Ачаалал ихтэй чиглэлд буюу офицероос 5 шар хүртэлх нэгдүгээр эгнээгээр автобус шууд зорчиж байгаатай холбоотойгоор түгжрэл бага болсон. Гэсэн ч автбус хүлээлтийн асуудал хэвээр, хүйтэн байгааг иргэд хэлж байна. Цаашлаад ес эхлэхээр хүйтэн, хуучин автобуснууд нь хөлдөж, эвдрээд таг зогсох асуудал үүсэхээс эмээж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ц.Батсууриас тодрууллаа.
-Иргэдийн зүгээс нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр шууд зорчиж түгжрэл бага болсон хэдий ч автобус хүлээсэн хэвээр байгаа талаар ярьж байна. Энэ сард ирэхээр төлөвлөсөн автобус ирсэн үү?
-Энэ жилийн хувьд 91 автобус парк шинэчлэлтээр ирсэн. Тодорхой төсвийн боломжоор шинээр автобус нийлүүлэгдэнэ. Энэ сардаа багтаад 50 ширхэг автобус ирэхээр төлөвлөснөөс 20 автобус хил дээр ирээд байна. Харин үлдсэн автобуснуудын хувьд оны өмнө болоод дараа ирэх эсэх нь тодорхойгүй байна.
-Өнгөрсөн жил парк шинэчлэлтээр хэчнээн автобус орж ирсэн бэ?
-Цар тахлын улмаас 2020-2021 онд нийт 130 дизель хөдөлгүүрийн автобус парк шинжлэлтээр орж ирсэн. Эдгээр автобус бүгд үйлчилгээнд гарч байна.
-Ирэх онд ямар төрлийн хэчнээн автобус парк шинэчлэлтээр ирэх вэ?
-Оны дараа Хятадаас парк шинэчлэлтээр 200 гаруй дизель хөдөлгүүрийн автобус хуваарийн дагуу нийлүүлэгдэнэ. Цаашид хэчнээн ирэх одоогоор тодорхойгүй байгаа.
-Нийтийн тээвэр үйлчилгээнд явж байх үедээ эвдрэл, гэмтэл үүсэн зогсох тохиолдол ихээр гарч байна. Мөн гадаа даарч зогсоод нийтийн тээвэрт суусан ч автобус маш хүйтэн байдаг. Энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Одоогоор нөөц байхгүй улмаас засвар үйлчилгээг цаг тухай бүрт хийгээд эргэлтэд гаргаж байгаа. Хүйтэн гэх автобус харьцангуй цөөн бий. Насжилт өндөртэй автобуснуудад ийм асуудал гарч байгаа. Ирэх оноос шинэ автобуснууд ирж энэ асуудал цэгцэрнэ. Эвдрэлийн тал дээр аж ахуй нэгжүүдтэй хамтран засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийж байна.
-Насжилт өндөртэй хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ?
-Одоогоор 970 автобус үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс 400 гаруй автобус 2010, 2012 оных буюу насжилт өндөртэйд тооцогдож байна.
-Эргэлтийн дундуур цахилгаан автобусны цэнэг дуусаж, эцсийн зогсоол дээр удаан хугацаагаар цэнэглэж байгаа талаар иргэд ярьж байна?
-Одоогоор 46 цахилгаан автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа. Зуны улиралд цахилгаан автобусыг нэг л удаа цэнэглээд өдөржин явах боломжтой. Гэвч өвөл хүйтнээс болж цэнэг нь хурдан дуусах тохиолдолтой. Тиймээс эцсийн зогсоол бүрт 20 минут цэнэглэх тохиолдол гарч байна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ