Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Улс төрд хаясан цүү!

ЦҮҮ ХАЯХ: шөнийн цагт хоёр барим орчим хэмжээний модыг шидэж, түүнийг эрж олох, булаалдан тэмцэлдэх, монголчуудын уламжлалт нэгэн зүйл тоглоом цагаан мод хаях /Монгол хэлний их тайлбар толь/

Сүүлийн нэг сарын хугацаанд монголчууд нүүрсний хулгайчийг эрж, хайсаар өнөөдөртэй золгож байна. Нүүрсний хулгайчдыг хайгчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд хонож, нэг хэсэг нь Төрийн ордон дотор жинхэнэ хулгайчийг хайж, нөгөө хэсэг нь гадаад улсыг зорив. Бүр зарим нэг хэсэг нь нүүрсний хулгай битгий хэл нүүрсний хамгийн том орд Тавантолгойгоо ч хаана байдгийг мэдэхгүй гэнэ.  Харин нүүрсний хулгайчдийг хайж, хариуцлага тооцох эсвэл тохиролцоонд хүрэх хүн нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Өнгөрсөн өдрүүдэд АТГ-аас нүүрсний хулгайтай шууд болон шууд бусаар холбоотой байж болзошгүй 15 хүний нэрийг зарласан нь улс төрд жинхэнэ утгаараа цүү хаячихав. Бүгд л энэ цүүг жинхэнэ, жинхэнэ биш хэмээн амаа уралдуулж сууна.

Засгийн газрын түвшинд, УИХ-ын түвшинд, хуулийн байгууллага дээр өргөн хүрээнд нүүрсний хулгайчдаа хайж байгаа. Үүнтэй зэрэгцээд хэд хэдэн албан тушаалтнуудыг цагдан хорьж, эхнээсээ хоригдсон хүмүүс нь ам нээж, зарлагдсан 15 хүнийг “барьж өгсөн”-өөр, өөрийнхөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тохироотой гэх.

Өнөөдрийн өрнөж байгаа үйл явц, жагсаал, хуулийн байгууллагын ажиллаж буй процессыг харвал нүүрний хулгайтай тэмцэх тэмцлийн эцсийн үр дүн нь сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт байсан уу гэж хардмаар. Намынхаа, танхимынхаа гишүүдийн нэрсийг АТГ-аар зарлуулах, тэр нь парламентдаа, ах нартаа бэлдсэн “өгөөш” байсан, энэ бүхнийг эртнээс зурагласан мэт. Ийм л дүр зураг өрнөж байна.

АТГ нэрс зарлаад, шалгалт явуулж байгаа ч  нүүрсний хулгайд хамгийн том холбогдогч гэгдэж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаадад эмчлүүлэхээр явж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууц  оффтейк гэрээ “Бодь интернэйшнл” группийн захирал Д.Баясгалан өөрийгөө огт буруугүй гэдгээ олон нийтэд зарлав.

Тэр ч бүх хэл энэ гэрээг яагаад нууцад хамруулсныг ч тэр мэдэхгүй гэдгээ хэлэв. Гэхдээ түүний хэлсэн зүйлээс онцлоод харвал, оффтейк гэрээ ч , нууцад хамруулсан нь ч, мухар төмөр зам барьсан, мөнгөө нүүрсээр худалдан авах гэрээ хийж, давуу эрх олгосон нь ч тийм ч буруу зүйл биш гэдгийг хэлэв. Бүр хэдэн Засгийн газар, Ерөнхий сайдын хаалга дамжсаар эцэст нь түүнийг л хий хэмээн төр санал тавьсан, анхны ТЭЗҮ, төсвөөр энэ төмөр замыг барьсан нь аргагүй байсан гэдгээ тэр онцолсон.  Харин АТГ зэрэг хуулийн байгууллага нь цаашид нэрс зарлана, шалгалтын ажил үргэлжилж байна гэхээс өөрөөр сүүлийн өдрүүдэд жагсагчдад хариулах тайлбаргүй сууна. Ядаж байхад нүүрсний хулгайтэй холбоотой, оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг нууцад хамруулсан ҮАБЗ-ийн гишүүн нь гадагшаа явчихсан,  “Бодь интернэйшнл”-д нууц гэрээний дагуу төмөр зарим санал тавьсан, ажлыг даалгаж өгсөн Н.Удаанжаргал нь мөн гадагшаа явчихсан. Одоо нүүрсний хулгай тойрсон асуудлаар ганц хариуцлага хүлээх хүн нь Б.Ганхуяг болоод өнгөрөх үү гэсэн хардлага нийгэмд үүсч эхэллээ.

Харин Төрийн ордон дотроос хэдэн хүнийг гишүүнээсээ түдгэлзэх “шахалт” өгөх үү эсвэл Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоогоо барьцаалж, кноп даруулах уу гэдэг тактик үргэлжлэх үү гэдэг ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ.

Ямар ч гэсэн МАН-ын одоогийн удирдлагууд нам  дотроо, ах нарынхаа дунд ч эрээд эрээд олдоггүй, нүүрсний хулгай гэх цүү хаячихлаа. Харин энэ цүүг хэн учиглах, хэн нь олоод өөртөө ашигтайгаар ашиглах вэ, хэн нь туг тахиулаад өнгөрөх бол гэдэг ирэх өдрүүдийг улс төрийн халуурал, Сүхбаатарын талбайн лоозон байх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж