Гэмтэл, согог судлалын үндэсний төв ачаалал ихтэй, гадаарх машины зогсоол пиг. Эмнэлгийн хаалгаар орвол рентген зураг, эмчийн үзлэг, хүлээн авах, бүртгэлийн хэсэг гээд өрөө болгоны үүдэнд хүмүүс дугаарлажээ. Гэмтсэн бэртсэн, халтирч унахдаа хөлөө эвгүй гишгэсэн, машинд мөргүүлсэн, хүнд зодуулсан, ахуйн осолд өртсөн, өндрөөс унасан иргэд Яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр сууна. Урт нарийнхан коридороор хөл гар, толгойгоо боосон хүмүүс хөлхөлдөж, зарим нь дамнуургаар зөөлгөж цус нөжтэйгөө хутгалдсан нэгний нүд халтирам дүр зураг угтана.
Дугаарлан суугаа эмэгтэйгээс ямар гэмтэл авсныг тодруулбал хүүхдээ тэврээд 25 дугаар эмийн сангийн уулзвараар гарцаар гарч явахдаа машинд шүргүүлжээ. Түүний хөл бага зэрэг гэмтсэн гэх. Харин хүүхэд нь шидэгдэн унажээ. Иймээс тэрбээр 30 минутын өмнө ирсэн ч ачаалал ихтэй, хүлээж суугаагаа хэллээ. Өөр нэгэн эмэгтэйн хүү хүнд зодуулаад иржээ. Эмэгтэй утсаар хэн нэгэнд зовлонгоо тоочихдоо “Манай хүү хүнд зодуулчихлаа. Гэмтэл дээр зураг авхуулах гээд ирчихсэн байна. Хүлээн авах дээр байна. Яаралтай хүрээд ир” хэмээн сандарсан өнгө аясаар ярив. Энэ мэтчилэн гэмтсэн иргэдийн цуваа огт тасарсангүй. Эмч нарын хэлж буйгаар сүүлийн сар, ялангуяа баяр ёслолын уур амьсгал орсон өдрүүдэд гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгддэг байна.
Ингэхдээ өдөртөө тус эмнэлгийн хүлээн авахаар 350-450 иргэн үйлчлүүлдэг аж. Үүний дийлэнх нь архидан согтууралтаас үүдэлтэй хоорондоо зодолдсон эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэмтсэн зэрэг олон шалтгаанаар ханддаг байна. Ялангуяа 20-40 насны залуус шөнийн 11:00 цагаас эхлэн эмнэлгийн ачааллыг ихэсдэг аж. Эмчийн хэлснээр арваннэгдүгээр сар гарсаар өглөө орой, түгжрэлийн цагуудаар халтиргаа гулгаатай холбоотой осол буюу ясны гэмтэл, үе холбоос нь гэмтсэн хүмүүс их ирдэг бол арванхоёрдугаар сард архидан согтуурснаас үүдсэн гэмтэл давамгайлж байгаа гэнэ.
22:00 ЦАГААС 04:00 ЦАГ ХҮРТЭЛ АЧААЛАЛ ИХТЭЙ БАЙНА
Энэ талаар Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч М.Өлзийдэлгэрээс тодрууллаа.
-Гэмтлийн эмнэлэг ачаалал ямархуу байна вэ. Цаг агаарын нөхцөл байдал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтлүүд их ирж байгаа байх?
-ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 24 цагт дунджаар 350-аас, 450 эмчлүүлэгч ирж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Үүнээс осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл халтиргаа, гулгаатай холбоотой осол гэмтлийн шалтгаан давамгайлсан эмчлүүлэгч тусламж үйлчилгээ авч байна. Мөн баяр ёслолын сар учраас архидан согтуурсантай холбоотой гэмтэл нэлээд ирж байна.
-Насны хувьд голцуу хэдэн насны хүмүүс зонхилон ирж байна вэ?
-Баяр ёслолын сар учраас шөнөдөө 22 цагаас 04:00 цагийн хооронд 20-40 насны залуус баяр ёслолын, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж байна.
-Өчигдрөөс цас орж эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал улам нэмэгдэж байна уу?
-Өвлийн улиралд халтиргаа гулгаатай холбоотой гэмтэл зонхилон ирдэг. Ялангуяа өглөө орой замын ачаалал ихсэх цагаар ирдэг. Нийтлэг ясны хугарал, үе холбоосын гэмтэл их ирж байна.
-Иргэдэд сэрэмжлүүлж та юуг хэлэх вэ?
-Баярын сар эхэлсэнтэй холбогдуулан иргэд архи, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, өвлийн улиралд халтиргаа гулгаанаас сэргийлж зөөлөн ултай гутал өмсөх, мөн халтиргаатай замаар болгоомжтой гарах, осол гэмтэл бэртлээс сайтар сэргийлмээр байна. Мөн сурагчдын амралт эхэлснэээр ахуйн осол гэмтэл их гардаг. Манайд хоногт 100-150 хүүхэд өдөртөө тусламж үйлчилгээ авдаг.
ШӨНИЙН ЦАГААР ГАЛЗУУГИЙН ЭМНЭЛЭГ ШИГ БАЙДАГ
Яаралтай хүлээн авах тусламжийн төвд “Цагдаа” гэх хаалга байдаг. Энд шөнийн цагаар архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хутга мэсний гэмтэлтэй, хоорондоо зодолдсон, агсам тавьсан зэрэг олон шалтгаанаар хүмүүс ирдэг. Цагдаагийн ажилтны хэлснээр “Шөнийн цагаар бараг галзуугийн эмнэлэг шиг байдаг. Баранд хөл дээрээ тогтохгүй болтлоо согтчихоод хүнтэй зодолдсон, агсам тавьж нэгийгээ гэмтээсэн, архи уучхаад согтуугаар машин барьж яваад гэмтсэн гэх мэт тохиолдлууд нийтлэг ирдэг. Ялангуяа архи нь гараагүй хүмүүс эмчийн биед халдахаас эхлүүлээд агсам тавих, чанга орилох, хэл амаар доромжилж танхайрдаг. Тэднийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгдөг” гэлээ.
Тоон мэдээллийг хүргэвэл “Энэ сарын 14-ны өдрөөс, 20-ны өдрийн хооронд гэмт халдлагад өргөн эмчилгээ үйлчилгээ авахаар ирсэн 216 хүнийг бүртгэж, харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд шуурхай мэдээллийг шилжүүлжээ. Дээрх бүртгэгдсэн иргэдийг ангилбал зам тээврийн ослын улмаас 82, үйлдвэрлэлийн ослоор 9, гэмтэл авсан 66, бусдад хутгалагдсан 12, өндрөөс унаж хүргэгдэн ирсэн 6, амиа хорлохыг завдсан 7, түлэгдэж осгосон 5, бусад байдлаар гэмтэж бэртсэн 28 хүнд тус тус үйлчилжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 34 хүнийг нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, орон гэргүй 11 тэнэмэл иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ийнхүү хэсэгхэн хугацаанд зогсоход иргэдийн хөл хөдөлгөөн улам нэмэгдсээр байна. Эмч нарын хэлж буйгаар шөнө тэдэнд цурам хийх ч эрх байдаггүй аж. Тал тал тийшээ гүйлдсээр байгаад шөнө өнгөрдөг аж. Иймд, иргэд архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэж, өөрийн эрүүл мэндэд анхаарал тавихыг тэд зөвлөлөө.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ