томилоод байгаа улсуудаа хуулийнхан зарлаж чадахгүй юм байна, шалгаж чадахгүй юм байна. Тийм учраас тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүй юм байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг алга болгож байж, АТГ-ын дарга энэ УИХ-ын гишүүдийг гавлаад аваад явдаг тийм тогтолцоог бий болгох шаардлага байна.
Нүүрсний хулгайгаар 40 их наядыг алдсан гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн, түүнээс ч давж гарна.
УИХ ялзарсан байна, Ашигт малтиалын тухай хуулийг хаалттай хэлэлцэнэ гэж байна, юу хулгай хийх гэж байна, та бүхэн. Хулгай луйвартай холилдчихсон хүмүүс та бүхэн. Хулгай луйвраа ил болгоогүй цагт дахиж хууль батлах эрх байхгүй.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Ганзориг: Хувийн хэвшил нэрийн дор нууцаар гэрээ байгуулж, хохирол учруулж байгаа зүйлтэй тэмцэх ёстой. Зам тээврийн яам төмөр замыг 1 км ыг нь 3.1 сая доллараар барьсан гэж гаргаж ирсэн. Гэтэл Д.Баясгалан 1.4 сая ам.доллар гэж буруу мэдээлэл өгч байгаа. Яагаад худлаа мэдээлэл өгөөд байгаа юм. Бүхэл бүтэн улсын жилийн төсвөөс давсан хөрөнгө оруулалтыг нууц гэрээ байгуулаад авчихсан. Олон улсын адутын байгуллага оруулж шалгуулах хэрэгтэй.
Яагаад гүйцэтгэгч компани худлаа яриад байгаа юм бэ. 800 орчим сая ам.долларын ажил гүйцэтгэсэн гэж байна лээ, татваруудаа төлсөн үү энэ компани. 108 сая ам.долларын ашиг олсон байх ёстой. Төлөөгүй бол хэзээ төлөх вэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх данс Голомт банк дээр байршдаг гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: Оффтейк гэрээг байгуулсан гүйцэтгэгч компанийн мэдээлэл одоо л ил болж байгаа учраас тодорхой баг ажиллаж байна. “Бодь интернэшнл”-тэй байгуулсан гэрээн дээр ажиллаж байна. Ажлын хэсгийг мэдээлэл нэгтгэгдэхээр дараа нь ил тод мэдээлэл өгье.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат: Голомт, Төрийн банк, ХХБ дээр данстай. Орлого болон гүйлгээ энэ гурван банкаар дамждаг.
Жагсагчдын төлөөлөл болсон залуу: Залуусыг хүчирхийлж байна. 19, 20 хонож байгаа залуусыг цагдаа хүчирхийлж байна.
Нээлттэй сонголыг удирдаж байгаа УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цагдаагийн дэд дарга хаана байна вэ. Дахин, дахин сонсгол битгий үймүүлээд бай, тайлбар хийгээдэх ЦЕГ ын дэд дарга аа. Эсвэл наад залуу чинь худлаа яриад байгаа юм уу.
ЦЕГ-ын дэд дарга: Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Бат-Ирээдүй тэргүүтэй эмч нар ирээд талбайд суулт хийж байгаа залуусын биед үзлэг шинжилгээ хийе гэтэл хийлгэхгүй гээд цагдаагийн дэмжлэг авсан байна. Нэг ч хүн баривчлаагүй.
Нээлттэй сонсголд оролцогчдын зүгээс төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дуудагдан ирж, дараах мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 аж ахуйн нэгж, орон нутагт 267 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн 105 аж ахуйн нэгжид нийт 53000 гаруй хүн ажилладаг.
Төрийн өмчит компаниудын авлага нь 1.8 их наяд байгаа бол өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрсэн. Эдгээр компани нийт 53.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Өнгөрсөн оны байдлаар 10.6 их наяд төгрөгийн орлого орсон бол зардал нь 9.1 их наяд давсан.
Өнгөрсөн оны төсвийн төлбөр 1.8 их наяд, ногдол ашиг 207.2 тэрбум төгрөг дүнтэй гарсан. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Эдгээр компанийг дотор нь ангилбал, төрийн өмчит үйлдвэрийн газар 21, төрийн өмчит хувьцаат компани 51, төрийн өмчит ХХК 21, төрийн өмчийн оролцоотой компани 12 бий. Энэхүү төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрхийн хэрэгжүүлэгч нь харилцан адилгүй байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд бүх төрийн өмчит компани байдаг гэж олон нийт ойлгодог.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын харьяанд 49 компани байдаг. Бусад нь буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 17, Сангийн яаманд 7, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 2, Зам, тээврийн хөгжлийн яаманд 2, Эрчим хүчний яаманд 26 харьяалагддаг байна.
2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд дээр 7 их наяд 675 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Үүнээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр тодорхой хэмжээний худалдан авалт явагддаг. Үүнээс өнгөрсөн онд 4.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төрийн өмчийн компаниудад хийгджээ.
"Тайван замын тэмцэл шүүх, прокурор, АТГ-луу чиглэнэ шүү"
Нээлттэй сонсголыг удирдаж байгаа УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нүүрсний хулгайн акулуудыг зарла, акулууд нь хаана байна л гээд байх юм. З.Дашдаваа дарга аа нэрийг нь зарлах боломж байна уу?
АТГ-ын дарга З.Дашдаваа: Нүүрсний гэх хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 50 гаруй хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татсан, 20 гаруй хүнийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. АТГ нүүрсний гэх хэрэгт ямар нэг этгээдэд ял завшуулахгүй учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Тавантолгой ХК-ийн дэд захирал П.Мөнхтуул: Орон нутгийн өмчит Тавантолгой компанид үүсгэсэн хэрэг байхгүй гэж хэлсэн мөртлөө нүүрсний хулгайтай холбоотой гээд өдөр болгон шахуу шалгаж байна. 340 мянган тонн нүүрс олборлосон гэдэг асуудлыг төрийн байгууллага нь шалгаад гэмт хэргийн шинжгүй гэдгийг 2021 онд 255 гэдэг тогтоолоор танилцуулагдсан. 2018 оноос манай уурхай дээр Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан 10 агентлагийн шалгалт орж байсан. Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Уул уурхай, Сангийн яам, АТГ нийлээд хоёр жил шалгасан. 340 гэдэг тоог л шалгаад байгаа. Энэ тоог хангалттай шалгасан.
Манайх Тавантолгойн ордоос жилдээ 2 сая тонн нүүрс олборлож, борлуулдаг. Нэгдүгээрт, олборлолт борлуулалт. Хоёр дахь нь 258 км буюу Авто тээврийн газар ажилладаг. Хилийн бүсэд найман агентлаг ажилладаг. Хүчний байгууллагууд нь ажилладаг. Манай компани 200 гаруйхан хүнтэй, 90 хувь нь орон нутгийн иргэд. Хил дээр ажиллах боловсон хүчин манайд байдаггүй. Гэтэл “Тавантолгой” компанийн нүүрс гээд сая тоннын зөрүү гарсан гэлээ. Энэ их хариуцлагыг хүлээж чадахгүй, 2 сая тонн нүүрснийхээ тайланг гаргаж л ирсэн.
340-ийг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг би өдөр бүр шалгуулж байна. Яг одоо 20-иод хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн бүрэлдэхүүн шалгаж байна. Өглөө босоод л шалгуулдаг. 350 гэдэг тоон дээр 11 агентлагийн 4 удаагийн шинжээчийн баг орсон. Жилээс жилд өсдөг. Өсөлт болгоны ард нүүрс явж байгаа. Хохирлыг нь үүрээд явж байгаа. 70 мянгыг төлсөн, исэлдсэн нүүрсний чанар нь сайжраад ороод ирсэн. Төлөөд л явж байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар нүүрстэй холбоотой асуудлыг гаргаж тавиад, эцэслэх гээд явж байна. Жижиг Тавантолгойн хувьцааны эдийн засгийн үнэ цэнийг хамгаалах гээд төрөөс БЭТ томилсон.
Танай компани өөрийн биш Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн нүүрс олборлоод гаргачихсаныг буяны ажил хийчихсэн юм шиг ярих хэрэггүй. Миний хэлсэн бүх асуудал үнэн, та нэг зүйлийг дутуу хэллээ. Хуулийн байгууллага одоо ч шалгаж байгаа. 340 мянган тонн нүүрс байхгүй болчихсоныг хоёр компани ойлголцсон гэдэг акт үйлдээд, үүнийгээ хоорондоо хүлээн зөвшөөрөөд төлөөд явж байгаа юм билээ. Үүнээс 70 мянган тонныг нь төлсөн байдаг. Тийм учраас шалгаж байгаа таван бүлэг асуудлын нэг болж орсон байгаа шүү.
Прокурор: Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн мөргөцөгтэй холбоотой хэргийг прокуророос хаасан байсан ч сая сэргээн шалгаж байна. Мэдээлэл дутуу авагдсан байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Ард түмний мэдэх эрхийн төлөө сөрөг хүчин нээлттэй сонсгол хийхийг шаардсан. Яагаад Сүхбаатарын талбайд барьсан дөрвөн гэрийг буулгав. Талбайд байгаа сүлд модноос чинь үнэ цэнэгүй болов уу гэж өндөр настан Ичинхорлоо асуулгалаа.
Өнөөдөр ч гэсэн нүүрсний хулгайн нэг урсгалыг зогсоох боломжтой. Цагаан хаднаас явдаг богинын тээврийн үнэ өсөр өндөр. Аман дээрээсээ 100 ам.доллар, тээвэр нь 70 ам.доллараар хийгдэж байна. Энэ тээврийг эрх баригчдын гар хөл болсон хүмүүс хийж байгаа. Тээврийг зогсоох боломжтой. Уртын тээвэр 200 гаруй км замд 17 ам.доллараар хийдэг.
Оффтейк гэрээг ил болгосон нь сайн хэрэг. Хэлэлцүүлэг явж байна, но байна уу гэдэгт оролцогч талууд тайлбараа хэлээд эхэлсэн. “Чалько”-гийн 274 сая ам.долларын гэрээ хийгдсэн байна. энэ оффтейк гэрээ мөн үү, яагаад нууцаар хийгдэв. Дэлхийн зах зээл дээр нүүрс хамгийн үнэтэй болсон үед хамгийн хямдхан үнээр оффтейк гэрээ болгож хийсний хариуцлагыг хэн хүлээх вэ. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам, дулааны цахилгаан станц, оффтейк гэрээ мөн үү. Яагаад харилцан адилгүй байгаа юм бэ. Орон нутгийн өмчит Тавантолгой дээр БЭТ томиллоо гэх юм. Ямар учиртай юм?
ЦЕГ: Гэр яагаад буулгасан асуудлыг ЦЕГ хариуцдаггүй. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гадаа хүйтэнд жагсагч олон хоногоор байх нь хүний амь нас эрсдэх аюултай гэж үзэн, Соёлын төв өргөөнд шилжүүлэхээр ойлголцсон гэсэн. Одоо жагсагчдын төлөөлөл 27 иргэн Соёлын төв өргөөн дотор байгаа бол гадаа 150 гаруй иргэн байна гэсэн.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компанид нууцын зэрэглэлтэй 7 гэрээ байсан, түүнийг бүгдийг ил болгосон. Чалькотой байгуулсан гэрээ 2011 оны долдугаар сард байгуулсан байсан нууц гэрээ биш ил гэрээ.
Бусад дөрвөн гэрээ нь бас нууц биш ил гэрээ. Энэ гэрээнүүдээр 603 сая ам.доллар урьдчилж авсан байдаг, нүүрсийг нь ачуулаад явж байгаа. Зургаан том төсөл байгаа, нууц биш. Төслийг санхүүжүүлэх гэрээ хийгдсэн байдаг. Төмөр замтай холбоотой гэрээнүүд. Санхүүжилт нь мөнгө болон нүүрсээр гээд заачихсан. Захиалагч нь Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, ЗХЖШ гээд байгаа. Эдгээр бүх гэрээний мэдээлэл вэб сайтад байршуулсан байгаа.
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар 450 дугаар тогтоолоор орон нутгийн Тавантолгой компанид БЭТ томилсон нь 11 жилийн хугацаанд яригдаж байгаа мөргөцөгтэй холбоотой асуудлыг эцэслэх,” Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой хамтарч зарим мэдээллийг тулгах. Хулгай хийсэн бол хулгайг нь тогтооё, хийгээгүй бол ялгая гэж байгаа юм. Аль аль дээр нь хувьцаа эзэмшигчийн эрх ашгитйг хамгаалахын тулд, БЭТ томилсон.
Жагсагчдын төлөөлөл О.Отгонбаатар: Засаг нь иргэддээ шахуулаад шүүх прокурор руу үргээлэг хийлээ. Шударга ажиллахгүй бол тайван замын тэмцэл шүүх, прокурор, АТГ луу чиглэнэ шүү. Хөгжлийн банкны шүүх хурал хаачсан бэ. Төлөөлж явуулсан гишүүндээ итгэх үү, танд итгэх үү, АТГ-ын дарга аа. Та хариулж өг. Нүүрсний хэргийг хэзээ хэрэг гэж үзээд албан тушаалтнуудад хэрэг үүсгэх юм. Танай, манай нам гэхгүй бүгдийг нь шалга гэж байгаа. Зовсон ард түмэн, ядарсан ард түмнээ битгий зовоо.
Нүүрсний хулгайгаас 40 их наядын хохирол учирсан байна гэж Т.Доржханд гишүүн хэлсэн, одоо 125 сая төгрөг авна гэсэн хүмүүс Монголоор нэг байна, 40 их наяд төгрөгөө тайлбарла Т.Доржханд гишүүн ээ. А.Адъяасүрэн гишүүн та ичээч ээ, шалгуул.
Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс чинь хэзээ ирэх юм. Ч.Сайханбилэгээс гадна хэчнээн хүн алга болчихоод байгаа юм. 2013 оны нүүрсний хулгайн хэрэг яагаад прокурор дээр цайчихсан юм бэ. Иргэддээ нэг цонхоор мэдээлэл өг?
АТГ-ын дарга З.Дашдаваа: Нүүрсний гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна, 10 орчим жилийг хамарсан өргөн цар хүрээтэй шалгалт хийж байгаа учраас цаг хугацаа их орно. Нэр дурдагдсан хүмүүс дээр хэрэг бүртгэл нээгээд явж байгаа. Яллагдагчаар татсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авна.
АТГ Хөгжлийн банкны хэргийг 8 сар орчим шалгасан, 94 холбогдогчтой, 470 хавтастай хэрэг. Шүүхэд шилжүүлэх эд бэлэн болсон, прокурор хянаж байна.
10 жилийн хугацааны хэргийг аль болох шуурхай шалган шийдвэрлэхийн төлөө цагдаа, прокурортой хамтраад хичээж байна.
Прокурор: Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах хүсэлтийг Интерполд хандан тавьсан, хариу ирээгүй байгаа. Нотлох баримтад тулгуурлаад 2013 оны нүүрсний хэргийг хаасан байдаг.
Одоо бид нүүрсний хэргийг төдийд шийднэ гэж хэлэх боломжгүй.
З.Дашдаваа: Х.Баттулга оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм
Нүүрсний хулгайтай холбоотой сонсгол үргэлжилж байна.
“Дорнод эв нэгдэл” төрийн бус байгууллагын төлөөлөл н.Гэрэлт-Од: Цагдаагийн дарга нар аа, 1000 орчим залуусын төлөөлөл болсон 20 гаруй залуу нүцгэлээд шаардлага тавьсан, бүгдийг нь ачаад Дэнжийн 1000 дахь саатуулах байранд авааччихсан байна.
Дөрвөн гэр нийслэлээс барьж өгсөн, урьд шөнө Нийслэлийн цагдаагийн хурандаа нар ирээд ачаад явсан. Хэрвээ та нар гэрээ харамлаад байгаа бол дөрвөн айлын гэр буулгаад авчирч баръя. Гэр барих зөвшөөрөл өгөөч. УИХ таван хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталж өг. Авлигачдад цаашаа алхах боломж олгосон дутуу хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт баталсан. Энэ хуулиа өөрчил. Хоёрт, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, гадаадынханд үйлчилсэн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн баталж өг, УИХ-ын дарга аа.
УИХ-ын Ёс зүйн хорооны дарга Б.Баттөмөрт шаардлага хүргүүлнэ. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад бүрэн эрхээ хамгаалдаг гишүүдийн асуудлыг хэлэлцэж өгөөч. Хөрөнгөө гадагш нь гуйвуулж, хил гарах зэргийг хориглож өгөөч, Авлигатай тэмцэх газрын дарга аа.
Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцтол нээлттэй сонсголыг үргэлжлүүлье. Залуус бид ээлж, ээлжээр, цаг цагаар зогсоё. Шал ондоо жагсаалын хэлбэр сонгоё. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хаачсан юм бэ?. Тэд энэ сонсголд суух ёстой.
ЦЕГ-ын дэд дарга: Жагсаал цуглаан эхэлсэнтэй холбогдуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажиллагааны удирдлагын штаб байгуулагдсан. Ажиллагааны удирдлагын штабын нарийн бичгийн даргаар ЦЕГ-ын дарга ажилладаг. Гол зорилго нь хүний эрхийг дээдэлж, жагсагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.
Төрийн ордны баруун хаалган дээр жагсагчид ирж, шаардлага тавьсан. 27 залуу нүцгэлсэн, хамгийн эхний нүцгэлсэн залууд осголтын шинж тэмдэг илэрсэн учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд авч явсан. Эмх замбараагүй байдал үүсгэсэн зарим залуусыг авч явсан байхыг үгүйсгэхгүй, тодруулж байж эргэж мэдээлье.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: ЗХЖШ, АТГ, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч, “Бодь интернэшнл”-ийн удирдлага Д.Баясгалан нарыг индэрт гарч ирэхийг хүсч байна.
ЗХЖШ-ын дарга хариулт өгөөрэй. Оффтейк гэрээ ил болсноор төмөр замын бүтээн байгуулалтыг хийхдээ туслан гүйцэтгэгч нараар дамжуулан мөнгөө хийж, цавчаагаа авсан. ЗХЖШ зүүн тийшээ явсан төмөр замыг барьсан. Төмөр замыг барьсан цэргүүднд Атар талхыг 1 ширхэгийг нь 20-25 мянган төгрөгөөр нийлүүлсэн гэдэг яриа УИХ-ын гишүүд дунд битүү явсан. “Бодь интернэшнл”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан саяхан маш олон сэтгүүлчийг цуглуулж байгаад мэдээлэл хийсэн. Итгэл үнэмшил төрөхгүй байгаа. Дэлхий даяар нэг км төмөр замын өртгийг суурь бүтцээр тооцдог юм уу, км-ээр тооцдог юм уу. Маш хямд үнээр төмөр зам барьсан гэдэг зүйл ярьж байна лээ. Бизнес эрхлэгчид ажил хийхийн тулд банкнаас зээл авдаг бол “Бодь интернэшнл” бусдын боломжийг хулгайлсан.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат та “Бодь интернэшнл” төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ төлбөрт нь нүүрсийг 5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр авсан гэж ярьсан. Гэтэл Д.Баясгалан зах зээлийн үнээр авсан гэсэн.
АТГ-ын дарга аа, таны удирдлагад ажилладаг хүн оффтейк гэрээний цаана байгаа Х.Баттулга гэдэг хүнийг явуулсан. Нэгхэн мөрдөгчийн шийдвэрээр явуулсан гэж байгаа. Хэрвээ Х.Баттулга оргон зайлсан бол танд хариуцлага ярина шүү? Одоо хариултууд өгье.
АТГ-ын дарга З.Дашдаваа: Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн 32 хэрэг цагдаа болон АТГ-т шалгагдаж байна. Оффтейк гэрээтэй холботой нь АТГ-т ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу энэ хэрэг дээр эрүүгийн шинжээч томилно. Энэ гэрээ бусдад давуу байдал олгож, их хэмжээний ашиг олоход дэмжлэг болсон байна уу, үгүй юу гэдгийг нарийн мэргэжлийн шинжээч гаргаж, томилж, дүгнэлт гаргуулна.
Манай байгууллага Х.Баттулгаас гурван асуудлаар тайлбар авсан. Гурван асуудал нууц учраас ярих боломжгүй. Х.Баттулга оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход байхгүй бол оргосон гэж үзнэ. Хэн нэг албан тушаалтан, хэн нэг иргэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй. Хуулиараа үүрэг хүлээдэг. Гэрч нь ямар эрхтэй, ямар тохиолдолд шүүгдэгч болох вэ, ямар тохиолдолд яллагдагч болох вэ гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар явдаг. Прокурор хяналт тавьж явдаг. Хариулт дууслаа.
ЗХЖШ: ЗХЖШ талхаа өөрсдөө барьдаг. Тухайн цаг үеийн байдлаар 1 кг талх үйлдвэрлэхэд өртөг нь 1050-1080 төгрөгийн үнэтэй байсан. 20000-25000 төгрөгийн талхны хангалт байхгүй. Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын томоохон ажилд оролцож байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат: Оффтейк гэрээнд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани нь төмөр зам барьсны төлбөрт нүүрсээ 5-13 хувийн хөнгөлөлт үзүүлэн нийлүүлдэг байсан. Энэ хөнгөлөлттэй холбоотойгоор 187.5 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн.
Мөн гэрээг зогсоовол 20 хувийн нөхөн төлбөр өгнө гэдэг заалттай гэрээ байгуулсан байсан.
“Бодь интернэшнл”-ийн төлөөлөл байсангүй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Нүүрсний хэрэгтэй холбогдуулж 2871 хүн гэрчээр байцаагдаж байна гэлээ. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Гэрчээр байцаагдсан хүмүүсийн хэд нь төрийн өндөр албан тушаалтан, алба хашиж байсан хүмүүс вэ?
Прокурор: Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийн өндөр албан тушаалтан найман хүнээс гэрчээр мэдүүлэг авсан.
Г.ХОРОЛ
"23 хүнд холбогдох 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн"
Улсын Ерөнхий прокурорын Хэрэгт бүртгэл, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Баянжаргал: 2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар, Прокурорын хяналтад нүүрсний олборлот, экспорт тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой 36 гомдол мэдээллийг мөрдөх байгууллагууд хүлээн авсан.
Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 36.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Нүүрсний асуудалд холбоотой 39 хэрэгт мөрдөн байцаах шатны ажиллагаа явуулсны 22-д нь нотолгоо цуглуулах ажил хийгдсэн байна.
Нийт 39 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Нүүрсний хэрэгт 76 хүнийг холбогдуулан шалгаж байна. Ажлын хэсгийн хүрээнд, хаасан хэргүүдийг дахин шалгах шийдвэр гарсан.
Сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.
1072 хувьцаа ТББ-ын гишүүн Гэрэлчулуун: Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг түлгэлзүүлээч ээ. Нэр орсон 7 гишүүний нэр орсон, үнэхээр холбогдсон бол түлгэлзүүлээд, холбогдоогүй бол холбогдоогүй гээд ард түмнийг төөрөлдүүлэхээ болиоч ээ. Ажлын хэсэгт ард түмний төлөөллийг оруулж өгөөч ээ.
Өмнөговь аймгийн иргэн Ж.Баатархүү: Төрд очсон юм бүхэн замхардаг. Дандаа цагаан захтануудын гар, хөлөөр ороод арга болдог. БЭТ гэж нэг юм томилсон. Энэ хүнээ татаж аваач ээ. Энхболд, Сугар тэргүүтэн 2018 оноос хулгай эхэлсэн гэж хэлсэн. Мөлжөөд дуусгаад, хүмүүсийг нь айлгаж ичээсэн байдлаар ажил явуулахгүй ээ.
Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 386.0 сая ам.доллар байна
ЭТТ компаниас 110 сая ам.долларыг бэлнээр өгсөн. 2019 онд 72 сая доллартай тэнцэх "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй (оффтейк) болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийв.
Засгийн газрын 2022.12.09-ний 449 тоот тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой"-н нийт 7 гэрээг нууцаас гаргасан. Тус компани Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 369.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.2 сая тонн нүүрс борлуулаад байна. Үүнээс арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий 2.3 сая тоннын нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортолсон.
Одоогоор 369.5 сая ам.долларын борлуулалт хийснээс 143.8 сая ам.долларыг Монголбанкинд тушаасан. Нүүрсээр барагдуулах гэдгээр 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар хийснээс нийт 500 саяас 369.5 сая ам.долларыг борлуулалтаар олжээ.
Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 386.0 сая ам.доллар байна.
Үргэлжлүүлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан талаар мэдээлж байна.
Төслийн анхны ТЭЗҮ-г тодотгоод, нийт өртөг тэрбум 282 сая ам.долларын төсөвт өртөгтэй төмөр зам болно гэсэн ТЭЗҮ гаргажээ.
Б.Жавхлан: Бид амны үнээс АМНАТ аваагүй
Нүүрсний үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлиа, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. Монгол Улс нийт 336 сая тонн нүүрс экпортолсон байна.
Татварын хувьд татварын байгууллагаас 177 компани 239 удаа татварын шалгалт хийсэн. 1.6 их наядын зөрчил илрүүлжээ. Өдгөө 18 аж ахуйн нэгж дээр хяналт шалгалт хийгдэж байгаа аж.
АМНАТ-тай холбоотой зөрчлийн талаар иргэд улстөрчид ярьж буй АМНАТ дээр акт, үнэлгээ, жин дээр зөрчил бий ч алдаагүй гэж хэлэв. Бид хэзээ ч амны үнээс АМНАТ аваагүй, дандаа хил нөхцөлтэй үнэ байжээ.
Оффтейк гэрээний бүх мэдээллийг ил болгосон. 3 компани гэрээнд зааснаас илүү 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зорчих болон онцгой төрлийн зөвшөөрлийн бичгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байдалтай байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл олгохоор харилцан тохиролцоод байна. Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан.
Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог С зөвшөөрлийн олголтыг боомтын төв олгож эхэлсэн. С зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Үл ойлголцлын бага сага асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцож ажиллахаар ажиллаж байна. Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгох талаар ажиллаж байна.
"Яагаад та нар айгаад байгаа юм бэ?"
Оролцогч Б.Батбаяр: Ядарсан ард иргэд чинь яахаа алдаад, тэсэхээ байгаад, ордны чинь гадаа 18 хоносон. Юмаа ярих гэтэл баривчлаад аваад явчихлаа. Та нар буруу хараад суучихсан, бидний дээрээс тушааж яриад байх юм. Бид сонсголд нээлттэй оролцох гээд ирсэн, яагаад бүгдээрээ өөдөөс хараад суухгүй байна вэ? Та нар дарга биш. Энд байгаа хүмүүсийн олгосон боломжоор эрх ямба эдлээд сууж байгаа хүмүүс. Амьдрал нь хэцүү байгаа учраас энд ирээд ард түмэн сууж байна. Ард түмнийхээ бухимдлыг яаж тайлах вэ, эд нар юу хүлээгээд байгаа юм бэ гэдгийг сонсоод, асуудлыг шийдэхгүй юм уу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яагаад өнөөдөр яагаад энд байхгүй байна, ордноос гарч ирж загначихаад. Одоо гарч ирээд, цөм минь хөөрч байна. Дуу хоолой минь сөөж байна. 18 хоног -30 градуст хонолоо. Амьдрал хэцүү байна гээд ярьж байгааг яагаад сонсохгүй байна вэ. Эмэгтэй гишүүд яагаад хүний эрхийн мэдрэмжгүй хандаж байна вэ? Амьдрал хэцүү байна. Авч байгаа цалин амьдралд хүрэхгүй байна.
Гадаа байгаа жагсагчдыг яагаад наашаа оруулж ирж болохгүй байгаа юм бэ. Энд суулгаад дулаацуулаад, халуун цай уулгаад, яриаг нь сонсож яагаад болохгүй байгаа юм бэ. Яагаад та нар айгаад байгаа юм бэ? Бид Солонгос руу харлах гээд явж байна.
МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Бүх хүмүүсээ ээлжлүүлээд яриулъя. Жагсагчдын зөв. Гадаа олон хонож байгаа хүмүүсийг сул суудал байхад оруулж ирээд суулгачих л даа. Хүмүүстээ уриалахад, бодит мэдээлэл сонсож, анализ хийж, нягт нямбай явмаар байна. Сүүлдээ жагсагчдын хэрүүл болох гээд байна.
Оролцогч: Нүүрсний хулгайн хэргийг Засгийн газар хоёр сараас эхэлсэн. Доржханд гишүүн хамгийн их шүгэл үлээсэн. Төсөвт хэдэн төгрөгийн хохирол учраад байна вэ? Залуус 10 их наяд уу, 40 их наядын төлөө жагсаж байна уу? Та нар ард иргэдийг тэнэг гэж битгий бодоорой.
Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэгчдийн холбооны гишүүн н.Саарал: Нойр хоолоо умартан зүтгэж байгаа 9000 жолооч буруутаад байна уу. Нямдорж новш хаана байна? Нүүрсний хулгай гарч байх үед Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд Энх-Амгалан байсан, Адъяасүрэн эд нар хаана байна? Жүжиг тавихаа болиоч дээ. Ярьж байгаа юмнаасаа жаахан ичээч ээ. Гашуунсухайт чиглэлд тээвэр хийж буй 16 мянган залуус буруугүй шүү. Хэрэгтэй хүмүүсээ дуудаад ир. Улайтал нь асуугаад өгье.
Оролцогч: Доржхандад би хоёрын тоо, муу дүн тавина. Дандаа худлаа ярина. Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Ахмадуудаа төлөөлж оролцож байна. Энэ гадаа байгаа хүүхдүүдийг бид эрүүл өсгөх гэж л хүмүүжүүлсэн.
Оролцогч н.Энхээ: Би нэгдүгээрт Ерөнхий сайдаа дэмжиж байна. Тэр залуу энэ том улс төрийн хүчин, авлигачдын эсрэг дуугарч, шүгэл үлээлээ. Бас нэг юм хэлмээр байна. "Модун 33" гэж гадаа бид зохион байгуулалтад орсон. Нэгд, төрийн алба чинь төрлийн алба, шүүх чинь та нарын халаасны алба болчихлоо гэдгийг хэлье. Бүх авлигачдаа гэмгүй болгочихлоо. Өргөдөл гомдлын хуульд 30 хоногт хариу өгдөг, гэтэл өнөөдрийг болтол бид хариугаа авч чадахгүй байна. Хариуцлага хүлээхгүй бол хүн байгаад хэрэггүй. Би яагаад 30 гаруй жил төрд ажиллаж байгаад өнөөдөр ядуу амьдарч байна вэ? Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээ та нар бүр хүчингүй болго. Гэмт хэргийг нуух нь гэмт хэрэг.
УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Чинзориг: Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг сонсголд оролцуулах хүсэлт ирсэн, хуулиараа оролцуулах боломжгүй юм. Бидэнд байгаа мэдээллээр 200 гаруй иргэн энд оролцож байгаас 45 нь жагсагчдын төлөөлөл байна гэсэн мэдээлэл байна. 59 хүн үг хэлье гэж урьдчилж нэрсээ өгсөн, дан иргэдийн төлөөлөл байгаа. Сонсголоо үргэлжлүүлье. Асуулт, санал 1 гэсэн байдлаар явъя. Мэдээллээ сонсч эхэлье.
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хяналтын сонсголд оролцуулахыг шаардав
Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны 4 танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч оролцогчид Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулах хүсэлт гаргасан. Ажлын хэсэг сонсголын дэг, зохион байгуулалтын талаар хуралдсаны дараа оролцогчдын хүсэлтийн дагуу сонсгол Төрийн ордны Их танхимд эхэлж байна.
Сүхбаатарын талбай дээр 18 хоног жагсаж буй залуусын төлөөлөл шаардлагаа уншиж танилцуулж байна. Сонсголд оролцогч иргэд нүүрсний хулгайг гардан гүйцэтгэсэн хүмүүсийг авчирсаны дараа сонсголыг үргэлжлүүлэхийг шаардлаа. Мөн тэд улс орны асуудал яригдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг сонсголд оролцуулах, сонсголд оролцож буй иргэн бүрийн үгээ хэлэх эрхийг эдлүүлэхийг шаардав.
Дорнод аймгийн төлөөлөл н.Гэрэлт-Од: Талбай дээр юу болж байна гэж бодож байна, та нар. Зарим залуучуудыг цагдаа нар хүчээр бариад авч явж байна. Барьж өгсөн дөрвөн гэрийг ачаад аваад явчихлаа. Яахаараа ард түмнээ хүндлээд дэгэндээ өөрчлөлт оруулаад явж болохгүй гэж. Та нар 5 минутад өөрсдөдөө хэрэгтэй хуулийг батлаад явдаг шүү дээ. Биднийг өглөө 10.00 цагт цуглуулчихаад, яахаараа хүлээлгээд байдаг юм бэ. Монголын ард түмэнд уриалъя, энэ 76 нөхрийг харж 32 жил бид зүдэрлээ.
Чадамгүй бол зайл. Та нарыг дахин хармааргүй байна. Чадахгүй бол зайл. Т.Доржханд, Н.Алтанхуяг, С.Одонтуяа та нар яагаад сөрөг хүчний байр сууриа илэрхийлэхгүй байна вэ? Бид эд нарыг хараад улсаараа сүйрч байна.
Та нар дархан эрхдээ яасан их хайртай юм бэ? Ард түмнийхээ төлөө дуугарч болдоггүй юм уу? Одоо Монголын ард түмэн та нарыг хараад ханалаа. Дэгийн хуулиндаа 5 минутын дотор өөрчлөлт оруулаатах, та нарыг харъя.
Хуульч Х.Бат-Ялалт:
-Зургаан мэдээллийг нэг мэдээлэл болгооч ээ.Засгийн газар худлаа яриад байна уу? Үнэхээр нүүрсний хулгай байна уу, үгүй юу. Их наядаар нь хулгайлсан бол ард түмэн түүнийг авч хэрэглэх эрхтэй биз дээ. Хүмүүсийн нэрсийг 59-өөр хязгаарламааргүй байна. Ярья гэсэн хүн болгонд нэг удаа боломж олгоод яриулчихаасай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Чинзориг: Зургаан мэдээллийг сонсохгүй гэж үзэж байгаа бол зарим нь сонсоод, сонсголоо цааш үргэлжлүүлье.
Хуульч Х.Бат-Ялалт: Нийт 35 хүнийг хорьсон мэдээлэл бий ч дийлэнх нь гарсан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл авмаар байна.
УИХ-ын гишүүн, хурал даргалагч С.Чинзориг: Зургаан мэдээллийг нийлүүлээд нэг хүн зургууланг нь тавина гэвэл боломжгүй. Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Гишүүдээ ч яриулъя. Гишүүд, иргэд ээлжлээд сөөлжөөд ярья.
Оролцогч: -Нүүрсний хэрэгт холбоотой 17 хүнээс бусдыг нь яагаад зарлахгүй байна вэ? Та нар ингэж болохгүй. Та нар ч үр хүүхэдтэй. Та нар бидний амьд явах эрхийг хасч байна.
Оролцогч: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээ оролцуул. Залуус ямар шаардлага тавиад байгаа юм бэ. Энэ хэлэлцүүлгийг 20 хоног ч хийсэн яах вэ. Хулгай болгон МАН руу хөтөлж байгаа. Хурал даргалж байгаа хүмүүсээ хулгайч биш хүмүүсээр тавиач. Би Ганболд гишүүнийг Өвөрхангайд Баянтээгийн уурхай дээр ашиг сонирхлын зөрчилтэй. Ард түмнийг арай дэндүү доромжилж байгаа юм биш үү. Хулгай хийсэн 1000 хүнээ байлгаач. Б.Ганхуяг гээд та нарын булхайг илчлэх хүн чинь энд байхгүй байна. Та нараас юу ч гарахгүй. Дунд шатны албан тушаалтнуудаар нойр хүргэсэн юм яриулаад дуусгана. Жинхэнэ хулгайчдаа олоод дуусгах хэрэгтэй.
Сонсгол 13:00 цаг хүртэл завсарлалаа
Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг сонсголыг түр завсарлуулж байгааг хэлээд, иргэдийн төлөөллийн саналыг Ажлын хэсгээр хэлэлцсэний дараа сонсгол үргэлжилнэ гэж мэдэгдэв.
Иргэдийн төлөөлөл хэлэхдээ "Бид албан ёсоор бүртгүүлээд, Төрийн ордонд ороод ирсэн ч А танхимд зурагт үзүүлээд, УИХ-ын гишүүд болон албаны хүмүүс өөр танхимд суусан байдалтай угтлаа. Ийм нээлттэй сонсгол гэж ямар юм байдаг юм бэ? Нүүр нүүрээ харалцаад, асуудлыг ярилцахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ дээ" гэв.
Ажлын хэсэг иргэдийн саналыг авч хэлэлцээд, хоёр цаг бэлтгэл хангасны эцэст ерөнхий хяналтын сонсголыг 13:00 цагт Их танхимд эхлүүлэх шийдвэр гаргасан байна.
Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ
Төрийн ордонд (2022.12.21) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Байрны багтаамжаас шалтгаалан ерөнхий хяналтын сонсгол дөрвөн танхимд нэгэн зэрэг эхэлж буй юм. Тус сонсголыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулж байна.
Хуралдааны дэгийг танилцуулах гэсэн боловч сонсголд оролцох хүсэлтээ илэрхийлсэн иргэд эсэргүүцэл үзүүлж, саналууд гаргав.
Ерөнхий хяналтын сонсгол 4 танхимд зэрэг эхэлнэ
Төрийн ордонд өнөөдөр (2022.12.21) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол болно. Өнөөдрийн нээлттэй сонсголоор:
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй (оффтейк) болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар,
- Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл,
- Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлиа, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай хэлэлцэх юм.
Холбоотой мэдээ