Жинсний ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ!

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

FASHION

Жинсний ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ!

Жинсний ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ!

Адриано Голдшмиед гэх залуу 50 жилийн өмнө жинсэн хувцасны ертөнцөд нэгэн шинэ түүхийг бичиж эхэлжээ. Анхны дээд зэрэглэлийн цэнхэр жинсэн өмдний брэнд нь “Daily blue” нэртэй байв. 1974 онд нээлтээ хийсэн эл шинэ бүтээлээ Италийн хойд хэсэгт орших цанын баазад очиж борлуулах нь түүний стратеги байлаа. Кортина д’Ампеццо гэх энэ цанын бааз нь Италийн хамгийн үнэтэй баазуудын нэг бөгөөд алдартнууд байнга үйлчлүүлдэг. Тухайн үед өрийн гэсэн жижиг дэлгүүрээ нээж амжаад байсан Голдшмиед өнөөгийн ханшаар 1000 ам.доллараар жинсэн өмдөө зарж байв. Хэдий эхлэл ч гэлээ жинсэн өмднүүд нь чанартай материалтай, сайн хийцтэй байсан.

Түүний хөлсөлсөн шинэ загвар зохион бүтээгч нь жинсэн өмдний борлуулалт сайн байх эсэхэд эргэлзэж байв. Гэсэн ч Францын жүжигчин Бриджит Бардо “Daily blue”-ийн жинс өмссөн байснаар түүний эргэлзээ тайлагджээ.

Улмаар Адриано Голдшмиед 1985 онд Рензо Россотой хамтран компаниа байгуулав. Рензо Россо нь өдгөө хэдийнэ тэрбумтан болжээ. Голдшмиед үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр “AG Adriano Goldschmied”, “A. Gold E”, “Gold Sign”, “Gap1969” гэх мэт олон брэндтэй болов. Мөн Лос Анжелесийн дээд зэрэглэлийн жинсэн хувцасны “Citizens of humanity” брэндийн хамтрагч болсон бөгөөд хамгийн сүүлд “Chloe” брэндийг анхны өмдөө үйлдвэрлэхэд нь тусалжээ.

Голдшмиед бараг 50 гаруй брэндийг эхлүүлээд хаясан гэдэг. Гэхдээ тэр үргэлж шинийг сэдэж, урагш тэмүүлсээр байдаг зохион бүтээгч аж. “Карьерийнхаа туршид хамгийн сайн хийсэн зүйл маань шинэ брэнд бий болгох. Яг л тоглоом тоглож байгаа юм шиг. Би ялчих л юм бол цаашаа яваад өгдөг” гэж тэр хэлжээ. Түүний хамгийн гол зарчим нь өмнө хийсэн зүйлээ давтахгүй, зөвхөн урагшлах юм.

Нэгэн орой тэр найзтайгаа хоол идэж байгаад, ярианы сэдэв “Daily blue” рүү халтирч оржээ. Тэр анхны жинсэн өмдөө дахин бүтээх хүсэлтэй байдаг тухайгаа дурссан нь шинэ зүйлийн эхлэл болсон юм. “Би ажлын гараагаа анх эхлэхдээ ямар урам зоригтой байснаа санаж байна. Загвар зохион бүтээх чиглэлээр сургууль соёлд нь ч сураагүй. Энэ бизнесийн талаар юу ч мэддэггүй байлаа. Миний мэдэж байсан цорын ганц зүйл бол худалдан авагчдын хайж байсан тэр зүйл юм” гэж тэр дурссан. Энэ ярианы дараа тэр олон жил баримталсан үзэл бодолтойгоо зөрчилдөн барин, “Daily blue”-г дахин эхлүүлжээ. Тэр япон даавуу, байгальд ээлтэй угаалга, арчилгаа, энгийн хэрнээ боловсронгуй дүр төрхийг шинэ брэнддээ тусгасан.

Шинэ брэнд ирэх оны нэгдүгээр сард худалдаанд гарна. Бүтээгдэхүүнүүдийг Лос Анжелесийн гурван оёдлын үйлдвэрт хэсэгчлэн үйлдвэрлэж, “Star fades international” үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүнээ гаргаж байна.

Орчин цагийн “Daily blue” брэнд 1970 оныг танд эргэн сануулах аж. Цуглуулгад өмд, цамц, хүрэм, хантааз, комбинзон зэрэг 18-20 хувцас багтана. Голдшмиед цуглуулгуудаа олон тоогоор гаргахгүй, ойр ойр давтамжтай бөгөөд цоон тоогоор үйлдвэрлэнэ гэв. 50 жилийн өмнөх “Daily blue” брэнд гадаад төрхөнд анхаарал хандуулсан байсан бол өдгөө тогтвортой, байгальд ээлтэй элементүүдэд төвлөрч байна. Гоё харагдуулахын тулд цайруулагч гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэх нь хортой байдаг. Анхандаа үүнийг хэн ч тоодоггүй, мэддэггүй байсан боловч 1990-ээд оны эхээр маш буруу зүйл хийж буйгаа ухаарсан. Тэр үед эзгүй элсэн цөлд дуу хоолой болж байсан гэж Голдшмиед өөрийгөө тодорхойлжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийт хурдан загварын чиг хандлагад төвлөрөх болсон. Үүнийг дагаад жинсэн өмдний сегмент ч улам туйлширч, хурдан загварын инновацид асар их хөрөнгө оруулалт хийх болсон юм. Загварлаг бүтээгдэхүүн болон хариуцлагатай инновацийн хоорондын ялгааг арилгах нь яг одоо зах зээлийн гол шаардлагуудын нэг болжээ. Түүнчлэн энэ салбарын хамгийн гол асуудал нь дахин боловсруулалт юм. Энэ хүрээнд жинсэн хувцас үйлдвэрлэгчид одоогийн технологийн боломжоор дахин боловсруулсан эслэгийг үйлдвэрлэлд оруулахаар хичээж байна.

Дашрамд дурдахад, “Calik denim” брэнд дээрх үзэл баримтлалыг нэг алхам ахиулж, хамгийн эко жинсийг танилцуулжээ. Тус жинс нь 210 хоногийн дотор агааргүй орчинд 99.38 хувь хүртэл задардаг. Мөн үйлдвэрлэлдээ “DyePro” технологийг ашигласнаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 30 хувиар, усны хэрэглээг 80 хувиар тус тус бууруулжээ. Энэ бүтээгдэхүүнээ 2030 он гэхэд үйлдвэрлэлдээ бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: WOMEN’S WEAR DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж