Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Катар-2022

Адиос, Катар

Адиос, Катар

22 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга Ойрхи Дорнодод анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Гайхалтай тоглолтууд, санаанд оромгүй үр дүн, шилдэг гоолууд, рекорд эвдсэн үйл явдлууд, тод одод гээд ямартай ч бүтэн сарын хугацаанд цэнхэр гаригийг хөлбөмбөгөөр амьсгалуулж, олны анхаарлыг Катар руу татаж чадав. Тэгвэл “Катар-2022” ДАШТ-д та бидний мэдээгүй ямар онцлох амжилтууд тохиосон бэ?

  1. 21-Р ЗУУНД ТӨРСӨН ТАМИРЧИН ГООЛ ОРУУЛАВ

Английн шигшээ багийн гоц хүү Жуд Беллинхем Ираны эсрэг гоол оруулсанаар 21-р зууны тамирчин ДАШТ-д гоол оруулсан анхны тохиолдол болжээ. Тэрбээр энэ жил тун онцгой байгаа бөгөөд үүнийгээ ч дэлхийн аваргаар харуулж, Английн шигшээн дундын шугамыг удирдаж, хамгаалалт, довтолгоонд идэвх зүтгэлтэй оролцсон. Харамсалтай нь баг нь Францад хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Тэр дөнгөж 19 настай.

ДАШТ-ий анхны гоолоо оруулсан Беллинхем “Би өөрийгөө алдчихлаа гэж бодсон. Иймэрхүү гоол оруулахад туршлага, олон жил хэрэгтэй. Гэхдээ Шоугоос гайхалтай дамжуулалт ирсэн. Би зүгээр чиглүүлээд хаяахад л орлоо” гэжээ.

  1. ДАШТ-Д ХОЁР ХОЖЛЫН ГООЛ ОРУУЛСАН ОРУУЛСАН АНХНЫ АРАБ ХӨЛБӨМБӨГЧИН

Саудын Араб тэмцээний эхлэлд Аргентиныг буулган авч, дэлхий нийтийг цочроосон. Аваргууд ганцхан багт хожигдсон нь энэ. Тус тоглолтын хожлын гоолыг Салем Аль Давсари оруулж байв. Түүний хувьд 2018 онд мөн Египетийн хаалганд тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн хожлын гоол оруулж байсан юм. Ингэснээр ДАШТ-ий хоёр тоглолтод хожлын гоол оруулсан анхны Сауд Арабын хөлбөмбөгчин болжээ.

  1. МОДРИЧ ДӨРВӨН ДАШТ-Д ОРОЛЦСОН АНХНЫ ХОРВАТ ХӨЛБӨМБӨГЧИН

Дарсыг дарах тусам амт нь сайжирдаг шиг Модрич нас ахих тусам тоглолт нь чамбайрч, улам гангарах юм. 2018 онд мөнгөн медаль хүртсэн тэр энэ удаад хүрэл медаль хүртэв. Аргагүй хагас шигшээд Месси болон түүний нөхөд Хорватыг дийллээ. Модрич дөрвөн удаа ДАШТ-д зодоглохдоо нэг хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд зогсохгүй 2018 онд шилдэг тоглогчоор тодорсон түүхтэй.

  1. ХЕРДМАН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГ ДАСГАЛЖУУЛАН ДАШТ-Д ОРОЛЦСОН АНХНЫ МЕНЕЖЕР

Жон Хердман гэх залуу өөрийгөө дэлхий нийтэд багахан ч болов таниулсан. Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж, 2012 болон 2016 оны олимпоос хүрэл медаль, 2015 оны ДАШТ-ий шөвгийн наймд хүргэж байсан тэрбээр энэ удаад эрэгтэй багаа дасгалжуулан Катарт ирсэн. Тэр ажлаа сайн хийсэн. Бүс нутагтаа Америк, Мексикийг ардаа хийн тэргүүн байраар дэлхийн аваргад шалгарсан. Түүнийг ажлаа авахад баг нь дэлхийн чансааны 95-р байрт байсан бол өдгөө 41-рт явж буй. Хердман болон түүний залуусыг 2026 онд эх орондоо тэсрэлт хийнэ гэж хүлээж байна.

  1. ГАВИ ИСПАНИЙН ТӨЛӨӨ ГООЛ ОРУУЛСАН ХАМГИЙН ЗАЛУУ ТАМИРЧИН

Испанийн шигшээд Гави, Педри гэж хуучин цагаар яривал Иньеста, Шави нар төрөн гарчээ. Гавигийн хувьд 18 нас 110 хоногтойдоо Коста Рикагийн хаалганд гоол оруулснаар Испанийн төлөө гоол оруулсан хамгийн залуухан тамирчин болсон аж.

Ердөө 18 настай ч түүний бөмбөг эзэмшилт, техник, хараа маргаангүй дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэнэ. Удахгүй та бүхэн Гави гэх нэрийг том тэмцээнүүдээс олон сонсоно.

  1. КУРТУА ҮНДСЭН ЦАГТ ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ ХААСАН БЕЛЬГИЙН АНХНЫ ХААЛГАЧ

Канад ДАШТ-ий анхны гоолоо оруулах гэж 36 жил хүлээсэн байдаг. Яг энэ мөч эцэс болж, Алфонсо Дэвис торгуулийн цохилтоос гоол оруулах гэж байсан боловч Тибо Куртуа хаачихсан. Олон сая канадчууд дэлгэцийнхээ өмнө түүхэн мөчөө тэсэн ядан хүлээж байсан ч Куртуа тэднийг гомдоожээ. Үүгээрээ тэрбээр ДАШТ-ий үндсэн цагт торгуулийн цохилт хаасан анхны Бельгийн шигшээн хаалгач болсон гэнэ.

  1. ГРАМ АРНОЛД ДАШТ-ИЙ ТОГЛОЛТОД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН АНХНЫ ДАЛАЙН ОРНУУДЫН ДАСГАЛЖУУЛАГЧ

Аваргаа хамгаалагч Францын хаалганд тоглолтын эхний гоолыг оруулж, барьц алдуулсан Австралийн ДАШТ дахь аялал харамсахааргүй сайхан байсан. Тэд хэсэгтээ Тунисыг 1-0 гэсэн харьцаатай хожсон бөгөөд энэ амжилтаараа Грам Арнолд ДАШТ-д ялалт байгуулсан анхны далайн орнуудын дасгалжуулагч болжээ. Тэд мөн хасагдах шатанд Аргентины эсрэг тун сайн тоглолтыг үзүүлж, үндсэн цагт бараг л тэнцэх дөхсөн.

  1. МЕССИ ТАВАН ДАШТ-Д ГООЛЫН ДАМЖУУЛАЛТ ӨГСӨН АНХНЫ ТАМИРЧИН

Анкара Месси, Месси, Месси. Энэ хүмүүнтэй энэ хөлбөмбөгийн бүхий л рекорд холбогдох юм. Энэ удаад тэрбээр таван дэлхийн аваргад гоолын дамжуулалт өгсөн анхдагч гэх алдрыг хүртжээ. Герман, Өмнөд Африк, Бразил, Орос, Катар гээд таван өөр тивд ид шид, уран тансаг тоглолтоо тэр толилууллаа. Түүний Нидерландын эсрэг харалгүй өгсөн гоолын дамжуулалт одоо ч нүдэнд харагдаж байна.

  1. АЛФОНСО ДЭВИС ДАШТ-Д ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ КАНАД ХӨЛБӨМБӨГЧИН

Бельгийн эсрэг тоглолтод торгуулийн цохилтоо алдсан Дэвис Хорватын эсрэг алдаа засч, гоол оруулж чадсан. Энэ мөчийг Канадын ард түмэн 36 жил хүлээсэн юм. Дүрвэгсдийн хуарангаас Канад руу цагаачилж, тэндээ амьдарч, боловсрол эзэмшсэн Дэвис эцэст нь хоёр дахь эх орныхоо төлөө бүхнээ зориулсан.

  1. ЭННЕР ВАЛЕНСИА ДАШТ-Д ЗУРГААН ГООЛ ДАРААЛАН ОРУУЛСАН АНХНЫ ӨМНӨД АМЕРИК ХӨЛБӨМБӨГЧИН

2014 онд Бразилын ДАШТ-д Экуадор гурван гоол оруулсан бөгөөд бүгдийг нь Эннер Валенсиа оруулж байлаа. 2022 онд ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Тэрбээр Катарт багийнхаа эхний гурван гоолыг оруулсан. Эхлээд Катарын эсрэг хоёрыг дараа нь Нидерландын эсрэг нэгийг тус тус оруулсан. Харамсалтай нь өвдгөндөө бэртэл аван талбайг чөлөөлсөн билээ.

  1. ГОДИ ГАКПО ДАШТ-ИЙ ХЭСГИЙН ШАТНЫ БҮХ ТОГЛОЛТОД ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ НИДЕРЛАНД ХӨЛБӨМБӨГЧИН

Годи Гакпо гэх залуу өнгөрөгч дэлхийн аваргаар үнэхээр гангарсан. Хэсгийн шатанд тун хэрэгтэй гоолуудыг оруулж, багаа цааш шалгарахад хувь нэмрээ оруулсан. Тэрбээр хэсэгтээ Катар, Экуадор, Сенегалын эсрэг гоол оруулжээ.

Шигшээ баг болон клубынхээ төлөө 29 тоглолтод 35 гоолд оролцоод буй Гакпо “Би өөрийнхаа ямар нөөц бололцоотойг мэднэ. Би хараахан түүндээ хүрээгүй байна. Надад сайжруулах ёстой олон зүйл байна” гэжээ.

  1. СТЕФАНИ ФРАППАРТ ДАШТ-ИЙГ ШҮҮСЭН АНХНЫ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧ БОЛОВ

92 жил, 942 тоглолтын дараа эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д эмэгтэй шүүгч ажиллаж, мөс хагалсан. Өдгөө 38 настай Франц бүсгүй Аль Байт цэнгэлдэхэд 70 мянган үзэгчийн өмнө Герман, Коста Рикагийн тоглолтыг дэнсэлсэн. Зүгээр ч нэг тоглолт шүүгээгүй анхдагч нь болж, олон сая бүсгүйчүүдэд шинэ боломж нээж өгсөн.

Хөлбөмбөгчин болохын оронд шүүгч болсон Фраппарт ердөө 13 настайгаасаа эхлэн өсвөрийн тэмцээн шүүж байжээ. Тэрбээр “Намайг хүйсээр минь биш ур чадвараар минь үнэлээрэй” гэж байв.

  1. ХАЖИМЭ МОРИЯАСҮ ДАШТ-ИЙ ХЭСЭГ ТЭРГҮҮЛСЭН АНХНЫ АЗИ ДАСГАЛЖУУЛАГЧ

Японы хөлбөмбөгчид Катарт тоглолтоороо түймэр тавьж, их мэдэгчдийн амыг тагласан. Тэд хэсэгтээ Герман, Испанийг хожиж, нэгдүгээр байраар хасагдах шатанд шалгарсан. Тоглолт бүрт өөр гараа, өөр арга барил ашиглаж байсан Морияасүгийн баг Хорватын эсрэг тун муу торгуулийн цохилт гүйцэтгэж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

  1. РОДРИ ДАШТ-ИЙ НЭГ ТОГЛОЛТОД 200-ААС ДЭЭШ ДАМЖУУЛАЛТ ӨГСӨН АНХДАГЧ

Родри гэх Испанийн шигшээн чимээгүй чимэг залуу ДАШТ-ий нэг тоглолтод 215 дамжуулалт амжилттай гүйцэтгэж, рекорд тогтоожээ. Тэрбээр энэ талаараа “Би өөрийгөө харуулахыг л хүслээ. Би хамгаалалтын бүсээс бөмбөгийг урагш дамжуулах үүрэгтэй. Өрсөлдөгчид маань тун бага зай гаргаж байсан. Төвийн хамгаалагч манай схемд тун чухал үүрэгтэй” гэжээ.

  1. МБАППЕ ДАШТ-ИЙ ФИНАЛД ГУРВАН ГООЛ ОРУУЛСАН АНХДАГЧ

Килиан Мбаппегийн талаар та бүхэн хангалттай сонссон биз ээ. Түүний тоглолт, өөртөө итгэх итгэл, ур чадвартай хэн ч маргахгүй.

  1. ШАКИРИ ГУРВАН ДАШТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ ШВЕЙЦАРЬ ХӨЛБӨМБӨГЧИН

Шердан Шакири гэж есөн шид нь бүрдсэн элдэвтэй залуу бий. Тэрбээр Сербийн эсрэг гоол оруулснаар дээрх амжилтын эзэн болжээ. Ид үедээ ч олон уран тансаг гоол оруулж явсан түүний хувьд одоо Америкт замналаа үргэлжлүүлж байна.

  1. ГОНСАЛО РАМОС ДАШТ-ИЙ АНХНЫ ГАРААНД ГАРСАН ТОГЛОЛТДОО ГУРВАН ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ ПОРТУГАЛ

Роналдог сэлгээнд суулган талбайд гарсан Рамос Швейцарийн эсрэг гурван гоол оруулж түүх бүтээсэн. Ливерпүүлийн Диого Жота бэртлийн улмаас Катар явах чадахааргүй болж 21 настай энэ хүүд боломж гарсан гэдгийг хүн бүхэн мэдэхгүй байх.

  1. ЯССИН БУНУ ТҮҮХ БҮТЭЭСЭН

Мароккогийн хаалгач Яссин Буну Испанийн эсрэг хоёр удаа торгуулийн цохилт хааснаар ДАШТ-ий түүхэнд энэ амжилтыг үзүүлсэн анхны Африкийн хаалгач болжээ. Мөн Марокко торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө ялсан ДАШТ-ий түүхэн дэх анхны Африк тивийн төлөөлөл болсон.

  1. МАРОККО ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРСАН АНХНЫ АФРИКИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Хорват, Бельги, Испани, Португал зэрэг Европын акулуудын эсрэг хожигдолгүй гарч ирсэн Марокко Катарт гайхалтай тоглосон. Бүр хагас шигшээд шалгарч, хүрэл медаль хүртэх дөхсөн.

  1. ДАНИ АЛВЕС 39 НАСАНДАА ДАШТ-Д ТОГЛОСОН АНХНЫ БРАЗИЛ ХӨЛБӨМБӨГЧИН

Угтаа Тиаго Силва 38 нас 67 хоногтойдоо Сербийн эсрэг гараанд гарснаар ДАШТ-д тоглосон хамгийн хөгшин Бразилын тамирчин болсон. Гэвч долоо хүрэхгүй хоногийн дараа Дани Алвес 39 нас 210 хоногтойдоо талбайд гарч, уг амжилтыг шинэчилжээ.

  1. КОЛО МУАНИ МИНУТЫН ДОТОР ГООЛ ОРУУЛСАН ДАШТ-ИЙ ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ СЭЛГЭЭ

Коло Муани сэлгээгээр талбайд гараад ердөө 44 секундын дотор Мароккогийн эсрэг гоол оруулсан. Энэ амжилтаараа тэр дээрх рекордыг тогтоожээ. Харамсалтай нь тэрбээр финалд Аргентины эсрэг тоглолтын цаг дуусахтай зэрэгцээд тун чухал, дэлхийн аваргыг шийдвэрлэх цохилтоо алдсан билээ.

  1. МЕССИ ДАШТ-ИЙ ТҮҮХЭНД ШАТ БҮХЭНД ГООЛ ОРУУЛСАН АНХНЫ ТАМИРЧИН

Лионель Месси хэсгийн шат, шөвгийн 16, шөвгийн найм, хагас шигшээ, финалд гоол оруулсан анхны тамирчин болжээ. Тэр ДАШТ-ий түүхэнд 13 гоол, найман гоолын дамжуулалт гээд нийт 21 гоолд гар бие оролцжээ. Катарын Эмир хүртэл түүнд бишт гэх үндэсний хувцсаа өмсүүлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж